Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2026/00648

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/00444 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох,

хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, ****** дугаартай 10 давхар барилгыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж борлуулсан. Хариуцагч нь гадаад иргэдтэй хамтран оффис авмаар байна гэх хүсэлтээр, мөн миний эхнэрийн төрсөн дүү учраас тус барилгын 8 давхарт байрлах, 324 м.кв талбайг зах зээлийн үнээс хямдаар буюу 108,000,000 төгрөг байхаар гэрээний үнийг бичиж, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн.

Дээрх гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 500,000 ам.доллар гэж тохиролцсон боловч энэ нь тухайн эд хөрөнгийн бодит үнэ биш бөгөөд зах зээлд 3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй эд хөрөнгө юм. Хариуцагчийн "гадны иргэдтэй хамтран ажиллуулах бизнесийн үйл ажиллагаанд өөрийн өмчлөлийн оффистой харагдах шаардлагатай байна" гэх гуйлтын дагуу, мөн төрөл садны холбоотой хүмүүс тул хэзээд тухайн үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлж болно гэж найдаж бага үнийн дүнгээр гэрээ байгуулж, өмчлөх эрхийг шилжүүлсэн.

Иймд худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* гаргасан саналын дагуу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр №03 тоот "Худалдах, худалдан авах тухай гэрээ" байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 4 хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж, ******-0 тоот оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 8 давхрыг бүхэлд нь 500,000 ам.доллароор худалдаж авсан.

Нэхэмжлэгч нь тухайн үед үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж байгаа тал 2 хувийн татвар төлдөг, татвар бага төлмөөр байна гэх хүсэлт тавьсны дагуу 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 108,000,000 төгрөгийн үнийн дүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж авсан.

Гэрээний дагуу 250,000 ам.долларыг 2016 оны 4-р улиралд, үлдэх 250,000 ам долларыг 2017 оны 1-р улиралд, нийт 500,000 ам.долларыг бүрэн шилжүүлсэн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдох 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Худалдах, худалдан авах гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах шаардлагыг хангаж байгаа боловч хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд тус гэрээ нь татвар бага төлөх зорилгоор байгуулсан, бодит худалдах, худалдан авах харилцааг илэрхийлээгүй болохыг хүлээн зөвшөөрдөг. Үүнийг анхан шатны шүүх тогтоосон атлаа хэлцлийн эрх зүйн шинжтэй холбон дүгнээгүй.

Тодруулбал, 2018 онд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үнийг 108,000,000 төгрөг биш, харин 2016 оны гэрээгээр тохирсон үнэ болох 500,000 ам.доллар гэж дүгнэж, 2018 оны гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзсэн. Үүнээс харахад худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийг талууд бодитоор хэрхэн тохиролцож, ямар байдлаар хэрэгжүүлсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Худалдах, худалдан авах гэрээ нь дан ганц бичгээр байгуулагдсан эсэхээр биш, харин талуудын бодит хүсэл зориг, үүрэг үүсгэх зорилго, үүргийн хэрэгжилтээрээ хүчин төгөлдөр эсэх нь тодорхойлогдох ёстой.

2018 онд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд бичгээр байгуулагдсан боловч үнэ төлөх бодит үүрэг үүсгэх хүсэл зориг байгаагүй, харин улсын бүртгэлд бүртгүүлэх, татвар бага төлөх зорилгоор байгуулсан.

Энэ нь 2018 оны гэрээгээр төлбөр төлөх үүрэг үүсээгүй, өөрөөр хэлбэл, үүрэг үүсгэх зорилгогүй, бодит харилцааг илэрхийлээгүй дүр үзүүлсэн хэлцэл болохыг харуулж байна.

4.2. Анхан шатны шүүх хариуцагчийн гэрээний үнэ 500,000 ам.доллар байсан, уг үнийг 2016- 2017 онд хоёр хуваан төлсөн" гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн банкны дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэн. Гэвч тухайн хоёр гүйлгээ нь хариуцагчаас хийгдээгүй, гуравдагч этгээдээс орж ирсэн гүйлгээ байхаас гадна, нэхэмжлэгч эдгээр гүйлгээг орон сууцны үнэ гэж хүлээн авснаа зөвшөөрөөгүй. Хариуцагчийн гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүрэгтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Талууд 2016 оны 10 дугаар сарын 26, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах зорилгоор гэрээ байгуулж, гэрээний үнэ болох 500,000 ам.долларыг хариуцагч төлсөн болох нь гүйлгээний баримт, дансны хуулгаар нотлогдсон. Нэхэмжлэгч нь татварын хэмжээг бууруулах зорилгоор гэрээний үнийн дүнг өөрөөр тусган бүртгүүлсэн гэх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг дүр үзүүлэн хийсэн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь гэрээ хүчин төгөлдөр, гэрээнд заасан төлбөрийг төлж барагдуулж өмчлөгч болсон гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан боловч уг шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэхээс илүүтэй нэхэмжлэлийн үндэслэлд хамаарах шинжтэй байна. Учир нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу уг хэлцлийн үр дагаврыг шүүхээс шийдвэрлэх учиртай.

Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахын зэрэгцээ гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах хүсэл зоригоо илэрхийлж, энэ талаар зохигчид мэтгэлцсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын агуулга, талуудын мэтгэлцээний хүрээг харгалзан үзэхэд анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

3. ******* нь Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол /14250/, Сөүлийн гудамж ****** дугаартай барилгын, 8 дугаар давхар тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн ******* дугаартай, 324 м.кв талбай бүхий, оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар *******тай 2016 оны 10 дугаар сарын 26, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тус тус гэрээ байгуулжээ.

 

3.1. Гэрээний үнийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд 500,000 ам.доллар, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн гэрээнд 108,000,000 төгрөг гэж заасан.

Үүнээс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээнд 500,000 ам.долларыг хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 05, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данс руу шилжүүлж төлж барагдуулсан болох нь уг дансны хуулга, Япон улсын иргэн ******* *******гийн олгосон апостилиор баталгаажуулж ирүүлсэн үүрэг дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.

 

3.2. Харин 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан гэрээнд үндэслэн хариуцагч нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгджээ.

 

3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

4. Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан боловч хэргийн маргааны хүрээ, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээг мөн хамтатган авч үзэж, эрх зүйн дүгнэлт өгсөн нь үндэслэлтэй байна.

Учир нь дээрх гэрээнүүд нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол /14250/, Сөүлийн гудамж ****** дугаар барилгын 8 дугаар давхарт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаартай, 324 м.кв талбай бүхий оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах зорилгоор талуудын хооронд дараалан байгуулагдсан бөгөөд нэг объекттой холбоотой, харилцан хамаарал бүхий гэрээнүүд болно.

4.1. Талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.2. Уг гэрээнд заасан 500,000 ам.долларын төлбөрийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч нь уг төлбөрийг хариуцагч өөрөө шилжүүлээгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болох бөгөөд энэ тохиолдолд төлбөрийг хариуцагчийн өмнөөс бусад этгээд дамжуулан шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон тул төлбөрийг заавал үүрэг гүйцэтгэгч өөрөө шилжүүлэх ёстой гэж дүгнэхгүй.

Мөн нэхэмжлэгч нь өөрийн дансаар хүлээн авсан 500,000 ам.доллар нь өөр эрх зүйн харилцаанд хамаарах болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

4.3. Ийнхүү гэрээний үнийг төлснөөр хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийн хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгчид өмчийн хэлцлийн хүрээнд үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх замаар хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг үүсжээ.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөл шилжих талаар заасан.

Энэ хуулийн шаардлагыг хангах зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр талууд дахин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагчид шилжсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Түүнчлэн анх тохиролцсон гэрээний үнэ бүрэн төлөгдсөн, талууд гэрээг бодитоор хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг талуудын хүсэл зоригт нийцээгүй, эсхүл хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл байгуулагдсан гэж дүгнэхэд шаардлагатай хэлцлийг хийх бодит хүсэл зориггүйгээр гадаад илэрхийлэл бий болгосон нөхцөл байдал тогтоогдоогүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах явцад гэрээний үнийг бууруулж тусгасан нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэрээний үнийг бууруулж дахин гэрээ байгуулсан нь талуудын анх байгуулж хэрэгжүүлсэн худалдах, худалдан авах гэрээний харилцааг үгүйсгэх, мөн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй юм.

Учир нь өмнө дурдсанчлан хүчин төгөлдөр гэрээний харилцаа, талуудын хүсэл зоригт үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн гэрээг байгуулсан тул зөвхөн үнийг бууруулсан гэх үндэслэлээр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний үргэлжлэл болсон уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцохгүй.

 

4.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т нийцжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2026/00444 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 697,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Т.БАДРАХ