| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0252/Э |
| Дугаар | 0266 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 0266
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ш.Эрдэнэцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Иргэдийн төлөөлөгч Б.О
Улсын яллагч Г.Т
Хохирогч П.О
Шүүгдэгч Л.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ц-т холбогдох эрүүгийн 1925002510207 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Ц нь 2019 оны 04 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн зүүн дэнжийн 5-25 тоотод хамтран амьдрагч П.О-гийн цээжэн тус газарт сүхээр цохиж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Л.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сундуй ирж цэнхэр спирт өгсөн. Сундуй нь Оюунтуяагийн хуучин нөхөр нь. Тэгээд архи ууж согтсон байсан. Болсон явдлыг хагас дутуу мэдэж байгаа. Хуучин нөхрийг нь ирснээс болж хардсан байх. Би сүхээр 1 удаа цохисон. Хаана цохисноо санахгүй байна. Уураа барьж чадаагүй, миний буруу. Хохирогчид эмчилгээний зардлыг нь өгсөн. Бас хувийн эмнэлгээр хамт явж үзүүлсэн. Одоо бид 2 хамт амьдарч байгаа. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Би өөрийгөө буруутгаж байгаа. Цаашдаа архи уухгүй гэсэн мэдүүлэг,
-Хохирогч П.О-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр Сундуй орж ирсэн. Сундуй, Цогтбаатар 2 цэнхэр спирт хувааж уусан. Сундуй явсны дараа манай найз хүүхэн 1 шил архитай ирж уусан. Тэгээд Цогтбаатар манай найз хүүхнийг гаргаж өгөхөөр явсан. Миний бие өвдөөд архи уугаагүй. Цогтбаатар гаднаас орж ирээд сүх аваад миний цээж рүү 1 удаа цохисон. Би арай гэж болиулаад унтуулсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн. Хавирга хугарсан байсан. Намайг эмнэлэгт үзүүлж, эмчилгээний мөнгө төгрөг төлж нийт 1.500.000 төгрөг өгсөн. Одоо бид 2 цуг амьдарч байгаа. Талийгаач нөхрөөс хойш энэ хүн тус болж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 286 дугаартай дүгнэлтэнд:
1. П.О-гийн биед цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний хөндийд хий хуралдалт үүсгэсэн зүүн талын 6,7,8-р хавиргануудын хугарал, доод эрүүний ясны хугарал, нүүрний зүүн хэсэг, хүзүүний урд хэсэг, баруун хөхөн дээр, нурууны доод хэсэг, хоёр хөлийн гуяны ард хэсгээр цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал үүсчээ.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний хөндийд хий хуралдалт үүсгэсэн зүүн талын 6,7,8-р хавиргануудын хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Доод эрүүний ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэсэн дүгнэлт /хх 20-21 ху/,
-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 5 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 6 ху/
-Хохирогч П.О-гийн өвчний түүх /хх 25-36 ху/
-Л.Ц-ыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг /хх 40-42 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Л.Ц нь 2019 оны 04 сарын 06-наас 07-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багийн зүүн дэнжийн 5-25 тоотод хамтран амьдрагч П.Огийн цээжэн тус газарт сүхээр цохиж, зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...Сундуй ирж цэнхэр спирт өгсөн. Сундуй нь Оюунтуяагийн хуучин нөхөр нь. Тэгээд архи ууж согтсон байсан. Болсон явдлыг хагас дутуу мэдэж байгаа. Хуучин нөхрийг нь ирснээс болж хардсан байх. Би сүхээр цохисон. 1 удаа цохисон. Хаана цохисноо санахгүй байна. Уураа барьж чадахгүй, миний буруу” гэсэн, хохирогч П.Огийн “...Тэр өдөр Сундуй орж ирсэн. Сундуй, Цогтбаатар 2 цэнхэр спирт хувааж уусан. Сундуй явсны дараа манай найз хүүхэн 1 шил архитай ирж уусан. Тэгээд Цогтбаатар манай найз хүүхнийг гаргаж өгөхөөр явсан. Миний бие өвдөөд архи уугаагүй. Цогтбаатар гаднаас орж ирээд сүх аваад миний цээж рүү 1 удаа цохисон. Би арай гэж болиулаад унтуулсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн биед цээжний хөндийн битүү гэмтэл, цээжний хөндийд хий хуралдалт үүсгэсэн зүүн талын 6,7,8-р хавиргануудын хугарал, доод эрүүний ясны хугарал, нүүрний зүүн хэсэг, хүзүүний урд хэсэг, баруун хөхөн дээр, нурууны доод хэсэг, хоёр хөлийн гуяны ард хэсгээр цус хуралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 286 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Л.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, байх тул түүнийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч талаас хохирлын баримтыг ирүүлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “Намайг эмнэлэгт үзүүлж, эмчилгээний мөнгө төгрөг төлж нийт 1.500.000 төгрөг өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Ц-ыг 3 /гурав/ жил, 5 /тав/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-ын эдлэх 3 жил, 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ