| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03406/И |
| Дугаар | 210/МА2026/00215 |
| Огноо | 2026-01-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00215
2026 01 26 210/МА2026/00215
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Хулан, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10132 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б-535 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ажил хавсран гүйцэтгэсэн цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* би ******* ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан ба Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Г.Ч*******-ийн ёс зүйгүй үйлдлийг илчлэн ёс зүйн хороонд мэдээлснээс үүдэн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өгөөд хүчингүй болгуулсан өргөдлөөр сүрдүүлэн хүсээгүй байхад ажлаас хүчээр чөлөөлсөн. Энэ талаар удаа дараа удирдлагуудад мэдэгдэж эрхээ хамгаалуулахаар хандсан.
1.2. 2024 оны 10, 11, 12 дугаар сарууд болон 2025 оны 01 дүгээр сард хавсран гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд 11 дүгээр сарын хавсран гүйцэтгэгчийн цалинг дараа нөхөж олгоно гээд олгоогүй.
1.3. Миний бие хагалгаанд орсон байгаа тул Сүхбаатар дүүргийн маргаан шийдвэрлэх хуралд оролцож чадаагүй. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б-535 тоот тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ажил хавсран гүйцэтгэсэн цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь "*******" ХХК-д ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.1.3, 78.1.9-т заасныг болон *******-аас ирүүлсэн 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ажлаас гарах тухай өргөдлийг тус тус үндэслэн ажилтны санаачилгаар хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Хөдөлмөрийн харилцааг *******-ын хүсэлтийн дагуу цуцалсан тул тус нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.
2.2. 2024 оны 11 дүгээр сарын ажил хавсран гүйцэтгэж байсан цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.8-д тус тус заасны дагуу хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлсний үндсэн дээр шүүхэд хандахаар хуульчилсан. Гэвч нэхэмжлэлд хавсаргасан баримтаас харахад хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст тус ажил хавсран гүйцэтгэсэнтэй холбоотой хандаагүй байна. Тус шаардлагатай холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байх тул тус шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс *******-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б-535 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 38,156,160 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсэн цалин 1,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,750 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10132 дугаар шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга *******-ийн хэлсний дагуу өөрийн хүсэлтээр гээд өргөдөл бичсэн болно. /2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 48 минутын тиймс чатаар нотлогдоно/ 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр болон 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өргөдлөө өөрчилье гэхэд өргөдлийг буцааж өгөөгүй. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ахлах Ш.Б******* дуудаад яаралтай ажлаа хүлээлгэж өгөөд гарчих гэж ятгасан. Тухайн өдрийн орой ажлаас гарахгүй үргэлжлүүлэн ажиллана гэхэд би тэгвэл хүн хайхгүй юм байна гэж ярилцаж тохирсон. 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг буцаан өгөхгүй байгаа талаар, 01 дүгээр сарын 15-ны өдөр хүчээр ажлаас гаргах оролдлого хийсэн талаар удирдлагуудад мэдэгдсэн. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр намайг ажлаа хүлээлгэж өгч байгаа гэхэд нь би гайхаж хуульч Э.С*******-д хандсан. 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 4 өдөр очиж н.Н******* захиралд хандсан, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр и-мэйл бичсэн боловч хариу өгөөгүй. 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгууллагын гурван талт хороонд хэмээн хаяглаж асуудлаа шийдвэрлүүлэхээр хандсан боловч хуульч Э******* манайх гурван талт хороогүй байгууллага гэсэн. Тэр өдрөөс хойш 2 хагалгаанд орон байнгын эмчилгээтэй ч хуульд заасан хугацааг хэтрүүлэлгүй асуудлаа шийдвэрлүүлэхээр удаа дараа хандаж байна. Миний хувьд байнга эмнэлгээр явах болсноо мэдсэн тул ажлаас гарах, өөр ажилд орох боломжгүй байсан болно. Тус байгууллагын бүх хүнд хандсан ч үр дүнд хүрээгүй.
4.2. Байгууллагын ёс зүйн хороонд 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 24 хуудас өргөдөл өгсөн. 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ёс зүйн хорооны дүгнэлт гарч Г*******-г ёс зүйн хэм хэмжээ зөрчин зөрчил гаргасан нь баримтаар нотлогдсон гэж дүгнэсэн.
4.3. Мөн гэрч Ш.Б******* шүүх хуралдаанд худал мэдээлэл өгөхгүй гэсэн боловч шүүхийн танхимд Хүний нөөцийн сонгон шалгаруулалт явуулсны дараа найзаасаа зөвлөгөө авсан гэж сарын сүүлээр хэлсэн гэсэн. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны орой найзаасаа зөвлөгөө авсан, ажлаас гарахгүй гэдгээ мэдэгдсэн мөн Ш.Б******* ахлах би хүн хайх шаардлагагүй байна гэж ярьсан 4 минутын бичлэг байгаа болно. Тус бичлэгийг анхан шатны шүүхэд нотлох баримтаар өгөх хүсэлт гаргахад нөгөө талаас цуцлуулсан. Тухайн хүмүүс шүүхийн танхимд худал мэдээлэл өгч байгаа тул би энэхүү бичлэгээр ажлаас гарах бодолгүй байснаа нотлох хүсэлтэй байна. Хүсэлтийг минь хүлээн авч үнэн мөнийг тогтоон өгч тусална уу гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өргөдөл өгсөн боловч хэсэг хугацааны дараа Хуульч найзаасаа зөвлөгөө авахад чи өөрийн хүсэлтээр биш ажил олгогчийн санаачилгаар ажлаасаа гар гэж хэлсэн учир би өргөдлөө буцааж аваад засаад өгье гэж авсан боловч өгөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн оронд ажиллах хүнийг авах сонгон шалгаруулалт явагдаж байсан. Тухайн сонгон шалгаруулалт дуусаж байх үед ажил олгогчийн зүгээс өргөдлөө буцаагаад өгөх үү гэж асуухад ямар ч засвар оруулаагүй өргөдлөө буцааж өгсөн. Нэхэмжлэгчийг өргөдөл бичихэд болон ажлаас гарах хүсэлтээ илэрхийлэхэд нь ажил олгогчийн зүгээс ямар нэгэн байдлаар хүч хэрэглэсэн, дарамталсан, айлган сүрдүүлсэн үйл баримт нотлогддоггүй. Нэхэмжлэгчийн ярьж буй тиймс чат болон и-мэйлийн талаар хариуцагчийн зүгээс маргаагүй бөгөөд ийм баримт байсан байна гэж анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед тухайн баримтыг үнэлсэн. Гэтэл тухайн баримтаар чи өргөдлөө ингэж бич гэж ятгасан гэх нэхэмжлэгчийн ярьж байгаа зүйл огт нотлогддоггүй. Нэхэмжлэгч албан тушаал дэвшье, цалингаа нэмүүлье гэх хүсэл зоригтой байсан бол би албан тушаал дэвшмээр байна, миний цалинг нэмж өгнө үү гэх агуулгатай өргөдөл гаргах ёстой байсан. Гэтэл намайг ажлаас чөлөөлж өгнө үү гэх агуулгатай өргөдөл гаргасан учир ажилтныг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэж ойлгосон. Нэхэмжлэгч *******-тэй юу гэж ярьсан нь тиймс чат болон и-мэйлээр нотлогддоггүй. Нэхэмжлэгч би өмнө нь өгсөн өргөдлийнхөө дагуу ажлаасаа гармааргүй байна гэдэг асуудлын талаар 01 дүгээр сарын 30-ны өдөр и-мэйл бичсэн байдаг. Гэтэл бүх шийдвэр гарсан, дараагийн хүнээ сонгон шалгаруулсан байхад нэхэмжлэгч ажлаас гаръя, оръё гэх байдлаар тоглоод байж болохгүй.
5.2. Нэхэмжлэгч анх туршилтын хугацаагаар ажилд орохдоо сургалтын менежер гэх албан тушаалд 3 сарын хугацаатай ажиллаж, 07 дугаар сард жинхэлсэн. Түүнчлэн 08 дугаар сард хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр хүний нөөцийн менежер гэх албан тушаалд сэлгэж ажиллуулсан байдаг. Нэхэмжлэгч энэ бүх хугацаанд сургалтын менежер болон хүний нөөцийн менежерийн албан тушаалд ажиллахдаа өөрөө хүлээн зөвшөөрч, цалин хөлсөө тохирсон бөгөөд нэхэмжлэгчийн цалин тодорхой хэмжээгээр 3 удаа нэмэгдсэн байдаг. Түүнчлэн 4 сарын хугацаанд хүний нөөцийн менежерийн албан тушаалын ажлыг хийсэн бөгөөд бусдыг ажилд авах болон чөлөөлөх гэх мэт процессыг дүгнэж сурсан. Гэтэл одоо эрх зүйн бүрэн чадамжтай хүн атлаа удирдах албан тушаалтан надаар хүчээр өргөдөл бичүүлсэн гэж ярьж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитой, үнэн зөв дүгнэлт хийсэн, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-д холбогдуулан 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б-535 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ажил хавсран гүйцэтгэсэн цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тул нэхэмжлэл үндэслэлгүй, ажил хавсран гүйцэтгэсэн цалинтай холбоотой урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж маргажээ.
3. Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч биелүүлсэн байх тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авч маргааныг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. /хх-5-7, 31-33х/
4. Нэхэмжлэгч *******нь ******* ХХК-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байгаад ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/351 тоот тушаалаар *******-ын өөрийн хүсэлтээр [U1] нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалжээ. /хх-34, 39-40х, 84х/
5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй бөгөөд ажилтан ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн хүний нөөц, хөгжлийн газарт бичгээр ...өөрийн чадамжийн дагуу борлуулалтын чиглэлээр цалин сайн ажилд орох хүсэлтэй байгаа тул 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үүрэгт ажлаас минь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож өгч тусална уу гэсэн өргөдлийг гаргажээ. /хх-20х/
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу дээрх өргөдлийн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахад нэхэмжлэгч ******* нь өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэл зоригийг ажил олгогчид илэрхийлсэн байна.
Нэхэмжлэгч нь уг өргөдлийг өөрийн гараар бичиж, Хүний нөөцийн ахлах менежер Ш.Б*******-д хүлээлгэн өгсөн талаар маргаагүй.
5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-ыг өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахад нь ажил олгогчийн зүгээс ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч *******-ын тайлбарласан Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга *******-ийн хэлснээр цалингаа нэмүүлэхээр өргөдөл бичсэн, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга *******-ийн ёс зүйгүй үйлдлийг илчлэн ёс зүйн хороонд нь мэдээлснээс үүдээд ажлаас нь хүчээр чөлөөлсөн, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлгүй байгаа талаараа ажил олгогчид мэдэгдсэн гэх нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.
Байгууллагын дотоод сүлжээ дэх харилцах чат /teams chat/-д 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цаг 48 минутад өргөдлөө өнөөдөр марталгүй баянзулд өгөөрэй, би мартана шүү гэж бичсэн байдлаар нэхэмжлэгч *******-ыг өөрийн хүсэлтээр бус, Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга *******-ийн хэлсний дагуу өргөдөл бичсэн гэж дүгнэх боломжгүй юм.
5.3.******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б-535 тоот тушаалаар *******-ын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөр ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлд нийцжээ.
Иймд анхан шатны шүүхийн нэхэмжлэгч *******-ын ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б-535 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэр үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч ******* нь ажил хавсран гүйцэтгэсэний цалингаа гаргуулах асуудлаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж /хх-31-33х/, шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасны дагуу уг маргааныг шийдвэрлэнэ.[U2]
Анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сард *******-р ажил хавсран гүйцэтгүүлэх тухай ажил олгогчийн тушаал гараагүй, нэхэмжлэгч ******* нь энэ хугацаанд ажил хавсран гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.
7. Анхан шатны шүүх талуудын маргааныг шүүхээр шийдвэрлэхэд хамаарахгүй Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5-д заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан хууль хэрэглээний алдааг давж зааалдах шатны шүүхээс залруулна.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 191/ШШ2025/10132 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 158.1.5, гэснийг 158 дугаар зүйлийн 158.1.1 гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Н.ОЮУНТУЯА