Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2026/00217

 

 

 

 

 

 

 

2026 01 26 210/МА2026/00217

 

 

 

БНХАУ-ын иргэн *******-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08276 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: БНХАУ-ын иргэн *******-ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ГХОХХК-д холбогдох,

 

450,000 юань буюу 223,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. БНХАУ-ын иргэн ******* нь ******* ГХОХХК-тай хамтран ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хариуцаж байсан материал, техник хэрэгслүүдийг тус компанид хүлээлгэн өгсөн. Ажлаа хүлээлгэн өгөхдөө өмнөх цалин, урамшуулал, хувь, шимтгэл болон бусад бүх зардлуудыг тохиролцож ******* ГХОХХК нь БНХАУ-ын иргэн *******-д 500,000 юанийн нөхөн төлбөрийг 3 хувааж олгохоор тооцоо нийлсэн. ******* ГХОХХК нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50,000 юань, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 250,000 юань, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 200,000 юанийг БНХАУ-ын иргэн *******-д тус тус өгөхөөр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэлцэл байгуулж тохиролцсон боловч 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 50,000 юанийг шилжүүлж үлдэх 450,000 юанийг шилжүүлээгүй, өгөөгүй.

1.2. Өнгөрсөн хугацаанд ******* нь Ковид-19 гарсан учир БНХАУ-руу буцсан, ******* ГХОХХК-ийн захирал *******-тэй холбогдож чадаагүй. Иймд хэлцлийн дагуу Т******* ГХОХХК-иас 450,000 юань буюу 223,200,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө γγ гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Т******* ГХОХХК-ийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн ******* нь БНХАУ-ын иргэн *******-тай 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай хэлцлийг аргагүй байдалд хүчинд автаж байгуулсан. БНХАУ-ын иргэн H******* нь Т******* ГХОХХК-д хөрөнгө оруулж хамтран ажиллаад хүдэр авна гэж аман байдлаар тохиролцсон. Хөдөлмөрийн визээр очиж хөрөнгө оруулах орчноо судална гэж хэлсний дагуу оруулж ирсэн нь манай буруу болсон. БНХАУ-ын иргэн *******манай компанийн гүйцэтгэх удирдлагаар ажилладаг байсан. Тухайн үед Дорноговь аймагт уурхайн үйл ажиллагааг хариуцдаг байхдаа компанид их хэмжээний хохирол учруулсан. БНХАУ-ын иргэн ******* нь байнга ёс бус үйлдэл гаргадаг байсныг БНХАУ-ын иргэн G******* тэвчээгүй. Маргаан үүсээд уурхайгаас яв гэж шаардаж 2,3 удаа зодуулан зөөлөн эдийн бэртэл авч байсан. Сүүлдээ 500,000 юань өгвөл явна гэсэн учир арга буюу түүнийг Монгол улсаас явуулахын тулд гэрээ байгуулсан. 50,000 юанийг хил гарснаар өгнө гэдэг гэрээний заалтаас хүчинд автсан гэдгийг тодорхой харах байх. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай хэлцлийн 5 дугаар заалтад нэхэмжлэгч нь "Т*******" XXK-иас 200,000 юанийн төлбөр авна эсхүл дүйцүүлэх хүдэр авна гэж тохиролцсоноос хөрөнгө оруулж хувь ашиг хүртэх, уул уурхайн бүтээгдэхүүн авах зорилготой байсан гэдэг нь тодорхой харагдана.

2.2. Гэрээг байгуулснаас хойш мөнгийг өгнө гэж хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа, мөн хуулийн 75.2.3-т заасан тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Хэдийгээр Ковид-19 гарсан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарлаж байгаа ч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шаардлага гаргах боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т******* ХХК-иас 450,000 юань буюу 223,200,000 /хоёр зуун хорин гурван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,273,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08276 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2, мөн зүйлийн 236.3-т заасныг үндэслэн "...өмнөх үүргийн харилцаа дуусгавар болсон...", "үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүрэгтэй" гэсэн агуулгаар тайлбарлаж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн.

4.2. Анхан шатны шүүх гэрээний үүрэг эсхүл хуулийн дагуу үүсэх үүрэг аль нь болохыг зөв дүгнэснээр маргаанд хамаарах хөөн хэлэлцэх хугацааг тодорхойлно. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байхаас гадна хуулийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил буюу тусгай хугацаа үйлчлэхээр байна. Хариуцагч төлбөр төлөхгүй гэх үндэслэлээ хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн агуулгаар татгалзаж тайлбар гаргаж маргасан боловч нэхэмжлэгчээс гэрээний талууд гэрээнээс татгалзсаны үр дагавар шаардах эрхийг хуулийн дагуу үүсэх үүрэг гэж үзэж, дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа бус ерөнхий хугацаа үйлчилнэ гэж үзсэн. Гэрээнээс татгалзсанаар үүсэх үр дагаварт үндсэн үүргийн гүйцэтгэлд чиглэсэн дээрх шаардах эрх дуусгавар болж, шинээр буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тохиролцоог үндэслэн хохирол нэхэмжлэх дагалдах эрх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үүрэг болж хувирдаг. Иймээс талууд гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар болох харилцан буцаах үүргийг гэрээний үндсэн үүрэг гэж үзэх үндэслэлгүй тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй, хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна.

4.3. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд маргааны талууд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр БНХАУ-ын иргэн Х*******-ы Т******* ГХОХХК-тай байгуулсан бүх хөдөлмөрийн харилцааг зогсоож, Хөдөлмөрийн гэрээ цуцлах хэлцлийг бичгээр байгуулаад эхний төлбөрийг Т******* ГХОХХК-иас БНХАУ-ын иргэн *******-ыг Монгол улсын хилээр гарсны дараа 50,000 юаний төлбөр хийх, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 250,000 юань, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө үлдэгдэл 200,000 юанийг тус тус шилжүүлэхээр тохиролцсон байна. Энэхүү тохиролцоогоор нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсаас гарч, тухайн өдөр нэхэмжлэгчийн дансанд 50,000 юанийг шилжүүлсэн. Харин хариуцагч нь үлдэгдэл 450,000 юанийг шилжүүлэх үүргээ биелээгүй. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр үүссэн боловч БНХАУ-ын иргэн ******* нь ******* ГХОХХК-тай байгуулсан тохиролцоогоор 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсаас гарч, 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Монгол улсад орж ирсэн, харин шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх гэрээний үүрэг гэж үзсэн бол дээрх хугацаанаас тоолоход хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад өнгөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. Дээрх баримтууд нь нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсныг, нэхэмжлэлийн хувийг гардан авсан БНХАУ-ын иргэн G******* нь нэхэмжлэлийн хувийг гардан авах эрхтэй байсан, эрхтэй бол Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан компанийн эрх бүхий албан тушаалтнаар томилсон шийдвэрийг гаргуулах ач холбогдолтой байсан гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. БНХАУ-ын иргэн ******* нь хөрөнгө оруулагч гэсэн байр суурьтай манай компанитай хамтарч ажилласан нь нэхэмжлэгч талын гаргаж өгсөн баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч нь хөрөнгө оруулагчийн визээр оршин суудаг бөгөөд Монгол улсад хөдөлмөр эрхлэх боломжгүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.5-д хөрөнгө оруулагчийн статусыг тодорхойлсон байдаг. Мөн Засгийн газрын 2021 оны 192 дугаар журмын 2.2.3-д гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч, гүйцэтгэх удирдлагаар томилогдсон гадаадын иргэд нь Монгол улсад B2 ангиллын визээр оршин сууна гэж заасан. Иймд H******* нь ************** ГХОХХК-тай хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгээгүй. Тэрээр уурхай дээр байх хугацаандаа ******* ГХОХХК-ийн эцсийн өмчлөгч болох БНХАУ-ын иргэн *******-тэй үл ойлголцож маргалдсан. Тухайн үед *******-тай хамтарч ажиллаж чадахгүй гэхэд тэрээр мөнгө нэхсэн бөгөөд аргагүй эрхэнд 500,000 юань өгсөн. Тухайн нөхцөл байдлыг шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан.

5.2. Х******* нь 2018-2019 оны ажилласан жилийн цалинг нэхэмжилдэг. ******* ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний арын хуудасны 14 дүгээр дугаарт Х*******-ийг гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байгаа. Хэрэв талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн бол яагаад 2017 оноос эхэлж цалин хөлсийг нэхэмжлээгүй юм бэ гэдэг асуудал гарч ирж байна. Энэ талаарх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй бөгөөд мөн хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд тус гэрээг хүчинд автаж байгуулсан нь үндэслэлтэй. Хэрэв тухайн гэрээг байгуулсан гэж үзвэл хуульд зааснаар шаардах эрхийн хугацаа дууссан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн ******* нь хариуцагч Т******* ГХОХХК-д холбогдуулан 450,000 юань буюу 223,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээний харилцаатай байгаагүй, хөрөнгө оруулагч, манай компанийн гүйцэтгэх удирдлага байхдаа компанид хохирол учруулсан тул уурхайгаас явуулахаас аргагүй байдалд хүрч, хүчинд автаж гэрээг байгуулсан, хилээр гарснаас хойш төлбөрийг огт шаардаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасан журмын дагуу үнэлж, зохигчийн маргааны зүйл, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна.

 

4. Талууд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* ХХК нь ажилтан *******-тай хөдөлмөрийн гэрээг цуцлах гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр ******* нь бүх төслийн ажил тоног төхөөрөмж, уул уурхайн төлөвлөгөө, ирцийн бүртгэл, нөөцийн дэлгэрэнгүй болон ажлын тэмдэглэлийн дэвтэр зэрэг бүх ажлыг J*******-д бүрэн шилжүүлэн өгөх үүрэг хүлээж, Т******* ХХК нь H*******-д 500,000 юанийн нөхөн төлбөр олгож, төлбөрийг 3 хувааж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр H******* хилээр гарсны дараа 50,000 юань, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 250,000 юань, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 200,000 юань тус тус төлөх, төлбөрийг H*******-ын хувийн данс руу шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-5-8/

 

5. Талуудын энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон төлбөр болох 500,000 юанийг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

6. Т******* ГХОХХК нь 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр үүсгэн байгуулагдаж, 2007 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс Дорноговь аймгийн Айраг сумын Дай уул нэртэй газарт орших 100 гектор талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй бөгөөд H******* нь тухайн компанид хөрөнгө оруулагч, 2014 оны 12 дугаар сараас эхлэн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь Гадаадын иргэн харъяатын газраас ирүүлсэн H*******-ийн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой баримтуудаар тогтоогдож байна. /хх-81-100х/

H******* нь Т******* ГХОХХК-ийн бүх төслийн ажил тоног төхөөрөмж, уул уурхайн төлөвлөгөө, ирцийн бүртгэл, нөөцийн дэлгэрэнгүй болон ажлын тэмдэглэлийн дэвтэр зэрэг бүх ажлыг J*******-д бүрэн шилжүүлэн өгөх, Т******* ХХК-иас 500,000 юанийн нөхөн төлбөр олгохоор харилцан тохиролцож гэрээ байгуулснаар талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх талуудыг өмнөх үүргийг солихоор тохиролцсон хэлцэл хийсэн гэх агуулгаар дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу хариуцагч Т******* ХХК нь тохиролцсон хугацаандаа төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

 

8. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд анхан шатны шүүх хэлцлийн дагуу хариуцагч Т******* ХХК-ийн сүүлийн төлбөрийн үүрэг гүйцэтгэх 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч H*******-д шаардах эрх үүссэн, хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөр хариуцагч Т******* ХХК төлбөрийн үүргээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 82 дугаар зүйлийн 82.1-д тус тус заасанд нийцсэн байна.

 

9. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан, харин гэрээнээс татгалзсаны үр дагаврыг шаардаагүй бөгөөд талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулийн дагуу үүсэх үүрэг тул хуульд заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа бус, ерөнхий хугацаа үйлчилнэ гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч нь нутаг буцаад Монгол улсад орж ирсэн нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, зогсох үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад өнгөрсөн гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ******* ГХОХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг нотлох баримтыг гаргуулаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

11. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/08276 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,273,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Н.ОЮУНТУЯА