| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0272/Э |
| Дугаар | 0284 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 0284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Д.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох эрүүгийн 1925004510308 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Д.Д
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 06 сарын 19-ноос 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 2-45 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цогт цоно” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч унадаг дугуй хулгайлж иргэн Б.Э-ад 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй ижил. Тухайн үед тэр дэлгүүрийн хажуугаар явж байгаад орчихсон. Хууль бус гэдгээ ойлгож байгаа. Өөртөө буруу зүйл хийсэн гэдэг дүгнэлт хийж байгаа. Гэм буруутай, гэмшиж байгаа. Хохиролд дугуйг нь буцааж өгсөн. Хагалсан цонхны төлбөр 35.000 төгрөгийг өгсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би “Цогт чоно” 8 нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Манай дэлгүүрийн худалдагч Насанжаргал 2019 оны 06 сарын 20-ны өглөө залгаад урд шөнө хулгай орсныг Мөнхбат ах хараад цагдаа дуудаж хулгайчийг барьсан байна гэж хэлсэн. Манай дэлгүүрийн хойд талын цонхыг хагалсан байхаар нь орж үзтэл дэлгүүрийн хойд хэсэгт байсан миний унадаг дугуй алга болсон байсан. Хулгайд алдагдсан унадаг дугуйгаа хүлээн авсан. Дэлгүүрийнхээ цонхыг стандарт вакум цонхны үйлдвэрээр 35.000 төгрөгөөр хийлгэсэн гэсэн мэдүүлэг/хх 17-18 ху/
-Гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...дуудлагын дагуу Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг багийн 2-45 тоот хаягт очиход хашаанаас нэг эрэгтэй хүн гараад гүйж байсан. Ахлагч М.Алтантүлхүүр машинаас бууж явган хойноос нь хөөсөн. Би машинаараа шахаж зогсоод Алтантүлхүүр барьж авсан. Улмаар хулгай орсон гэх “Цогт чоно” 8 нэрийн хүнсний дэлгүүр дээр очиход арын цонх нь хагархай, хашааны хаалга онгорхой байсан гэсэн мэдүүлэг /хх 24 ху/
-Гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 2 цагийн орчим гэртээ унтах гээд хэвтэж байхад цонх хагарах чимээ гарахаар нь гараад хартал “Цогт чоно” 8 нэрийн хүнсний дэлгүүрт хулгайч орох гээд цонхыг нь хагалчихсан зогсож байсан. Би цагдаад дуудлага өгсөн. Хулгайч цонхоор ороход гэрэл ассан. Удаа ч үгүй “Цогт чоно” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хашааны жижиг хаалганы гадаа унадаг дугуй барьсан эрэгтэй хүн зогсож байсан. Явах гээд байхаар нь би хүлээж бай гэж хэлсэн. Цагдаагийн машины гэрэл тусгахад унадаг дугуйгаа хаяаад зугтсан гэсэн мэдүүлэг /хх 27 ху/
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 4-5 ху/,
-Гэрэл зургийн үзүүлэлт / хх 6, 10 ху/,
-Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 8-9 ху/
-Хохирлын баримт /хх 12 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 13 ху/
-Эд зүйлийн үнэлгээ / хх 29-33, 37-42 ху/,
-Д.Д-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 46-48 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 60 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 06 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 2 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 2-45 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Цогт чоно” 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч унадаг дугуй хулгайлж иргэн Б.Эад 315.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтэй ижил. Тухайн үед тэр дэлгүүрийн хажуугаар явж байгаад орчихсон. Хууль бус гэдгээ ойлгож байгаа” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Б.Эын “...Манай дэлгүүрийн худалдагч Насанжаргал 2019 оны 06 сарын 20-ны өглөө залгаад урд шөнө хулгай орсныг Мөнхбат ах хараад цагдаа дуудаж хулгайчийг байрьсан байна гэж хэлсэн. Манай дэлгүүрийн хойд талын цонхыг хагалсан байхаар нь орж үзтэл дэлгүүрийн хойд хэсэгт байсан миний унадаг дугуй алга болсон байсан. Хулгайд алдагдсан унадаг дугуйгаа хүлээн авсан” гэсэн мэдүүлэг /хх 17-18 ху/, гэрч Б.Түмэнжаргал /хх 24 ху/, гэрч С.Мөнхбат /хх 27 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирлоо төлж барагдуулсан зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу хуульд заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд хохирогчид ундаг дугуйг биет байдлаар буцаан өгсөн бөгөөд дэлгүүрийн цонхны шилний үнэ 35.000 төгрөгийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд
нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-г 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-д оногдуулсан 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА