| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0294/Э |
| Дугаар | 0289 |
| Огноо | 2019-10-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 0289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Хохирогч Ж.А
Шүүгдэгч Б.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1925006310390 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Упсын иргэн, Б.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 09 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Танил” техникийн захын орчим Ж.Амгаланг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Амгалантай найзууд. Хохиролд 1.400.000 төгрөгийг төлсөн. Хэргийн хувьд маргахгүй. Цаашид эмчлүүлэх зардлыг төлнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Ж.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Орой 7 өнгөрч байхад найзууд дээрээ очиж дөрвүүлээ нийлж 2 шил архи уусан. Юунаас болж маргалдсан, зодуулсан шалтгаанаа сайн санахгүй байна. Би 466.000 төгрөгний баримт гаргаж өгсөн. Одоогийн байдлаар хохирол төлөгдсөн. Нүдний ухархайн салстын нөхөлт хийлгэх мэс засалд орох зардал, хөмсөгний сорив янзлуулах мэс ажилбарын зардлыг тухай бүрд нь иргэний журмаар нэхэмжлэх хүсэлтэй байгаа гэсэн мэдүүлэг,
-Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би 2019 оны 09 сарын 05-ны өдөр 16 цагийн үед Цэрэндулам над руу залгаад Ивээл нэртэй лоунжид байна хүрээд ирээч гэж хэлэхээр нь би яваад очиход Цэрэндулам Бүдханд хоёр сууж байсан. Тэгээд 1-2 цагийн дараа Амгалан ирээд тэд нар 1 шил 0,5 литрийн архи аваад хувааж уусан. Би 2 шил пиво авч уусан. Бүдханд машинтай байсан болохоор уугаагүй санагдаж байна. Амгаланг ирсэний дараа 1 шил архи авсан. Тухайн үед Цэрэндулам нэлээн муудсан. Тэгээд байж байтал Ганзориг гэх залуу ирээд хэсэг, сууж байгаад явсан. Учир нь Амгалан, Бүдханд нар найзууд гэсэн. Тэгээд Бүдханд ээж нь дуудаад явахаар болоод Цэрэндуламтай хамт явсан. Бид нар хэсэг сууж байгаад явах болсон гадаа гарсан чинь нөгөө ирээд явсан Ганзориг гэх залуу машинтайгаа зогсож байсан. Амгалан машинтайгаа явж байсан гэхдээ архи уучихсан байсан. Амгалан “бүгдээрээ архи уучихсан байгаа юм чинь машин бариад яах юм бэ гэхэд Ганзориг нь за за би та нарыг хүргээд өгье” гэж хэлээд Ганзоригийн машинд суугаад явсан. Эхлээд тэр хоёр намайг гэрт хүргэж өгөөд явсан. Ганзориг Амгаланг гэрт нь хүргэж өгнө гэж байсан. Би тэрнээс цааш үйл явдлыг сайн мэдэхгүй. Амгалан нэлээн согтсон. Гэхдээ надтай юм ярьж байсан. Би бага зэрэг уусан болохоор Амгаланд машиныг чинь би бариад хүргээд өгөх үү гэхэд Амгалан тэгье гэхэд Ганзориг би хүргээд өгье гэж байсан. Би Амгалан Ганзориг нар сайн найзууд гэж ойлгож байсан гэсэн мэдүүлэг /хх 26 ху /,
-Яллагдагч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Амгаланг очиж авах гээд Ивээл төвд очсон. Намайг очиход Амгалан 3 найзтайгаа сууж байсан. Би гэрт нь хүргэж өгөх гээд Амгаланг найзуудынх нь хамт машиндаа суулгаад эхлээд найзуудыг нь хүргэж өгсөн. Цааш Амгаланг хүргэж өгөх явцдаа маргалдсан. Танил захын ард зогсож байгаад Амгаланг нүүрэн тус газар гараараа цохисон. Дараа нь машинаас чирч буулгаад чирсэн. Нүүр рүү нь гараараа 1 удаа алгадсан. Тэгээд машин руугаа оруулах гээд чирсэн, нилээд зууралдсан. Амгаланг машинаас буугаад гүйхээр нь араас нь очсон. Журмын хашааны харуул гарч ирсэн, би тэр хүнд хандаж бид хоёр хоорондоо учраа олно гэж хэлсэн. ...Амгалан намайг ойрд уулзаагүй тоохгүй байна гээд байсан. Лоунж дотор байхдаа хамт байсан найзууддаа намайг манай хүн гэж танилцуулчихаад дараа нь хүн ч бол доо гэх зэргээр доош нь хийгээд муулаад байсан гэсэн мэдүүлэг /хх 84-85 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 596 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж.А-н биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, доод уруулд язарсан шарх, нүүр, зүүн мөр, 2 тохой, зүүн гуя, цээж хэвлийд олон тооны зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт, цээж, хүзүү, толгой баруун мөр, зүүн суганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
4. Нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, язарсан шарх болон бусад гэмтлүүд нь нийлээд болон тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.
5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 31 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 199 дугаартай дүгнэлтэнд:
1. Ж.А-н биенээс авсан цусанд этилийн спирт 2.1 промиль процент илэрсэн болно.
2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 37 ху/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 200 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Г-ийн биенээс авсан цусанд этилийн спирт 1.5 промиль процент илэрсэн болно.
2. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана гэсэн дүгнэлт /хх 40 ху/
-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-7, 67-76 ху/
-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8 ху/
-Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай тогтоол /хх 9-10 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 46 ху/
-Хохирлын баримт /хх 57-64 ху/
-Б.Гийг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 79-80, 83-86 ху/
-Хохирол төлсөн баримт /хх 93 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 09 сарын 05-наас 06-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Танил” техникийн захын орчим Ж.А-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн. Амгалантай найзууд. Хохиролд 1.400.000 төгрөгийг төлсөн. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн, хохирогч Ж.Амгалангийн “...Орой 7 өнгөрч байхад найзууд дээрээ очиж дөрвүүлээ нийлж 2 шил архи уусан. Юунаас болж маргалдсан, зодуулсан шалтгаанаа сайн санахгүй байна. Би 466.000 төгрөгний баримт гаргаж өгсөн. Одоогийн байдлаар хохирол төлөгдсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Бямбадуламын /хх 26 ху/ өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, тархи доргилт, зүүн хөмсөг, доод уруулд язарсан шарх, нүүр, зүүн мөр, 2 тохой, зүүн гуя, цээж хэвлийд олон тооны зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт, цээж, хүзүү, толгой баруун мөр, зүүн суганд зөөлөн эдэд олон тооны цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 596 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн биенээс авсан цусанд этилийн спирт 1.5 промиль процент илэрч энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдахыг тогтоосон 200 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хохирлын хувьд хохирогч Ж.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 466.500 төгрөгний хохирлын баримт ирүүлснийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч хохиролд 1.400.000 төгрөг төлсөн байх тул энэ удаад хохирол төлөгдсөн гэж үзлээ. Хохирогч нь нүдний ухархайн хананы нөхөлт хийлгэх мэс засалд орно гэсэн тайлбарыг гаргаж байх бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г нь торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА