| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0255/Э |
| Дугаар | 0268 |
| Огноо | 2019-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 0268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч С.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 1925003790275 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Э нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэнж” хүнсний дэлгүүрийн урд талын шороон замд “Витафит импекс” ХХК-ийн өмчлөлийн Бонго маркийн 31-86 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1, 1.2.18, 19.15 заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас Ч.Б-ыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Э-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд Дэнж дэлгүүрийн үүдэнд очиход зогсоол дээр зогсоол байхгүй байсан. Тэгээд цэцгийн мандлыг тойроод зогссон. Нар жаргах дөхсөн болохоор гялбаад байсан. Тэгээд цэцгийн мандлын тэнд хүн байсныг хараагүй. Зогсоод буугаад харахад машин доор нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Хохирогчтой уулзсан. Одоо бие нь гайгүй болсон байсан. Хохиролд 400-500 мянган төгрөг өгсөн. Болгоомжгүй байдлаасаа ийм үйлдэл хийлээ гэж бодож байгаа. Энэ байдлаас хойш маш болгоомжтой булан тойрч барихдаа хүртэл болгоомжтой байдаг болсон. Жолооч болоод 3 жил болж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хамт ажилладаг байсан Ууганбаяр, Хосбаяр нарын хамт 0.75 граммын Ерөөл архи хувааж уугаад, Дэнж дэлгүүрийн орчимоос тэр хоёрыг машинд суулгаж өгсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Миний дээгүүр машин яваад би сэрсэн. Нэг залуу намайг машин доороос татаж гаргаж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт ирсэн байсан. Миний зүгээс санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/,
-Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би “Витафит милк” ХХК-ний Орхон аймаг дахь салбарт түгээгч ажилтай. 2019 оны 05 сарын 15-ны өдөр жолооч Эрдэнэбулган, түүний найз охин Бадмаа нарын хамт түгээлт хийсэн. “Дэнж” дэлгүүрийн үүдэнд зогсоол байхгүй болохоор нь чулуун цэцгийн мандал шиг зүйлийг тойрч зогссон чинь дэлгүүрийн урд зогсож байсан залуу хүн дайрчихлаа гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 20-21 ху/,
-Гэрч Ж.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Эрдэнэбулган зогсоол байхгүй болохоор нь Дэнж дэлгүүрийн урд талын чулуун хороог тойрч очоод зогссон. Бид нарыг дөнгөж зогссон чинь хүн дайрчихлаа гэж нэг хүн хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 22-23 ху/,
Шүүхийн шинжилгээний албаны 353 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ч.Б-ын биед аарцаг ясны зүүн талд далд зөрөөгүй хугарал, баруун ташаа, 2 хөл, зүүн бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэг тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана.
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
6. Гэмтэл нь шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 36-37 ху/
Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Киа бонго маркийн 31-86 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10. хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.1-т заасан “.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах гэсэн заалт, мөн дүрмийн 1.2.18-д зааснаар “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт, шаардлагыг мөрдөнө, мөн дүрмийн 19-д “Хорооллын доторх хөдөлгөөн” 19.5-д зааснаар “Энэ дүрмийн 19.1, 19.3, 19.4 заалтыг замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор мөн адил мөрдөнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.
2. Явган зорчигч Ч.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах" зүйлийг хориглоно: б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Уг осол нь дүгнэлтийн 1-д зааснаар С.Э нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дахь заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 41 ху/
-
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-6 ху/
-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8ху/
-Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан акт /хх 9 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 10 ху/
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 12 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47 ху/
-С.Эыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 69-70 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч С.Э нь 2019 оны 05 сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэнж” хүнсний дэлгүүрийн урд талын шороон замд “Витафит импекс” ХХК-ийн өмчлөлийн Бонго маркийн 31-86 УББ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас Ч.Б-ыг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Эы үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “2019 оны 05 сарын 15-ны өдөр 18 цагийн орчимд Дэнж дэлгүүрийн үүдэнд очиход зогсоол дээр зогсоол байхгүй байсан. Тэгээд цэцгийн мандлыг тойроод зогссон. Нар жаргах дөхсөн болохоор гялбаад байсан. Тэгээд цэцгийн мандлын тэнд хүн байсныг хараагүй. Жолооч болоод 3 жил болж байгаа. Зогсоод буугаад харахад машин доор нэг эрэгтэй хүн хэвтэж байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Бын “хамт ажилладаг байсан Ууганбаяр, Хосбаяр нарын хамт 0.75 граммын Ерөөл архи хувааж уугаад, Дэнж дэлгүүрийн орчимоос тэр хоёрыг машинд суулгаж өгсөн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Миний дээгүүр машин яваад би сэрсэн. Нэг залуу намайг машин доороос татаж гаргаж байсан. Тэгээд нэг сэрсэн чинь эмнэлэгт ирсэн байсан. Миний зүгээс санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/, гэрч Б.Отгонбаатар, Ж.Бадмаа нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед аарцаг ясны зүүн талд далд зөрөөгүй хугарал, баруун ташаа, 2 хөл, зүүн бугалганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт гэмтэл үүссэнийг тогтоосон 353 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч С.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.1-т заасан “.Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй болохыг тогтоосон Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 58 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон бичгийн бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э үйлдэл нь хохирогчид хүндэвтэр хохирол учирсантай шалтгаант холбоотой байх бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэв.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.Э үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас хохирогч Ч.Б-ын биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардал 400.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Э-д нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА