Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00692

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 193/ШШ2026/00348 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэлийн шаардлага: ******* захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээд Г.******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Г.******* нь аав, ээжийн хамт амьдардаг бөгөөд ээж нь цагдаад байнга хүсэлт гаргадаг. Өмнө нь албадан эмчилгээд явуулах гээд шүүхэд хүсэлт гаргасан боловч, өөрөө сайн дураар эмчилгээнд хамрагдана гэсэн. Тэр өдрөөс хойш удаа дараа архидан согтуурсан. Иймд архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү.

 

2. Гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

Би урьд шүүх хурал дээр архи дарс ахиж ер нь хэрэглэхгүй гэж амлалт өгсөн нь үнэн. Дахиад боломж олговол өөрөө архины эмчилгээнд хамрагдах хүсэлтэй байна. Олон сараар явбал зээлээ төлж чадахгүйд хүрнэ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг баримтлан Боржигин овогт ******** ******* /РД:*/-ыг албадан эмчилгээнд явуулж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар ******* албадан эмчилгээнд явуулж буй талаар холбогдох хүмүүс болон байгууллагад ажлын 5 хоногийн дотор мэдэгдэхийг *******т даалгаж,

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар албадан эмчилгээг 3-6 сар хүртэл хугацаагаар хийх бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдэж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.

 

4. Гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Би олон төрлийн банк болон банк бус санхүүгийн байгууллагад зээлүүдтэй ба аав, ээж, хүүгийн хамт амьдардаг. Би 14 хоног эмнэлэгт хэвтэнэ гэж бодоод ажил, өр төлбөрөө зохицуулсан. Миний бие цалингийн зээлд 360,000 төгрөг, автомашины зээлд 480,000 төгрөг, гар утасны зээлд 180,000 төгрөг тус тус төлдөг.

Архины албадан эмчилгээнд 90-180 хоног эмчлэгдвэл санхүүгийн хүнд байдалд орно. Иймд уг хүсэлтийг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гуравдагч этгээд нь байнга архидан согтуурч өөртөө болон бусдад эрсдэл учруулдаг. Сайн дураар архинаас гарна гэсэн боловч үр дүнд хүрээгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээд эс зөвшөөрч маргасан.

 

3. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 4.2-т зааснаар хорооны засаг дарга болон гуравдагч этгээдийн гэр бүлийн гишүүний гаргасан хүсэлтийн дагуу цагдаагийн байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дүгнэлтээр Г.******* нь архинд донтох эмгэгтэй, эрүүл мэндийн хувьд албадан эмчилгээнд хамрагдах боломжтой гэх дүгнэлтийг гаргасан байна.

 

3.1. Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасан.

 

3.2. Хэрэгт авагдсан зөрчлийн мэдээлэл, хорооны хамтарсан багийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэл, эмнэлгийн дүгнэлт зэргийг үнэлэхэд гуравдагч этгээд Г.******* нь архинд донтох эмгэгийн улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байна.

 

3.3. Мөн урьд цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албадан эмчилгээнд хамруулахаар ирүүлсэн хүсэлтийг шүүх 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн тайлбарт үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэвч үүнээс хойших хугацаанд гуравдагч этгээд нь сайн дураар архинд донтох эмгэгээ эмчлүүлэх аливаа арга хэмжээ аваагүй, харин дахин архидан согтуурсан болох нь цагдаагийн байгууллагын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн илтгэх хуудсаар тогтоогдсон байна.

 

3.4. Иймд гуравдагч этгээдийг албадан эмчилгээнд хамруулах нөхцөл бүрдсэн байгааг харгалзан анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт нийцжээ.

3.5. Гуравдагч этгээдийн гомдолд дурдсан өр зээл төлөх шаардлагатай гэх үндэслэл нь Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан албадан эмчлэхийг хориглох, дуусгавар болгох нөхцөлд хамаарахгүй тул гомдлыг хангахгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шийдвэр боловсруулахдаа Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор баталсан журам, аргачлал, загварыг баримтлаагүй болохыг тэмдэглэж дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 193/ШШ2026/00348 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.БАДРАХ