| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2024/00161/И |
| Дугаар | 210/МА2026/00465 |
| Огноо | 2026-03-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00465
2026 03 02 2/МА2026/00465
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09096 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,
Гэм хорын хохиролд 70,000,000 төгрөг гаргуулах, *******,*******,******* хаягт байрлах, 590 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие өөрийн аав *******гийн гийн хууль ёсны өв залгамжлагч юм. Аав Д. нь хувиараа эрхлэх аж ахуйг эрхлэн үйл ажиллагаа явуулж байгаад 2002 онд татан буулгасан ба тухайн үйл ажиллагааг явуулж байхдаа *******нд байрлах 540 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн дугаартай дугаар бүхий гэрчилгээтэй 28 ширхэг гараашийг албан ёсоор бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн үед улсын бүртгэлийн дугаар бүхий 28 гарааш банкны зээлийн барьцаанд байсан тул улсын бүртгэлд өөрчлөлт оруулаагүй одоог хүрсэн. Аав маань 2007 онд өвчний улмаас нас барсан ба миний бие хувийн шалтгааны улмаас Англи улсад амьдарч байгаад 2022 онд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан аавынхаа өв залгамжлагчаар тогтоолгож, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар бүхий өвийн гэрчилгээ авсан. Энэ үед аавын маань өмч 28 гараашийг бидний болоод банкны зөвшөөрөлгүйгээр буулгаж, тухайн газар дээр орон сууц барихаар бэлдэж байгааг мэдсэн. Ингээд миний бие тухайн асуудлыг шийдэхээр Монгол Улсад ирэхэд тухайн газрыг зарахаар Үнэгүй.мн зарын сайт дээр дугаартай хүн зар байрлуулсан байсан ба аль хэдийн гараашийг маань буулгасан байсан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан. Иймд *******нд байрлах 540 м.кв, 28 ширхэг гараашийг нураасан гэм хорын хохирлын төлбөр 70,000,000 төгрөгийг гаргуулж, тухайн гарааш байсан 590 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Манай компани ,,*******,******* хаягт байршилтай 1439 м.кв талбай бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон. Өмнө нь тус газарт хувиараа эрхлэх аж ахуй нь 1995 оны Засаг даргын захирамжаар автомашины гараашийн барилга барих түр зөвшөөрлийг авч, ашиглаж байсан боловч Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны дугаар захирамжаар хүчингүй болсон байдаг. Тус хувиараа эрхлэх аж ахуй нь холбогдох газрын албатай гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, газрын төлбөр төлж байгаагүй мөртлөө барьсан 28 гараашаа иргэдэд худалдсан. Түүнчлэн, хувиараа эрхлэх аж ахуйгаас автозогсоол худалдан авсан иргэд, мөн бусад нийт 30 өрх айл 2002-2003 онд гэдэг компанитай орон сууцны захиалгын гэрээ байгуулан орон сууцны төлбөрийн 50 хувийг төлсөн боловч ХХК нь зөвшөөрөлгүй газар дээр, гараашуудын дээр барилга барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх заалтуудыг зөрчсөн ба улмаар тус компани төлбөрийн чадваргүй болж, иргэдэд учирсан хохирол барагдуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Ингээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч , , нарын эзэмшилд уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Уг газар дуудлага худалдаагаар худалдан борлогдож, худалдан авсан ХХК нь 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-ээр тус газрыг эзэмшиж байсан иргэдэд үүссэн хохирлыг барагдуулсан. Дараа нь ХХК-аас ******* ХХК-д эрх шилжиж ирсэн түүхтэй. 2005 оны Нийслэлийн Засаг даргын дугаар захирамжаар хүчингүй болсон тус газар нэхэмжлэгчийн шаардах эрх үүсээгүй тул *******гийн нэхэмжилж буй хохирлыг үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ХХК нь *******, хаягт байрлах нэгж талбарын 16803075 дугаар бүхий 1439 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 2014 оноос хойш эзэмшиж байна. Манай эзэмшлийн газарт нэхэмжлэгчийн маргаж буй 590 м.кв газар хамаарч байгаа боловч уг газар нь дүүргийн Засаг даргын 2005 оны дугаар захирамжаар хүчингүй болж, газар эзэмших эрх нь дуусгавар болсон, 2011 онд газрын хэмжээг томруулж, 1440 м.кв талбайтай иргэн нарт эзэмших эрх олгосон газрыг Нью Хабука ХХК дуудлага худалдааны журмаар худалдан авсан. 2014 онд манай компани Нью Хабука ХХК-иас эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авч, хууль ёсны эзэмшигч болсон тул нэхэмжлэгчийн газар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага мөн хуулийн үндэслэлгүй байна гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд -ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбагана шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 28 ширхэг гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хувиараа эрхлэх аж ахуйн банк ХХК-тай байгуулсан 2002 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд барьцаалагдсан ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, 11,500,000 төгрөгийн үүрэг дахь эрх хүлээн авагчийн балансад бүртгэлтэй байгаа. Зээлийн төлбөрийг авахын тулд барьцаа хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******,*******,******* хаягт байршилтай 590 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ХХК-аас 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 507,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг газар өмчлөх эрхтэй болохоо нотлоогүй, газрын эрх зөрчсөн зөрчил нь захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна гэж дүгнэж, газар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж, 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан обьект болно гэж заасан.
Учир нь нэхэмжлэгч ******* нь тус хаягт байрлах газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө /автомашины зогсоолын зориулалттай барилга/-ийн хууль ёсны өмчлөгч бөгөөд уг эрхийг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь суурийн газартай хамааралтай хууль ёсны ашиг сонирхол юм. Уг барилгыг газраас салгамагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох учир газар дээрх барилгын өмчлөгчийн өмчлөх эрх нь зөвхөн газартай хамаарал бүхий байдлаар хэрэгжинэ. Энэ тохиолдолд хариуцагч нь *******гийн өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгийг нурааснаар суурийн газрын өмчлөх эрхийг үгүйсгэхгүй.
Иймд газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь түүний суурийн газрын өмчлөх эрхтэй хамааралтай, эдгээр эрхүүдийг салган тайлбарлах боломжгүй, нэгдмэл, мөн *******гийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь газаргүйгээр хэрэгжих боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
6.1. Газрын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 1 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр талд Засаг даргын захирамжаар 0.01 га газар ашиглахыг зөвшөөрсөн болохыг мэдэгдсэн. Мөн 2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар талд Засаг даргын захирамжаар 0.02 га газарт барилга барихыг зөвшөөрсөн тухай шийдвэр байгаа боловч энэ нь зөвхөн газар ашиглах эрх олгосон агуулгатай, өмчлөх болон эзэмших эрх олгосон баримт биш байна. "" хувиараа эрхлэх аж ахуй нь анхнаасаа газрын албатай гэрээ байгуулж, зохих журмын дагуу гэрчилгээ аваагүй, газрын төлбөр төлсөн баримт хэрэгт байхгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрх нь хуульд заасан зориулалт, журмын дагуу байгуулсан гэрээ болон бүртгэлийн гэрчилгээнд үндэслэх ёстой. Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй бол газар эзэмших эрх үүсэх боломжгүй. Иймээс нэхэмжлэгч нь газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу огт аваагүй, ямар нэгэн өмчлөх, эзэмших эрх үүсээгүй. Түүнчлэн гараашийн барилгад өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь тухайн барилгын доорх газрыг эзэмших, өмчлөх эрх автоматаар үүсгэнэ гэх үндэслэл болохгүй. ******* ХХК нь газар эзэмших эрхийг холбогдох журмын дагуу шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
7.1. Нэхэмжлэгч нь өөрийн эцэг Б.г 2007 онд нас барснаас хойш 15 жилийн дараа буюу 2022 онд өвлөх эрхийн гэрчилгээ авчээ. Хуульд заасан өв хүлээн авах хугацаа өнгөрсөн учир *******г өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байтал дээрх хугацааг сунгасан эсэхэд, 15 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулж авсан үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй. Шүүх хувиараа эрхлэх аж ахуй татан буугдсан үйл баримтад дүгнэлт өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн өмч хөрөнгөд хамааралгүй этгээд болох нэхэмжлэгч *******д шилжсэн нь үндэслэлгүй, хууль ёсны эсэх нь эргэлзээтэй байхад өвлөх эрхийн гэрчилгээнд үндэслэн гэм хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй.
7.2. хувиараа эрхлэх аж ахуй нь өөрийн эзэмшлийн гэх 28 гараашийн барилгыг иргэдэд худалдан борлуулсан болох нь хэрэгт авагдсан *******ны Засаг даргын 1997 оны тодорхойлолт, 1997 оны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч , , нарын өгсөн хариу тайлбар зэргээр тогтоогддог. Тодруулбал, уг 28 гарааш нь хувиараа эрхлэх аж ахуйн өмч мөн эсэх нь эргэлзээтэй байхад анхан шатны шүүх дээрх баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй.
7.3. Хэргийн үйл баримтын хувьд маргаан бүхий 28 гараашийг нураах хүртэл буюу 2022 он хүртэл гараашууд бүгд эзэнтэй, хүмүүс эзэмшин, ашиглаж байсан. Хэрэв хувиараа эрхлэх аж ахуйн өмч хэвээр байсан бол Б. нь 2007 онд нас барах хүртлээ ямар ч үндэслэлгүй, эрхгүй, зөвшөөрөлгүй этгээдүүдтэй үнэ төлбөргүй, чөлөөтэй эзэмшүүлж, ашиглуулаад байсан нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Түүнийг нас барсны дараа ч үр хүүхдүүд нь болоод өөр ямар ч этгээд гараашийн талаар маргаан гаргаж байгаагүй тул тухайн үед Б. нь гараашуудаа зарсныг нотолж байна.
7.4. Өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авах ёстой атал хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг хэрхэн олж авсан нь эргэлзээтэй. Хариуцагч ******* ХХК гараашийн барилгыг буулгасан болохоо хүлээн зөвшөөрдөг ба бодит байдалд эзэмшиж байсан иргэн тус бүртэй эвлэрч, иргэдийг хохиролгүй болгосны дараа гараашийг нураасан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан бусдад гэм хорын хохирол учруулах урьдчилсан нөхцөл нь гэм буруутай байх ёстой. хувиараа эрхлэх аж ахуй болон Б. нар гараашийг бусдад худалдан борлуулсан тул тэдэнд хохирол учраагүй ба гэм хорын хохирол шаардах үндэслэлгүй. Хариуцагч ******* ХХК-ийн гэм буруутай үйлдэл байхгүй.
7.5. хувиараа эрхлэх аж ахуйн газар ашиглах эрх 2005 онд дуусвар болсон тул Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар уг газар дээрх барилга байгууламжийг 90 хоногийн дотор газрыг чөлөөлж, аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй болохыг шүүх анхаараагүй. Мөн 2002 онд татан буугдсан этгээдээс хэрхэн зөвшөөрөл авч, гараашийг буулгах байсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Газрын тухай хуульд зааснаар газар чөлөөлөх үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйлдэл байхад гэм хорын хохиролд 70,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
7.6. Хариуцагчийн өмгөөлөгч гэрчээр , нарыг асуулгаж, гэрчүүдээс 1997 онд гараашийг худалдан авч, 2022 онд буулгах хүртэл хугацаанд ашиглаж байсныг, анх гарааш баригдахаас эхлээд нураах хүртэл хугацааны бүх үйл баримтыг харсан, мэддэг хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтэй байсан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй. Мөн хариуцагч талыг өөрийн гаргаж байгаа татгалзлыг нотлох боломж олгоогүйд гомдолтой байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
8.1. Хариуцагч нь тухайн газрыг ашиглаж байсан гэх агуулгаар дүгнэлт хийж, зарим тохиолдолд газар эзэмших, ашиглах эрх нь дуусгавар болсон гэж тайлбарладаг. Иймээс газар эзэмших эрх дууссан тул уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нураасан гэж өөрсдийн үйлдлийг зөвтгөж байна. Гэвч Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болсон тохиолдолд тухайн газар дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг газар эзэмшигч өөрөө чөлөөлж, шилжүүлэн авах үүрэгтэй. Харин уг үүргээ биелүүлээгүй бол тухайн газрыг чөлөөлөх асуудлыг Засаг дарга хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахаар зохицуулсан. Ийнхүү хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна гэх нь өмчлөх эрхтэй холбоотой маргаан үүссэн нөхцөлд зайлшгүй шүүхийн журмаар шийдвэрлэх ёстой харилцаа юм.
Гэтэл хариуцагч тал газар эзэмших эрх дуусгавар болсон гэх үндэслэлээр тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шууд нураах боломжтой мэтээр хандаж, барилгыг нураасан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Нөгөө талаар өвлөх эрхийн гэрчилгээг эргэлзээтэй нотлох баримт гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Нотариатч хуульд заасан чиг үүргийнхээ дагуу 28 гарааш бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх *******д өвийн журмаар шилжсэнийг гэрчилсэн тохиолдолд эргэлзээтэй гэж үзэх боломжгүй. Нэгэнт нотариатч гэрчлэх ажиллагаа хийгдэж, хууль зүйн факт тогтоогдсон тул уг гэрчилгээ нь хүчин төгөлдөр, хууль ёсны нотлох баримт болно. Харин хариуцагч талаас дурдсан гэрчүүдийн хувьд тухайн гараашийг өмчлөх эрхтэй байсан этгээдүүд гэдгийг нотлох албан ёсны баримт хэрэгт байхгүй. Тэдгээр нь зөвхөн ашиглаж байсан, төдий хугацаанд ашигласан гэх мэт тайлбар өгч байгаа боловч өмчлөх эрх шилжсэн, эсхүл өмчлөх эрхтэй байсан гэдгийг нотлох эрх зүйн баримт огт байхгүй байна. Иймд хууль ёсны дагуу *******гээс бусад этгээдүүдэд өмчлөх эрх шилжсэн болохыг нотлох баримт байхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 70,000,000 төгрөг гаргуулах, *******,*******,******* хаягт байрлах, 590 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Тодруулбал,
2.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Англи улсад амьдардаг бөгөөд 2022 онд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан аавынхаа өв залгамжлагчаар тогтоолгож холбогдох гэрчилгээг авсан. Бидний болон банкны зөвшөөрлийг авахгүйгээр 28 ширхэг гараашийг буулгаж хохирол учруулсан тул Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд 70,000,000 төгрөгийг гаргуулах, мөн 590 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн бол,
2.2. Хариуцагч ******* ХХК нь ... маргаан бүхий газарт анх хувиараа эрхлэх аж ахуйд 1995 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар ашиглах түр зөвшөөрөл олгогдож, тухайн газарт 28 ширхэг гарааш барьж иргэдэд худалдан борлуулсан байдаг. Баянгол дүүргийн Засаг даргын 2005 оны дугаар захирамжаар газар ашиглах эрхийг хүчингүй болгож дуусгавар болсон. Газрын албатай гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй, газрын төлбөр төлж байгаагүй. 28 гарааш эзэмшиж байсан иргэд ч газрын хууль ёсны баримт бичиг, гэрчилгээгүйгээр автозогсоолыг дамжуулан худалдан борлуулсан. Манай эзэмшлийн газарт нэхэмжлэгчийн маргаж буй 590 м.кв газар хамаарч байгаа боловч уг газар нь дүүргийн Засаг даргын 2005 оны дугаар захирамжаар хүчингүй болж, газар эзэмших эрх нь дуусгавар болсон тул нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхгүй2014 онд манай компани Нью Хабука ХХК-аас эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авч, хууль ёсны эзэмшигч болсон нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй... гэжээ.
2.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд -ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 28 ширхэг гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хувиараа эрхлэх аж ахуйн банк ХХК-тай байгуулсан 2002 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дугаар зээлийн болон барьцааны гэрээний дагуу зээлийн барьцаанд барьцаалагдсан байгаа ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, 11,500,000 төгрөгийн үүрэг хэвээр байгаа гэж тайлбар гаргасан.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
4.1. Эрхийн улсын бүртгэлийн дугаартай, *******нд байрлах, 540 м.кв талбай бүхий, 70,000,000 төгрөгийн үнэ бүхий, 28 ширхэг гараашийн барилгын өмчлөгчөөр хувиараа эрхлэх аж ахуй бүртгэгдэж, 2002 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон. /1хх-6/
4.2. Нийслэлийн тойргийн нотариатчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаар Өвлөх эрхийн гэрчилгээ-гээр иргэн Д. 2007 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлд тус тус заасныг үндэслэн өвлүүлэгчийн охин гийн Нямсүрэнг төлөөлж д өвлүүлэгчийн өмчлөлд байсан 70,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий *******нд байрлах, 540 м.кв талбай бүхий 28 ширхэг гараашийн барилгыг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. /1хх-5/
4.3. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын -ны өдрийн дугаар захирамжаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт гараашуудын дээр батлагдсан ерөнхий төлөвлөгөө, барилгын зураг төсөлгүй, барилгын норм, дүрмийн шаардлага хангаагүй, дутуу барьсан барилгыг гараашуудын хамт Нью хабука ХХК-ийн зардлаар бүрэн буулгуулах асуудлыг шийдвэрлэхийг эрх бүхий этгээдүүдэд даалгасан. /2хх-123-124/
4.4. Хариуцагч ******* ХХК нь ,,, нэгж талбарын 16803075 дугаар, эрхийн улсын бүртгэлийн Э-22050018 дугаартай, 1439 м.кв газрыг орон сууцны зориулалтаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дүгээр болон 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн тоот захирамжийн дагуу 15 жилийн хугацаатай эзэмшдэг. /1хх-176, 178, 193-198/
4.5. Уг 28 ширхэг гарааш, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байсан 20 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөгч нартай шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эвлэрлийн гэрээ байгуулж, тэднийг хохиролгүй болгосон тухай Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1700, 1277, 1354, 1265, 1147, 1444, 1152, 1175, 44, 1191, 61, 1111, 1204, 1572, 1454, 1443, 1327, 1378, , 1403 дугаар шийдвэрүүд хэрэгт авагдсан. /2хх-1-53/
4.6. Шүүхийн шийдвэрт заасны дагуу иргэдэд хохирол барагдуулсны дараа хариуцагч ******* ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн барилгын буулгалтын ажлын зөвшөөрлийг авч, Харваач мэргэн констракшн ХХК-иар буулгалтын ажлыг гүйцэтгүүлсэн, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн БАЗГ2023/17 дугаар зөвшөөрлөөр тухайн газарт 2 давхар зоорьтой, 16 давхар орон сууцны барилга барих зөвшөөрлийг авсан. /2хх-54-55/
5. Талууд 28 ширхэг гараашийн барилгыг өвийн журмаар хүлээн авсан нэхэмжлэгч *******д хохирол учирсан эсэх, нэхэмжлэгч нь уг газрыг өмчлөх эрхтэй этгээд мөн эсэхэд маргасан байна.
6. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийг нэхэмжлэгчийн эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр нурааж, хохирол учруулсан гэж дүгнэж, хариуцагчаас гэм хорын хохиролд 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
6.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгчийн өмчид халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр, хууль бус санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээрээ түүний эд хөрөнгийг нурааж, буулгасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч гэм хорын хохирол шаардах эрхтэй болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Учир нь нэхэмжлэгч өөрийн эцэг Д.г 2007 онд нас барснаас хойш 15 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээг авч, улмаар хувиараа эрхлэх аж ахуйн нэр дээр бүртгэлтэй *******нд байрлах, 540 м.кв талбай бүхий газарт байрлах 28 ширхэг гараашийн барилгыг өвийн журмаар хүлээн авсан байх боловч тухайн 28 ширхэг гараашийн барилгыг Д. нь бусдад худалдан борлуулж, захиран зарцуулсан болох нь магадлалын хянавал хэсгийн 4.4. дэх хэсэгт дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон.
Энэхүү үйл баримтыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.
6.2. Түүнчлэн нэхэмжлэгч ******* 2007-2022 оны хооронд дээрх 28 ширхэг гараашийг өөрийн мэдэлдээ авах замаар эзэмшиж байсан, өөрийн үзэмжээр ашиглаж, захиран зарцуулж байсан, эсхүл өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан, эрхлэн удирдаж байсан болохоо нотлоогүй.
7. Нөгөө талаар, Нийслэлийн Засаг даргын 2013 оны дугаар захирамжийн дагуу хариуцагч барилга, байгууламжийг буулгаж, төрийн эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу газрыг чөлөөлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул хариуцагчийг буруутай гэж үзэхгүй. Иймээс хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байдал, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдоогүй тул нэхэмжлэгч гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардах эрх үгүйсгэгдэнэ.
7.1. Хэргийн 2 дугаар хавтасны 78 дугаар талд авагдсан Нийслэлийн газрын албаны 2011 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн албан бичигт ... ХХК, , Ундарга-Эх хувиараа эрхлэх аж ахуйд тухайн газрыг эзэмшүүлсэн, ашиглуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй. Хэрэв шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой төлбөр авагчдад тухайн газарт байршилтай дуусаагүй барилгыг шилжүүлсэн тохиолдолд тухайн барилгад хамаарах 590 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой гэж дурдсанаас үзэхэд хувиараа эрхлэх аж ахуйн газар ашиглах эрх дуусгавар болсныг нотолж байна.
7.2. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлэх бөгөөд хариуцагч ******* ХХК нь тухайн гараашуудыг эзэмшиж, ашиглаж байсан 20 иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, хохирлыг барагдуулсны дараа уг байгууламжийг Нийслэлийн Засаг даргын олгосон эрхийн хүрээнд буулгаж, газар чөлөөлснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
8. Харин анхан шатны шүүхийн Нэхэмжлэгч ******* нь *******,*******,******* хаягт байршилтай 590 м.кв газар өмчлөх эрхтэй болохоо нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэгчийн газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болсон.
8.1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 1995 оны дугаар сарын 03-ны өдрийн Мэдэгдэл-д Танай хувиараа эрхлэх аж ахуйн амины машины гараашийн барилга барихад зориулж *******ны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 1995 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тоот захирамжаар 0,01 газар ашиглахыг зөвшөөрсөн болохыг мэдэгдье гэснээс дүгнэхэд тус аж ахуйн нэгжид газрыг зөвхөн ашиглах эрхийг олгож байжээ. /1хх-1/
Өөрөөр хэлбэл, хувиараа эрхлэх аж ахуй нь 1995-2005 оны хооронд эрх бүхий этгээдийн өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр газрыг ашиглаж байгаад тухайн газар ашиглах эрх дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон.
8.2. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 22.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж, тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь дээрх хуулийн 19, 20 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу газар өмчлөн авах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан, уг этгээдээс түүнд газар өмчлүүлэхээр шийдвэр гарсан талаарх баримт авагдаагүй, мөн ашиглах зориулалт бүхий газрын эрх дуусгавар болсон тул нэхэмжлэгчийг шууд уг газрын өмчлөгчөөр тогтоох хууль зүйн боломжгүй.
Иймд *******гийн өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгийг нурааснаар суурийн газрын өмчлөх эрхийг үгүйсгэхгүй гэх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09096 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 497 дугаар зүйлийн 497.1, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас гэм хорын хохиролд 70,000,000 төгрөг гаргуулах, *******,*******,******* хаягт байршилтай 590 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА