| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0281/Э |
| Дугаар | 0278 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 0278
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Ж.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Ж-д холбогдох эрүүгийн 1925005360356 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ж.Ж
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ж.Ж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Гок гарден 5а-128 тоотод оршин суух Г.А-н гэрт 2019 оны 07 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хэрүүл маргаан үүсгэж 42 инчийн “Наiег” загварын зурагтыг хундагаар шидэж хагалж, гэмтээсний улмаас иргэн Г.Алтаннарт 629.991 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ж.Ж-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Тэр өдөр найз хүүхэн маань согтуу утсаар яриад миний ажил дээр ирсэн. 2 пиво авч ирсэн. Бид 2 уугаад найзыгаа гэрт нь хүргэж ирсэн. Гэрт нь ороод бид 2 архи уусан. Би 2-3 хундага архи уусан. Би бие засчихаад иртэл миний утас алга байсан. Намайг уурлахад энд байна гээд найз маань гаргаж өгсөн. Тухайн үед ууртай байсан. Тэгээд хундагатай архи барьсан байх үедээ утас гаргаад ир гээд гараа савахдаа хундага гараас мултраад зурагтыг нь хагалсан байсан. Хохирлыг төлж барагдуулсан. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Ойлгож байгаа гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Жавзанжав бид хоёр жаахан юм яриад сууж байгаад авсан архи дарс дуусаад шөнө урт цагаанаас нэг шил ерөөл архи авч дахин уугаад тэгээд Жавзанжав бид хоёр хоорондоо гар утаснаас болж хэрүүл маргаан хийсэн. Тэр үед Жавзанжав ямар нэгэн шалтгаангүйгээр ууж байсан архиныхаа хундагаар манай гэрийн асаалттай байсан зурагт руу шидэж хагалж гэмтээсэн гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/
-Гэрч С.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Алтаннар эхнэр хоёрын хооронд хэргүүл маргаан болсон. Улмаар манай эхнэр архи ууж байсан архины хундагаар зурагтыг нь санамсаргүй хагалсан гэсэн мэдүүлэг /хх 31 ху/,
-Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх 12 ху/
-Хагарсан зурагтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 13 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15 ху/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 17 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 22-27 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33 ху/
-Ж.Жыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 51-53 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 57 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Ж нь 2019 оны 07 сарын 04-05-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг баг Гок гарден 5а-128 тоотод оршин суух Г.Алтаннарын гэрт хэрүүл маргаан үүсгэж 42 инчийн “Наiег” загварын зурагтыг хундагаар шидэж хагалж, гэмтээсний улмаас иргэн Г.Алтаннарт 629.991 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...бид 2 архи уусан. Би 2-3 хундага архи уусан. Би бие засчихаад иртэл миний утас алга байсан. Намайг уурлахад энд байна гээд найз маань гаргаж өгсөн. Тухайн үед ууртай байсан. Тэгээд хундагатай архи барьсан байх үедээ утас гаргаад ир гээд гараа савахдаа хундага гараас мултраад зурагтыг нь хагалсан байсан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Алтаннарын “...Тэр үед Жавзанжав ямар нэгэн шалтгаангүйгээр ууж байсан архиныхаа хундагаар манай гэрийн асаалттай байсан зурагт руу шидэж хагалж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг /хх 19-20 ху/, мөн гэрч С.Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлэг /хх 31 ху/, хохирол төлсөн баримт /хх 57 ху/, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээж 629.991 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ж.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Ж-ын үйлдлийн улмаас 629.991 төгрөгний бодит хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаарх ялын санал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлж түүнд торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Ж-д нь торгох ялыг сард 150.000 төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА