Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00466

 

 

 

 

 

 

 

 

2026 03 02 210/МА2026/00466

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/11504 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, БНХАУ-ын иргэн ******* нарт холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 34,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн хохиролд 2,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1.  Би тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 34,000,000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Ren Yichen-д шилжүүлсэн бөгөөд харин Ren Yichen тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон. Гэтэл Ren Yichen хариу өгөөгүй, утас нь холбогдоогүй. Улмаар 1 сар гаруй хугацааны дараа тоног төхөөрөмж ирсэн талаар хэлж, мөнгө хэрэгтэй гэсэн тул нэмж 6,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь БНХАУ-ын иргэн Ren Yichen-ний эхнэр ******* рүү залгаж тоног төхөөрөмжөө авахаар шаардсан боловч ...байж бай... гэсээр тоног төхөөрөмжөө өгөөгүй тул цагдаагийн байгууллагад гомдол гаргахад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. БНХАУ-ын иргэн Ren Yichen дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, 2023 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Иймд БНХАУ-ын иргэн Ren Yichen-ээс тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 34,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. БНХАУ-ын иргэн Ren Yichen-ний төлсөн 1,000,000 төгрөг өөр төлбөрөөс хасагдах боломжтой. Цагдаагийн байгууллагад БНХАУ-ын иргэн Ren Yichen-д холбогдуулан гомдол гаргаснаар БНХАУ-ын иргэн Ren Yichen-ээс хувийн мэдээлэл байхгүй учраас түүний эхнэр *******ээр дамжуулж БНХАУ-ын иргэн Ren Yichen-тэй утсаар холбогдож байсан бөгөөд энэ асуудлаар шүүхээр явахад мөнгө, төгрөг их гарч байгаа тул *******ээс 2,000,000 төгрөгийг өмгөөлөгчийн хөлсөнд шаардаж байна гэжээ.

 

2.  Хариуцагч нарын тайлбар татгалзлын агуулга:

2.1.  БНХАУ-н иргэн Ren Yichen нь 34,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэрээр *******тэй иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй, ******* ХХК-тай зуурмагийн тоног төхөөрөмж худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 6,000,000 төгрөг болон 34,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс аж ахуйн нэгж, иргэн хоёр тоног төхөөрөмж хамтран эзэмшихээр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэргийн баримтаар нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэл гаргах этгээд биш гэж үзэж байна. Нэхэмжлэлийн агуулгад дурдсанаар худалдан авахаар тохиролцсон тоног төхөөрөмж нь иргэн *******т хэрэггүй, өөрийн ажилладаг хуулийн этгээдэд тоног төхөөрөмж авахаар тохиролцсон талаар нэхэмжлэлд дурдсан, ямар аж ахуйн нэгжийн талаар дурдсан болох нь тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар иргэний эрх зүйн ямар харилцаанд орсон байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

2.2.  Хариуцагч *******ийн тухайд энэ хэрэгт хариуцлага хүлээх эрх зүйн үндэслэл байхгүй. Шүүхэд хандахад нэхэмжлэгчээс зардал гарсан талаарх баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойгүй, өмгөөлөгч авах нь сайн дурын асуудал тул хариуцагч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн Ren Yichen, хариуцагч ******* нараас 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.  Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.  Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн *******ны дансаар 34,000,000 төгрөгийг тоног төхөөрөмж гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагчийн дансанд шилжүүлснийг шүүхээс ямар зорилгоор, хэн, яах гэж шилжүүлсэн талаар дүгнэлт хийсэнгүй.

4.2.  Мөн үндэслэх хэсгийн 2 дугаарт ...нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Ren Yichen-ээс төлбөрөө буцаан шаардахад 2023 оны 12 дугаар сард 1,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн, өөр төлбөр төлөөгүй гэж тодорхойлсон... гэж дурдсан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо хэлцэл хийсэн байх ба түүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн зарим хэсгийг буцаан шилжүүлсэн үйл баримтад шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Мөн хэсгийн 12 дугаарт ...гэрээгээр төлсөн төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхгүй бөгөөд тухайн гэрээний оролцогч биш тул нэхэмжлэгчид тухайн төлбөрийг буцаан төлөх үүргийг хариуцагч БНХАУ-ын иргэн Ren Yichen хүлээхгүй... гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйл 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн өөрт учирсан хохирлоо бусдаас шаардах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан шийдвэр боллоо гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэрээний тал болох *******г ХХК нь өөрт учирсан хохирлоо Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны шүүхэд хандан гаргуулан авсан тул давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 33,000,000 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн иргэн *******-ээс гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Харин *******д холбогдуулан гаргасан 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаагүй гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд хамгийн түрүүнд ямар гэрээний тухай яригдаж байгаа вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх уг гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж зөв тогтоосон. Тодруулбал, уг гэрээг БНХАУ-ын иргэн ******* болон Жи Мэнг бо тиан ХХК-ийн хооронд худалдан авах, худалдах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Тухайн тоног төхөөрөмж худалдан авах урьдчилгаа төлбөрийг хэнээс гаргасан, хэнээс шилжүүлсэн нь гэрээний эрх зүйн харилцааг тодорхойлоход ач холбогдолгүй гэж үзэж байна. Уг маргааны гол асуудал нь гэрээний талууд хэн бэ гэдэгт орших бөгөөд ******* нь гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй этгээд тул нэхэмжлэл гаргах эрхгүй. Хэрэв компанийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай бол тухайн компанийн зүгээс өөрөө нэхэмжлэл гаргах ёстой, эсхүл ******* компанийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах гэж байгаа бол зохих ёсны итгэмжлэл авсан байх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.  Нэхэмжлэгч ******* нь хариуцагч БНХАУ-ын иргэн *******, ******* нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 34,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, мөн хохиролд 2,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх-1-2/

 

3.  Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Зуурмагийн тоног төхөөрөмж худалдах-худалдан авах тохиролцоог ******* ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Тэ Юган Ван Тин-тай хийсэн, *******тэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй, түүнчлэн шүүхэд хандахад ямар хэмжээний зардал гарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй... гэх агуулгаар тайлбарлан маргажээ. /хх-32-33, 42-63/

 

4.  Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

5.  Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

5.1.  Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 34,000,000 төгрөгийг Тоног төхөөрөмж ******* гэх гүйлгээний утгатай БНХАУ-ын иргэн *******-ийн ******* ХК дахь 5920096381 тоот дансанд шилжүүлсэн. /хх-6/

5.2.  2023 оны 12 дугаар сард хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ээс 1,000,000 төгрөгийг *******т буцаан шилжүүлсэн гэж нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарласан. /хх-60-61/

5.3.  2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын прокурорын ******* дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тухай тогтоолоор *******ийн БНХАУ-ын иргэн *******-д холбогдуулан гаргасан 34,000,000 төгрөг залилуулсан гэх гомдлыг шалган, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэргийг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. /хх-7-8/

5.4.  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/16833 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, БНХАУ-ын иргэн ******* болон ******* нарт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрээр хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, харин хариуцагч *******д холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-38-39/

 

6.  Шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, түүний гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй гэж зөв дүгнэсэн боловч *******ийн БНХАУ-ын иргэн *******-д шилжүүлсэн 34,000,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

6.1. Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх бөгөөд 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт ...нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ гэж заасан.

Нэхэмжлэгч ******* болон хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нар худалдах-худалдан авах гэрээний зүйл, үнэ, үнийг төлөх журам, хугацааг хэлэлцэн тохиролцсон гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй.

 

6.2. Хариуцагч тал түүний ******* ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үнээс 34,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь тус компанийн төлөөлөгчийн хувиар шилжүүлсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчээс уг тайлбарыг баримтаар няцаагаагүй. Мөн худалдан авахаар тохиролцсон гэх тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч болон түүний хамаарал бүхий ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй талаар талуудын хэн аль нь маргаагүй. /хх-6, 60-61/

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 197/ШШ2025/16833 дугаар шийдвэрээр ******* ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 6,000,000 төгрөгийг хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ээс буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, хариуцагч БНХАУ-ын иргэн ******* нь ******* ХХК-тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс талууд гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ба уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

6.3. Ийнхүү нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүрэг үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч *******ийн шилжүүлсэн 34,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 33,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу буцаан шаардах эрхтэй тул энэхүү үндэслэлээр нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Анхан шатны шүүхийн хариуцагч *******д холбогдох хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн тус шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 191/ШШ2025/11504 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БНХАУ-ын иргэн *******-ээс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 33,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч *******д холбогдох хохиролд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БНХАУ-ын иргэн Ren Yichen-ээс 322,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

Н.ГЭРЭЛТУЯА