| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 307/2025/03309/и |
| Дугаар | 209/МА2026/00017 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 209/МА2026/00017
*******, хөдөө аж ахуйн
газрын хүсэлттэй иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 307/ШШ2025/02433 дугаар шийдвэртэй,
*******,*******ын хүсэлттэй,
“*******ыг эрэн сурвалжлуулах” тухай,
Иргэний хэргийг хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч *******,*******ын шүүхэд гаргасан хүсэлтийн агуулга:
Иргэн ******* овогтой ******* /РД: ТК*******/-ыг Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн зөрчлийн хэрэг нээх тухай тогтоолын хүрээнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн иргэн *******т холбогдох 2418002037 дугаартай хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаныг холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгчид мэдэгдэж, 1 хавтас, 70 хуудастай хэргийг аймгийн Прокурорын газрын хяналтад хүргүүлж, оногдуулсан шийтгэл болох мөнгөн төлбөрийг сайн дураар 15 хоногийн дотор тушаахыг даалгаснаас хойш 11 сар өнгөрсөн байна.
Одоогийн байдлаар зөрчлийн 2418002037 дугаартай хэргийн холбогдогч *******ын холбоо барих утасны дугаар оршин суугаа хаягийг олж тогтоохын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээ авсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ. /х.х-ийн 1 дүгээр хуудас /
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар *******,*******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Дархан-Уул аймгийн Захиргааны анхан шатны шүүхэд эрх бүхий албан тушаалтны 0038815 дугаар бүхий шийтгэлийг хуудсыг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан боловч холбогдогч этгээд ******* нь ...“уг хаягт бүртгэлтгүй бөгөөд оршин суудаггүй” гэх тодорхойлсон байна иймээс тус шүүх нь Шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх танилцуулах боломжгүй гэсэн.
Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн Сайдын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/42, А/71 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт “Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгох шийтгэлийг нэмэгдүүлж тооцох аргачлал”-ын дөрөвдүгээр хавсралт аргын дагуу Торгох шийтгэлийг нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлээр солих тухай саналаа холбогдогч этгээдэд заавал танилцуулж гарын үсэг зуруулах ажиллагааг хийсний дараа дахин тус шүүхэд хандах талаар 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3/208 дугаар албан бичгээр хүсэлтийг буцаасан байна.
3.1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 307/ШШ2025/02433 дугаартай шийдвэрийн үндэслэл хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155.1.дэх заалтад Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж заасан боловч тогтоох хэсэгт нь *******,*******ын “*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэл хэсэгт “...эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж, тогтоох хэсэгт “хэрэгсэхгүй болгосугай” гэж тайлбарлаж байгаа нь хууль хэрэглээ ойлгомжгүй гэж үзэж байна.
3.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн холбогдогч дуудсан цагт ирээгүй бол түүнийг албадан ирүүлнэ” гэж, мөн хуулийн 6 дахь хэсэгт холбогдогчийг албадан ирүүлэх журмыг Улсын Ерөнхий прокурор, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан тул Зөрчлийн холбогдогчийг албадан ирүүлэх журам байхгүй байгаа тул холбогдогч ирүүлэх, олох, зөрчлийн хэрэгтэй танилцах, мэдүүлэг авах хүндрэлтэй байна.
Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн “...хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон” шийдвэрийг хүчингүй болгож *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ. /х.х-ийн 61-62 дугаар хуудас /
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
2. *******,******* нь *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ “...Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчилд холбогдогч *******т 2418002037 дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагаа дууссаныг холбогдогч, тэдгээрийн өмгөөлөгчид мэдэгдэж, шийтгэл оногдуулсан. ******* нь ...мөнгөн төлбөрийг сайн дураар төлөх хугацааг хэтрүүлсэн. ...одоо хаана байгаа нь тогтоогдохгүй байх тул... эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Хэргээс судлан үзвэл:
3. ******* Хөдөө Аж ахуйн газарт иргэдээс ирсэн мэдээллийн дагуу тус газрын хяналтын албаны Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч ******* нь хяналт шалгалт хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №24 дугаартай тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж, *******т холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн №0038815 дугаартай шийтгэлийн хуудсаар *******т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гурван зуун нэгжээр торгох шийтгэл ногдуулсан байна. /х.х-ийн 15-34 дүгээр хуудас /
4. Эрх бүхий албан тушаалтан нь Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “холбогдогч *******ыг дээрх шийтгэлийг сайн дураар биелүүлээгүй” гэх үндэслэлээр албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 3/208 дугаартай албан бичгээр “*******т шийтгэлийн хуудсыг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг танилцуулах боломжгүй, хаяг тодорхгүй, холбоо барих утасгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хариуг хүргүүлсэн байна. /х.х-ийн 4 дүгээр хуудас /
5. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-т “Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах” гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, гэж, 155.4-т “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж тус тус заасан.
Дээрх хуульд зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг иргэний хэргийн шүүх хүлээн авч онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд энэ нь иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгоход оршдог.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д /12.1.1.эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл:, 12.1.2.бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл; 12.1.3.онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт;, 12.1.4.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдол/ заасан үндэслэлээр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах бөгөөд шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд гаргасан нэхэмжлэл, гомдол, хүсэлтийг дээрх хуульд заасан харъяалалын дагуу хүлээн авч хянан шийдвэрлэхээр хуульчилсан.
7. Хүсэлт гаргагч нь *******ын холбоо барих утасны дугаар, оршин суугаа хаягийг олж тогтоохын тулд бүхий л арга хэмжээг авсан гэж тайлбарлаж, холбогдох баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч зөрчлийн хэргийн холбогдогч *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт нь иргэний хэргийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.
Тодруулбал ******* нь төрөөс албадлагын арга хэмжээ авагдаж, шийтгэлийн хуудсаар торгуулийн шийтгэл ногдуулсан зөрчлийн хэргийн холбогдогч байх бөгөөд түүнийг иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхгүй тул иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх маргаан биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
8. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9. Хүсэлт гаргагч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүсэлтээ харьяалах шүүхэд гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 307/ШШ2025/02433 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.МЯГМАРСҮРЭН