Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 144

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч Ё.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч Ё.Лд холбогдох 1930000000177 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат, 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Мон цемент ХХК-д савлахын оператор ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ё.Л. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ё.Л нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн орчимд  хохирогч С.Оын толгойд гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны язарсан шарх, дух, зүүн шанаа, хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч Ё.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Эрүүгийн 1930000000177 дугаартай хэргээс: 

 

Ё.Л яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны орой наадмын талбай дээр бөх үзэж дуусаад 20-21 цагийн орчим найз Птой Сүхбаатарын талбайд явж байтал цэрэгт хамт алба хаасан Наранбаатар ирээд С.О гэдэг хүүхэд өөрийг нь жаахан хүүхдээр цохиулж, халаасыг нь нэгжсэн гэж надад хэлсэн. Тэгээд явж байгаад С.Отай тааралдаж би араас нь буюу хүзүү орчим хэсэгт гараараа нэг удаа цохитол нүүрээрээ газар унаж ухаан алдсан.  Түргэн ирж  С.Оыг аваад явсан. С.О нь намайг цохих үед зүгээр байсан. Надад цохиулж газар унахдаа дээрх гэмтлүүдийг авсан байх гэх мэдүүлэг /хх-20-21х/

 

Хохирогч С.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн орчим наадмын талбайн бөхийн асрын хажууд миний таних охинтой /нэрийг нь мэдэхгүй/ нэг залуу сууж байхаар нь дуудаж уулзаад чи яагаад манай найзтай явж байгаа юм би мутай боксоор хичээллэдэг шүү гэтэл тэр залуу зугтаагаад яваад өгсөн. Удалгүй би дүүгээ дагуулаад Сүхбаатарын талбай дээгүүр явж байтал наадмын талбай дээр тааралдсан залуу Лхагва гэдэг залуутай явж байсан бөгөөд гэнэт миний араас хүн цохих шиг болтол би газар толгойгоороо ойчоод өгсөн. Би өөр юм санахгүй байна. Миний тархи доргисон. Толгойн орой хэсэг язарсан шанаа болон дух зулгарсан. Эдгээр гэмтлүүдийг би цохиулснаасаа болж газар унахдаа авсан. Наадмын талбай дээр тааралдсан залуугийн найз нь Ё.Л юм байна лээ. Тэгээд наадмын талбай дээр болсон асуудлыг Лхагвад хэлэхэд найзыгаа өмөөрч Ё.Л нь намайг зодсон байх гэж бодож байна. Миний зүгээс гаргах санал хүсэлт гомдол байхгүй. Би шүүх хуралдаанд оролцмооргүй байна. ”... гэх мэдүүлэг /хх-4х/

 

Гэрч М.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед наадмын талбай буюу төв цэнгэлдэхийн зүүн талд байрлах тоглоомууд дээр тоглож байхад нэг хүүхэд над руу ирээд “таныг дуудаж байна” гэх хэлэхээр нь би очсон чинь 27 орчим насны танихгүй эрэгтэй хүн надаас мөнгө нэхсэн. Тэгээд тэр хэлэхдээ “мөнгө байхгүй бол 3 удаа цохино. Өвдөг, тохой, эрүү, шанаа гэдэг 3 цохилтыг мэдэх үү?” гэж хэлэхээр нь би “одоо үед зодолдож болохгүй шүү дээ, надад мөнгө байхгүй” гэж хэлсэн чинь хажууд нь байсан намайг дагуулж очсон дүүгээ” халаасыг нь нэгж, чамайг цохих юм бол ах нь арыг нь даана” гэж хэлсэн. Тэгээд дүү нь намайг 2 удаа хэвлий рүү цохисон. Тэгэхээр нь би эсэргүүцэл үзүүлэлгүй зугтаасан. Зугтаагаад талбай дээр очтол намайг сүрдүүлж байсан хүн, дүүтэйгээ тэнд байсан. Тэгээд би найз болох Лхагваатай уулзаад байж байтал тэр хоёр хүрээд ирсэн. Тэгээд бид хоёрыг хойшоо гаръя гэхээр нь манай найз Лхагваа сандарсандаа тэр ахыг нь шилэн хүзүү рүү нь цохисон. Тэр хүн газарт унаж түргэн тусламжийн машин удалгүй ирж тэр хүнийг аваад явсан. Би хойд зүг рүү зугтаагаад, манай найз Лхагва цагдаа нарт баригдчихсан байсан. ” гэх мэдүүлэг /хх-8х/

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай дүгнэлтэд: 1. С.Оын биед тархи доргилт, хуйхны язарсан шарх, дух, зүүн шанаа, хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэжээ /хх-10/,

Хохирогч С.Оын аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт /хх-32х/, 

Шүүгдэгч Ё.Лын  аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт /хх-33х/, 

  Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 5/18 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай  прокурорын тогтоол  /хх-24/ 

Ё.Лын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-22/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Ё.Л нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн орчимд хохирогч С.Оын толгойд гараараа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйхны язарсан шарх, дух, зүүн шанаа, хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ё.Лын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.О, гэрч М.Н нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 376 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Ё.Лд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Ё.Лын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

Шүүгдэгч Ё.Лын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ё.Лын хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Ё.Л хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч С.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Прокуророос Ё.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ё.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч Ё.Лд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Ё.Лын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч Ё.Лын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 Шүүгдэгч Ё.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ё.Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Лыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Ё.Лд оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Ё.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ё.Лд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

 6. Ялтан Ё.Л энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА