| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/04486/И |
| Дугаар | 210/МА2026/00507 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00507
2026 03 09 210/МА2026/00507
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/09996 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өөрийн эзэмшлийн Тоёота Харриер /Toyota Harrier/ 240G маркийн тээврийн хэрэгслийг 32,000,000 төгрөгөөр худалдахаар хариуцагч *******тэй тохиролцож, тухайн өдрөө түүнд итгэмжлэл олгож, нотариатаар баталгаажуулж, тээврийн хэрэгслийг хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор мөнгөө шилжүүлнэ гэж хэлсэн боловч хэлсэн амандаа хүрэлгүй өнөөдрийг хүрсэн. Түүнтэй утсаар ярихаар ...удахгүй өгчихнө, санаа зоволтгүй... гэж хэлдэг ба сүүлдээ утсаа ч авахаа больж, урдаас хэрүүл хийдэг болсон.
Иймд, хариуцагч *******өөс автомашины үнэ болох 32,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар *******өөс 32,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 317,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.
4.1. Шүүх хуралдааны товыг надад мэдэгдээгүй, ОХУ-д ажлаар явж байхад шүүх хуралдааныг явуулсан нь үндэслэлгүй, мэтгэлцэх эрхээр хангаагүй.
4.2. Нэхэмжлэгч 32,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслийн үнэлгээг баталгаажуулаагүй байхад хариуцагчийг шүүх хуралд ирээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн ханш нь 27,000,000 төгрөг ч хүрэхгүй байхад хэтэрхий өндөр үнээр үнэлж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тиймээс 5,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 27,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн хувийг 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, аль эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна. /хх-14/
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.
4.1. ******* нь *******т 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 1 сарын хугацаатай итгэмжлэл олгож, уг итгэмжлэлээр 2010 онд үйлдвэрлэгдсэн, ******* арлын дугаартай, ******* ХЭҮ улсын дугаартай, Тоёота Харриер /Toyota Harrier/ маркийн тээврийн хэрэгслийг худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх, банк болон банк бус санхүүгийн байгууллагад бүрэн төлөөлөх, тээврийн хэрэгслийн улсын дугаар хадгалуулах хүсэлт гаргах, дугаар хадгалуулах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг бүрэн олгожээ. /хх-8/
4.2. Зохигчид ******* ХЭҮ улсын дугаартай, Тоёота Харриер /Toyota Harrier/ маркийн тээврийн хэрэгслийг 32,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон, хариуцагч нь заасан хугацаанд буюу 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй гэж нэхэмжлэгч нь тайлбар гаргасан. /хх-1, 53/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Нэхэмжлэгч тал хариуцагчийн худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг 32,000,000 төгрөг гэж тодорхойлсон, хариуцагч тал уг тайлбарыг үгүйсгээгүй, тайлбар болон нотлох баримтыг анхан шатны шүүхэд ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй.
Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчээс маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн хамт хүлээн авсан талаар маргаагүй, гагцхүү худалдах-худалдан авах гэрээний үнийг 32,000,000 төгрөг биш, үүнээс бага байсан гэж маргасан боловч энэхүү тайлбараа нотлоогүй байна.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус зааснаар худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.
Дээрх үндэслэлээр ******* нь гэрээний үүргээ тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгч ******* нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй тул анхан шатны шүүхийн хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 32,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.
7. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлээр гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
7.1. Тухайлбал: Шүүх хариуцагч *******т 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр утсаар болон шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсаар тус тус мэдэгдсэн байх бөгөөд хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн болох нь тогтоогдож байна. /хх-23, 43, 45/
7.2 Түүнчлэн, хариуцагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан үүргийн хүрээнд шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах боломжтой байсан, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа газрын хаягаар баталгаат шуудангаар болон утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болохыг заасан ба шүүх уг журмын дагуу хариуцагчид тухай бүр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.
8. Нөгөө талаар тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь дээрх үүргээ биелүүлээгүйд анхан шатны шүүх буруугүй тул ...тухайн тээврийн хэрэгсэл 27,000,000 төгрөг ч хүрэхгүй байхад хариуцагчийг шүүх хуралдаанд ирээгүй тул хүлээн зөвшөөрсөн гэж үзэж 32,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэх агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй. /хх-63/
Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/09996 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Н.ГЭРЭЛТУЯА