| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянган Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 307/2025/02456/и |
| Дугаар | 209/МА2026/00019 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Бусад хуулиар, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 209/МА2026/00019
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 307/ШШ2026/00233 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “10,000,000 төгрөг гаргуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний агуулга:
“...******* нь миний *******д өгөх ёстой 18,000,000 төгрөгөөс өөрт завшиж авсныг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 459 дугаар тогтоолоор нотлогддог бөгөөд уг тогтоолд ******* нь *******т өгсөн 10,000,000 төгрөгөө нэхэмжлэх эрх нь нээлттэй гэж дурдаж шийдвэрлэсэн тул хариуцагч *******ээс 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. / х.х-ийн 1 дүгээр хуудас /
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
“...******* нь нэхэмжлэгчид ямар ч өглөг, өр төлбөргүй. Харин ч 8,000,000 төгрөгийн авлагатай нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр нотлогддог.
Миний бие төрийн албанд ажиллаж байгаад 2016 онд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шалгагдаж байсан. Энэ хугацаанд өмгөөлөл, хууль эрх зүйн туслалцаа авах шаардлага гарсан. Тухайн хугацаанд манай нөхөртэй хамт ажиллаж байсан н.******* нь энэ асуудлыг маань мэдэж байсан тул “би маш сайн өмгөөлөгч таньдаг, ямар ч хэргийг сайн өмгөөлдөг, дээд шүүх хүртэл өмгөөлж чадна” гэж ятган үнэмшил төрүүлсэн учраас *******тэй 2017 оны 04 сард анх уулзсан. Тухайн үед би нөхрийн хамт уулзахад ******* өмгөөлөгчөөр ажилладаг гэж үнэмлэх үзүүлэн, хамт явсан хүнээ тагнуулд ажилладаг н.******* гэж танилцуулж “ямар ч хэрэгт өмгөөлөл хийдэг” хэмээн бидэнд өөрийгөө үнэмшүүлсэн.
Мөн өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн шүүх болон Баянзүрх дүүргийн шүүхүүдээр явж шүүх хуралдаанд оролцож байгаагаа харуулсан. Энэ нь зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуваарь оролцож байсныг сүүлд нь мэдсэн.
Тухайн үед ******* нь шүүхүүдээр явахдаа шүүхийн ажилчидтай танил хэмээн уулзаж байсан тул миний бие *******ийг өмгөөлөгч хийдэгт нь итгэж өмгөөлөгчөөр авахаар болж хөлс болох 8,000,000 төгрөгийг 5,000,000 болон 3,000,000 төгрөгөөр 2 хувааж өгсөн. Харин өмгөөллийн гэрээ байгуулахыг нэхэхэд “Удахгүй, одоохон” гэж хэлсэн.
Энэ хугацаанд миний шалгагдаж байсан асуудалд хамааралгүй асуудлаар өөр 3 хүний хэргийг надад хамааруулан шалгаж байгаа талаар ******* хэлж уулзахад тэр 3 хүний тэтгэврийн материалыг би тухайн үед хянаж гарын үсэг зурсан байсан. Би төрд ажиллаж байхдаа ажлын чиг үүргийн дагуу Дархан-Уул аймгийн 13,000 гаран тэтгэвэр авагч нарын хувийн хэргийг шалган гарын үсэг зурсан ба бүх хүнийг таних ёстой гэсэн үг биш.
Улсын Дээд шүүхийн хурал болсон талаар надад ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Миний мэдээгүйг далимдуулан ******* миний эсрэг мэдүүлэг өгч, дээд шүүхэд ч хуурамч мэдүүлэг өгсөн байна.
******* гэж хүн миний хянаж гарын үсэг зурсан 3 тэтгэвэр авагчийн төлөөлж байгаа хүн гэж надтай уулзсан ба сайн өмгөөлөгч хэрэгтэй байна гэж надад хэлсэн. Би өөрийнхөө мэддэгээр ******* гэж өмгөөлөгч Улаанбаатар хотоос авсан гэхэд ******* нь бас авъя гэсэн учир дугаарыг нь өгсөн.
Ингээд *******ийг хүн тус бүрээр 5,000,000 төгрөгөөр өмгөөлүүлэхээр болж намайг Улаанбаатар явахад ******* надаар дамжуулан 15,000,000 төгрөгийг өгч явуулсан. Би бүгдийг нь шууд өгч байхаар таллаж өгье, гэрээ хийсний дараа үлдэгдлийг нь өгье гээд *******өд 10,000,000 төгрөгийг өгч *******д буцаад 5,000,000 төгрөгийг өгсөн.
Гэвч бидний мөнгийг авчхаад ******* нь уулзахгүй, утсаа салгаад холбогдохгүй байсан тул миний бие *******өд холбогдуулан Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаснаар *******өд холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхээр гэм бурууг тогтоолгож, мөн хорих ял, мөн ******* надад 8,000,000 төгрөг, *******д 10,000,000 төгрөгийг өгөх өр төлбөртэй гарсан.
Гэвч би 2017 оны 12 дугаар сард албан тушаалын хэргээр хоригдож, *******ийг олж, мөнгөө авах боломж мэдээлэлгүй байсан. Мөн тухайн цагаас хойш *******тэй уулзаагүй тул *******г *******өөс 10,000,000 төгрөгөө нэхэмжилж хүсэлт гаргасныг мэдээгүй. Би өөрийн 8,000,000 төгрөгийг *******өөс нэхэмжлэх гэтэл хаягийг нь олж чадаагүй өдийг хүрсэн.
Иймд *******өөс ямар ч мөнгө аваагүй тул 10,000,000 төгрөгийг надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /х.х-ийн 18-19 дүгээр хуудас/
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ээс 10,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******өд олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлын агуулга:
“Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүйн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
4.1. Эрүүгийн 201725030949 дугаартай хэргээс хуулбарлан ирүүлсэн “Мөнгө хүлээлцсэн баримт”-д хийсэн шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж хариуцагчийг төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн. Гэвч хариуцагч ******* нь уг баримт дахь гарын үсгийг өөрөө зураагүй, гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж маргаж байгаа бөгөөд энэ нь маргааны гол үндэслэл юм. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус “мөнгө хүлээлцсэн баримт”-д дахин шинжилгээ хийлгэх хүсэлт өгсөн боловч шүүх хүсэлтийг хүлээж аваагүй.
4.2. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоолд: “******* нь *******ээс 10,000,000 төгрөг нэхэмжлэх эрх нээлттэй” гэж дурдсан байдаг. Энэхүү тогтоол нь нэхэмжлэх боломж нээлттэй гэж зааснаас биш, тухайн мөнгийг заавал буцаан төлөх ёстой гэж эцэслэн тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн тогтоол нь иргэний шүүхэд маргаан үүсгэх эрхийг зөвхөн нээсэн болохоос иргэний үүргийг автоматаар баталгаажуулсан шийдвэр биш юм.
4.3. Хариуцагч нь “баримтад гарын үсэг зураагүй” гэж маргаж байгаа тохиолдолд тухайн баримт нь жинхэнэ хэлцэл мөн эсэх асуудал бүрэн тогтоогдоогүй байхад төлбөр гаргуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Хэрэгт өр төлбөргүй болсон гэсэн утгатай бичвэр бүхий “Мөнгө хүлээлцсэн баримт” хавсаргасан бөгөөд хэрэв энэ баримт хуурамч бол нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй болох боломжтой. Гэтэл уг баримтын бодит эсэх талаар бүрэн нотолгоо хийгдээгүй, дахин шинжилгээ хийх шаардлагатай байхад шүүх шийдвэрээ гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү” гэжээ. / х.х-ийн 95-97 дугаар хуудас /
5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь *******ээс 10,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мөнгө аваагүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргасан байна
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Монгол улсын дээд шүүхийн тогтоолоор *******ээс 10,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж заасантай холбогдуулж тайлбарласан, харин хариуцагч нь хэрэгт авагдсан мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зураагүй, хуурамч баримт, мөн дээр дурдсан тогтоол нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг ******* төлөх үндэслэлтэй гэж тогтоосон шийдвэр биш тул шаардлагыг зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзлаа тайлбарлажээ.
3. Анхан шатны шүүхээс Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 459 дугаартай тогтоолоор хариуцагчийн татгалзлын үндэслэл болж буй мөнгө хүлээлцсэн баримтыг үнэлж шийдвэр гаргасан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
4. Хэрэгт авагдсан дээр дурдсан тогтоолоор *******өд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд тус тогтоолд шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа үзүүлнэ гэж хуурч Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 03 сарын 30-ны өдөр, 2017 оны 4 дүгээр сард нийт 8,000,000 төгрөгийг *******ээс, 2017 оны 4 сарын 10-ны өдөр *******гээс 10,000,000 төгрөг... нийт 18,290,000 төгрөгийг авсан нь нотлох баримтаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. ... Давж заалдах шатны шүүхээс *******ийг хохирогч *******т учруулсан хохирлоо нөхөн төлсөн, харин *******д учруулсан хохирлоо *******ээр дамжуулан өгсөн нь *******гийн хохирлыг барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн *******өөс 10,000,000 төгрөг гаргуулж, *******д олгохоор шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан нь үндэслэл бүхий болжээ. Учир нь *******д учруулсан хохирлыг *******т өгснөөр ******* авснаар шүүгдэгч *******ийг *******гийн хохирлыг бодит байдлаар барагдуулсан гэж үзэх үндэслэлгүй болно. Харин шүүгдэгч ******* нь *******т өгсөн 10,000,000 төгрөгөө нэхэмжлэх эрх нээлттэй байгааг дурдах нь зүйтэй” гэж дүгнэжээ.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр Эрүүгийн хэргийн тусгай архиваас мөнгө хүлээн авсан баримт, шинжээчийн дүгнэлтүүд, шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг нотлох баримтаар бүрдүүлсэн байх бөгөөд мөнгө хүлээн авсан баримт, шинжээчийн дүгнэлтүүдийг *******өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхээс нотлох баримтаар үнэлсэн, мөн шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс үзэхэд талуудын хооронд маргаж байгаа мөнгийг *******өөс ******* аваагүй, мөнгө хүлээн авсан баримтад эргэлзэж байгаа талаар шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч тайлбар гаргаж байсан хэдий ч дээр дурдсан хяналтын шатны шүүхийн тогтоолоор энэ талаар дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг
хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 04 сарын 24-ний өдрийн 21 дугаартай “Шүүхийн шийдвэрийн тухай” тогтоолоор “Дахин нотлох шаардлагагүй баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болж болно. Энэ нь “шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн зарчимд харшлахгүй”, “Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний болон захиргааны өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцно. Гэхдээ эдгээр үйл баримт нь түрүүчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдийн хувьд өөр хэрэгт хэргийн оролцогчоор орж байгаа тохиолдолд нотлогдсон гэж үзнэ” гэж тайлбарлажээ.
Өөрөөр хэлбэл Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2018 оны 10 сарын 24-ний өдрийн 459 дугаартай тогтоолоор хариуцагчийн татгалзлын үндэслэл болсон нотлох баримтыг дүгнэж, иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдлыг анхан шатны шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж дүгнэсэн нь дээрх хуульд заасантай нийцсэн байна.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо мөнгө хүлээлцсэн баримтад дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх хүлээн аваагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан дээрх хүсэлтийг шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд захирамжийн үндэслэлд хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарч байсан нь тогтоогдсон, уг баримт болон хүсэлтэд дурдсан шинжээч томилуулах үндэслэл нэг байна, хариуцагч тал хүсэлтдээ өөр үндэслэл тодорхойлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
8. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн зохицуулалтыг хэрэглэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх бөгөөд хэргийн үйл баримт болон эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.
9. Харин шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч *******ийн гаргасан нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэл гэж үзэж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс нөхөн гаргуулаагүй нь буруу болсон байна.
10. Хэрэгт авагдсан улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэлүүдээр нэхэмжлэгч ******* шүүгдэгч, хариуцагч ******* хохирогчоор оролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш байна.
Иймд *******ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх нэхэмжлэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч тусгайлсан журмаар хянан шийдвэрлэгдэх нэхэмжлэл гэж үзэж иргэний хэрэг үүсгэн ажиллагааг явуулсан бөгөөд хэргийг шүүгчийн захирамжаар 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ердийн журмаар хянан шийдвэрлэхээр шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 757.1 дүгээр зүйлийн 757.1.1-т зааснаар иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 751 дүгээр зүйлд заасныг зөрчсөн буюу ердийн журмаар шийдвэрлэгдэх хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ.
Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэгдэх хэргүүд нь үнийн дүнгийн хэмжээ бага, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хугацаа богино, зохигчдын зарим эрх хязгаарлагдмал хүрээнд хэрэгжихээр хуульчилсан.
Тус хэргийн тухайд 2026 оны 01 сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжаар хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шилжүүлсэн бөгөөд мөн өдрөө хэргийг шийдвэрлэснээр зохигч, хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй, энэ талаар зохигчид гомдол гаргаагүй байна.
12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 307/ШШ2026/00233 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “..., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******өөс улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг нөхөн гаргуулж, төрийн сангийн орлогод оруулж, хариуцагч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
М.ОЮУНЦЭЦЭГ