Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 209/МА2026/00018

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч М.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны  01 дүгээр сарын 06-ний өдрийн 307/ШШ2026/00119 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “156,900,000 төгрөг гаргуулах” тухай,

Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:

   ... 2025 оны 03 сарын 14-ний өдөр ******* 3,500,000 төгрөгийг нөхөрт мөнгөний хэрэг гарсан гээд зээлж авсан. Энэ өдрөөс хойш удаа дараа мөнгөний хэрэг гарлаа, хүүтэй мөнгө зээлээч ээ гээд удаа дараа миний өөрийн данснаас *******ын данс руу байнга гүйлгээ хийж байсан. ******* хэлэхдээ манай гэр бүлийн найз нэг найзтайгаа компани байгуулан ажилладаг байсан, гэтэл тэр найз маань Солонгост нэг жил ажиллаад дансандаа их хэмжээний мөнгөтэй ирсэн гэж хэлсэн. Хамтарч компани байгуулсан найзаасаа бүх юмаа салгаж байгаа тул мөнгө хэрэгтэй байна. Би таниас авсан мөнгөндөө Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 01 хороо, 120 мянгат, ******* тоотод байрлах 54 м.кв, 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр бодож, үлдэгдэл мөнгийг бэлэн өгье гэж хэлээд бид тохиролцсон. Гэвч ******* хэлцэлд заасны дагуу байрыг шилжүүлж өгөөгүй тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байна. Бид гэрээг амаар хийсэн тул *******т өгсөн 156,900,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасны дагуу төлсөн мөнгөний хамт гаргуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

Өөрт байсан болон хүмүүсээс хүүтэй мөнгө зээлээд мөн байраа барьцаалаад цалингийн зээл хүртэл авч өгсөн. Энэ их мөнгөнөөс болоод мөнгө зээлсэн хүмүүс байнга надаас болон нөхрөөс мөнгөө нэхэж, гэр бүлийн байнгын хэрүүлтэй, салахад хүрээд байна. Том охин маань ирэх жил оюутан болоод хотод суралцана. Иймд бид охиноо дотуур байранд суулгахын оронд байртай болох гэж үзсэн.

Миний Хаан банкны ******* тоот данснаас *******ын ******* данс руу нийт 62,5000,000 төгрөг,

миний Төрийн банкны ******* тоот данснаас *******ын ******* тоот данс руу нийт 7,000,000 төгрөг,

миний Капитрон банкны тоот данснаас *******ын ******* тоот данс руу нийт 15,000,000 төгрөг,

миний Хаан банкны ******* тоот данснаас данс руу нийт 67,400,000 төгрөг,

миний Хаан банкны ******* тоот данснаас данс руу 5,000,000 төгрөг. Нийт 156,900,000 төгрөг шилжүүлсэн гэжээ. /х.х-ийн 1-3 дугаар хуудас /

        2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

...*******аас *******т холбогдуулан 156,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

******* нь *******аас нэхэмжлэлд дурдсан 84,500,000 төгрөгийг арилжааны банкны дансаар шилжүүлэн авсан нь үнэн бөгөөд тэр даруй н. гэх хүн рүү шилжүүлдэг байсан нь дансны дэлгэрэнгүй хуулгаар тодорхой харагдана. Харин бусад үлдэгдэл 72,400,000 төгрөгийг ******* нь өөрт шилжүүлж аваагүй болно.

Мөн ******* нь н. гэх этгээдэд *******аас авсан 84,500,000 төгрөг шилжүүлж мөн өөрөөсөө 69,000,000 төгрөг, нийт 153,000,000 төгрөгийг өгч залилуулан Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол гарган тус хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан Дархан-Уул аймгийн Цагдаагийн байгууллагад залилуулсан талаар гомдол гарган мөн хэрэг бүртгэлтийн шатандаа шалгагдаад явж байна.

Нэхэмжлэлд дурдсан шиг ******* 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр бодож өгье гэж тохиролцож байгаагүй бөгөөд энэ тохиролцоог н. гэх этгээд санал болгосныг *******д дамжуулж байсан болно.

Иймд хариуцагч ******* нь өөрөө н. гэх этгээдэд залилуулж дээрх хэрэг нь цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ. / х.х-ийн 59 дугаар хуудас /

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч *******оос 156,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 942,450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 942,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож ... шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нь *******аас *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойгоор 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө ******* н.т холбогдуулан 131,744,000 төгрөгийг залилуулсан тул Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Иймд энэхүү иргэний хэргийг түдгэлзүүлэх мөн худалдаа хөгжлийн банкны тоот данс, Хаан банкны тоот данс эзэмшигчийн тодорхойлолтыг тус тус гаргуулах хүсэлт гаргахад хангаагүй бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 4-т “...уг мөнгийг т шилжүүлсэн байсныг ******* мэдэж байсан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч татгалзалтай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй” гэж дүгнэдэг. Гэтэл 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэг дээр болон хэрэгт нотлох баримтаар ирсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 224 дүгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол дээр авагдсан хохирогч *******ийн мэдүүлэг мөн гэрч *******ын мэдүүлгүүдээр нэхэмжлэгч ******* нь н. гэх этгээдтэй холбогдож байсан бөгөөд түүний хүсэлтээр мөнгө зээлсэн талаар тодорхой нотлогдож байхад илт үндэслэлгүйгээр нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, илт нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.  / х.х-ийн 148-149 дүгээр хуудас /

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

7. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

8. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******оос 156,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. /х.х-1-2, 59 дүгээр хуудас /

Хэргээс үзэхэд:

9. Нэхэмжлэгч ******* нь өөрийн ******* тоот Хаан банкны данснаас 2025 оны 03 сарын 10-ны өдрөөс 2025 оны 06 сарын 19-ны өдрийг дуустал 134,900,000 төгрөг, тоот Капитрон банкны данснаас 2025 оны 03 сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 сарын 13-ны өдрийг дуустал 15,000,000 төгрөг, 400034******* тоот Төрийн банкны данснаас 2025 оны 04 сарын 15-ны өдөр 7,000,000 төгрөг, нийт 156,900,000 төгрөгийг хариуцагч *******ын ХААН болон Худалдаа хөгжлийн банкны данс руу, мөн Худалдаа хөгжлийн банкны тоот данс болон ХААН банкны , тоот данс руу шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч *******ийн дансны хуулгуудаар тогтоогдож байна. / х.х-7-20 дугаар хуудас /

10. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж хуульчилсан.

Хариуцагч нь талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгч талаас ирүүлсэн дансны хуулгууд болон Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт хохирогч *******, гэрч ******* нарын мөнгө зээлсэн, зээл авсан талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс  “худалдаа хөгжлийн банкны тоот данс, Хаан банкны тоот данс эзэмшигчийн тодорхойлолтыг тус тус гаргуулах хүсэлт гаргахад хангаагүй бөгөөд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон” гэж гомдол гаргасан боловч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 318 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай мөрдөгчийн саналд гэрч *******ын “...нийт 156,900,000 төгрөгийг ******* эгчээс зээлж авсан” гэх мэдүүлэг, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2025 оны 11 сарын 27-ны өдрийн 224 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд гэрч *******ын “...нийт 156,900,000 төгрөгийг ******* эгчээс зээлж авсан, ...би өмнө Э.т олон удаагийн гүйлгээгээр нийт 73,719,000 төгрөг зээлээд авч чадаагүй, тэгээд Марияш эгчээс авсан 88,100,000 төгрөгөөс 79,700,000 төгрөгийг Э.ын дүү ын Худалдаа хөгжлийн тоот данс руу шилжүүлсэн” гэх мэдүүлгүүдээр дээрх дансны эзэмшигч хэн гэдэг нь тодорхой, хариуцагчийн хүсэлтийн дагуу уг дансанд мөнгө шилжүүлж байсан байна.  / х.х-98-103 дугаар хуудас /

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн мөнгийг т шилжүүлж байсныг ******* мэдэж байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч *******, ******* нарын хооронд мөнгө зээлэх талаар тохиролцож хэлцэл хийгдсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдсон гэж шүүх дүгнэсэн.

Түүнчлэн хариуцагч нь энэ татгалзалтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэлийн шаардлага түүний татгалзаж буй талаар нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

12. Зохигч нь зээлийг буцаан төлөх талаар тохиролцсон баримт байхгүй байх тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “зээлийн гэрээгээр зээлийг буцааж төлөх хугацаа тогтоогоогүй бол зээлдүүлэгчийн шаардсан хугацаанд түүнийг буцааж төлөх бөгөөд ийнхүү шаардсанаас хойш нэг сарын дотор зээлдэгч үүргээ биелүүлнэ.” гэж хуульчилсны дагуу хариуцагч ******* нь дээрх хуульд зааснаар зээлийн төлбөрийг буцааж төлөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *******оос 156,900,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны  01 дүгээр сарын 06-ны өдрийн 307/ШШ2026/00119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 942,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                      
                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МЯГМАРСҮРЭН

                                            ШҮҮГЧИД                                      М.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            Я.ТУУЛ