Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 146

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч О.Бд холбогдох 1930003010186 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат, 1992 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг Мөргөцөг гэх газар оршин суух, Хэнтий аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгэгдэж байсан,  О.Б. 

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч О.Б нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр О гэх газраас хохирогч А.Аийн 3 хонийг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ээж Оюундарь хүнээс 2 төлөгний мөнгө авсан тэрнийхээ төлгийг болон ахиж 1 төлөг нэмээд 3 төлөг бариад аваад ир ээж нь сумаас унаа дуудчихъя гэж хэлэхээр нь би өвөлжөөн дээр эхнэртэйгээ хонио хөөж ирээд манай хонинд нийлсэн гадны имтэй хониноос 2 төлөг, 1 хязаалан хонь барьж аваад сумаас ирсэн цагаан өнгийн ачааны машинд ачиж явуулсан. Хязаалан эр хонийг нь Ж гэх ахад 70.000 төгрөгөөр өгсөн гэв.  

 

Эрүүгийн 1930003010186 дугаар хэргээс: 

 

Хохирогч А.А нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “О” гэх газар мал маллаж аж төрдөг юм. 2019 оны 06 дугаар сарын 16-аас 2019 оны 07 дугаар сарын 08-ны хооронд 31 тооны хонь 6 тооны ямаа манай малаас алдагдсан байсныг цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулахад манай ойролцоох айл болох О.Бийн хонинд 8 хонь байсныг авсан харин О.Б суманд 3 хонь хүнд зарсан байсан. Үлдсэн 20 хонь, 6 ямаа манайхаас баруун тийш байдаг Амарбаясгалан гэх айлын малд нийлсэн болохыг надад Амарбаясгалан мэдэгдэж улмаар өөрийн хонь ямааг тоо ёсоор нь авсан. 3 хонь тоогоороо дутуу байгаа. Тухайн үед халуун байсан болохоор яг тасарсан зүйл бол байхгүй харин халуунд тээрч байгаад сүргээсээ хоцорч бусад айлын хонинд нийлсэн байх. Би алдагдсан малаа зах зээлийн үнээр үнэлнэ. Цагдаагийн байгууллага дээр шалгагдаж байх хугацаанд О.Бтэй сайн дураараа эвлэрч хохирлын ямар нэг маргаангүй болсон тул уг хэргийг хурдан шийдэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.”... гэх мэдүүлэг /хх-5-6х/

 

Гэрч С.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би найз Шарка /жинхэнэ нэрийн мэдэхгүй/ гэх залуутай гэрээсээ хөдлөөд явж байтал Борчулууны гэрээс цагаан өнгийн ачааны машин өвөлжөө рүү нь явж байхаар нь бид хоёрыг очиход Цагаан өнгийн маркийн мэдэхгүй ачааны машин дээр 5 хонь аччихсан ахиж нэгийг ачина гэж байсан. Тухайн ачиж байсан хонь нь Амармэндийн хонь байхаар нь Болдоо /жинхэнэ нэрийн мэдэхгүй/ чи яаж байгаа юм гэхэд чамайг ална шүү гэхээр нь би хөдлөөд явсан тэгтэл эхнэр нь /нэрийн мэдэхгүй/ А ах хоёулаа дараа уулзах хэрэгтэй шүү гэж хэлсэн. Тэнд Шарка, машины жолооч өвгөн / нэрийн мэдэхгүй /, Болдоо болон эхнэр нь байсан өөр хүн байгаагүй. 2019 оны 06 дугаар сарын 30 билүү 2019 оны 7 дугаар сарын 1-3-ны хооронд билүү сайн санахгүй байна Борчулууны хонинд хонь үзэхэд Амармэндийн хонь байсан.”...гэх мэдүүлэг /хх-9-10х/     

 

Гэрч Ж.Ж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Оюундарь гэх хүүхэн над руу утсаар залгаад та машинаа ДавАд өгчих гэхээр нь яах гэж байгаа юм би машинаа бол өгөхгүй гэхэд суманд хэдэн хүнд хонь өгөх юм. Машинаа  хүнд өгөхгүй бол өөрөө хүрээд ирээч гэхэд нь түлш яах гэж байна гэхэд ДавАтэй уулз гэсэн. Тэгээд би ДавАтэй уулзаад болсон асуудлыг ярихад 7.500 төгрөгний түлш хийж өгсөн. Би гэрт нь очиход Оюундарь гэртээ ганцаараа байсан.  Хонь явуулна гэсэн яасан юм бол гэхэд хүүхдүүд хашаан дээр бэлэн байгаа гэхээр нь очиход хүүхдүүд нь байсан. Тэгээд 3 хонь машин дээр ачихад ахиад ачина гээд байж байхад нь 2 залуу мотоциколтой ирж харчихаад яваад өгсөн гэтэл ахиж хонь ачихаа болилоо гээд 3 хонь ачуулчихаад та гэрийнхээ гадаа байж байгаарай би араас чинь хүрээд очъё гэсэн. Тэгээд суманд ирээд гэрээрээ ортол Оюундарь хүүтэйгээ ирээд та Гантулгын гадаа хүрээд оч гэхээр нь Гантулгын гадаа очиход хонийн аваагүй. Цэрээ / жинхэнэ нэрийн мэдэхгүй/ тэдний гадаа очоод хэлсэн чинь хүүхэд нь гарч ирээд эмээгийн хашаанд очиж буулгана гэхээр нь Жаргалсүх гэх айлын хашаанд буулгасан юм. Бонго маркийн цагаан өнгийн 93-60 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх юм. Үлдсэн 1 хонио буцаал аваад явхад хэцүү байна та авах уу гэхээр нь би 70.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний авсан хонь нэг чих нь цуулбар байсан нөгөө 2 хонь нь шар толгойтой байсан имийг нь бол мэдэхгүй байна.” ...гэх мэдүүлэг /хх-11-12х/

 

Гэрч М.ДавА мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Оюундарь гэх эгч надруу яриад чиний машин чинь хөдөлж байна уу? эгч нь хүнээс авсан хэдэн хонио сумруу орууулж өгөх гэсэн юм гэхээр нь миний машин хөдлөхгүй байгаа гэсэн гэтэл Ж ахын машиныг аваад ирээч гэсэн тэхээр нь би бариад явж бол болж байна. Гэхдээ та өөрөө Ж ахад хэл гэсэн за гээд утсаа тастсан гэтэл хэсэг хугацааны дараа залгаад чи Ж ахад 3 литр түлш өгчих эгч нь сум ороод мөнгийг нь өгчихөнө гэхээр нь за гээд Ж ахад түлш хийж өгөөд явуулсан.”...гэх мэдүүлэг /хх-13-14х/ 

 

Гэрч О.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын сүүлээр шиг санаж байна. Манай нутгийн залуу болох Амарзаяа аймаг 4 үхэр 1 адуу ачиж аймгий бой оруулмаар байна та дүүдэйгээ хань болоод явчих гэхээр нь цуг яваад хоночхоод ирсэн. Эхнэр Оюундарь манай хонинд хэдэн хонь нийлчихсэн байна гэхээр нь эзэн нь ирээд авах байх гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Амарзаяа би хот явлаа, та манай аавтай мал харалцаад өгөөч гэхээр нь би 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Амарзаяагийн гэрт очсон. Тэдний байж байхад манай эхнэр Оюундарь над руу утсаар залгаад нөгөө хонь чинь Амармэндийн хонь байх шиг байна хүмүүс ирчихээд явлаа чи хүрээд ир гэсэн. Би гэртээ ирээд байж байтал цагдаа орж ирээд манай хонинд Амармэндийн хонь хэд байгааг тоолж гаргаж үзээд 8 хонь байсныг Амармэндэд авч өгсөн. Ямар хонь зарсан талаар нь бол мэдэхгүй байна. 2019 оны 06 сарын 15-аас хойш би гэртээ байсан, Болд-Эрдэнэ Халзан суманд баригдаж байгаа соёлын төвийн барилга дээр ажиллаж байгаад 2019 оны 07 дугаар сарын эхээр наадмын амралт гээд ирсэн гэсэн.”...гэх мэдүүлэг /хх-15-16х/ 

 

Гэрч Б.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Манай нөхөр Сүхбаатар аймгийн Халзан сумын соёлын төвийн барилга дээр 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажиллаад 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа гараад Сүхбаатар аймгийн 4 дүгээр багийн нутаг “Эхэн тосон” гэх газар манай аав Батзоригийнд мал маллаж байгаад 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баяндэлгэр сумын нутаг Мөргөцөг гэх газар байх хадам ээж Оюундарийн гэрт ирсэн юм. Тухайн үед манай хадам ээж хонинд айлын хонь ирж нийлсэн байна холын хонь байж магадгүй гэж хэлсэн. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хадам ээж Болд-Эрдэнэ хоёр хүнд төлөг өгнө гэж ярьсан. Тэгээд хонио хашиж хонь авах хүнээ хүлээж байтал цагаан тэвштэй машин ирж 3 төлөг ачин сумын төв рүү явуулсан. Би хөдөө гэртээ үлдээд хадам ээж Болд-Эрдэнэ хоёр явсан. Хаана хэнд уг төлөгнүүдийг зарсан талаар мэдэхгүй байна. Би бол хадмын малыг мэдэхгүй нөхөр мэдэж байсан үгүйг мэдэхгүй. ”...гэх мэдүүлэг /хх-17-18х/ 

 

Гэрч П.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Хэдний өглөө гэдгийг санахгүй байна манай нөхөр аймаг руу яваад би гэртээ ганцаараа малаа хараад үлдсэн юм. Тэр орой 18 цагийн үед хониндоо явган яваад өвөлжөөнийхөө цаад дээрээс уруудтал манай өвөлжөө дээр хэдэн хонь тээрээд зогсож байсан. Тухайн үед манай хонь тасраад үлдсэн байна гэж бодоод хониндоо нийлүүлсэн. Маргааш нь нөхөр ирээд хониндоо яваад ирэхдээ манай хонинд айлын хонь нийлсэн байна гэж хэлээд ирэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн. Наадмаас өмнө хүнээс 3 төлөгний мөнгө авсан байсан бөгөөд уг мөнгөний оронд 3 төлөг өгөх гэж Ж гэдэг хүнийг дуудаж, хүү бэр хоёроо явуулж хонь ачуулсан.”...гэх мэдүүлэг /хх-19-20х/

 

Баяндэлгэр сумын эд зүйлийн үнэлгээ /хх-34х/ 

 

Шүүгдэгч О.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36х/

 

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-39х/

П.Оюундарийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын материал /хх-39-41х/

 

Хохирогч А.Аийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-42х/

 

Шүүгдэгч О.Бийн Сүхбаатар аймгийн прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт /хх-48х/

 

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-49х/

 

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 67 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-50х/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч  О.Б нь 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр О гэх газраас хохирогч А.Аийн 3 хонийг алдуул мал гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь шүүгдэгч О.Бийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч А.А, гэрч С.А, Ж.Ж, М.ДавА, О.Б, Б.Х, П.О нарын  мөрдөн байцаалтад  өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч О.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Бийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн өмчлөх эрхэд бага хэмжээний хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдож байна. 

 

Шүүгдэгч О.Бийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч О.Бийн бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч О.Б нь алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч А.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Прокуророос О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч О.Бийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч О.Бд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч О.Бийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялын саналыг хянаад гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Бийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан О.Бд оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан О.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 6. Ялтан О.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА