| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0279/Э |
| Дугаар | 0275 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 0275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Г.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-т холбогдох эрүүгийн 1925005520349 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/: Шүүгдэгч Г.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-17 дугаар байрны гадаа 2019 оны 08 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө иргэн Б.М, Д.О нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ 2 эмэгтэй хоорондоо хэрэлдээд гэрээс гарсан. Базраа бид 2 салгах гэсэн юм. Хохирогч нарыг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи уусан байсан. Ухаан санаа орж гараад байсан. Гэхдээ цохиж байсан үйлдлээ санаж байгаа. Хохирогч Отгонд 200.000, Мөнгөнцэцэгт 150.000 төргөг өгсөн. Цаашдаа дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Би архи уудаггүй. Тэр өдөр хэтрүүлж хэрэглэсэн гэв.
-Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …Мөнгөнцэцэг бид хоёр гадаа гараад явах гэж байтал Хуягаа гэдэг залуу миний араас хүрч ирээд хоолойноос маань 2 гараараа боож газар унагаасан. Мөн зүүн нүд орчимд маань 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний бөгс рүү өшиглөсөн. Энэ үед Базараа над дээр ирээд Хуягааг надаас салгасан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн юм. Би согтуу байсан юм. Миний зүүн талын нүд маань Хуягаад өшиглүүлсэн өдрөөс хойш бүрэлзээд байгаа. Мөн шүлс залгих үед хоолой өвдөж байгаа. Миний бие зүгээр байж байгаад зодуулсандаа гомдолтой байна. Би эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Одоогоор эмчид үзүүлж байгаа. Нэхэмжлэх зардлаа сүүлд нь гаргаж өгнө гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,
-Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Отгон бид хоёр гадаа гараад явах гэж байтал бааранд танилцсан Хуягаа гэдэг залуу миний араас хүрч ирээд хоолойноос боож газар унагаасан. Энэ үед нөгөө Базраа гэдэг залуу нь Хуягааг надаас салгасан. Гэтэл Хуягаа ахин надруу дайрч миний хамар орчимд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний хамарнаас цус гарсан.Тэгээд Хуягаа манай найз Отгоог зодох гээд яваад өгсөн. Би Хуягааг огт танихгүй. Базраа, Төгсөө, Хуягаа нартай тэр өдөр л танилцсан юм. Би тухайн үед бага зэрэг согтуу байсан. Хуягаа Отгон бид хоёрыг гэрээс нь гараад явчихлаа гэж л зодсон байх гэж би бодож байна. Тэрнээс биш бид нарын хооронд ямар нэг өс хонзон байхгүй. Отгон бид хоёрыг Хуягаа л зодсон. ...Тэгээд Базраа бид хоёрыг салгах үед Хуягаа шууд Отгонруу очиж Отгоныг хоолойноос нь гараараа боож унагааж байсан. Тэгээд би Базраад Отгоныг очиж салгаач гэж хэлсэн. Отгон бид хоёр хоорондоо зодолдсон зүйл байхгүй. Миний хамар Хуягаад өшиглүүлсэн өдрөөс хойш муруйсан байгаа. Баруун хацар бага зэрэг хавдсан байгаа. Би муруйсан хамраа янзлуулчих юм бол гаргах гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/
-Гэрч Ц.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 08 сарын 03-ны өдөр би найз Базраа, Хуягаа нартай Богд гол бааранд орсон. Бааранд байж байхдаа Мөнгөнцэцэг, Отгон гэдэг хоёр эмэгтэйтэй танилцсан. Баар хаасны дараа Базраа, Хуягаа, Отгон, Мөнгөнцэцэг бид 5 Хаан буузанд хоолонд орсон. Хоолоо идчихээд гаднаас 1 шил архи, 1 сав пиво аваад Базараагийн гэрт очсон. Бид тав гаднаас авсан архи, пиво хувааж уусан. Тэгээд байж байтал 15 цагийн үед Мөнгөнцэцэг, Отгон нар хоорондоо маргалдаад байсан. Отгон гэдэг эмэгтэй их согтсон байсан. Отгон нэг залуу руу утсаар яриад байсан. Гэтэл Мөнгөнцэцэг нь Отгонд хандан наад залуу чинь чамайг тоохгүй байхад чи залгаж яах гээд байгаа юм бэ гээд хоорондоо маргалдаад байсан. Мөнгөнцэцэг нь Отгоныг наад залуу руугаа битгий залга гээд хацар орчимд нь 2 удаа алгадсан. Тэгээд Отгон нь утсаар ярихаа больсон. Энэ үед гэрийн эзэн Базарсад та хоёр яагаад гэрт хэрэлдээд байгаа юм бэ нэг бол гэрээс яв гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр эмэгтэй хэрэлдэхээ больсон. Цаг 03 цаг болж байхаар нь би өглөө эрт ажилтай явлаа гэтэл Мөнгөнцэцэг гэдэг эмэгтэй нь чи явахаасаа өмнө бид хоёрт пиво аваад өг гэхээр нь би найз Базарсадтай хамт гарч урт цагаанаас 2.5 литрийн Нийслэл пиво аваад оруулж өгсөн. Тэгээд би гэртээ харьсан. Базраа, Хуягаа, Отгон, Мөнгөнцэцэг нар үлдсэн гэсэн мэдүүлэг /хх 14 ху/
-Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...эргээд хартал Хуягаа Отгоныг хоолойноос нь гараараа боочихсон зогсож байсан. Тэгэхлээр нь би Мөнгөнцэцэгийг тавьчихаад Хуягаа дээр очоод чи яаж байгаа юм бэ гэж хэлээд Отгоноос салгасан. Тэгээд ерөөсөө цагдаа дуудахгүй бол болохгүй юм байна гэж бодоод би цагдаа дуудахаар орц руу очсон. Би цагдаа руу яриад 3-17 дугаар байрны гадаа хүмүүс муудалцаад байна гэж дуудлага өгсөн. Тэгээд байж байтал манай орцны хажуу талын орцны эгч тагтан дээрээ гараад болж байгаа байдлыг хараад цагдаа дуудсан. Тэгээд би шууд гэртээ орсон. Миний араас удалгүй Хуягаа орж ирсэн. Энэ үед бараг 06 цаг болж байсан байх. Тэгээд Хуягаа бид хоёр унтаад өгсөн. Өглөө 07 цаг болж байх нөгөө хоёр эмэгтэй манай гэрт ирээд манайд орхисон гар утсаа авсан....Би тэр хоёрт гар хүрээгүй. Харин Хуягаа Отгоныг гараараа хоолойноос нь боочихсон байхаар нь очиж салгасан гэсэн мэдүүлэг /хх 15-16 ху/
-Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Магадлуулагч Д.О, Б.М- нарын биед учирсан олон тооны гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд юм. Уг гэмтлүүд нь магадлуулагч Д.О, Б.Мөнгөнцэцэг нарын хувьд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Олон тооны гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна гэсэн мэдүүлэг /хх 31-32 ху/
-Яллагдагч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Отгон гэдэг эмэгтэй нь чи манай найзыг яах гээд байгаа юм бэ, танай найз манай найзыг аваад явчихлаа гээд надруу дайраад байсан. Тэгэхлээр нь би тэр Отгон гэдэг эмэгтэйг өөрөөсөө холдуулан түлхэсэн. Гэтэл Отгон хашлага даваад нууруугаараа газар унасан. Би О, М- хоёр хоёулаа над руу дайраад байхаар нь би тэр хоёрыг гараараа хоолойноос нь барьж өөрөөсөө холдуулж түлхсэн. Тэр хоёрын хоолойг боож байх үед Базраа хүрч ирээд намайг тэр хоёроос салгасан. Базраа тухай үед цагдаа дуудах гээд явчихсан байсан юм. Би Мөнгөнцэцэгийг над руу манай найзыг яаж байгаа юм бэ гэж дайрах үед хоолойг нь гараараа боож өөрөөсөө холдуулсан. Мөн Мөнгөнцэцэгийг хөлөөрөө өшиглөсөн. Хаана нь өшиглөсөн гэдгээ харанхуй байсан болохоор хараагүй гэсэн мэдүүлэг /хх 17-18, 50-51 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 520 дугаартай дүгнэлтэнд:
1. Д.О биед дух зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт, гуя өгзөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх 22-23 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 519 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.М-н биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт мөрөнд зулгаралт, тохойд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэсэн дүгнэлт /хх 27-28 ху/
-Г.Гийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 48-51 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/
-Хохирлын баримт /хх 55-58 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 08 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт 3-17 дугаар байрны гадаа иргэн Б.Мөнгөнцэцэг, Д.О нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Энэ 2 эмэгтэй хоорондоо хэрэлдээд гэрээс гарсан. Базраа бид 2 салгах гэсэн юм. Хохирогч нарыг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед архи уусан байсан. Ухаан санаа орж гараад байсан. Гэхдээ цохиж байсан үйлдлээ санаж байгаа” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Оы “...Мөнгөнцэцэг бид хоёр гадаа гараад явах гэж байтал Хуягаа гэдэг залуу миний араас хүрч ирээд хоолойноос маань 2 гараараа боож газар унагаасан. Мөн зүүн нүд орчимд маань 2 удаа хөлөөрөө өшиглөсөн” гэсэн /хх 9-10 ху/, хохирогч Б.Мөнгөнцэцэгийн “...Отгон бид хоёр гадаа гараад явахгэж байтал бааранд танилцсан Хуягаа гэдэг залуу миний араас хүрч ирээд хоолойноос маань 2 гараараа боож газар унагаасан. Энэ үед нөгөө Базраа гэдэг залуу нь Хуягааг надаас салгасан. Гэтэл Хуягаа ахин надруу дайрч миний хамар орчимд нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний хамарнаас цус гарсан” гэсэн /хх 12-13 ху/, мөн гэрч Ц.Төгсжаргал /хх 12-13 ху/, Б.Базарсад /хх 15-16 ху/, шинжээч эмч Ц.Нандинцэцэг /хх 31-32 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Оы биед дух зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт, гуя өгзөгт цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 520 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Б.Мөнгөнцэцэгийн биед хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, цус хуралт мөрөнд зулгаралт, тохойд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүссэнийг 519 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Хохирлын хувьд хохирогч нарт хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.О 96.200 төгрөгийн эмчилгээний баримт ирүүлсэн байна. Шүүгдэгч нь хохирогч Д.Од 200.000 төгрөг, хохирогч Б.Мөнгөнцэцэгт 150.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нар нь “энэ хэргийн хувьд маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Г нь торгох ялыг 6 сарын хугацаанд сард 100.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА