| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0154/Э |
| Дугаар | 149 |
| Огноо | 2019-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Бын Гад холбогдох 1935003740176 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 10 дугаар сарын 15-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Тэс сумын 2-р багт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, төрөөс сайн малчин цол тэмдгээр шагнагдсан Т овогт Бын Г / РД:................./.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Тэс сумын 2-р багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Цтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь Увс аймгийн Тэс сумын 2-р багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хохирогч Б.Цыг зодсон болох нь хохирогч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Тэс сумын 2-р багийн нутаг Цэгээний ам нэртэй газар С гэдэг айлын гэр нүүлгэчихээд, тэднийх шинийн архи гаргаж өгөхөөр нь тэр архинаас уучихаад, машинтай яваад Б.Г гэдэг айлд очсон. Би гэр рүү нь ороод баруун талын баганаас бариад суухад Г босож ирээд миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн, Тэгээд би “Чи яаж байгаа юм бэ? гэхэд “чи хүний оёж байсан дээлэн дээр суучихлаа” гэж хэлээд дахиад миний зүүн чих рүү нэг алгадсан. Тэгтэл хажууд байсан Гын эхнэр Д, Ц нар бид хоёрыг салгахаар нь би гараад гэр рүүгээ зугатаасан юм. Маргааш өглөө нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай эхнэр Ц Г руу хүн явуулж дуудуулсан юм. Удалгүй Г манай гэрт хүрч ирээд дахин над руу дайрч “Чамайг гүйцээж ална” гэж хэлээд галын хөвөөнд байсан галын дэгээ төмөр авч над руу дайрахад нь манай эхнэр Ц, Гын барьж байсан дэгээ төмрийг булааж авсан. Би 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр айлд шимийн архинаас уусан гэхдээ эрүүл ухаантай байсан. Харин Г архи дарс хэрэглээгүй эрүүл байсан юм. Одоо миний чих юм сонсохгүй болсон бөгөөд чих өвдөж байна мөн миний хавирга бас өвдөж байна. Би Гаас одоогоор нэхэмжилэх зүйл байхгүй. Харин намайг хэзээ нэгэн цагт ална гэж хэлсэн үгэнд нь гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 8-р тал/,
Гэрч Л.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр манай нөхөр Б.Ц нь 14 цаг болж байхад гэртээ ирээд “Г цохилоо” гэж хэлсэн бөгөөд хөдөлж чадахгүй байсан. Тухайн үед биед нь харагдах шарх сорви байгаагүй харин толгой, хавирга их өвдөж байна гэж хэлсэн юм. Бид нар сумын төвөөс эмч дуудахад Тэс сумын эрүүл мэндийн төвийн эмч Э.Н ирж үзсэн юм. Э.Н хэлэхдээ хавирга хугарсан, хэнгэрэг цоорсон байна гэж хэлсэн бөгөөд Улаангом явж зураг авхуулах нарийн шинжилгээнд оруулах шаардлагтай гэж хэлсэн. Цийг авч Улаангом явна гэхээр нь бид нар яваагүй юм. Ц надад хэлэхдээ нэг удаа чихрүү гараараа зохиж хөлөөрөө нэг удаа хавирга руу өшиглөсөн гэж хэлсэн Тухайн өдөр манай нөхөр Ц согтуу ирсэн гэхдээ эрүүл ухаантай байсан Г нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ирсэн бөгөөд манай галын хөвөөнөөс галын дэгээ төмөр авч Ц руу дайрж би чамайг нэг удаа алгадсан, өшиглөөгүй чи надаас мөнгө авах уу гэж хэлээд дайрхаар нь би галын дэгээ төмрийг нь булааж авсан Г нь архи уугаагүй эрүүл байсан бөгөөд урд өдөр нь Цийг цохихдоо бас эрүүл байсан гэж Г надад өөрөө хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р тал/,
Гэрч Т.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Г гэдэг айлын охин хуримаа хийх гээд хүргэнийхэн дээл оёогдож байсан. Б.Ц гаднаас согтуу орж ирээд миний оёж байсан дээлэн дээр суусан хажуунаас нь Д Цийг бос гэхэд босоогүй сууж байсан. Гаднаас Г орж ирээд “Та яаж байгаа юм бэ? Дээлэн дээр суучихсан байна” гэхэд “Үүнийг дээл гэдэг юмуу?” гэж хэлэхэд Г Цийн зүүн чих рүү нэг удаа цохисон тэгээд Ц гэрээс гарах замдаа 10 литрийн савтай ус аваад цацах гэхэд нь бид нар барьж болиулсан юм. Ц нь бид нарын оёж байсан дээлэн дээр суучихаар нь Гыг босгох гээд босохгүй болохоор нь цохисон юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р тал/,
Гэрч Э.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “Би Увс аймгийн Тэс сумын эрүүл мэндийн төвийн дарга ажилтай. Иргэн Б.Ц нь Тэс сумын эрүүл мэндийн төвд биеийн эрүүл мэнддээ эмчилгээ хийлгэж байсан удаа байхгүй. Харин 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Тэс сумын 2 дугаар багийн нутагт байрлах гэрт нь дуудлага өгсөний дагуу очиж үзэхэд Б.Ц нь гэртээ хэвтэж байсан. Үзлэгээр: Биеийн ерөнхий байдал дунд, арьс салст цэвэр, зүрхний авиа тод хэвийн жигд, артерийн даралт 149, хэвлий зөөлөн эмзэглэлгүй, цээжний ар, зүүн далны доогуур хүрэхэд эмзэглэлтэй байсан тул онош тодруулах зорилгоор Аймгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/,
Шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хохирогч Б.Цийг танинаа миний зээ хүргэн ах юм. Би 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн үед гадаа тугал услаж байхад. Манай гэрийн баруун зүгээс цэнхэр УВЗ маркийн машинтай хүн их хурдтай ирсэн. Тэгээд манай гэрийн гадна зогссон. Тэгээд харахад Б.Ц согтуу ирсэн. Б.Ц надаас “Танайх руу орох уу” гэхээр нь би “ Та орж бай би араас чинь орьё гэж хэлэхэд Б.Ц манай гэр лүү орсон юм. Би тугалаа усалчихаад гэртээ ороход Ц манай гэрийн хойморт оёж байсан дээлэн дээр суучихсан байхаар нь дээл оёж байсан хүмүүс рүү “Оёж байсан дээлэн дээр согтуу хүн суусан байхад та нар босгооч” гээд би уурлахад “Энэ хүн босохгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хажууд нь сууж байгаад “Ц ахаа та дээлэн дээр суучихсан байна гэхэд” Дээл шиг харагдахгүй байна даа,үүнийг дээл гэдэг юм уу? гэж хэлэхээр нь миний уур хүрээд зүүн талын хацар руу нь нэг удаа алгадсан. Б.Ц босож үүдэнд байсан 10 литрийн савтай ус аваад оёж байсан дээл рүү цацах гэхэд нь хажууд нь байсан манай хөл хүнд охин барьж болиулсан. Тэгээд би Б.Цийг гэрээс чирч гаргаад хүлээд хаячий гэж хэлэхэд манай гэрийхэн намайг барьж болиулсан. Тэгээд Б.Ц машинаа унаад зугатаасан юм. Тухайн үед би ууган хүүгийнхээ хурим хийх гээд манай бэр эгч, манай эхнэр, охин нар дээр ирж дээл оёж байсан. Харин Б.Ц согтуу тэр хүмүүсийн оёж байсан дээлэн дээр гараад суучихаад дээл шиг харагдахгүй байна гэж хэлсэн. Тэрэнд нь миний уур хүрч нэг удаа хацар руу нь алгадсан юм. Тухайн үед би эрүүл байсан, харин Б.Ц манай гэрт согтуу ирсэн юм. Би Б.Цийн биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 16-ний өдрийн 634 дугаартай шинжээчийн “Б.Ц-н биед зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/-ээр хохирогч Б.Цын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Г энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж чих орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Б.Цын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-р тал/-аар нотлогдсон.
Хохирогч Б.Ц прокурорын хяналтын шатанд “Б.Гтай эвлэрсэн. Миний хохирлыг барагдуулсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 65-р тал/ гаргаж өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч С.Бийн өгсөн: “Г бид хоёр нь ах дүү нарын хүүхдүүд бөгөөд багаасаа хамт өссөн нэг үеийн хүмүүс юм. Г нь бага наснаасаа их хөдөлмөрч хичээнгүй зан чанартай бөгөөд би сургуульд сураад Улаанбаатар явсан. Б.Г нь аав ээжийн хамт мал малладаг болсон бөгөөд мал маллаад 2008 онд сумын мянгат малчин, сумын сайн малчин, 2011 онд аймгийн сайн малчин, 2014 онд Улсын сайн малчин болж шагнагдаж байсан юм. Б.Г болон тэдний гэр бүлийхэн тусч хүмүүс байдаг сум нутаг орондоо нэр хүндтэй юм. Б.Г нь ардын авъястай уртын дуу дуулах, ерөөл магтаал уншдаг авъяастай юм. Б.Гын зүрх нь өвддөг сонсгол муутай. Б.Г нь урьд өмнө нь хүнтэй муудалцаж маргалдаж үзээгүй мөн гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй. Эцэг эхийн хүмүүжил сайн бага насаа аав ээжийхээ хажууд мал маллаж өссөн. Хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй төлөв даруу зантай хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/, Гэрч Х.Бгийн өгсөн: “Би Б.Г гэдэг айлын том охинтой гэрлэсэн бөгөөд энэ айлын том хүргэн нь юм. Миний хадам аав Г нь гэртээ эхнэр А.Д, хүү Г.Э, Г.Т, охин Г.М нарын хамт амьдардаг юм. Манай хадам аав төлөв даруу зантай, ажилсаг, амьдарч байгаа нутаг орондоо нэр хүндтэй, хүмүүнлэгийн ажилд идвэхтэй оролцдог бөгөөд 2008 онд сумын мянгат малчин, сумын сайн малчин, 2011 онд аймгийн сайн малчин, 2014 онд Улсын сайн малчин болж байсан хөдөлмөрч хийчээнгүй хүн юм. Олон нийтийн ажилд идвэхтэй оролцдог нийтэч, нөхөрсөг зантай хүн юм. Миний хадам аав Г нь ардын авъястай, уртын дуу дуулдаг, ерөөл магтаал уншдаг, хурдан морь уях авъяастай юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гад торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг бүхий диск 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Цт буцаан олгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зураг бүхий диск 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Б.Цт буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ