Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 0228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Н.Д

Хохирогчийн өмгөөлөгч Х.О

Шүүгдэгч Ч.О

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.О холбогдох эрүүгийн 1825007320256 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч.О

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ч.О нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лофт баарны ард байрлах явган хүний зам дээр насанд хүрээгүй П.Б-тын нүүрэн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ч.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тэр өдөр манай ангийн хүүхдүүд дэвжээ тэмцээнд орсон. Уурхайчны урд зогсож байхдаа манай ангийн хүүхэд нэг хүүхэдтэй маргалдаад салсан. Бид Лофт баарны тийшээ тэр хүүхдийн араас дагаад явсан. Тэгээд дахин маргаан болсон. Би газраас нэг чулуу аваад цохисон. Хэргийн хувьд маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ талаар анх айгаад хэлж чадаагүй. Хохиролд 2.379.100 төгрөг өсгөн гэсэн мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч П.Б-тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...бид нар зугтаагаад Лофт баарны арын явган хүний зам дээр гарч ирсэн чинь хоёр талаас баахан хүмүүс хөөж ирээд манай найз Буянтыг тал талаас нь хүмүүс барьж зодож эхэлсэн бөгөөд би салгах гээд очсон чинь нэг хүн баруун талаас хөөе лалараа гэж дуудсан бөгөөд би эргээд харсан чинь миний зүүн нүд рүү цохьсон. Миний зүүн нүднээс нэг юм урсаад гараараа арчаад харсан чинь цус байсан. Тэгэхээр нь би шууд босоод зугтаасан. ...намайг зодсон хүүхэд надаас 3-4 хуруу намхан өргөн цээжтэй, буржгардуу үстэй, жаахан том толгойтой, хар өнгийн савхин куртик өмссөн хүүхэд байсан гэсэн мэдүүлэг /хх 25-26, 27-28 ху/,

-Насанд хүрээгүй гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ... ангийнхаа Б.Зэлмэн гэж хүүхдийн хамт сууж байгаад өчигдөр зодоон болоод манай ах Баясгалант зодуулсан байна чи тэр зодоон болох үед байсан уу гэсэн чинь Б.Зэлмэн байсан ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би П.Бт ахыг цохисон хүүхдийг харсан юм уу гэсэн чинь хорооллын 3 дугаар сургуулийн хүүхдүүд сууж байсан хүүхдүүд рүү заагаад тэнд сууж байна гэж заасан. Би аль нь вэ гэсэн чинь миний зүс таньдаг Очироо гэж хүүхдийг заагаад энэ байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь Очироо дээр очоод чи манай ахыг цохисон юм уу гэсэн чинь би цохиогүй ш дээ гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

 

-Насанд хүрээгүй гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ...Зодоон болж байх үед Баясгалант ах дунд нь зогсож байсан бөгөөд хар савхин куртиктэй, богино долгионтой үстэй, надаас жаахан өндөр /би 165 см өндөр/ биеэрхүү банди гартаа том чулуу мэт зүйл бариад шууд П.Бт ахын нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн тэнд байсан хүүхдүүд бүгд зугтаагаад явсан гэсэн мэдүүлэг /хх 38 ху/,

 

-Өсвөр насны яллагдагч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...нэг хүүхэд манай ангийн н.Энхтөрийг каск малгайгаар цохиод авсан чинь тэнд байсан хүүхдүүд хальт барьцалдаж авсан. Тэгээд би сандарсандаа газраас нэг жижиг хэмжээтэй чулуу аваад тэнд байсан нэг бандийн нүүрэн тус газар цохиод зугтаасан юм гэсэн мэдүүлэг /хх 132-133 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 735 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Б-гийн биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний өмнөд камерт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. Язарсан шарх, зүүн нүдний цус хуралт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

6. Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт /хх 70 ху/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 412 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Б-тийн биед зүүн хөмсөгний няцарсан шарх, зовхины цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний хүүхэн харааны өргөсөл, болрын бүдэгшилт, зүүн нүдний харааны бууралт /0,8/ зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах түл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Үүсгэгдсэн гэмтэл шарх нь шинэ гэмтэл байна.

4.8. Учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2018.10.26-ны өдрийн гаргасан 735 дугаартай дүгнэлт үндэслэлтэй.

6. П.Бтын биенд үүссэн зүүн нүдний өмнөд камерт үүссэн цус хуралтыг мэс заслын аргаар эмчлэх бөгөөд энэ гэмтэл нь тухайн тохиолдолд ердийн явцаараа шимэгдэж эдгэрэхгүй болно.

7. Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2018.10.26-ны өдөр гаргасан 735 тоот дүгнэлтэнд байгаа гэмтлээс өөр П.Б-тын биед зүүн нүдний хүүхэн харааны өргөсөлт, болрын  бүдэгшилт зэрэг гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтлүүд нь дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдтэй холбоотой үүссэн байна гэсэн дүгнэлт /хх 108-109 ху/,

 

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 12, 14-16, 18-20 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17, 21-22, 137-144, 137-144 ху/

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 134-136 ху/

            -Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 129-136 ху/

            -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 157 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ч.О нь 2018 оны  10 сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Лофт баарны ард байрлах явган хүний зам дээр насанд хүрээгүй П.Бтын нүүрэн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Уурхайчны урд зогсож байхдаа манай ангийн хүүхэд нэг хүүхэдтэй маргалдаад салсан. Бид Лофт баарны тийшээ тэр хүүхдийн араас дагаад явсан. Тэгээд дахин маргаан болсон. Би газраас нэг чулуу аваад цохисон. Хэргийн хувьд маргахгүй. Би энэ талаар анх айгаад хэлж чадаагүй” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн насанд хүрээгүй хохирогч П.Бтын “...Лофт баарны арын явган хүний зам дээр гарч ирсэн чинь хоёр талаас баахан хүмүүс хөөж ирээд манай найз Буянтыг тал талаас нь хүмүүс барьж зодож эхэлсэн бөгөөд би салгах гээд очсон чинь нэг хүн баруун талаас хөөе лалараа гэж дуудсан бөгөөд би эргээд харсан чинь миний зүүн нүд рүү цохьсон” гэсэн мэдүүлэг /хх 25-26, 27-28 ху/, насанд хүрээгүй гэрч Б.Тэнгис /хх 33 ху/, насанд хүрээгүй гэрч Б.Зэлмэн /хх 38 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогчийн биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд зөөлөн эдэд цус хуралт, зүүн нүдний өмнөд камерт цус хуралт бүхий гэмтэл үүссэнийг тогтоосон 735, 412 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ч.О-ад Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Хохирогч талаас гэм хорын хохиролд 2.229.098 төгрөгний хохирол нэхэмжилж нотлох баримтуудыг ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Харин хохирогчийн өмгөөлөгч нь “нүдний гэмтэлтэй холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай тул эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ч.О нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

           

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.О нь торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэч Ч.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.О-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА