| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0271/Э |
| Дугаар | 0283 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 0283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Г.Т
Шүүгдэгч Б.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн 1925004780322 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Ц
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 07 сарын 05-аас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богдгол” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа тус баараар үйлчлүүлж байсан О.Бгийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 07 сарын 05-ны орой 23:30 цагийн үед баар хааж байсан. Би тэр бааранд хамгаалагч хийж байсан. Богд гол бааранд хохирогч Баатархүү нь нэг залуутай сууж байсан. Баар хаах талаар хэлэхэд өөдөөс эсэргүүцэж “унтахгүйн тодорхой ш дээ” гэж хэлсэн. Би 2-3 удаа шаардлага тавьсан. Ингээд маргаан үүсч намайг Баатархүү болон найз нь нилээн хэдэн удаа цохисон. Би тэр 2 руу газ цацаж, шуурхай албыг дуудсан. Баатархүүгийн толгойн хэсэг рүү нь нэг удаа цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө. Шүд хийлгэхэд 2.000.000 төгрөг болно гэж байсан. Цувуулж өгье гэж тохирсон гэсэн мэдүүлэг,
-Хохирогч О.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Баарны хамгаалагч Бат-Амарыг араас нь хөлөөрөө өшиглөөд дараа нь шууд миний эрүүн тус газар гараараа нэг удаа цохисон. Миний шүд унасан гэдгийг цохиулсан даруйдаа мэдсэн. Миний шүд унасан талаар Энхзаяа болон цагдаад дуудлага өгөхдөө хэлсэн. Би маргааш өдөр нь баарны хамгаалагч Цогт-Эрдэнэ, байцаагч Батзоригийн хамт “Шигтгэмэл” шүдний эмнэлэг ороод нэг шүд хийлгэх зардал хэд болох талаар асуухад 2.500.000-3.000.000 төгрөгийн хооронд болно гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 9-1Зху/
-Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 07 сарын 05-ны шөнө 23 цаг өнгөрч байхад “Богд гол” бааранд орсон. ...намайг хөөж байна гэж баарны хамгаалагчтай маргалдаад зогсож байхад Баатархүү орж ирээд “явъя гэж хэлээд дундуур орж ирэхэд би баарны хамгаалагчийг гараараа нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход хамгаалагч Баатархүүгийн нүүр /шүд/ рүү нь гараараа нэг удаа цохисон, шатны уруу намайг араас 1 удаа өшиглөсөн. Тэгээд Баатархүү баарны хамгаалагчтай зууралдаад байсан. Баатархүү баарны гадаа шүд унасан гэж өөрөө надад хэлсэн. Тухайн үед Баатархүүгийн цамц нь цус болсон байсан. Уруул нь сэтэрсэн байсан гэсэн мэдүүлэг /хх 22-24 ху/
-Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...намайг “00” ороод гараад иртэл Баатархүү байхгүй байсан. Харин Бат-Амарыг баарны гадаа хашаанаас гавласан байсан. 20-30 минутын дараа Баатархүү эхнэрийн хамт ирсэн. Эхнэр нь баарны хамгаалагч нартай манай нөхрийн шүдийг хугалсан байна гээд орилоод хэрэлдээд байсан. Би Баатархүүгийн шүд хугарсан гэдгийг тухайн үед л сонссон гэсэн мэдүүлэг /хх 27-28 ху/,
-Гэрч Ж.Ж-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Билгүүний хамт Цогт-Эрдэнэтэй маргалдаж байсан 2 залуугийн гарыг ард нь гавлаад аваад гарах гэтэл нэг залуу нь гавтай чигээрээ алга болсон байсан. Тэгсэн хэдэн минутын дараа гавтайгаа зугтаасан залуу приус 20 маркийн авто машинтай ирсэн. Тэгээд Цогт-Эрдэнэ рүү дайраад чи миний шүдийг хугалчихлаа гээд байсан. Намайг харахад шүд нь унасан байсан. Бас уруул ам нь цус болсон байсан гэсэн мэдүүлэг /хх 31-32 ху/,
-Гэрч Х.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Баатархүү дахиад залгаад би шүдээ хүнд цохиулчихлаа гэж хэлсэн. Би город руу орж ирээд Баатархүүтэй утсаар яриад бид хоёр Маргад дээд сургуулийн Б заалны гадаа зам дээр уулзсан. Баатархүү гавтай, хувцасны энгэр хэсэг нь цус болсон, уруул нь сэтэрсэн, үүдэн нэг шүд нь унасан байсан гэсэн мэдүүлэг /хх 33-34 ху/
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 467 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. О.Б-гийн биед нэг шүд унасан, дээд уруул язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана
5. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт 5% байна гэсэн дүгнэлт /хх 40-41 ху/,
-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 516 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Ц биед гэмтэл тогтоогдсонгүй гэсэн дүгнэлт /хх 47-48 ху/
-Эд мөрийн баримтаар тооцох тухай /хх 5 ху/
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6-7 ху/
-Хохирлын баримт /хх 42, 78 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 ху/
-Б.Ц яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 71, 74-75 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 79-80 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 96 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 07 сарын 05-аас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Богдгол” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа тус баараар үйлчлүүлж байсан О.Бгийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Богд гол бааранд хохирогч Баатархүү нь нэг залуутай сууж байсан. Би тэр бааранд хамгаалагч хийж байсан. Баар хаах талаар хэлэхэд өөдөөс эсэргүүцэж “унтахгүйн тодорхой ш дээ” гэж хэлсэн. Би 2-3 удаа шаардлага тавьсан. Ингээд маргаан үүсч намайг Баатархүү болон найз нь нилээн хэдэн удаа цохисон. Би тэр 2 руу газ цацаж, шуурхай албыг дуудсан. Баатархүүгийн толгойн хэсэг рүү нь нэг удаа цохисон” гэсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч О.Бгийн “...Баарны хамгаалагч Бат-Амарыг араас нь хөлөөрөө өшиглөөд дараа нь шууд миний эрүүн тус газар гараараа нэг удаа цохисон. Миний шүд унасан гэдгийг цохиулсан даруйдаа мэдсэн” гэсэн /хх 9-13 ху/ мэдүүлэг, гэрч Д.Бат-Амар /хх 22-24 ху/, гэрч Э.Энхзаяа /хх 27-28 ху/, гэрч Ж.Жаргалбаяр /хх 31-32 ху/, гэрч Х.Хонгорзул /хх 33-34 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед нэг шүд унасан, дээд уруул язарсан шарх бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 467 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчийн 516 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Энэ хэргийн улмаас хохирогчийн нэг шүд унаж хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан мэдүүлэг болон прокурорын шатанд гаргасан хүсэлтдээ “хэргийн талаар ямар нэг маргаан байхгүй, хохирол барагдуулсан” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА