Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1025

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Онолт /томилолтоор/, шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Л-ны М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05707 0915 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Б овогт Л-ны М, Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл дөрөв, эх, хоёр дүүгийн хамт, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Тамир хорооллын 7 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, урьд

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1618 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар дөрвөн жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

 Яллагдагч Л.М нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн компьютер тоглоомын газарт “iPhone 6” загварын гар утсаа зарна гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч иргэн Г.У-аас 110,000 төгрөгийн хохирол учруулсан;

 - 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар сургууль дээр насанд хүрээгүй хохирогч Б.Э-ийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, залилж “Samsung galaxy S-7” загварын гар утсыг залилан авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан;

 - 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.О-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, залилж “Samsung galaxy S-7” загварын гар утсыг авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан;

   - 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нүүр будалтын чиглэлээр сурч байгаа, үнэгүй нүүрээ будуулах уу гэж иргэн Б.Ю-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” худалдааны төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны салонд оруулсны дараа гадуур хувцас, цүнхтэй эд зүйлсийг залилан авч иргэн Б.Ю-д 400,720 төгрөгийн хохирол учруулсан;

- 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Н.М-ыг “би Шүр салонд сураад төгсөх гэж байгаа, багш намайг хүн олоод туршилт хийх гэсэн юм хамт ороод нүүрийг чинь цэвэрлэж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” салонд оруулсны дараа “iPhone 6S” загварын гар утсыг нь залилан авч 286,500 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 1,247,220 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

   Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Л-ны М нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн компьютер тоглоомын газарт “iPhone 6” загварын гар утсаа зарна гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч иргэн Г.У-аас 110,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар сургууль дээр насанд хүрээгүй хохирогч Б.Эмүжинийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, залилж “Samsung galaxy S-7” загварын гар утсыг залилан авч 250,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.О-ыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, залилж “Samsung galaxy J7” загварын гар утсыг авч 200,000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нүүр будалтын чиглэлээр сурч байгаа, үнэгүй нүүрээ будуулах уу гэж иргэн Б.Ю-г хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” худалдааны төвийн 4 давхарт үйл ажиллагаа явуулдаг гоо сайхны салонд оруулсны дараа гадуур хувцас, цүнхтэй эд зүйлсийг залилан авч иргэн Б.Ю-д 400,720 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Н.М-ыг “би Шүр салонд сураад төгсөх гэж байгаа, багш намайг хүн олоод туршилт хийх гэсэн юм хамт ороод нүүрийг чинь цэвэрлэж өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” салонд оруулсны дараа “iPhone 6S” загварын гар утсыг нь залилан авч 286,500 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдад 1,247,220 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Л.М-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй....” гэсэн мэдүүлэг;

1. Хохирогч Г.У-рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өчигдөр танилцсан хүүхэн байна чи завтай бол Драгон дээр хүрээд ирээч гэхээр нь би яваад очсон. Тэгээд надтай уулзаад надад “iPhone 6” маркийн гар утас байна үүнийг хямдхан авах уу гэхээр хэдэд өгөх юм гэсэн чинь 110,000 төгрөгөөр зарна гэсэн. Миний өөрийн барьж байсан утас юмаа. Хэрэв ямар нэгэн асуудал байвал 1 жилийн баталгаа өгье гэсэн. Тэгэхээр нь би мөнгө аваад ирье гээд Драгоны АТМ-ээс 80,000 төгрөг аваад өөрт байсан 30,000 төгрөгийг нэмээд эргээд яваад очсон. Тэгээд мөнгөө өгчихөөд гар утсыг аваад өөрийнхөө симийг хийж байгаад нөгөө эмэгтэйгийн дугаар луу залгаж шалгахад ямар ч асуудалгүй байсан. Тэгээд нөгөө эмэгтэй би наад утсан дээр чинь өөрийнхөө зургуудыг авах гэсэн юм хоёулаа энд байдаг ПС тоглоомын газар луу оръё гэхээр нь цуг дагаж ороод компьютер дээр очоод суусан. Тэгснээ чамд залгуур байна уу надад залгуур байдаггүй чи гараад машинаасаа залгуур аваад ирээч гэхээр нь би гараад үүдэнд байдаг гар утасны дагалдах хэрэгсэл зардаг газраас залгуур аваад эргээд очтол нөгөө эмэгтэй байхгүй болчихсон байсан ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 27-28 дугаар хуудас);

2. Насанд хүрээгүй хохирогч Н.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...19-ын автобусны буудал дээр зогсож байтал нэг эмэгтэй хүрч ирээд “Чухал” амжилтын сургалтын төвөөс явж байна, энэ “Шүр” салоныг одоо төгсөх гэж байгаа юм манай багш 5 хүн олоод туршилт хий гэсэн юм надад туслаач гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд бид 2 “Шүр” салон ороход намайг гутлаа тайлаад хэвтээрэй гэхэд гоо сайхны эгч миний нүүрэнд массаж хийж өгөөд, харин нөгөө үл таних эгч миний утсыг оролдоод хажууд сууж байсан. Удалгүй гарч картнаас мөнгө аваад ирье гэснээ миний гар утсыг аваад гарсан. Массаж хийлгэж дуусаад гоо сайхны эгчид хандан гар утсаа авъя гэхэд юу яриад байгаа юм чиний эгч нь аваад явсан шүү дээ гэсэн. Тэгэхээр нь манай эгч биш, таныг манай багш гээд байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 77-78 дугаар хуудас);

3. Хохирогч Б.Ю-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 17 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” үйлчилгээний төвийн гар утас засварын газраас гарч яваад Сүлжмэлийн автобусны буудал дээр сууж байтал “Уучлаарай юм асуух гэсэн юм. Би Чухал амжилт гээд сургуульд нүүр будалтын чиглэлээр сурдаг юм. Манай сургуулийн дадлага эхэлчихсэн байгаа. Чи надаар нүүрээ үнэ төлбөргүй будуулаач, би дадлагын тайландаа нүүрийг нь будсан хүнийхээ зургийг хавсаргаж хийдэг юм” гэж ярихаар нь би зөвшөөрсөн. Тэгээд намайг “Драгон” төвийн 4 давхарт байдаг гоо сайхны салон гэсэн бичигтэй, шилэн хаалгатай газар луу дагуулаад орсон. Би нөгөө охинтой цуг суугаад хүлээж байтал нөгөө эгч 15 орчим минутын дараа хүүхдээ дагуулаад орж ирээд “За чи энд суучих ” гээд намайг нэг орон дээр дээшээ харуулан хэвтүүлсэн. Намайг орон дээр хэвтэсний дараа надтай хамт орж ирсэн эмэгтэй “Чи гадуур хувцасаа тайлаачээ, гадуур хувцастайгаа болохгүй шүү дээ” гэж хэлэхээр нь би босоод гадуур хувцсаа барьж явсан цүнхнийхээ дэргэд тавьчихаад эргэж хэвтээд сормуусаа хийлгүүлж эхлээд байж байтал надтай хамт орж ирсэн охин би доор утсаа цэнэглүүлж байгаа доошоо бууж гар утсаа авангаа юмаа тавьчихаад ирье гэхээр нь би одоохон дууслаа, хоёулаа цуг доошоо бууя гэсэн чинь би энд байж л байна шүү дээ гэж хэлэхээр нь сормуусаа хийлгүүлж дуусчихаад босоод иртэл миний гадуур хувцас болон авч явж байсан цүнхтэй эд зүйлс маань байхгүй болчихсон нөгөө охин гараад явчихсан байсан. Би тэгээд нөгөө эгчээ ингээд болчихсон уу гэхэд мөнгөө өгөөрэй гэж хэлсэн.Тэгэхээр нь гайхаад юун мөнгө вэ би үнэгүй хийлгүүлж байгаа гэж бодсон шүү дээ. Саяны охин таны дүү биш юм уу гэж асуусан чинь “Үгүй чиний найз биш юм уу гэж асуухаар нь би биш гэж хэлсэн” Тэгээд бид 2 доошоо буугаад камер шүүсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 128 дугаар хуудас)

 4. Насанд хүрээгүй хохирогч Б.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед ангидаа байж байсан чинь манай ангийн нэг хүүхэд гаднаас орж ирээд гадаа нэг хүн манай ангийн даргатай уулзмаар байна гэнээ гэхээр нь би ангиас гарсан чинь урьд өмнө харж байгаагүй нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд надад өөрийгөө эмэгтэйчүүдийн эмнэлгийн сувилагч байгаа юм танай сургууль дээр одоо лекц уншина тэгэхийн тулд ухаалаг гар утас надад хэрэгтэй байна. Ухаалаг гар утсан дээр аппликейшн суулгах шаардпагатай байна. Тэр аппликейшнээр харж байгаад илтгэл тавих юм, чи ангиасаа нэг ухаалаг гар утастай хүүхдийн гар утсыг аваад гараад ир хоёулаа интернеттэй газар олоод апплекейшнээ татаад суулгана гэсэн.Тэгээд би анги руугаа ороод О-оос ямар гар утастайг нь асуусан чинь G7 гэсэн тэгэхээр нь надад гар утсаа өгч бай гээд аваад гарсан.Тэгээд нөгөө эгч дээр очоод өөрийнхөө болон О-оос авсан гар утсаа хамт өгсөн.Тэгээд нөгөө эгч надад чи завсарлагаа болохоор менжерийн өрөөний өөдөөс харсан шилэн өрөөнд хүрч ирээрэй гэж хэлээд явсан тэгээд би ангидаа ороод цонхоор харсан чинь нөгөө эгч сургуулиас гараад явж байхаар нь би араас нь гараад нөгөө эгчээс гар утсаа авмаар байна гэсэн чинь нөгөө эгч шал өөр юм яриад явж байгаад чи манай нөхрөөс очоод гар утасны USB аваад ир гээд манай сургуулийн урд байрлах байрны 3 дугаар орцны 1 тоотод байгаа гэхээр нь би тийшээ очоод 3 дугаар орц луу орсон чинь 1 тоот гэж байхгүй байхаар нь буцаад нөгөө эпч дээр очсон чинь байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 230-231 дүгээр хуудас);

 5. Насанд хүрээгүй хохирогч Г.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 14 цагийн үед ангидаа байж байхад манай ангийн дарга Э гаднаас орж ирээд, чиний гар утас чинь ямар юм бэ гэхээр нь би G7 гэдэг утас гэсэн. Тэгсэн чинь Э ухаалаг утас юм байна надад түр өгөөч гэхээр нь өгөөд явуулсан. Тэгээд ангидаа байж байсан чинь манай ангийн багш над дээр ирээд Э хаана байна гэхээр нь би хараагүй гэсэн чинь чиний гар утсыг алдчихсан юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би гараад захирлын өрөөнд орсон чинь Э тэнд байсан, тэр үед би гар утсаа алдсан гэдгээ мэдсэн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 16 дугаар хуудас);

 6. Гэрч Б.Б-хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эмэгтэйг орж ирээд ахаа зарах дугаар байна уу гэж асуухаар нь 88220378 дугаараа тэр эмэгтэйд 5000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 32-р хуудас);

 7. Гэрч Х.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Тэгээд би нүүрний массаж хийж дуусаад гадаа гараад зогсож байхад нөгөө эмэгтэй цаанаас 1 охин дагуулаад ирсэн. Тэгээд тэр охин над дээр түрүүлж ирээд эгчээ манай дүү байгаа юмаа би хүүхдээ цэцэрлэгээс авах больчихлоо одоо дүүгийнхээ нүүрийг цэвэрлүүлье гэсэн. Тэгээд би за тэг гэсэн. Тэгтэл нөгөө охин нэг охины хамтаар орж ирээд нөгөө жижиг охин нь надад нүүрээ цэвэрлүүлж байсан. Тэр хооронд нөгөө сормуус хийлгэнэ гэж байсан охин баахан юм асуугаад байсан. Тэгээд нөгөө нүүрээ цэвэрлүүлж байсан охины утсыг бариад 2, 3 дуу татагдсан байна гэсэн. Тэгснээ би найз охинтойгоо мөрий тавьсан байгаа. Нүүр будаж сормуус хийлгэх мөрийгөө алдсан гэсэн. Тэгээд одоо найз охин ирж байгаа та бүгдийг нийлүүлээд 90,000 төгрөгт хийгээд өг гэсэн гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд нөгөө охин хэтэвчээ ухаж байсанаа 60,000 төгрөг байна мөнгө дутаад байна, би гараад мөнгө аваад ирье гээд гараад явсан. Нилээн удсан. Тэгэхээр нь би нөгөө нүүрээ цэвэрлүүлж байсан хүүхдээс эгч чинь яасан бэ гэхэд нөгөө охин таны шавь биш юм уу гэсэн. Тэгээд бөөн юм болоод цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 80-81 дүгээр хуудас);

 8. Гэрч З.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Би 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байтал гаднаас танихгүй нэг охин орж ирээд эгчээ сормуус суулгах уу гэхээр нь би тухайн үед цэцэрлэгээс хүүхдээ авах гэж байсан болохоор амжихгүй байхаа гэсэн. Тэгсэн тэр охин 2 хүн сормуус хийлгэнээ та хийгээд өгөөд гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Тэгсэн тэр охин за би найзыгаа дагуулаад ирье гээд гарсан. Удалгүй 5-10 орчим минутын дараа нөгөө охин чинь өөр нэг охин дагуулж ирсэн. Тэгэхээр нь би тэр 2 охиныг түр хүлээж байгаарай хүүхдээ авчихаад ирье, удахгүй та хоёр хүлээж байгаарай гээд гарсан. Би хүүхдээ авчихаад 30 орчим минутын дараа ирэхэд тэр 2 охин хүлээж байсан. Гэтэл анх орж ирсэн намхан бор царайтай охин дагуулж ирсэн охиноо чи эхлээд сормуусаа хийлгэчих гэж хэлээд хүлээсэн. Би тэр хооронд сормуусаа хийгээд 1 цаг орчим болсон. Сормуус хийгээд яг дуусан гэж байхад хүлээж байсан охин нь гараад явсан байсан. Яг гараад явсныг нь би хараагүй. Тэгсэн сормуус хийлгэсэн охин намайг хүлээж байсан охин яачихваа гээд босч ирээд миний цүнх куртик эд зүйлийг аваад явчихсан байна гээд сандраад та түрүүний охиныг таньдаггүй юм уу, таны дүү гэсэн шүү гэхээр нь би гайхаад юу яриад байгаа юм бэ гээд бид 2 доошоо бууж камер шалгасан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 133-134 дүгээр хуудас);

9. ”Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний “...“iPhone 6S” загварын гар утас 277,500 төгрөг, утасны кейс-9000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн тайлан (1хх-ийн 85, 91 дүгээр хуудас), ”Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний “...хулгайлагдсан эд зүйлийн үнэлгээ 400,720 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн тайлан (1хх-ийн 137 дугаар хуудас), “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний “Samsung Galaxy J7” загварын гар утсыг 200,000 төгрөгөөр үнэлсэн...” тайлан (2хх-ийн 25 дугаар хуудас), ”Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний “Samsung Galaxy S7 edge” загварын гар утсыг 250,000 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн тайлан (1хх-ийн 240 дүгээр хуудас)

10. Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон гэрэл зураг (1хх-ийн 11-13, 21-70-71, 116 дугаар хуудас), нас тоолсон тэмдэглэл (1хх-ийн 57, 147-148, 105, 2хх-ийн 37 дугаар хуудас), камерын бичлэг хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл (1хх-ийн 119, 121 дугаар хуудас)

11. Шүүгдэгч Л.М-гийн төрсний бүртгэлийн лавлагаа (1хх-ийн 103 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 166 дугаар хуудас),

12. Шүүгдэгч Л.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаарх мэдүүлэг (2хх-ийн 48 дугаар хуудас);

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас залилан мэхэлж шилжүүлэн авсан эд зүйл болох “iPhone 6S” загварын гар утсыг 277,500 төгрөгөөр, утасны кейсыг 9000 төгрөгөөр, цүнх, notebook, ном, цэнэглэгч, куртик, түрийвч, нөмрөг, үнэртэй ус, түлхүүр, эм зэргийг нийт 400,720 төгрөгөөр “Samsung Galaxy J7” загварын гар утсыг 200,000 төгрөгөөр, “Samsung Galaxy S7 edge” загварын гар утсыг 250,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд шүүх уг хөрөнгийн үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзсэн, мөн хохирогч Г.У-аас бэлнээр 110,000 төгрөгийг нэмж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 1,247,220 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Л.М-гийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул түүнийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан залилах гэмт хэргийн “бусдыг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч өөрийн дураар захиран зарцуулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Л.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.М-г “залилах” гэмт хэргийг бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Л.М-гаас нийт 1,247,220 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-т 110,000 төгрөг, хохирогч Б.Ю-д 400,720 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н.М-д 286,500 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Э-д 250,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч  Г.О-т 200,000 төгрөгийг тус тус олгуулахаар тогтоолд тусгав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.М-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1618 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан байсан ба шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар оногдуулж, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд цагдан хоригдсон 2 сар 29 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 5 жил 9 сар 01 хоногоор тогтоох, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СД-г хавтас хэрэгт хадгалах саналтай  байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй гэв...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Энэ шийтгэх тогтоол нь нэгэнт шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх нөхцөл байдал тогтоогдлоо. Бид нарын дагаж мөрдөж байгаа эрүүгийн хуулиас болж миний үйлчлүүлэгч нь 5 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял авч байна. Тэгэхээр энэ эрүүгийн хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хамгийн доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдийг тус тус хэрэглэх гэхээр хоорондоо зөрчилдөж байна. Ийм тохиолдолд нэгэнт хуульд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү..” гэв.

Шүүгдэгч Л.М нь торгуулийн ялыг дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар, хорих ялыг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэргийг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байгааг харгалзан шүүх түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Л.М-д энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1618 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн жил зургаан сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.М нь 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нийт 91 (ерөн нэг) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган архивд хадгалуулахаар тогтож, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.М-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Л-ы М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах” гэмт хэргийг таван удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.М-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Л.М-д энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1618 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг дөрвөн жил зургаан сарын хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-д оногдуулсан дөрвөн жил зургаан сарын хугацаагаар хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гийн цагдан хоригдсон нийт 91 хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М-гаас нийт 1,247,220 төгрөгийг гаргуулан хохирогч Г.У-т 110,000 төгрөг, хохирогч Б.Ю-д 400,720 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н.М-д 286,500 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Э-д 250,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч  Г.О-т 200,000 төгрөгийг тус тус олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.М-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Л.М-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.М-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА