| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2025/04541/И |
| Дугаар | 210/МА2026/00643 |
| Огноо | 2026-03-23 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2026/00643
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09753 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
*******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр 23-ны өдрийн Б-36 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар тушаалаар надад хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 15-ны өдрийн хоорондох хугацаанд *******-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явагдаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлаар тушаал гаргаж буй ******* нь уг сонгон шалгаруулалтад надтай хамт өрсөлдөж буй гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч этгээд юм. Уг этгээд хувийн ашиг сонирхлын үүднээс өөрийн өрсөлдөгч этгээдийг харлуулах, өөртөө давуу байдлыг бий болгох санаа зорилготойгоор огт үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан.
Компанийн төлөөлөн удирдах зөвлөл нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хуралдсан бөгөөд уг хуралдаанд миний бие оролцогч этгээд бус, хурал дундуур дуудаж гэнэтийн байдлаар миний гүйцэтгэх ажил үүрэгтэй хамааралгүй бизнес төлөвлөгөө байгаа үгүйг асуусан бөгөөд уг төлөвлөгөө байхгүй болохыг хэлж огт худал мэдээлэл хүргээгүй, бодит нөхцөл байдлыг танилцуулсан.
Гэвч дээрх мэдээллийг огт шалган тогтоогоогүй атлаа худал мэдээлэл гэж үзэж, ажил үүрэгтэй хариуцлагагүй хандсан гэх үндэслэлийг зааж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй.
Иймд *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 сарын 23-ны өдрийн Б-36 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Захиргаа удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод зааснаар албан тушаалын зорилго нь компанийн стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө, дээд шатны байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах... гэж заасан байдаг бол албан тушаалын зорилт 1-д компанийн үндсэн чиг үүргийн хүрээнд урт болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах гэж заасан.
******* нь стратеги төлөвлөгөөг 5 жилийн хугацаатай баталдаг энэ жилийн 8 дугаар сард дуусаж байгаа шинээр батлуулна гэж хэлсэн боловч 2022-2026 оны стратеги төлөвлөгөөний төслийг 4 жилийн хугацаатай боловсруулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр батлуулахаар 1/756 тоот албан бичгээр *******-т хүргүүлсэн байдаг.
2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ТУЗ-ийн хурал дээр захиргаа удирдлагын газрын дарга *******компанийн стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний талаар хийсэн танилцуулгыг худал мэдээлэл өгөөд аргалаад гарч байна гэж шүүмжилж, сануулах арга хэмжээ авах талаар гүйцэтгэх захиралд үүрэг өгсний дагуу ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах арга хэмжээ авсан.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан, *******д ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сахилгын хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Захиргааны нэгжийн дарга нь байгууллагын удирдах түвшний албан тушаалтан бөгөөд түүний үүрэг нь зөвхөн ажлын байрны тодорхойлолтын шууд заалтаар хязгаарлагдахгүй, харин албан тушаалын шинж чанар, байгууллагын бүтэц, чиг үүргээс урган гардаг.
Удирдах албан тушаалтны хувьд байгууллагын бодлого, стратеги, төлөвлөгөөний баримт бичгийг боловсруулах, батлуулах ажлыг зохион байгуулах, удирдлага болон ТУЗ-ийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, батлагдсан стратеги, төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг хангах үүрэгтэй.
Захиргаа удирдлагын газрын дарга асан ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ТУЗ-ийн хурал дээр "стратеги төлөвлөгөөг 5 жилийн хугацаатай баталдаг, энэ жилийн 8 сард дуусаж байгаа шинээр батлуулна." гэж хэлсэн нь бодит байдалтай нийцээгүй.
Манай байгууллага стратеги төлөвлөгөөг 4 жилийн хугацаатай баталдаг. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр батлуулахаар 1/756 тоот албан бичгээр *******-т хүргүүлсэн. Бизнес төлөвлөгөө ерөөсөө баталж байгаагүй гэдэг нь дээрх үйл баримтаар тогтоогддог бөгөөд захиргааны дарга хийх ёстой ажлаа огт хийгээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна.
ТУЗ-ийн хурлаар Захиргаа удирдлагын газрын дарга *******д холбогдох арга хэмжээ авахыг *******-ийн удирдлагад сануулж, эргэн танилцуулахыг үүрэг болгосон.
ТУЗ-өөс өгсөн чиглэлийн дагуу гүйцэтгэх захирал аpra хэмжээ авах шийдвэр гаргасан байхад нэхэмжлэгч "тушаал гарах талаар надад мэдэгдээгүй, би мэдээгүй" гэж тайлбарлаж байгаа нь өөрийн албан үүрэг, хариуцлагаас зайлсхийх зорилготой тайлбар гэж үзэх үндэслэлтэй. Учир нь тухайн тушаал нь гарахаас өмнө нэхэмжлэгчид заавал урьдчилан мэдэгдэх хуулийн шаардлага байхгүй.
Ногдуулсан "ганцаарчилсан хаалттай сануулах" шийтгэл нь зөрчлийн шинж чанарт тохирсон, хэтрүүлээгүй арга хэмжээ юм.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь аливаа сахилгын зөрчил гаргаагүй бөгөөд ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар мэдэгдэж, тайлбар авах журмыг хэрэгжүүлсэн баримт хэрэгт авагдаагүй. Мөн зөрчлийг шалгаж тогтоосон ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт байхгүй, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд мэдээлэл хүргэсэн гэх асуудал нь хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолттой холбоогүй тул эрх зүйн үр дагавар үүсгээгүй.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын шинжтэй болон тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд худал мэдээлэл өгсөн учир зохих чиглэлийн дагуу сахилгын шийтгэл ногдуулсан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
3. *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар тушаалаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралд худал мэдээлэл өгч үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Захиргаа удирдлагын газрын дарга *******д Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасан өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
3.1. *******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны үед Захиргаа удирдлагын газрын дарга ******* нь стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөө байгаа эсэх талаар асуухад, Стратеги төлөвлөгөөг 5 жилээр баталдаг, бизнес төлөвлөгөө тусгайлан баталдаггүй, Бизнес төлөвлөгөөг ашиг алдагдал талаасаа Санхүү хөрөнгө оруулалтын газар хариуцаад явах ёстой хэмээн хариулсан болох нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдсон байна.
3.2. Захиргаа удирдлагын газрын даргын ажлын байрны тодорхойлолтод зааснаар албан тушаалын зорилго нь компанийн стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө, дээд шатны байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зорилт нь компанийн үндсэн чиг үүргийн хүрээнд урт болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах гэж заажээ.
Мөн *******-ийн 2022-2026 оны Стратеги төлөвлөгөө-ний төслийг 4 жилийн хугацаатай боловсруулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1/756 тоот албан бичгээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хүргүүлсэн байна.
3.3. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4. Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ажилтанд мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг явуулаагүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүхээс ажилтан сахилгын зөрчил гаргасан эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэнэ.
4.1. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанд Захиргаа удирдлагын газрын дарга ******* нь стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөний талаарх асуултад хариулахдаа худал мэдээлэл өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, ажил олгогч зохих шалгалтын ажиллагааг явуулаагүй.
Нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод зааснаар бизнес төлөвлөгөө батлах чиг үүрэггүй бөгөөд стратеги төлөвлөгөөг холбогдох байгууллагад хүргүүлсэн, мөн түүний Төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн мэдээлэл нь компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй байна.
Түүнчлэн Захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалын зорилго, зорилт нь компанийн стратеги, гүйцэтгэлийн төлөвлөгөө болон дээд шатны байгууллагын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, урт болон дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулах, батлуулах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулахад чиглэсэн.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажлын байрны тодорхойлолтод заасан дээрх чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Төлөөлөн удирдах зөвлөл, компанийн гүйцэтгэх удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд ажиллах ёстой байх бөгөөд бие даасан байдлаар шийдвэр гаргах эрх хэмжээгүй байна.
4.2. Иймд ажил олгогчийн тушаалд заасан сахилгын зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй, ажил олгогч сахилгын шийтгэл ногдуулахдаа ажилтанд урьдчилан мэдэгдэж, тайлбар аваагүй тул анхан шатны шүүхээс *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцсэн байна.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын шинжтэй алдаа гаргасан, мөн тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хуваарилаагүй байгааг тус тус залруулна.
5. Дээрх үндэслэлээр, анхан шатны шүүхийн гаргасан найруулгын шинжтэй болон тэмдэгтийн хураамжийн хуваарилалтын алдааг залруулж, зарим үйл баримтад нэмж эрх зүйн дүгнэлт өгөх замаар шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/09753 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б-36 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Т.БАДРАХ