Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 013/2017/00091/и |
Дугаар | 001/ХТ2018/00091 |
Огноо | 2018-01-16 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2018/00091
Б.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2017/00303 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2002 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: “БЦМҮХХК-д холбогдох
2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 9 622 125 төгрөг, дутуу бодож олгосон цалин 33 855 төгрөг, хохиролд 604 047 төгрөг, нийт 10 260 027 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Б.Мын нэхэмжлэл болон тайлбарт: Тус компанид Хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежерийн ажилд 2015-01-13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байхад 2016 оны 4 дүгээр сард ажлаас чөлөөлсөн. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-09-16-ны өдрийн 394-р шийдвэрээр ажилдаа орох болсон ч биелүүлээгүй.Иймд албадан гүйцэтгэх захирамж гарсан. Гүйцэтгэх хуудас авсны дараа 2017-02-23-ны өдөр Багануур дүүргийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт хандан гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, урамшуулалын гэрээ байгуулсан. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан шаардлага удаа дараа тавьсны дагуу 2017-03-27-ны өдөр 17/030 тоот хөдөлмөрийн гэрээ, 2017-03-28-ны өдөр 17/035 тушаал гаргаж нэг хувийг өгсөн. Иймд 2016-09-16 -ны өдрөөс 2017-03-26-ны өдөр хүртэлх цалин хөлс 9 622 125 төгрөг, 2017-03-27-ны өдөр 11 цаг өнгөрөөж ирсэн шалтгаанаар тухайн өдрийн цалинг дутуу бодсон зөрүү 33 855 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын гэрээгээр олгосон 604 047 төгрөг, нийт 10 260 027 төгрөг гаргуулж, 2016-09-16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарыг дуустал нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбарт: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Өмнөх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдалд нэхэмжлэгч өөрөө гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхийн 2016-11-14-ний өдрийн магадлалыг хариуцагч 2016-12- 07-ны өдөр хүлээн авсан. Энэ хугацаанаас хойш тоолж аль нэг тал гомдол гаргаагүй бол шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон гэж үзэх ёстой. Үүнээс харахад он дуустал шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ хугацаанд нэхэмжлэгчийг ажилдаа орооч гэж хэлсэн, мессеж бичсэн. Өөрөөр хэлбэл, 2016 оны 9 дүгээр сард энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байсан. Нэхэмжлэгчийг ажилд нь оруулах гээд дуудахад ирэхгүй байсан. Нэхэмжлэгч өөрөө энэ ажилд ажиллах сонирхол байхгүй байсан. Энэ ажилдаа оронгуутаа ээлжийн амралтаа аваад ажлаасаа гарсан. Нэхэмжлэгч энэ хугацаанд ажлаа хийж чадаагүйд хариуцагч буруугүй. Дутуу бодож олгосон ажлын цагийн хөдөлмөрийн хөлсийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ тухай баримтуудыг хавтас хэрэгт өгсөн. Нэгэнт дутуу ажилласан нь үнэн учраас ажилласан цагт нь цалин бодож олгох нь зүйд нийцнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн зардал гэж нэхэмжилсэн. Энэ мөнгийг төлсөн баримт хэрэгт байхгүй байна. Өмнөх шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой мөнгөнөөс 5 сая гаран төгрөг үлдсэн байсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансаар дамжуулан төлсөн. Хариуцагч байгууллага нийт 4 удаа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон мөнгийг төлж байсан. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын мөнгийг 2016 онд багтаан төлж барагдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2017/00303 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Багануурын цахилгаан механикийн үйлдвэр" ХХК-иас 9 994 860 төгрөг гаргуулж Б.Мт олгож, нэхэмжлэлээс 637 902 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Б.Мын нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 179 120 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 174 868 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2002 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2017/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон хяналтын гомдолдоо: “...шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 637.902 төгрөгийг хэрэгсэхгүй болгох тухай хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хүлээн зөвшөөрч байна. Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9.994.860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгч Б.Мын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Хариуцагч талаас ажилд нь эгүүлэн тогтоосон талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн тухайгаа нотлох зорилгоор үүрэн телефоны операторын үйл ажиллагаа эрхэлдэг компаниас холбогдох дугааруудын дуудлага, мессеж лавлагаа гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн аваагүй, хүсэлтийг хангахаас татгалзсан. Энэ байдлыг давж заалдах шатны шүүх буруутгах боломжгүй хэмээн дүгнэсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэрэг хянан шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх энэ асуудлыг буруутгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд ...шийдвэр, ...магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ :
Б.М 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “БЦМҮХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 9.622.125 төгрөг, дутуу олгосон цалин 33 855 төгрөг, хохирол 604 047 төгрөг нийт 10 260 027 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг шаардсан байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацааны олговор 9.994.860 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Б.М “БЦМҮХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, чанарын менежерийн ажилд Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 394 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1865 тоот магадлалаар ажилд эгүүлэн тогтоогдсон, уг шийдвэр 2017.03.27-ны өдөр биелэгдсэн байх тул энэ хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүх нэхэмжлэгчид олгож шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна.
2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө Б.Мыг ажилд нь томилсон тушаал хэрэгт байхгүй тул “..нэхэмжлэгчийг ажилд нь оруулах зорилгоор дуудсан...” гэх үндэслэл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй .
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 103/ШШ2017/00303 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2002 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 174.867 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ