Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/324

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр,

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бхолбогдох эрүүгийн 1938003110247 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 6 дугаар сарын 26-наас 27-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хөх толгой гэх газарт байх иргэн Б.Мөвөлжөөний хашаанаас 150 кг хэмжээтэй хонины ноосыг хууль бусаар авч, 450.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч П.Б нь 2018 оны 6 дугаар сарын 26-наас 27-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хөх толгой гэх газарт байх иргэн Б.Мөвөлжөөний хашаанаас 150 кг хонины ноосыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938003110247 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

   Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

   Шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Би энэ хэргийг үйлдэхдээ Эрдэнэдалай гэж хүнтэй хамт явсан. Эрдэнэдалай урд Б.М гэдэг айлын ноос хашааны гадаа байна лээ хоёулаа очиж авий гэхээр нь би яахын бэ? би явахгүй чи өөрөө яв гэж хэлсэн... Тэгээд би яваагүй Эрдэнэдалай мотоциклиор яваад 2 шуудай ноос ганзгалсаар ирсэн. Тэгээд дахиад явсан ирэхэдээ нэг шуудай ноос ганзгалж ирсэн...Тэгээд бид хоёр ноосоо ганзгалаад сумын төв орсон. Сумын төв оруулчихаад өөрийнхөө хашаанд барьж байсан торхон дотор хийж байж байгаад Баярцолмон гэж залууг гуйж машинаар нь ачуулаад зарсан. Ноос 170.000 төгрөг болсон. Эрдэнэдалай 100.00 төгрөг, би 70.000 төгрөгийг нь авсан...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хохирогч Б.Ммөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Миний хяргаж хураасан ноосыг П.Б, Эрдэмбээ хоёр хулгай хийж авсан талаар 2018 оны 6 дугаар сарын сүүлээр Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг Мод толгой гэх газарт зусаж байсан Батзаяа гэдэг айлд Жүнжиг, Эрдэмбээ, Даваахүү нар очиж архи ууж байхдаа Жүнжиг, Эрдэмбээ хоёр миний хяргаж үлдээсэн ноосыг хулгай хийсэн талаараа хоорондоо ярьж байгаад Эрдэмбээ нь Даваахүүд хандаж энэ талаар Б.Мд очиж хэлэх юм бол ална шүү гэж хэлсэн байсан...Би Эрдэмбээ тэр хоёрыг яг хамт хулгай хийсэн эсэхийг нь бол хэлж мэдэхгүй байна. Би хүмүүсээс сонссон зүйлээ л мэдүүлэг өгөхдөө хэлсэн. Тэрнээс яг Эрдэнэдалай, Баярнэмэхтэй хамт хулгай хийсэн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Надад 450.000 төгрөгийн хохирол учирсан...Би хохирлоо барагдуулж авсан одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Жүнжиг буюу Баярнэмэх гэдэг хүнийг сайн танина. Бид найзууд...2018 оны 6 дугаар сарын сүүлээр байхаа, яг өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Арбулаг сумын төв гудамжинд мотоцикльтэй явж байхад Жүнжиг надтай тааралдаад “ноос зарчихмаар байна хөгшөөн, манай хашаанаас танай хашаанд аваачиж буулгаад зарчихмаар байна” гэхээр би ямар учиртай ноос болох талаар нь асуугаагүй “за тэгье” гэж хэлээд өөрийн эзэмшилд байдаг бор ногоон өнгийн 62-91 ХӨА улсын дугаартай УАЗ-469 машинаар сумын төвийн урд байдаг Ургах наран хороололд байх нэг эзэнгүй хашаа руу ороод хаалга цонх байхгүй, торхон дотор задгай асгасан ноосыг миний машинд ачаад сумын төвийн зүүн талд манай хашаанд буулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

Гэрч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн орчим Эрдэмбээтэй хамт айлаар архи ууж...Батзаяа гэдэг айлд очиж нэг шил архи уусан. Би тэр үед нэлээд согтуу байсан. Тэр үед Эрдэмбээ хэрэлдэж маргалдаж байхдаа “би Мөнх-Эрдэнийн ноосыг хулгай хийсэн, өөрт нь очиж хэлэх юм бол ална шүү” гэж заналхийлж байсан...Ноос хулгай хийсэн гэх асуудал юунаас болж гарсан талаар надад мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 20-дын үеэр...манайд Даваахүү, Эрдэмбээ нар 1 шил архи хувааж ууж байгаад хоорондоо маргалдсан бололтой том, том дуугаралдаад...хэрэлдэж байх зуураа Эрдэмбээ гэх залуу нь “Мөнх-Эрдэнийн ноосыг Жүнжиг бид хоёр авсан ” гээд хэрэлдээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

   Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 30-р хуудас/,

    Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, малын А дансны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938003110247 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн  хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Б нь 2018 оны 6 дугаар сарын 26-наас 27-ны өдрийг шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Хөх толгой гэх газарт байх иргэн Б.Мөвөлжөөний хашаанаас 150 кг хонины ноосыг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч П.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

     Хохирогч Б.М-ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

      Гэрч Х.Баярцолмонгийн /хх-ийн 15-17-р хуудас/, гэрч О.Даваахүүгийн /хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Б.Батзаяагийн /хх-ийн 22-23-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 30-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч П.Б нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч П.Б нь хохирогч Б.Мөнх-Эрдэний өмчлөлийн эд зүйлийг хулгайлж 450.000 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч П.Б ял шийтгэлгүй болох нь  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч П.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч П.Б нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 97 хоногийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн 1938003110247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч П.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ийн цагдан хоригдсон 97 /ерэн долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

      5. Эрүүгийн 1938003110247 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР