| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0299/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/322 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2019/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,
Улсын яллагч Ч.Батзориг,
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Дхолбогдох эрүүгийн 1938005640365 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2-р багийн нутаг дэвсгэр Шаварын голын Цахирын ам гэх нэртэй газраас 2018 оны 12 дугаар сард 4.1 м.куб нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэн малын пүнз барьж, байгаль орчинд 1.505.520 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2-р багийн нутаг дэвсгэр Шаварын голын Цахирын ам гэх нэртэй газраас 2018 оны 12 дугаар сард 4.1 м.куб нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэн малын пүнз барьж, байгаль орчинд 1.505.520 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938005640365 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны өвөл 12 дугаар сарын 20-ноор Цэцэрлэг сумын 2-р багийн нутаг Шаврын голын “Цахир ам” гэх газарт өвөлжиж байхдаа өвөлжөөн дээрээ хурга, ишиг хийх зорилгоор өвөлжөөнийхөө хажуугаас зөвшөөрөлгүй мод бэлтгэж малын пүнз барьсан юм. Би уг пүнзийг барихдаа 14 ширхэг нойтон мод унагаасан. Бусад мод нь хуурай мод болон унаанги мод бэлтгэж 5x5 хэмжээтэй битүү дээвэртэй пүнз барьсан юм. Би уг модыг бэлтгэхдээ ганцаараа хөрөөдөж гэрийнхээ хаяанаас авсан болохоор явганаар чирж цагаалж өвөлжөөн дээрээ авчирч ганцаараа пүнз барьсан юм. Тэгээд өвөл муудсан хурга ишиг хийж өвөлжсөн...Би учруулсан хохирлоо төлж барагдуулсан...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-19-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25-р хуудас/,
Хохирогч М.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэцэрлэг сумын 2 дугаар багийн иргэн Ж.Д нь тус багийн нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн талаар мэдсэн. Би Ж.Дг хууль бусаар нойтон мод бэлтгэж өвөлжөөнийхөө газарт пүнз өрсөн байна гэж байгаль хамгаалагч Гүндсамбуу гэдэг хүнийг ярьж байхыг сонссон. Манай байгууллагад иргэн С.Ж.Д нь 1.555.020 төгрөгний хохирлоо төлсөн. Манай байгууллагаас ямар нэгэн санал хүсэлт нэхэмжлэх зүйлгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-34-р хуудас/,
Гэрч Б.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Цэцэрлэг сумын 2-р багийн нутаг Шаварын голын “Цахир ам” гэх газар тус багийн иргэн Ж.Д гэдэг хүн нойтон мод огтолж өвөлжөөнийхөө хашаанд пүнз барьсан байна гэж нэрээ нууцлахыг хүссэн иргэн мэдээлэл өгсөн. Тэр мэдээллийн дагуу би өөрөө очиж газар дээр нь үзэхэд Цахир ам гэх газар байдаг өвөлжөөндөө нойтон мод оролцуулж 5x6 орчим хэмжээтэй пүнз барьсан байсан. Ж.Дгийн өвөлжөө нь модны захад байршилтай байдаг тул ойр байсан модоор нь явж үзэхэд өвөлжөөний хашааныхаа арын модноос 10 гаруй босоо мод унагаасан, зарим нь нойтон мод байсан. Ингээд би цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шилжүүлж байгаа юм. Ж.Д нь хавар малын хашаа засахаар 3 куб метр модны зөвшөөрөл хүссэн өргөдөл өгсөн байсан. Уг өргөдөл нь шийдэгдээгүй байхад ямар ч зөвшөөрөлгүй хууль бусаар мод бэлтгэсэн байна. Уг зөвшөөрөлгүй бэлтгэсэн модыг өвөл бэлтгэсэн байх гэж бодож байна. Нийт 10 гаруй босоо нойтон мод унагасан байсан. Хажуугаар нь унаагуул, босоо хуурай мод ч бас унагасан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтэд:
Хөвсгөл аймгийн Шаварын голын Цахир ам гэх газарт зөвшөөрөлгүй бэлтгэсэн модонд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Цэцэрлэг сумын Байгаль хамгаалагч Б.Гүндсамбууг байлцуулан хийсэн хэмжилтийн үр дүнгээр 4.1 шоо метр малын хашаа барьсан 5 метрийн урттай 8-24 см-ийн диаметртай 40 ширхэг шинэс мод байв. Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.505.520 төгрөгний үнэлгээ бүхий шинэс мод байна гэх дүгнэлт /хх-ийн 47-49-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 55-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай албан тоот /хх-ийн 71-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-70, 73-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938005640365 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Д нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2-р багийн нутаг
дэвсгэр Шаварын голын Цахирын ам гэх нэртэй газраас 2018 оны 12 дугаар сард 4.1 м.куб нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэн малын пүнз барьж, байгаль орчинд 1.505.520 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ж.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч М.Р-ийн /хх-ийн 30-34-р хуудас/, гэрч Б.Г-ийн /хх-ийн 35-37-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8-р хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-19-р хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-25-р хуудас/,
Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-49-р хуудас/,
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 55-р хуудас/,
Хохирол төлсөн тухай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газрын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 86 дугаартай албан тоот/хх-ийн 71-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Ж.Д нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ж.Д нь экологи эдийн засагт 1.505.520 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Ж.Дг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Ж.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч М.Ренчиндорж нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн 1938005640365 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 4.1 м.куб нойтон шинэс модоор барьсан 5х5 хэмжээтэй малын пүнз, хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 4.1 м.куб нойтон шинэс модоор барьсан 5х5 хэмжээтэй малын пүнз, хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938005640365 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР