Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 0265

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Г.Т

Шүүгдэгч Т.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б-д холбогдох эрүүгийн 1925000580341 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Б 2019 оны 01 сарын 18-ны өдөр 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн П.Т-ын гээгдүүлсэн Голомт банкны виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 620.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Таксинд явж байгаад үйлчлүүлсэн хүн маань виза картаа өгч АТМ-с таксины мөнгөө авчих гэсэн. Надад пин кодоо хэлсэн. Тэгээд мөнгөө авчихаад картыг нь буцааж өгсөн. Харин тэр хүн картаа суудал дээр орхиод буусан байсан. Тэгэхээр нь картыг нь аваад мөнгө байгаа эсэхийг нь шалгахад мөнгө байхаар нь 620.000 төгрөг авсан. Одоо хохирлоо төлсөн. Дахин ийм үйлдэн гаргахгүй. Хийсэн хэргээ ойлгож гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч П.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Такси бариад гэр рүүгээ хүргүүлэх замдаа таксины жолоочид өөрийн Голомт банкны виза картаа өгөөд 5000 төгрөг уншуулаад таксины мөнгөө авчих гэж хэлээд пин кодоо хэлж өгсөн. Тэгээд гэрийн гадаа буугаад гэр рүүгээ орохдоо виза картаа аваагүй мартаад буугаад явсан байсан гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

 

-Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 01 сарын 18-ны өдрийн 21 цаг 42 минут 03 секундэд 3100 төгрөг, 21 цаг 42 минут 51 секундэд 5100 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн байна. Дээрх 2 гүйлгээ нь “Төгөл” худалдааны төвийн АТМ-ээс хийгдсэн байна. 21 цаг 54 минут 43 секундэд хийгдсэн 620.100 төгрөгийн гүйлгээ нь Шуудангийн үйлчилгээний газрын АТМ-ээс хийгдсэн байна гэсэн мэдүүлэг /хх 16 ху/,

 

-Т.Ба- яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-24 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 28 ху/

              -Хохирол төлсөн баримт /хх 63 ху/ зэрэг болно.

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Т.Б 2019 оны 01 сарын 18-ны өдөр 22 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн П.Т-ын гээгдүүлсэн Голомт банкны виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 620.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Таксинд явж байгаад үйлчлүүлсэн хүн маань виза картаа өгч АТМ-с таксины мөнгөө авчих гэсэн. Надад пин кодоо хэлсэн. Тэгээд мөнгөө авчихаад картыг нь буцааж өгсөн. Харин тэр хүн картаа суудал дээр орхиод буусан байсан. Тэгэхээр нь картыг нь аваад мөнгө байгаа эсэхийг нь шалгахад мөнгө байхаар нь 620.000 төгрөг авсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч П.Т-ын “...Такси бариад гэр рүүгээ хүргүүлэх замдаа таксины жолоочид өөрийн Голомт банкны виза картаа өгөөд 5000 төгрөг уншуулаад таксины мөнгөө авчих гэж хэлээд пин кодоо хэлж өгсөн. Тэгээд гэрийн гадаа буугаад гэр рүүгээ орохдоо виза картаа аваагүй мартаад буугаад явсан байсан” гэсэн /хх 13-14 ху/ мэдүүлэг, мөн гэрч Д.О-н өгсөн мэдүүлэг /хх 16 ху/, хохирол төлсөн баримт /хх 63 ху/, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 24 ху/ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Б-н үйлдлийн улмаас 620.100 төгрөгний бодит хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх ялын санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Б-д оногдуулсан торгох ялыг сард 150.000 төгрөгөөр тооцож 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА