Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 477

 

 

 

Б.Баянсанд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Т.Жаргалсайхан,

Яллагдагч Б.Баянсан /цахимаар/, түүний өмгөөлөгч Л.Отгондорж, М.Баянзул,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаярын гаргасан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 258 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот эсэргүүцлээр, Б.Баянсанд холбогдох 201726030205 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар  сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ойт овогт Баянжаргалын Баянсан, 1991 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, шатахуун түгээгч мэргэжилтэй, “Сод монгол групп”-ын 47 дугаар шатахуун түгээх станцад шатахуун түгээгч ажилтай, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 5 дугаар гудамжны 92 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16-282 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЗЮ91110311/,

 

Б.Баянсан нь 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16-282 тоотод оршин суух нагац эгч Д.Отгонцэцэгийн гэрт хамт амьдарч байх хугацаандаа:

2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүргэн ах Т.Нандинчулуун, нагац эгч Д.Отгонцэцэг нарыг “архины мөнгө өгөхгүй” гэх шалтгаанаар агсам тавьж зодсон,

2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүргэн ах Т.Нандинчулууныг “Цагдаагийн байгууллагад хандаж шалгууллаа” гэх шалтгаанаар зодсон,

 

2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр “2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баривчлууллаа” гэж үеэл дүү Н.Номингэрэлийг дарамтлан монетон ээмгийг нь барьцаалан зээлдүүлэх газар тавиулж, 30.000 төгрөгийг авч эд хөрөнгийн хохирол учруулсан,

2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр нагац эгч Д.Отгонцэцэгийг “архины мөнгө өгсөнгүй, цагдаагийн байгууллагаар шалгууллаа” гэх шалтгаанаар эд зүйл шидэх, цохих зэргээр удаа дараа зодон агсам тавьж, харгис хэрцгий хандаж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,

мөн 2016 оны 11 дүгээр сард согтуурсан үедээ хүргэн ах Т.Нандинчулууны Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16-282 тоот гэрт нь агсам тавьж, 160.000 төгрөгийн үнэ бүхий “DDISH” телевизийн суваг хүлээн авагчийг шидэн, цайны данхыг дэвсэж устгасан,

2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр иргэн Т.Нандинчулууны гэрт агсам тавих үедээ 180.000 төгрөгийн “Hitachi” брендийн зурагтыг шидэж, мөн 50.000 төгрөгийн үнэ бүхий “Hitachi” брендийн хөргөгчний хаалга, 5000 төгрөгийн үнэ бүхий “Sharp” брендийн угаалгын машины тагийг цохиж хагалан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Баясанд холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийн 1201.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Баясанд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөн Эрүүгийн хууль буруу хэрэгсэлсэн тул нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй байна. Үндэслэл нь:

1. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар:

Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг нэмсэн бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ. Гэтэл яллагдагч Б.Баясан нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16 дугаар гудамжны 282 тоот хохирогч Т.Нандинчулуун, Д.Отгонцэцэг нарын гэрт түр амьдарч байхдаа 2016 оны 11 дүгээр сард, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус тус согтуурсан үедээ агсам тавьж, хохирогч Д.Отгонцэцэг, Т.Нандинчулуун нараас  “архины мөнгө өгсөнгүй”, “Цагдаагийн байгууллагад шалгууллаа” гэж дарамталж, гэрийн эд хогшлыг эвдэж, гэмтээх зэргээр амгалан тайван байдлыг алдагдуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.4 дэх хэсэгт заасан танхайрах гэмт хэргийг давтан үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд шалгаж тогтоогоогүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд яллагдагч Б.Баянсанд холбогдох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг зөв тодорхойлж, зүйлчилж ирүүлэх нь зүйтэй байна.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн шалгаж тогтоогоогүй талаар:

Хохирогч Т.Нандинчулууны гэрийн “DDISH” телевизийн суваг хүлээн авагчийн зах зээлийн үнэлгээг зохих мэргэжлийн байгууллагаар тогтоолгох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирлын хэр хэмжээг тогтооход, түүнчлэн хохирогч Т.Нандинчулуун, Д.Отгонцэцэг нараас яллагдагч Б.Баянсангийн талаар удаа дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгч, захиргааны арга хэмжээ авахуулж байсан талаархи баримтыг хэрэгт хавсаргах нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой тул Б.Баясанд холбогдох 201726030205 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Баянсанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Жаргалсайхан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 258 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад дараах үндэслэлээр буцаасан.

1. Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар:

Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг нэмсэн бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заажээ. Гэтэл яллагдагч Б.Баясан нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 16 дугаар гудамжны 282 тоот хохирогч Т.Нандинчулуун, Д.Отгонцэцэг нарын гэрт түр амьдарч байхдаа 2016 оны 1 дүгээр сард, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус тус согтуурсан үедээ агсам тавьж, хохирогч Т.Нандинчулуун, Д.Отгонцэцэг нараас “архины мөнгө өгсөнгүй”, “Цагдаагийн байгууллагад хандаж шалгууллаа” гэж хохирогч нарт хүч хэрэглэн зодож, амгалан тайван байдлыг нь алдагдуулах явцдаа “DDISH” телевизийн суваг хүлээн авагч, зурагт, хөргөгч, угаалгын машины таг зэрэг гэрийн эд хогшлыг нь устгаж, гэмтээсэн үйл баримт хэрэгт авагджээ. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд яллагдагч Б.Баясан нь орон гэргүйн улмаас хохирогч Т.Нандинчулууны гэрт түр амьдарч байсан хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан “гэр бүл” гэдэг ойлголтод хамаарахгүй тул түүнийг Т.Нандинчулууны гэр бүлийн гишүүн гэж үзэхгүй юм.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд”-ыг бүрэн шалгаж тогтоогүй талаар:

Т.Нандинчулууны “DDISH” телевизийн суваг хүлээн авагчийн зах зээлийн үнэлгээг зохих мэргэжлийн байгууллагаар тогтоолгох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг тогтооход, түүнчлэн хохирогч Т.Нандинчулуун, Д.Отгонцэцэг нараас яллагдагч Б.Баянсангийн талаар удаа дараа цагдаагийн байгууллагад дуудлага өгч, захиргааны арга хэмжээ авахуулж байсан талаархи баримтыг хэрэгт хавсаргах нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан яллагдагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасныг хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

Улсын Их Хурлаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан хүнийг ойлгоно гэж заажээ. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн 3 дугаар зүйлд зааснаар энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд:

Эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалалтанд байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд ...хамаарна гэж заасан нь Б.Баянсан нь хохирогч Т.Нандинчулуун, Д.Отгонцэцэг, Н.Номингэрэл нартай “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” хүн бөгөөд тэдний гэр нь Б.Баянсангийн амьдарч байгаа орчин юм. Түүнчлэн Б.Баянсангийн 2016 оны 11 дүгээр сард, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус тус согтуурсан үедээ агсам тавьж, хохирогч Т.Нандинчулуун, Д.Отгонцэцэг нараас “архины мөнгө өгсөнгүй”, “Цагдаагийн байгууллагад хандаж шалгууллаа” гэх шалтаанаар тэднийг хүч хэрэглэн зодож, амгалан амьдрах нөхцөлийг алдагдуулж, “DDISH” телевизийн суваг хүлээн авагч, зурагт, хөргөгч, угаалгын машины таг зэрэг гэрийн эд хогшлыг нь устгаж, гэмтээсэн үйлдлүүдийн зарим буюу 2016 оны 11 дүгээр сард, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн үйлдлүүд нь “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлийг дагаж мөрдөх хугацаанаас өмнө үйлдэгдсэн байх боловч гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь өөрийн ойр дотны хүмүүсээ эрх мэдэл, хяналтдаа байлгахын тулд тэдний бие махбодийг, бэлгийн замаар, үг хэл, сэтгэл зүйгээр болоод санхүүгээр басамжлан доромжилж буй дахин давтагдаж даамжирдаг шинжтэй үйлдэл эс үйлдэхүй байдаг тул Б.Баясангийн дээрх үйлдлүүд нь байнгын шинжтэй байсан гэдгийг нотлох баримт тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Б.Баянсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр 1201.1 дэх хэсгээр яллагдах үндэслэлтэй болно.

2. Б.Баянсан нь хохирогч Т.Нандинчулууны “DDISH” телевизийн суваг хүлээн авагчийг устгасан үйлдэлд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг тогтоох үүднээс дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх үнэлгээний комиссоос эд зүйлийн шинж чанар, хэлбэр, эдэлгээ, зах зээлийн ханш зэргийг тооцож, 160.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд “DDISH” телевизийн суваг хүлээн авагч нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бөгөөд тусгай мэдлэг шаардагдах ховор, үнэт зүйлд тооцогдох эд зүйл биш тул мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэх шаардлагагүй болно. Мөн Б.Баянсангийн гаргасан зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын нэгдсэн сангаас авсан мэдээлэл хавтаст хэргийн 44-46 дугаар талд баримтаар авагдсан нь яллагдагчийн хувийн байдал тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Б.Баянсангийн үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч Б.Баянсан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахгүйгээр энэ зүйл ангиар зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

 

Яллагдагч Б.Баянсангийн өмгөөлөгч Л.Отгондорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэг гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн. Б.Баянсан хохирогчийн гэрт хүчээр очиж амьдраагүй. Эхийнхээ эгчийнд очиж амьдарсан бөгөөд амьдрахыг зөвшөөрсөн гэх агуулгатай мэдүүлгүүд байгаа. Б.Баянсан анх очиж амьдрахдаа дарамталж мөнгө нэхэж байгаагүй. 2016 оны 9 дүгээр сараас хойш амьдарсан бөгөөд архи уусан үедээ ийм үйлдэл хийдэг байсан. Б.Баянсан нь 3 дугаар сараас эхлэн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдан хоригдож байгаа. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал хэргийн шийдвэрлэлт нилээд удаашрах шинжтэй байна. Иймд энэ зүйл ангиар зүйлчилж, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Яллагдагч Б.Баянсангийн өмгөөлөгч М.Баянзул тус шүүх хуралдаанд: “Тайлбаргүй” гэв.

ХЯНАВАЛ:

 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэж, хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Б.Баянсанд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Учир нь Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1201 дүгээр зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн тухай заалт нэмж, 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилжээ.

Гэтэл уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Б.Баянсан нь нагац эгч Д.Отгонцэцэгийн гэрт амьдарч байхдаа буюу 2016 оны 11 дүгээр сард, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрүүдэд “архины мөнгө өгсөнгүй”, “Цагдаагийн байгууллагад шалгууллаа” гэх шалтгаанаар хүргэн ах Т.Нандинчулуун, нагац эгч Д.Отгонцэцэг нарт агсам тавьж зодох, үеэл дүү Н.Номингэрэлийг “2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр баривчлууллаа” гэж дарамтлан монетон ээмгийг нь барьцаалан зээлдүүлэх газар тавиулах зэргээр бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг зөрчсөн байхад мөрдөн байцаалтын шатанд дээрх цаг хугацаанд үйлдэгдсэн гэмт үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр зүйл, хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тодруулах ажиллагаа хийлгүй орхигдуулсан байх тул нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Харин эд зүйлийн үнэлгээний комиссоос “DDISH” телевизийн суваг хүлээн авагчийг 160.000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд мэргэжлийн байгууллагаар дахин үнэлүүлэх шаардлагагүй, мөн Б.Баянсангийн талаархи цагдаагийн байгууллагын АСАП сангаас ирүүлсэн мэдээлэл хэрэгт авагдсан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй.

Иймд дээрх зарим ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот эсэргүүцлийн 2 дахь заалтыг хүлээн авч 1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 258 дугаар шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 2 дахь  заалтыг хүчингүй болгон, 1 дэх заалтыг хэвээр үлдээж, шүүгчийн захирамж болон магадлалд заасан үндэслэлээр Б.Баянсанд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очих хүртэл Б.Баянсанд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурор Т.Жаргалсайханы бичсэн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 21 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                        Н.БАТСАЙХАН