Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 31

 

Д.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж

заалдах шатны шүүхийн шүүх

хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч Ж.Баттогтох

Шүүгчид: Т.Жаргалсайхан, Б.Ариунбаяр

Бусад оролцогчид:

Нэхэмжлэгч:Д.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: В.*******

Хариуцагч байгууллагын төлөөлөгч: Б.*******/ШЕЗ-өөс онлайнаар/

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч: Н.******* /ШЕЗ-өөс онлайнаар/

Нарийн бичгийн дарга: Э.******* 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 325 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь Завхан аймгийн ******* банкны Идэр тооцооны төвд эдийн засагчаар ажиллаж байсан билээ. Гэтэл намайг 2016 оны 05 сарын 19-ний өдрийн ******* банкны захирлын 16/139 дугаарын тушаалаар ******* банкны Завхан аймаг дахь Идэр тооцооны төвийн эдийн засагчаар ажиллуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ******* банкны Завхан салбарын захирлын гарын үсэг зурсан тушаалыг 2016 оны 05 сарын 23-нд надад танилцуулсныг хүлээн авч танилцаад уг тушаалыг эс зөвшөөрч байгаа болно. Мөн уг тушаалд заагдсан зөрчил дутагдлыг миний бие гаргаагүй билээ. Иймээс үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж танай шүүхэд хандаж байна. Иймд Идэр тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, Нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ******* банкны 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 16/139 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцсэн. Иргэн Д.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг тус тус үндэслэн цуцалсан. Нэхэмжлэгч Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтад ажилтан нь хөдөлмөрийн гэрээнд заасан эдгээр зөрчлүүдийн аль нэгийг гаргавал хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахыг ажилтан хүлээн зөвшөөрч байгаа талаар заасан байх ба Д.******* нь үүнийгхүлээн зөвшөөрч хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурж ажил үүргээ гүйцэтгэж байсан.

2. Д.******* нь ажлын байрны давуу байдлаа ашиглан хамтран ажилладаг гэрээт байгууллагын бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа лизингийн зээлээр өөр төрлийн зээлийн бүтээгдэхүүнээр борлуулж лизингийн зээлийн урамшуулал нэрээр харилцагчаас 33000 төгрөгийг авч ашиглаж банкинд буцаан төлөөгүй, эрх мэдэл олгогдоогүй байхад албан тушаалаа ашиглан журам зөрчиж 70000 төгрөгийн зээл олголтын шимтгэлийн хураамж чөлөөлж банкинд орох орлогыг алдагдуулж банкинд хохирол учруулсан, мөн тооцооны төвийн эрхийн хэмжээг хэтрүүлэн харилцагчид зээл олгосон, зээл зориулалт бусаар ашиглагдаж байхад хяналт тавьж ажиллаагүй зэрэг зөрчил гаргасан ба энэ нь ******* банкны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, ******* банкны зээлийн бодлого, Ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил юм.

Д.*******ын гаргасан зөрчил нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарч байгаа юм.

Дээрх үндэслэлээр ажил олгогч ******* банк нь 16/139 тоот тушаалыг Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд гаргасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэжээ.

Нэхэмжлэгч Д.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Идэр сумын ******* банкинд эдийн засагчаар ажиллаж байсан. 2016 оны 05 сард шалгалт ирээд зөрчил гаргасан гэсэн үндэслэлэээр ажлаас халагдсан. Миний хувьд ямар нэгэн зөрчил гаргаагүй, мөнгө ашигласан, ёс зүйн алдаа гаргасан явдал байхгүй. Ийм учраас ******* банкны Идэр тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин болох 3160000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нь төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Мөн *******ийн 33.000 төгрөгийг хувьдаа авч хэрэглээгүй. Шалгалтаар ирсэн хүн намайг 33.000 төгрөгийг авсан гэж бич гэж намайг загнасан учраас би авсан гэж бичиж гарын үсэг зурсан. ******* лизингийн зээл аваагүй, малчны зээл авсан гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ын үйлдэл Хөдөлмөрийн гэрээний 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заагдсан ноцтой зөрчилд тооцогдсон ч гэсэн хууль, хөдөлмөрийн гэрээ хоёр нь аль нь илүү хүчин төгөлдөр үйлчлэх юм бэ? Тухайн нэг байгууллагын хөдөлмөрийн гэрээ үйлчлэх ёстой юм уу, хөдөлмөрийн тухай хууль үйлчлэх ёстой юм уу гэдгийг шүүхээс анхаарч үзэх ёстой. Хөдөлмөрийн хуулийн дагуу энэ зүйл заалтын дагуу *******, ******* нартай холбоотой зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Хоёрдугаарт ай, нарт олгосон зээлд холбогдох зөрчлүүдийн тухай яригдаж байгаа. Гэтэл ёс зүйн зөрчлийг хэн тогтоох ёстой юм бэ? энэ хүн үнэхээр ёс зүйн зөрчил гаргаж уу үгүй юу гэдгийг тухайн байгууллагын ёс зүйн хороо тогтоох ёстой. Түүнээс биш ямар нэгэн банкны дарга ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлөхгүй. Гуравт нь *******ын ноцтой зөрчил гаргасан гэдэг нь баттай нотлогдсон байна гэсэн болвол хариуцлага тооцох үндэслэлийн талаар нотлох баримт гарч ирэхгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хүний асуудлын талаар байгууллага хамт олны хурлаар авч хэлэлцээгүй. Тухайн байгууллагад ямар нэг шалгалт хийсэн материалууд бий. Гэхдээ энэ хүний зөрчлийн талаар байгууллагын удирдах ажилтнуудын хурлаар оруулаагүй. Ёс зүйн дүрэмтэй холбогдуулаад нэмж хэлэхэд ёс зүйн дүрэм дээр заасан заалтууд нь ******* банкны Завхан салбарын захирлын ажлаас чөлөөлсөн тушаал дээр бичигдсэн байж байгаа. Тэр тушаал дээр бичигдсэн заалтууд нь *******ын үйлдэлтэй хамааралгүй байгаа юм гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс нэхэмжлэгч талын тавьсан шаардлагатай танилцсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гарсан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдээ мөн нотлох баримтуудаар нилээн дэлгэрэнгүй гаргаж өгсөн байгаа. Манай зүгээс гаргасан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд бүрэн нийцсэн. Банкны ажилтны ёс зүй гэдэг бол маш өндөр түвшинд авч явах ёстой. ******* банкны ажилтны ёс зүйн нилээн том дүрэм байдаг. Энэ дүрмийн хүрээнд болон хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахыг зөвшөөрч байна гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн гэрээг тухайн бүрт нь шинэчлээд гарын үсэг зураад явж байсан. Мөн ажлын байрны тодорхойлолтыг тухай бүрт танилцуулаад явж байсан. Гэтэл ******* нь ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн ноцтой зөрчил гаргасан учраас энэ хүний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байгаа учраас баримтуудыг бүрэн бүрдүүлж хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн гэжээ.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.******* анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ийн гаргасан аль зөрчил яагаад ноцтой зөрчил болоод байгаа, яагаад хууль зөрчсөн гэж үзээд байгаа талаартодорхой хэлье. Энэ харилцаа нь Иргэний хуульд хамаарах харилцаа юм. ******* банк нь хувийн аж ахуй нэгж юм. Салбарыг зохион байгуулалттай ажилладаг. Мөн энэ компани салбарын захиралтай хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байгаа юм. Иймээс Иргэний хуулиар энэ харилцааг зохицуулахдаа ажилтан, ажил олгогч нарын хоорондын хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг илүү нарийвчилаад Хөдөлмөрийн хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн хуулиар нарийвчлан зохицуулагдаагүй асуудал нь Иргэний хуульд хамаарна гэдэг нь ойлгомжтой. Гэрээ нь хуулийн адил үйлчлэх баримт бичиг юм. Гэрээ хоёр талын тэгш байдлыг хангасан, ашиг сонирхлыг илэрхийлсэн баримт учраас Хөдөлмөрийн хууль тогтоомжийн нэгэн адил үйлчлэх ёстой. Хөдөлмөрийн гэрээндээ намайг ямар зөрчил гаргавал шууд ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэдэг талаар нарийн зааж өгсөн байгаа. Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтад энэ талаар тодорхой заасан байгаа. Энэ талаар бичгийн баримт шинжлэн судлах үеэр нарийн судлаад явна. Энэ гэрээний 5.7.7, 5.7.10, 5.7.14 дэх заалтуудыг зөрчих юм бол ******* өөрөө хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөхийг зөвшөөрч байна гэж гарын үсэг зурсан. Зээлдэгч ******* гэдэг иргэнд олгосон малчны зээлээр зээлдэгч нь Мөнхийн шагшаа компаниас мотоцикл худалдаж авсан. Гэрээг шүүхэд өгсөн байгаа. ******* банк Мөнхийн шагшаа компанитай хамтран ажилладаг. Мөнхийн шагшаа компаниас бараа худалдан авч байгаа иргэн ******* банкны зээлээр бараа бүтээгдэхүүн авч байгаа тохиолдолд тухайн барааны үнийг дүнгийн 2 хувийг банк авч болохоор тохиролцсон байгаа. Гэтэл ******* нь тухайн зээлийн 2 хувьтай тэнцэх 33000 төгрөгийг банкинд өгөөгүй. Өөрөө авсан. Энэ үйлдэл эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байгаа. 33.000 төгрөг авсан гэдэг нь теллерийн өгсөн тайлбар, хамтран зээлдэгчийн өгсөн тайлбар, Мөнхийн шагшаа ХХК-тай байгуулсан гэрээ зэргээр нотлогдож байгаа. Мөн зээлдэгч 2016 оны 03 сарын 03-ны өдөр олгосон зээл дээр ******* нь судалгаа хийгээд зээл олгосон энэ ажиллагаан дээрээ мөн эрх мэдлээ хэртрүүлсэн байгаа. Энэ талаарх баримтуудыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. 2016 оны 01 сарын 06-ны өдөр олгосон зээл дээр бусад банкинд зээлтэй байж байгаад ******* банкнаас зээл авч байгаа иргэдийн зээлээс 1 хувийн шимтгэлийг авахгүй гэсэн заалт байдаг. Гэхдээ 1 хувийн шимтгэл авахгүй байх эсэх талаар салбарын захирлаас зөвшөөрөл авах ёстой. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр 70.000 төгрөгийн шимтгэлээс чөлөөлж хувьдаа завшсан асуудал байгаа. Энэ 70.000 төгрөгийг дараа нь ******* банк *******аас нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж бодож байгаа. Банкны дотоод аудит нь хууль тогтоомж болон дотоод журамдаа заасны дагуу хяналт шалгалт хийгээд зөрчлийг тогтоогоод эрх бүхий салбарын захирал тушаал гаргасан. Зөрчлийн талаар заавал байгууллага хамт олонтой хэлэлцэж зөвшилцөж байж шийдвэрлэнэ гэсэн зүйл байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд тухайн ажилтаны гаргасан зөрчлийг заавал тогтоосон байх ёстой гэж зааснаас заавал хөндлөнгийн байгууллагаар тогтоолгоно гэсэн ойлголт байхгүй. *******ын гаргасан зөрчлүүд нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар хангалттай нотлогдож байна. Мөн Дотоод аудитын шалгалтаар очихдоо загнаж гарын үсэг зуруулсан гэсэн асуудал ярьж байна. Гэтэл нэхэмжлэл дээр энэ талаар огт байгаагүй. Энэ асуудлыг тусд нь шалгуулах боломж нэхэмжлэгчид байгаа. Дээд шатны байгууллага болох Монгол банкинд энэ талаараа гомдол гаргах эрх нь байгаа гэжээ.

Анхан шатны шүүх:  Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Д.*******ын нэхэмжлэлтэй ******* банкны Завхан салбарт холбогдох Завхан аймгийн Идэр сумын тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгүүлэхийг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 325 тоот шийдвэрийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь ******* банкны Завхан салбарын захирлын 16/139 тоот тушаалд заагдсан намайг ажлаас халах болсон зөрчлүүд нь хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн хамтын шийдвэр гаргаж шийдвэрлэсэн асуудлыг ганцхан намайг зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь бас үндэслэлгүй байна. Намайг буруутгасан үйлдлүүд нь банкны ямар эрх ашиг сонирхолд харш сөргөөр нөлөөлснийг тогтоогоогүй, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр яажнөлөөлснийг тогтоогоогүй, зээлийн хүү шимтгэлийг дур мэдэн өөрчлөөгүй байхад миний нэхэмжлэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд тохироогүй, тухайн үйл баримтыг зөв үнэлээгүй, нотлох баримтад үндэслээгүй гэж үзэж Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дотоод аудитын гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би 30.000 төгрөг, 70.000 төгрөгийг өөртөө аваагүй, гүйлгээ теллерээр дамжиж хийгддэг учраас тэр мөнгийг авах боломжгүй. Зээлийг би дангаар шийдвэрлэх боломжгүй, зээлийн хорооны гишүүд, тооцооны төвийн эрхлэгч, ахлах теллер нар хуралдаж хамтын шийдвэрээр зээл олгодог. Иймээс намайг дангаар зээл олгосон гэж үзэж бүх хариуцлагыг надад үүрүүлсэн нь үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Ажлаас халсан тушаалд 4 үндэслэл байсан. Тушаал дээр хөдөлмөрийн гэрээнд заагдсан үндэслэлүүд заагдсан гэж байгаа боловч эдгээрийг аудитын газраас гаргаж шийдвэрлэснийг анхан шатны шүүх үндэслэлтэй байна гэж үзсэн.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг үнэлж дүгнэж шийдвэр гаргаагүй. Шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж хариуцагчийн гаргасан аудитын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Тухайн үед аудитын дүгнэлтээр 33.000 төгрөгийг болон бусад нөхцөл байдлыг зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үед тус зөрчлийг авч хэлэлцэж хариуцлага оногдуулж ажлаас халсан байдаг.

Мөн Д.******* 33.000 төгрөгийг авч ашигласан гэж үзэж байгаа хариуцагчийн тайлбар нотлогдоогүй байхад энэ мөнгийг авч ашигласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Д.******* өөрт оногдсон үүргийн дагуу зээлийн баримтуудыг бүрэн бүрдүүлээгүй гэсэн үндэслэлийг тушаалд заасан байсан. Зээл олгох асуулын хувьд зээлийн хороо түүнийг судлах, зээлийн хорооны судалгаанд эдийн засагч нь мөн хяналт тавих эрхтэй хүмүүс нь тухайн зээлийг олгох нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан байдаг.

Ёс зүйн асуудлын хувьд банкны захирлын тушаалд заагдсан ёс зүйн дүрэм зөрчсөн байна гэсэн асуудал нь нэхэмжлэгчид хамааралгүй болохыг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Ёс зүйн асуудлын талаар дотоод аудит дүгнэлт гаргах эрх хэмжээтэй эсэх дээр шүүх дүгнэлт өгөөгүй. Аудит бол санхүүгийн үйл ажиллагаатай асуудлыг үнэлж дүгнэх ёстой байдаг ёс зүйн асуудлын хувьд хамаагүй юм. Д.*******ыг ажлаас халах асуудлыг Завхан аймаг дахь Хаан банкны салбар зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх ёстой байхад тухайн байгууллагын дарга өөрт нь эрх хэмжээ олгогдсон гэж үзээд ажлаас халах шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Д.*******ын гаргасан зөрчилтэй холбогдуулж гаргасан аудитын баримтыг үндэслэж Хаан банкны салбар зөвлөл энэ асуулыг авч хэлэлцээгүй учраас Д.*******ын үйл ажиллагааг буруутгах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.*******: Хаан банкны Завхан аймаг дахь салбарын захирлын 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн тушаал нь Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцсэн эсэхийг анхан шатны шүүх хянан үзээд уг тушаал нь хуульд нийцсэн болохыг тогтоосон. Мөн Д.******* нь ноцтой зөрчил гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдсон учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хаан банк болон Д.******* нарын дунд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан. Тус гэрээний 50 дугаар зүйлийн 50.7-д ноцтой зөрчлийг зааж эдгээр зөрчлийг гаргасан тохиолдолд авах арга хэмжээг мөн тусгасан. Салбарын Захирал нь тушаал гаргах эрх бүхий этгээд мөн болохыг нотлох баримтыг гаргаж өгсөн. Д.******* нь Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан. Д.******* нь 3 зөрчил гаргасан байдаг. Хаан банкинд орох ёстой байсан мөнгийг өөртөө авсан, мөн иргэн айд 7 сая төгрөгний зээл олгоод зээлийн шимтгэлийн 70.000 төгрөгийг дур мэдэн чөлөөлсөн байсан.

Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.7.10 болон 5.1.7 дахь хэсэгт зааснаар банкинд хохиролтой шийдвэр гаргасан байдаг. Мөн гэх зээлдэгчид салбарын захирлын олгосон тушаалаар тогтоосон эрхээс хэтрүүлж зээл олгосон. Зээлийн судалгааг зээлийн хороонд танилцуулахгүйгээр зээлийн гэрээнд өөрөө гарын үсэг зурж зээлдэгчтэй гэрээ байгуулсан нь тогтоогдсон.

Хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гарснаас хойш 6 сарын дотор уг зөрчлийг илрүүлж мэдсэнээс хойш 1 сарын дотор хариуцлага тооцсон байдаг. Ёс зүйн зөрчлийг Банкны тухай хуулийн 31.7-д зааснаар дотоод аудит нь тухайн банкны үйл ажиллагаандаа мөрдөж буй дүрэм журам, тэдгээрийн хэрэгжилтийн талаар тухайн банкныхаа ТУЗ болон Монгол банкинд байнга тайлагнаж явах ёстой байдаг. Энэ үүднээсээ дотоод аудит ёс зүйн асуудлаар шалгаж дүгнэлт гаргах эрх хэмжээтэй юм.

Зээлийн эдийн засагч нь банк алдагдалд орохгүй байх нөхцлийг судалж ажиллах ёстой байдаг. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчил гаргасан нь тогтоогдсон байхыг шаарддаг. Дотоод аудитын гаргасан тайланд Д.*******ын гаргасан алдаа зөрчлийг тогтоосон байдаг. Ажилтан ажил олгогчийн харилцааг зохицуулсан тухайн байгууллагын дотоод журманд заасан зөрчлийг Д.******* гаргасан. Үүнд нь холбогдуулж хуульд заасан хугацааны дотор тус банкны салбарын захирал ажлаас халах тушаал гаргасан байдаг. Анхан шатны шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаарлагыг хангаж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, уг үнэлгээнд тулгуурлаж эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, зохигчидын хооронд хөдөлмөрлөх харилцаанаас үүссэн маргаантай хэргийг зөв шийдвэрлэжээ.

Шүүх Хөдлөмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь заалтуудыг тухайн харилцаанд зөв тайлбарлан хэрэглэсэний гадна, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч ******* банкны Завхан салбарт холбогдуулан Идэр сумын тооцооны төвийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэл гаргасаныг хариуцагч ******* банкны Завхан салбар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хариуцагч маргаж буй үндэслэлээ Д.******* нь Завхан аймгийн Идэр сумын тооцооны төвийн эдийн засагчаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилүүдийг удаа дараа гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасанаар ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Д.******* нь 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдөр зээлдэгч Б.*******ад жилийн 26.4 хувийн хүүтэй малчны зээлийг судлан олгохдоо гэрээт байгууллагын бараа бүтээгдэхүүнийг малчны зээлийн бүтээгдэхүүнээр судлаж олгон зээлдэгчээс 33000 төгрөг суутган авсан,

2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгч М.айд 7 сая төгрөгний цалнигийн зээлийг судалж олгохдоо өөрт эрх олгогдоогүй байхад зээлдэгчийн шимтгэл төлөхөөс чөлөөлсөн,

2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр зээлдэгч М.ад цалингийн зээл судлаж олгохдоо ******* банкны салбарын захиралын тушаалаар тогтоосон тоооцооны төвүүдэд мөрдөх зээлийн эрх хэмжээг хэтрүүлэн зээлдэгч М.ад 13.800.000 төгрөгний цалингийн зээл олгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогджээ.

В.*******ын дээрх үйлдэлүүд нь хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасан ноцтой зөрчилд тооцогдохоор байх бөгөөд ажилтан уг зөрчилийг гаргасан тохиолдолд ажил олгогч шууд ажлаас чөлөөлөхөөр талууд хөдөлмөрийн гэрээгээр тохиролцжээ.

Иймээс хариуцагч байгууллага нь В.*******ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой , үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт нийцжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, анхан шатны шүүх нотлох баримтыг тулгуурлаагүй хэргийг шийдвэрлэсэн гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 325 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Т.ЖАРГАЛСАЙХАН

Б.АРИУНБАЯР