Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0395

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Ш.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ч.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-ийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Б-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаартай шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3.2-т заасныг баримтлан иргэн Д.Б-аас гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхай, кадастрын албаны даргаас “Г” ХХК-д 12049А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаартай шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдах гомдолдоо: “Ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан байгаа бөгөөд энэ нь захиргааны журмаар тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэл болно.

Нэхэмжлэгч Д.Б нь захиргааны журмаар “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг захиргааны журмаар, хуульд зааснаар цуцлах ёстой гэж огт маргаагүй, харин шүүхийн журмаар тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

Ашигт малтмалын газарт хандан “Г” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан нь хууль ёсны гэж харагдаж, цаана нь бодит амьдрал дээр байгаа иргэн Д.Б гэгч 80 настай хөгшний амьдарч буй гэрийн буурь дээр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байгаа факт нь огт хамаагүй гэж үзсэн байгаа нь шударга ёсыг тогтоох шүүхийн үндсэн зарчмаас гадуур илт хууль бус байна.

1990 оноос хойш амьдарч байгаа газраа баталгаажуулж, гэр орон сууц барих, хүнсний ногоо тарих, мал маллах зориулалтаар газраа эзэмших хүсэлтийн дагуу Шарын гол сумын Засаг дарга нь 1998 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 05 дугаар захирамжаар 1750 м.кв газрыг эзэмшүүлж, захиргааны байгууллагаас бүрэн эрхийнхээ дагуу Д.Б-т газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаа 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоос өмнө буюу газар эзэмших эрхээ сунгуулахаар сумын Засаг даргад хандсан бөгөөд тус сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг өвөлжөөний зориулалтаар сунгаж, эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Газрын даамал нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр бичиж өгөхгүй, хүлээлгэж байсан бөгөөд одоо уг газар дээр Д.Б-ын 3 өрөө бүхий бетон цутгамал суурьтай 1 өвлийн орон сууц, малын өвөлжөө, ногооны талбай, амбаар гэж нэрлэгддэг цагаан идээ хийх, зун унтаж амрах зориулалттай 3 хэсэг банзан сууц зэрэг байдаг.

Гуравдагч этгээд “Г” ХХК өөрийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчинтэй гэж маргаж, шүүхэд маргаантай байгаа тул уг газарт үйл ажиллагааг одоогоор явуулаагүй байгаа гэж тайлбарласан нь хойшид уг газарт үйл ажиллагаа явуулахгүй гэсэн үг огт биш юм.

Мөн “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болбол тус компани тусгай зөвшөөрөл, шүүхийн шийдвэр хоёрыг барьж ирж, Д.Б-ыг албадан нүүлгэхээр дахин иргэний хэргийн нэхэмжлэл гаргах нь тодорхой байхад шүүгч газраа зохих журмын дагуу эзэмшиж байгаа гэх байдлаар дүгнэлт хийснийг илт нэг талыг барьсан хууль бус дүгнэлт гэж үзэж байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Ойн тухай хууль, Усны тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, бусад хуульд нийцсэн байж үүнийг үндэслэн гарсан шийдвэр хууль ёсны байх ёстой.

Газрын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцуулж, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон гэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, Байгаль хамгаалах тухай хууль зөрчин эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж, Усын тухай хууль бусад хуулиар хориглосон усан сан бүхий газарт тусгай зөвшөөрөл олгож айл өрх, малыг ундны усгүй болгосон гэж маргасан байхад Газрын тухай хууль Байгаль орчныг хамгаалах тухай хууль бусад хуулийг огт хэрэглээгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.   

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор шийдвэрийг хянаад, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, маргааны зүйлд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх Д.Б-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Г” ХХК-д 12049А дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэр, шинэчлэн бүртгэсэн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, 2003 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Г” ХХК-д Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Овоот нэртэй газарт орших 49 га талбайд 3 жилийн хугацаатай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна[1].

Улмаар тус компани нь 2006 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсч, ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн кадастрын албанд өргөдөл[2] гаргасны дагуу маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 898 дугаар шийдвэр гарчээ.

Уг  шийдвэрээр [3] “...”Г” ХХК-д” Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Овоот нэртэй 49 га газарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож, мөн 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 591 дүгээр шийдвэрээр[4] “... “Г” ХХК-ийн эзэмшлийн 12049А дугаартай тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэсэн” байна.  

Анх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр “Д.Б-д 15 жилийн хугацаатайгаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт 1750 м.кв газрыг эзэмшүүлэхээр” шийдвэрлэж, гэрээ байгуулан[5], гэрчилгээ[6] олгожээ.  

Мөн Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаар захирамжаар[7] “Д.Б-т өвөлжөөний зориулалтаар газар эзэмшүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б-аас Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Засаг даргад 2016, 2017 онуудад хандаж байсан хүсэлтүүд хэрэгт авагджээ[8]

Энэхүү газар эзэмших гэрээ, гэрчилгээ, Д.Б-аас гаргасан 2016, 2017 онуудад гэрээ, гэрчилгээ сунгуулах өргөдөл хүсэлтүүд зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй талаар дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн 1998 оноос хойш /2011 онд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан/ эзэмшиж байгаа гэх газрын кадастрын зураг хэрэгт авагдаагүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан зохицуулалт нэхэмжлэгчийн хувьд ямар учир шалтгааны улмаас хэрэгжээгүй тухай дүгнэхэд ач холбогдолтой байна гэж үзэв.

Мөн тухайн эзэмшиж буй газар нь “Г” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай хэрхэн давхцаж байгаа нь газрын кадастрын зураг авагдаагүйгээс тодорхой харах боломжгүй, энэ талаар хэрэгт авагдсан зургаас[9] өөр баримт байхгүй, шүүх нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Улмаар “Г” ХХК нь “2017 онд нэхэмжлэгч Д.Б-т 15 сая төгрөгийг нүүлгэлтийн төлбөр болгон өгсөн” талаар тайлбартаа дурдан, шүүх гэрчийн мэдүүлэг авсан байх боловч тухайн хэрэгт хамааралтай эсэх талаар дүгнээгүй, хэрэв нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар ийнхүү нүүлгэлтийн төлбөр төлж, авах талаар тохиролцсон бол энэхүү маргаанд хамааралтай, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн эсэх талаар тус тус дүгнэхэд чухал үйл баримт байх боломжтой юм.

Иймд шүүх шаардлагатай нотлох баримт бүрэн цуглуулаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй баримт хэрэгт авагдсан, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.            

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 17 хуудас

[2] Хавтаст хэргийн 20 хуудас

[3] Хавтаст хэргийн 206 хуудас

[4] Хавтаст хэргийн 207 хуудас

[5] Хавтаст хэргийн 113 хуудас

[6] Хавтаст хэргийн 114 хуудас

[7] Хавтаст хэргийн 109-110 хуудас

[8] Хавтаст хэргийн 117-120 хуудас

[9] Хавтаст хэргийн 210 хуудас