| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/03745/И |
| Дугаар | 210/МА2026/00577 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2026/00577
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ы нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, 2023 оны 12 дугаар сард ******* ХХК-д уулын олборлолтын хэлтсийн дампын оператор албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Миний бие тус компанийн төлөө өөрийн сурч мэдсэн бүхнээ дайчлан үр бүтээлтэй аюул осолгүйгээр хоёр орчим жил ажилласан. Гэтэл 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар намайг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн компани эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр 3 ба түүнээс дээш хоног дараалан ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчсөн шалтгаан нь компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулж бизнесийн алдагдалд оруулсан хэмээн үндэслэлгүйгээр ажил ологчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тиймээс намайг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэлийг төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажлын 5 хоногийн хугацаанд дараалан компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр ажил тасалсан, энэхүү үйлдэл нь компанийн хүний нөөцийн албанаас бүртгэдэг цагийн бүртгэлээр тогтоогдож байгаа болно. *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2-т Ажил олгогч дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тооцно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй гэж, мөн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.4-т Гурав хоног дараалан зөвшөөрөлгүй ажил тасалсан, түүнчлэн чөлөө авах зорилгоор худал хуурмаг шалтгаан хэлж чөлөө авсан нь тогтоогдсон. гэж тус тус зааснаас үзвэл нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан учир ажил олгогчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг үндэслэн *******ы хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хөдөлмөрийн хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан хэм хэмжээг зөрчөөгүй. Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай *******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
1. ...нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэл болон хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.4-т заасан үндэслэлүүд хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдсон гэж үзэхээргүй байна.
Учир нь, нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаачлан ...200 гаруй хүн хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд ажиллах боломжгүй болсон тул ажлын байраа орхисон байдаг ба асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж удаа дараа шаардлага тавьсан..., 17-ны өдрөөс хойш 3 хоногийн хугацаанд ажлаа тасалсан гэх боловч 17-ны өдрөөс хойш бусад ажилтан болон ******* кемп дээрээ байсан... гэх тайлбар хэрэгт авагдсан дараах бичгийн баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлд ...3 талт хорооны гишүүн *******: ...танай байгууллагын талаар миний хувьд бол өөрийн ажлын онцлогоор мэдэж, сонссоноосоо тодруулж асуухад: 300 гаруй хүн байсан гэсэн тэдгээр хүмүүс бүгд ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна уу? гомдол гаргагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч *******: ...энэ гомдол гаргагчдын хувьд бол ажлаа таслаагүй, ажил дээрээ эсэргүүцэл буюу санал бодлоо илэрхийлсэн асуудлыг ноцтой зөрчилд тооцож, тушаал гаргасан гэж ойлгож байна... гэх тайлбаруудаар нэхэмжлэгч нь ажил таслаагүй, харин Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд зааснаар ажилчид үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэж ажлын байр дээрээ ажил олгогч нартай зөвшилцөх үйл явц, мөн 300 гаруй ажилчид нэгдэж Улаанбаатар хотын Чингисийн талбай болон ажил олгогчийн ажлын байр дээр жагсаж эвлэлдэн нэгдсэн байдаг.
Энэ нь мөн л хавтаст хэрэгт авагдсан хариуцагч талаас гаргаж өгсөн Хийгдэх ажлын даалгавар, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн баримт-аар 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэг хүн, 19-ний өдөр нэг хүн, 20-ны өдөр хоёр хүн, 21-ний өдөр хоёр хүн ирсэн байгаа нь дээрх үйл баримтуудыг давхар нотолж байгаа юм.
Тиймээс хариуцагч буюу ажил олгогчийн тайлбарыг зөвхөн үнэн зөв гэж үзэж хэрэгт авагдсан баримтыг бусад баримтуудтай харьцуулан үзэж үнэлээгүй байгаад ихээхэн гомдолтой байна.
2. Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан процессыг баримтлаагүй нь маргаан бүхий тушаал хууль зүйн үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан боловч ямар нэгэн байдлаар ажлаас чөлөөлөх гэж байгаа талаар мэдэгдэж, тайлбар аваагүй юм.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд:
Маргаан бүхий ажил олгогчийн тушаалыг ажил олгогч компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гаргасан эсэх нь ихээхэн эргэлзээтэй байна. Учир нь, хариуцагч нь гадаадын хөрөнгө оруулалттай компани бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь БНХАУ-ын иргэн болох ******* гэх хүн юм. Энэ хүн нь Монгол хэл мэддэг гэсэн баримт байхгүй, шүүхэд өгсөн баримтууд нь бүгд Хятад хэлээр гарсан байгаа тул энэхүү тушаалыг өөрөө гаргасан эсэх асуудал нь эргэлзээтэй байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгч ******* нь оролцох эрхгүй этгээд байна. *******д 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэл олгосон байгаа боловч энэхүү итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангахгүй байна.
Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр... ...шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй гэж, 7.4-т Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна гэж тус тус заажээ.
Гэвч хариуцагчийн төлөөлөгч *******д олгосон итгэмжлэлийг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар монгол хэл дээр орчуулуулаагүй байгаа учир хуульд заасан шаардлага хангахгүй тул ******* нь хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхгүй байна. Хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээдээс нотлох баримтууд гаргаж өгсөн, үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангасан, үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон зэрэг ноцтой зөрчлүүд бий болсон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн материалтай хамгийн сүүлд танилцсан байдаг. Тухайн өдрөөс хойш шүүхээс төлөөлөх эрхгүй этгээд болох *******гийн хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэл, D ээлжийн ажилчдын нэрсийн жагсаалт, цагийн бүртгэл зэрэг баримтууд авагдсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид танилцуулалгүй шүүх хуралдааныг явуулж, түүний хуулиар олгосон эрхийг зөрчсөн байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т хэрэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг зөв баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт авагдсан болон талуудын тайлбараар нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс дампын оператор албан тушаалд томилогдон ажиллаж байхад нь түүнийг тус компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3.2.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гурав ба түүнээс дээш хоног дараалан ажил тасалж, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /х.х-ийн 3, 35-40/
Зохигч тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь компанийн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр гурав ба түүнээс дээш хоног дараалан ажил тасалсан эсэх талаар маргажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гээд, 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасан.
Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.3-д Ажил олгогч дараах зөрчлүүдийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэж тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасныг үндэслэл болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах эрхтэй гээд 10.3.2.4-т Гурав хоног дараалан зөвшөөрөлгүй ажил тасалсан, ...нь тогтоогдсон гэж, /х.х-ийн 38/
мөн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.13-т Ажилтны зүгээс дор дурдсан зөрчлүүдийн аль нэгийг гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.5 дахь заалтад заасны дагуу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гээд 14.13.19-д Нийт 3 хоног 2-оос дээш удаа ажил тасалсан, 3 өдөр хоцорч ирсэн бөгөөд энэ тухайгаа шууд удирдлагад мэдэгдээгүй тохиолдолд гэж тус тус заасан байна. /х.х-ийн 74-75/
5. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажлын байрандаа очиж, ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон. /х.х-ийн 124-128/
Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс хэрэгт авагдсан ажлын цагийн бүртгэл, ажилласан ажилтнуудын бүртгэл болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх зааварчилгаанд дараалсан 5 өдөр түүний нэр бүртгэгдээгүй талаарх хариуцагчийн тайлбарыг тодорхой баримтаар няцаагаагүй.
Харин нэхэмжлэгч *******ы гаргасан тайлбараас үзвэл тэрээр хариуцагч ******* ХХК-д хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаан үүссэн байсан, үүнтэй холбоотойгоор ажил хаялтад оролцсон гэж маргасан.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Үйлдвэрчний эвлэл ажил хаялтыг дараах үндэслэлээр санаачилж, зохион байгуулах эрхтэй гээд 25.1.1-ээс 25.1.5-т 5 үндэслэлийг заажээ.
Өөрөөр хэлбэл, ажил олгогч хамтын хэлэлцээр эхлүүлээгүй, эсхүл түүнээс шалтгаалж хамтын хэлэлцээр зогсонги байдалд орсон, мөн ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгч эвлэрүүлэх арга хэмжээнд оролцох үүргээ биелүүлээгүй, түүнчлэн хэн аль нь хөдөлмөрийн зуучлалын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан, эсхүл зуучлалын шатанд хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэж чадаагүй, эсхүл хөдөлмөрийн арбитрын үйл ажиллагаанд оролцохоос татгалзсан тохиолдолд үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарлах эрхтэй бөгөөд дээр дурдсан хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-т зааснаар ажилтан үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэхээсээ үл хамаарч ажил хаялтад сайн дураар оролцох эрхтэй.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Ажилтан, ажилтны төлөөлөгчийг ажил хаялтад оролцсонтой нь холбогдуулан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах зэргээр хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд өөрчлөлт оруулахыг хориглоно гэж заасан.
Гэвч хэрэгт талууд хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг шийдвэрлүүлэх явцад ажил хаялт зохион байгуулах үндэслэл бүрдсэн байсан, үүнтэй холбоотойгоор ажил хаялт зохион байгуулагдсан талаарх баримт авагдаагүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу ажил хаялтад оролцсон гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Хэдийгээр энэ тохиолдолд хариуцагч ******* ХХК нь нотлох үүргийн хуваарилалтын хувьд тус компанид хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаан үүссэн эсэх, улмаар үйлдвэрчний эвлэл /ажилтны төлөөлөл/ Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шат дараалсан арга хэмжээг авсан боловч тийнхүү маргааныг шийдвэрлэж чадаагүй учир ажил хаялт явагдсан эсэхийг нотлох үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг хөдөлмөрийн зуучлал болон хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэх талаарх ажиллагаа тус тус явагдаагүй гэсэн бөгөөд тэрээр хэн, хэзээ, хаана, хэдэн өдөр зохион байгуулагдсан ямар ажил хаялтад оролцсон талаарх тайлбараа нотлоогүй. /давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 4 дэх тал/
8. Үүнээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т Саналын зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлүүлэх шатанд ажил хаях, ажлын байр түр хаах /локаут/-ыг хориглоно гэж заасан.
Тодруулбал, хөдөлмөрийн сонирхлын хамтын маргааныг хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлүүлэх ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд ажил хаяхыг зөвшөөрдөггүй болохыг үүгээр нэмж дурдана.
Тиймээс хариуцагч ******* ХХК-ийн ажилчдын зүгээс ажил хаялт зохион байгуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ы ...ажил хаялт зохион байгуулагдсанаас болж хөдөлмөр эрхлээгүй... гэх тайлбар үндэслэлгүй ба түүнийг ажил тасалсанд тооцно.
9. Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/887 дугаар ээлжийн хуваарь тогтоох тухай тушаалаас үзвэл нэхэмжлэгч ******* нь D ээлжинд 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 26-ны өдрийг дуусах хүртэл 14 хоногийн 7 хоногт нь өдрийн ээлжинд, 7 хоног шөнийн ээлжинд ажиллахаар байна. /х.х-ийн 106-107, 117/
Гэтэл нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл ажиллаагүй болох нь ажилчдын тухайн сарын цагийн бүртгэлд off гэж бүртгэгдсэн, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлын байран дахь өдөр тутмын зааварчилгааны дэвтэрт 2025 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдөр тус тус зааварчилгаа авсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш гарын үсэг зураагүй, улмаар 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аяллын автобусаар буух ажилчдын бүртгэлийн 58 дугаарт гарын үсэг зурсан зэрэг баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 85, 121-128, 133/
Түүнчлэн нэхэмжлэгч нь ...тухайн ээлжинд ажиллаж байсан 200 гаруй хүн хөдөлмөрийн аюулгүй нөхцөлд ажиллах боломжгүй болсон тул ажлын байраа орхиж, асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж удаа дараа шаардлага тавьсан, 17-ны өдрөөс хойш кемп дээрээ байсан... гэсэн боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй.
Иймд, анхан шатны шүүхийн нэхэмжлэгч *******ыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдсон гэх дүгнэлт үндэслэл бүхий болсон байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдлийг хэвээр үлдээнэ.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан процессыг баримтлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
10.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана гэж заасан.
Хариуцагч нь дээрх хуульд зааснаар нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж, тайлбар аваагүй нь хариуцагчийн ажил тасалсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд ажил олгогчийн дээрх шийдвэрийг мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасанд нийцээгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
10.2. Хариуцагч ******* ХХК-аас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******ад олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэг болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 36 дугаар зүйлийн 36.2-т тус тус заасан шаардлагыг хангасан байна. /х.х-ийн 13/
Харин тус компаниас 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр *******д олгосон итгэмжлэл нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлж ******* болон ******* нар оролцсон байх тул энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. /х.х-ийн 32-33/
Мөн хэргийн баримтаар итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргаж өгсөн баримтууд нь анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/27446 дугаар захирамжаар хариуцагчид үүрэг болгосны дагуу гаргаж өгсөн баримт байхаас гадна түүний хүсэлтийг үндэслэн шүүхээс үзлэг хийсэн нь төлөөлүүлэгч тал болох хариуцагчийн эрх ашиг, сонирхолд нийцээгүй талаар хариуцагч нь маргаагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй. /х.х-ийн 27-28/
10.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******г хэргийн материалтай танилцсан 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 15-нд ирэх D ээлжийн ажилчид /+бусад/, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр аяллын автобусаар буух ажилчид гэх 3 хуудас баримт авагдсан байна. /х.х-ийн 129, 131-133/
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид цагдан хоригдож байгаа /хүндэтгэн үзэх нөхцөл байдал/-г харгалзан түүний хүсэлтийн дагуу дээрх 3 хуудас баримтад үзлэг хийх ажиллагаанд цахимаар оролцуулсан байгааг буруутгахгүй. /х.х-ийн 145-150/
Хэрэв нэхэмжлэгч нь үзлэг хийх ажиллагаанд биечлэн оролцох шаардлагатай байсан бол өөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, эсхүл өмгөөлөгч оролцуулах эрх нь нээлттэй байсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааны талаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байгааг давж заалдах шатны шүүхээс өөрчилнө.
Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор болон мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, шимтгэл төлснийг баталгаажуулахаар тус тус шаардах эрхгүй болно.
12. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/11451 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...158.2.2 гэснийг 158.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Б.МАНДАЛБАЯР