| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2023/01079/И |
| Дугаар | 210/МА2026/00506 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00506
2026 03 09 210/МА2026/00506
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/10469 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Эмчилгээний зардалд төлсөн 9,569,580 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр унаж бэртэн зүүн дунд чөмөгний яс хугарч, зөрсөн гэж оношлогдсон. Уг бэртлийг авахаас 3 жилийн өмнө өвдөгний үе солиулах мэс засал хийлгэж байсан тул эрсдэлээс сэргийлж ******* ХХК буюу ******* эмнэлэгт ханд хугарч зөрсөн дунд чөмөгний ясыг эвлүүлж, БНСУ-д үйлдвэрлэгдсэн тетан ялтас төмрөөр хадаж бэхлэх мэс засал хийлгэсэн. Тус эмнэлгийн эмч ******* титан ялтас төмрийг их магтаж, чанар сайн, дахин хадаас авахаар мэс засал хийх шаардлагагүй гэж хэлсэн. Мэс заслын дараа шарх эдгэж, 14 дэх хоногтоо оёдлоо авахуулсан. Эмнэлгээс өгсөн зааварчилгааг нэг бүрчлэн дагаж 45 хоног хэвтрийн дэглэм сахисан. Гэтэл мэс заслын дараах 63 дахь хоног дээр гэнэт зүүн хөл хүчтэй өвдөж, гишгэж болохгүй эмзэглэл, зовиуртай болж рентген зураг авахуулахад хадсан титан ялтас төмөр том шурагны нүхээр ястайгаа хугарсан байсан учраас зүүн хөлдөө шохойтой аравч тавиулан 15 хоног байж байгаад, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хугарсан ялтас /титан төмөр/-ыг авч өөр төмрөөр хадаж ясыг бэхлэх мэс засал хийлгэсэн. Монголын хамгийн сайн эмнэлэг гэгдэх ******* эмнэлэгт итгэж, өндөр төлбөртэй мэс засалд орсон байтал чанар муутай титан төмрөөр хадаж бэхэлсний улмаас дахин мэс засалд орох шаардлага тулгарсан учир энэ эмнэлэгт итгэж эмчилгээ хийлгэх боломжгүй байсан. Иймд, хариуцагч ******* ХХК-аас эмнэлгийн мэс засал, үйлчилгээний зардалд төлсөн 9,569,580 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь анх 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зүүн дунд чөмөгний яс хугарал оноштойгоор дунд чөмөгний хугарал бэхлэх мэс засал эмчилгээ, үйлчилгээ авахаар хандсан бөгөөд уг үйлчилгээтэй холбоотой манай байгууллагаас үйлчлүүлэгчид оношилгоо, шинжилгээг хийж өөрсдийн үзүүлэх үйлчилгээг үйлчлүүлэгчид танилцуулж, харилцан тохиролцсоны үндсэн дээр дунд чөмөгний хугарал бэхлэх мэс засал эмчилгээ, үйлчилгээг амжилттай хийж гүйцэтгэсэн болно.
2.2. Манай эмнэлэг нь ISO13485:2016 метал яс бэхлэх хавтан болон шургийг боловсруулах, үйлдвэрлэх стандартыг хангасан БНСУ-ын хуулийн этгээд болох TDM компанийн үйлдвэрлэсэн суулгацыг ашигладаг. Энэхүү суулгацыг ******* ХХК албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 2016 оноос Монгол Улсад импортлон эмнэлгийн байгууллагуудад нийлүүлж байгаа. *******гийн эмчилгээнд ашигласан суулгац нь ******* ХХК-тай 20191 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан ******* дугаартай гэрээний дагуу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр импортлож, Интермэд эмнэлэгт хүлээлгэн өгсөн дугаартай Distal Femur Locking Plate/Titan/ суулгац бөгөөд тасалгааны нөхцөлд хадгалахаар заагдсан, хадгалах хугацаа хязгааргүй буюу чанараа үл алддаг энгийн горимоор хадгалах бүтээгдэхүүн байсан. Тухайн бүтээгдэхүүнийг эмнэлгийн хадгалалтын горимын дагуу хадгалсан бөгөөд баглаа боодол задраагүй, битүүмж алдагдаагүй хэлбэрээр үйлчлүүлэгчид мэс ажилбарын өмнө танилцуулсны үндсэн дээр задалж, мэс засалд ашигласан болно.
2.3. Тус мэс ажиллагаа амжилттай болсон нь мэс заслын дараа 45 хоног хүртэл ямар нэгэн асуудал үүсээгүйгээр нотлогдоно. Энэхүү суулгац нь хүний тулгуур эрхтнийг орлох бус гэмтэлтэй ясыг бүрэн зөв эдгэрэлт хүртэл холбох үүрэгтэй бөгөөд гадны хүчин зүйлийн нөлөөлөл болон хэт ачааллаас шалтгаалан гэмтэх боломжтой тул үйлчлүүлэгч ******* нь 45 хоногийн дараа үзлэг, шинжилгээнд оролгүйгээр эмчийн өгсөн зааврыг цогцоор дагаагүйн улмаас үүдэлтэйгээр суулгацыг гэмтээсэн байх боломжтой гэж үзэж байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: ******* нь мэс ажилбарын дараа хэвтрийн дэглэм сахиж байх хугацаанд дасгал хөдөлгөөн дур мэдэн хийсэн байх өндөр магадлалтай юм. Өөрөө эмч гэдэг утгаараа сэргээн засах хөдөлгөөн хийсэн гэж дурдсан байсан. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй бол ядаж үйлчилгээний хөлсөө хасаад бусад төлбөрийг нөхөн олговол зохилтой гэж бодож байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 9,569,580 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,024 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 168,024 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д, шинжээчийн ажлын хөлс 350,000 төгрөгийг гаргуулж Төрийн банк тоот дансанд шинжээч д тус тус олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчид суулгасан титан ялтсыг чанарын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэмтэл, согог судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт, шинжээч эмч , нарын тайлбар, хэрэгт авагдсан 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан Гэмтлийн мэс заслын багаж, тоног төхөөрөмж худалдан авах гэрээ, ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Мэдээлэл танилцуулах нь гэх албан бичиг зэрэг дээр дурдсан баримтуудад үндэслэсэн.
5.2. Мөн эмчилгээ, мэс заслын эрсдэл, үр дагаврыг үнэн зөв тайлбарлаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагчаас эмчилгээ, мэс заслын эрсдэл, үр дагавар, тавих суулгацын талаар заавал тайлбарлах шаардлагагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.5-д эмнэлгийн мэргэжилтний хүлээх үүрэгт өвчтөний өвчин, эмгэг болон нас барагчийн талаархи хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний болон нас барагчийн ар гэрийнхэнд өгөх үүрэгтэй байх тул эмчилгээний зардалд төлсөн мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв гэж шийдвэртээ тусгасан. Шүүх хуралдаанд оролцсон гэрч /нэхэмжлэгчийн төрсөн хүү/ нь надад титан ялтасны талаар эмч нь тайлбарлаагүй гэж мэдүүлсэн тул энэхүү мэдүүлэгт холбогдуулан өвчтөн болон түүний нөхөрт тайлбарлаж, зөвшөөрөл авсан, ар гэрийн гишүүн бүрт тайлбарлах шаардлагагүй гэх агуулга бүхий нэмэлт тайлбар гаргасан боловч тайлбарыг танаж тайлбарын төгсгөл хэсгийн тайлбарлах шаардлагагүй гэсэн хэсгийг шийдвэрийн үндэслэл болгосон. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд хариуцагч нь хүний эмзэг, мэдээллийг дамжуулахдаа мэдээллийн эзнээс бичгээр эсхүл цахимаар зөвшөөрөл авсан байх шаардлагыг хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс мэдээлэл дамжуулах талаар аливаа хэлбэрээр зөвшөөрөл өгөөгүй.
5.3. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслээгүй. Анхан шатны шүүхээс мэс засалд ашигласан ялтас чанарын шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүйг тогтоосон атлаа эмнэлгийн мэргэжилтний үүрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарлан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх ажиллагааг явуулалгүй, гэрч, иргэдийн төлөөлөгчийн мэдүүлэг, дүгнэлтийг бүхэлд нь үнэлээгүй, хэсэгчилж хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжин оролцож байна. Нэхэмжлэгч олон удаа мэс засалд орохгүй, суулгасан титаныг дахиж авах шаардлагагүй гэх үүднээс титан ялтас бэхлүүлэх мэс засалд орсон. Уг мэс заслыг ******* эмнэлэгт өндөр төлбөр төлж хийлгэсэн. Гэтэл хамгийн багадаа 2 жил байлгах ёстой титан төмөр нь эхний босолт дээр хугарснаар нэхэмжлэгч дахин мэс засалд орсон, эрүүл мэндийн байдал доройтсон, удаан хугацаанд хэвтэрт байсан нөхцөл байдал бий болсон. Нэхэмжлэгч дур мэдэн эмчилгээ хийлгэж, дасгал хөдөлгөөн хийсэн зүйл байхгүй. Хэргийн 75 дугаар талд эмнэлгийн гарах хуудас авагдсан бөгөөд үүнд заагдсан дасгал хөдөлгөөнүүдийг хийж байсан. Улмаар 63 дахь хоног буюу эхний босолт дээр титан төмөр хугарсан. Иймд, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан эмчилгээний зардалд төлсөн 9,569,580 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ мэс заслын дараа гарч болох эрсдэл, хүндрэлийн талаар тайлбарлаагүй, анхаарах зөвлөгөө, мэдээллийг зөрүүтэйгээр тайлбарласан, чанар муутай титан ялтас төмрөөр хугарсан ясыг бэхэлснээс ялтас төмөр шурагны нүхээрээ хугарах нөхцөл байдлыг бүрдүүлсэн, үүнээс болж удаа дараа мэс засалд орсон гэж,
2.2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ стандартын дагуу үйлдвэрлэгдсэн дунд чөмөгний яс бэхлэгч титан хавтанг албан ёсны эрхтэй борлуулагчаас худалдан авч, эмнэлгийн хадгалалтын горимын дагуу хадгалж, баглаа боодол задраагүй, битүүмж алдагдаагүй хэлбэрээр үйлчлүүлэгчид мэс заслын өмнө танилцуулсны үндсэн дээр тухайн мэс засалд ашигласан. Мэс засал амжилттай болсон ч гадны хүчин зүйлийн нөлөөлөл, хэт ачааллаас шалтгаалан гэмтэх боломжтой тул ******* нь 45 хоногийн дараа үзлэг, шинжилгээнд орохгүйгээр эмчийн өгсөн зааврыг цогцоор дагаагүйн улмаас суулгацыг гэмтээсэн байх боломжтой гэж тайлбарлан тус тус маргажээ. /хх-1, 30/
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд хэвтэн эмчлүүлж, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зүүн хөлийн дунд чөмөгний хугарлыг ил аргаар бэхлэх мэс засал хийлгэж, эмчилгээний зардалд 9,569,580 төгрөг төлсөн. /хх-1-2, 7-14, 17, 77-80, 86/
3.2. Нэхэмжлэгч *******гийн зүүн хөл дунд чөмөгний хугарлын хэсэгт суулгасан титан ялтас мэс заслын дараах 63 дахь хоног дээр шурагны орчмоор хугарсан, талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй. /хх-16/
Харин хариуцагч байгууллагыг эмчилгээ, үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн эсэх, титан ялтас нь чанар, стандартын шаардлага хангасан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК нь эмчилгээ, хагалгааны эрсдэл, үр дагавар, тавих суулгацын талаар заавал тайлбарлах шаардлагагүй гэсэн нь үндэслэлгүй, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.5-д зааснаар өвчтөний өвчин, эмгэгийн талаархи хууль тогтоомжоор хориглосноос бусад мэдээллийг холбогдох байгууллага, иргэн, өвчтөний болон ар гэрийнхэнд өгөх үүрэгтэй гэж хариуцагчийг үүргийн зөрчил гаргасан агуулгатай дүгнэлт хийсэн атлаа Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын зохицуулалтаар маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсныг давж заалдах шатны шүүх залруулна.
4.1. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******гийн зүүн хөлний дунд чөмөгний хугарлыг ил аргаар бэхлэх мэс заслыг хийсэн, нэхэмжлэгч нь тухайн үйлчилгээний хөлсийг төлсөн харилцаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн зүүн хөлний дунд чөмөг хугараагүй, харин хугарсан байсан тэрхүү гэмтлийг мэс заслын аргаар эмчлэх харилцаа нь мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээ байх тул хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Уг хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд үйлчилгээ үзүүлэгч этгээд болох эмнэлгийн байгууллага нь нэхэмжлэгчид эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлсэн эсэхийг тогтоох шаардлагатай болжээ.
4.2. Үүргийн хэлцлийн хүрээнд талууд үүргээ зүй зохистой биелүүлэх, нөгөө талдаа учирч болох хохирлоос аль болох сэргийлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүрэгт мэдээлэл өгөх, мэдэгдэх үүргүүд мөн адил хамаарна.
Тодруулбал, Иргэний хуулийн 188 дугаар зүйлийн 188.1 дэх хэсэгт Үүрэг нь ямар нэгэн мэдээлэл олж авах эрхийг аль нэг талд бий болгож болно гэж, мөн зүйлийн 188.2 дахь хэсэгт Үүргийн агуулгыг тодорхойлоход шаардлагатай мэдээллийг түүнийг эзэмшигч тал нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хохироохгүйгээр өгөх боломжтой тохиолдолд нөгөө тал нь мэдээлэл авах эрхтэй гэж заасан.
Мөн Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 28 дугаар зүйлийн 28.4.5 дахь хэсэгт зааснаар стандартын шаардлага хангасан эмнэлгийн хэрэгслийг ашиглан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн ажилтан нь өвчтөний өвчин, эмгэгийн талаарх мэдээллийг өвчтөн болон түүний ар гэрийнхэнд нь өгөх үүрэгтэй.
Эрүүл мэндийн буюу эмнэлгийн байгууллага болон эмч нь мэргэжлийн этгээд болохын хувьд өвчтөнд тодорхой хугацааны өмнө түүний өвчний онош, эмчилгээ, эмчилгээний өмнөх болон дараа гарч болох эрсдэл, хүндрэлийн талаар холбогдох мэдээллийг бүрэн гүйцэт тайлбарлан өгөх үүрэгтэй бөгөөд энэ нь өвчтөнд мэс заслын дараа гарах аливаа хүндрэл үүсэхээс сэргийлэх, бүрэн эдгэрэхэд ач холбогдолтой юм.
4.3. Хэрэгт авагдсан Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэлд эмнэлгээс гарах үеийн зөвлөгөөг Мэс заслын шарх орчим хүйтэн жин тавих, зүүн хөлөө дээш сойж байлгах, 2-3 өнжөөд боолт солиулах, 2 суга таяг тулж алхах, 45 хоног эсвэл тэргэнцэр ашиглах, 45 хоногийн дараа хөдөлгөөн засах физик эмчилгээ хийлгэх, 45, 90, 180 хоногийн дараа хяналтын үзлэг хийлгэх, хэвтээ шулуун байрлалаас тавхай татаад 3 секунд барих, суллаад 3 секунд амраах, тахимны доор алчуур хийгээд түүнийгээ өвдгөөрөө доош дараад 3 секунд барих, суллаад 3 секунд амраах, хөлөө дээш 45 градус орчим өргөөд 3 секунд барих, суллаад 3 секунд амраах. Дээрх дасгалыг өдөрт 3-4 удаа, 15 удаагийн давтамжтай хийх-3 сар гэж өгсөн талаар тусгагджээ. /хх-18/
Дээрх баримт болон гэрч ын шүүхэд өгсөн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч *******д 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мэс засал хийхээс өмнө түүнд мэс заслын эмчилгээний талаарх мэдээллийг бүрэн өгөөгүй байна.
Тухайлбал, нэхэмжлэгчид уг мэс заслын аргыг сонгох болсон үндэслэл, эрсдэл, үр дагавар болон титан ялтас бэхэлсэн хөлөнд ачаалал өгч болох эсэх, хэрхэн өгөх талаар тодорхой тайлбарласан баримтгүй байх тул хариуцагчийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний талаарх мэдээллийг өвчтөн болон түүний ар гэрийнхэнд бүрэн өгөөгүй гэж үзэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн, мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр хүний эмзэг мэдээллийг бусдад дамжуулах үүрэггүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Ийнхүү гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой нотлох үүргийн хуваарилалтын хүрээнд хариуцагч бүрэн мэдээлэл өгсөн болохоо нотлох үүрэгтэй тул анх нэхэмжлэгчид хийгдэх эмчилгээний талаар тайлбарлаагүй, гарах эрсдлийн талаар мэдээлэл өгөөгүй тул нэхэмжлэгч төлөгдсөн хөлсийг буцаан гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.
4.4. Хариуцагч ******* ХХК нь эмнэлгийн тусламж үйлчилгээ болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.10.в хэсэгт тус тус зааснаар өвчтөнд тохирсон сэргээн засах үйлчилгээг үзүүлэхдээ стандартын шаардлага хангасан эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг ашиглах, тухайн ашиглагдсан хэрэглэгдэхүүний чанарын баталгааг хангах үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч *******гийн биед суулгасан титан ялтас нь хугарч, түүнийг дахин мэс засалд ороход нөлөөлсөн үйл баримт нь нэхэмжлэгчийг мэс заслын дараа гам бариагүй, эсхүл дэглэм зөрчсөн гэж буруутгах боломжгүй.
Хэрэгт авагдсан ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дүгээр Мэдээлэл танилцуулах нь албан бичигт ISO13485:2016 чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж дурдсан, мөн хэрэгт авагдсан ийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, шинжээч , нарын шүүхэд өгсөн мэдүүлэгт эмнэлгийн ажилтан нэхэмжлэгчийн өвчин, гэмтэлд тохирсон мэс заслын аргыг сонгож, үйлчилгээ үзүүлсэн байна гэх боловч хийгдсэн титан ялтас хугарч, дахин нэхэмжлэгчийг мэс засалд орох, илүү удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх нөхцөлийг бий болгосныг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.
Энэ тохиолдолд хариуцагч байгууллагыг нэхэмжлэгчид мэс ажилбар хийхдээ чанартай эмнэлгийн хэрэгсэл /титан/-ийг ашигласан гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй.
Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үйлчилгээний хөлс 9,569,580 төгрөгийг шаардах эрхтэй, мөн хөлсний хэмжээний талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдлийг хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
5. Түүнчлэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн 5 дугаар талд иргэдийн төлөөлөгч ын дүгнэлтийг дурдсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзээгүй... гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/10469 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,024 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА