Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00691

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01350 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 37,893,094.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг 1 сарын 3.2 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай зээлж авсан. Түүний худалдан авч буй ******* улсын дугаартай AUDI/S8-D4 маркийн автомашиныг фидуцийн гэрээний дагуу нэр дээр шилжүүлсэн.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийг зөрчөөд нийт 395 хоног болсон бөгөөд нэмэлт хугацаа тогтоож өгч байсан боловч үр дүн гараагүй тул AUDI/S8-D4 маркийн автомашиныг хурааж аваад 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 63,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулахад 65,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Фидуцийн гэрээний хөрөнгийг худалдан борлуулсан ч тухайн хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдаагүй тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 30,904,164.93 төгрөг, хүү 4,875,766.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 975,153.33 төгрөг, мөн бусад авлага буюу тухайн автомашины татвар 602,010 төгрөг, ачлагын машинаар ачуулж авчирсан зардал, машиныг хайхтай холбоотой зардал, үнэлгээний зардал 536,000 төгрөг, нийт 37,893,094.92 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 37,893,094.92 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Фидуцийн гэрээний зүйл болох ******* улсын дугаартай автомашиныг худалдан авахдаа урьдчилгаа 40,000,000 төгрөгийг бэлнээр төлж, 70,000,000 төгрөгийг *******-аас зээл авч төлсөн. Өөрөөр хэлбэл, тухайн автомашиныг 110,000,000 төгрөгөөр худалдаж авсан.

Зээлийн төлбөр төлөх эдийн засгийн боломжгүй болсон учир фидуцийн гэрээний дагуу автомашиныг өгөхөд татгалзах зүйлгүй гэх хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн.

Нэхэмжлэгч тухайн хөрөнгийг 63,000,000 төгрөгөөр худалдан борлуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн автомашиныг анх 110,000,000 төгрөгөөр худалдаж авсан байхад, шинжээч 65,000,000 төгрөг гэж зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн.

Хариуцагчийн зүгээс автомашиныг шилжүүлэн өгснөөр үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 37,893,094.92 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

"Барьцааны гэрээ /фидуци/"-ий 1.10 дахь заалтыг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.2 дахь хэсэгт заасныг үндэслэн стандарт нөхцөл гэж үзэхгүй бөгөөд талууд нэг бүрчлэн тохиролцсон нөхцөл гэж үзэх үндэслэлтэй.

Үүнээс харахад, анхан шатны шүүх Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 200.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй.

Шүүх хуралдааны үед шүүгч нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа талаар сануулахад, нэхэмжлэгч баримтуудыг "... эх хувь хэрэгт байна гэж бодсон" талаар тайлбар гаргаж, хуулбар баримт гэдгийг мэдсэн даруйд эх хувиар гаргаж өгөх боломжтойг мэдэгдсэн. Энэ үед шүүгчийн зүгээс хэргийн бодит байдлыг тогтоохын тулд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах байсан.

Хэдийгээр фидуцийн гэрээний хөрөнгийг худалдан борлуулсан ч тухайн хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдаагүй нөхцөлд зээлдүүлэгч нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иймд хариуцагчаас 37,893,094 төгрөг гаргуулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй. Шүүх хуралдаанд шүүгч гаргаж өгсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй талаар хэлсэн боловч хүсэлт гаргаагүй. Автомашиныг хүлээлгэн өгснөөр хариуцагчийн үүрэг дуусгавар болсон. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,904,164.93 төгрөг, хүү 4,875,766.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 975,153.33 төгрөг, автомашины татвар 602,010 төгрөг, бусад зардал 536,000 төгрөг, нийт 37,893,094.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь фидуцийн зүйлийг шилжүүлж өгснөөр үүрэг дуусгавар болсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулах ажиллагааг гүйцэтгээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байна.

 

3. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид 70,000,000 төгрөгийг, сарын 3.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор тохиролцсон. Энэ гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар AUDI/S8-D4 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн буюу фидуцийн гэрээг мөн байгуулжээ.

 

3.1. Нэхэмжлэгчийн зүгээс фидуцийн гэрээний хэрэгжилттэй холбоотой Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн засварын хуудас, татварын баримт, ачлагын машины зардал, тээврийн хэрэгслийг эрж хайхтай холбоотой гарсан зардал, үнэлгээний мөнгө төлсөн зардлын баримтуудыг анх нэхэмжлэл гаргахдаа буюу 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд ирүүлжээ.

Гэвч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байна.

 

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлах замаар тэдгээрээс гаргаж өгч буй нотлох баримтыг хуулиар тавигдсан шаардлагыг хангуулах үүргийг хүлээнэ.

Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй гэж заасан нь шүүхэд үнэн зөв бичмэл нотлох баримт гаргахад чиглэгдсэн шаардлага юм.

Гэвч нэхэмжлэлийг хүлээн авснаас хэргийг хянан шийдвэрлэх хүртэлх 3 сарын хугацаанд дээрх хуулиар хүлээсэн чиг үүргээ шүүх хэрэгжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсонгүй.

Энэ ажиллагаа нь шүүхийн чиглүүлэх үүрэгтэй холбоотой бөгөөд шүүгч хөндлөнгийн байх зарчимтай харшлахгүй.

 

3.3. Ийнхүү хэрэгт авагдсан баримтыг нотлох баримтын шаардлага хангуулахаар чиглүүлэх үүргээ шүүх гүйцэтгээгүйн улмаас фидуцийн зүйлийн худалдан борлуулагдах үеийн үнэлгээний талаарх зохигчийн мэтгэлцээний байр суурьд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн гаргасан алдааг одоо залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.БАДРАХ