| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 192/2025/08027/И |
| Дугаар | 210/МА2026/00303 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00303
2026 02 02 210/МА2026/00303
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10299 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ХК, А.Б******* нарт холбогдох,
А.Б*******-с 8,000,000 төгрөг, Б******* ХК-иас 14,393,647 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Б******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр О.А*******-с А.Б*******-д олгосон итгэмжлэлийг үндэслэн Prius alpha маркийн автомашиныг худалдан авч, урьдчилгаа төлбөрт 8,000,000 төгрөгийг төлж, үлдэгдлийг банкны зээлээр авч болно гэсний дагуу А.Б*******-ийн данс руу 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. ******* өөрийн худалдан авсан автомашины талаарх мэдээллийг шалгахад явсан км-136,785 км /гаалийн мэдүүлэгт энэ хэмжээ бичигдсэн/ боловч худалдаж авахад 150,000 км явсан, Hybrid батарей дутагдалтай буюу доголдолтой болохыг олж мэдсэн бөгөөд худалдаж авах үед мэдэх боломжгүй, худалдагч мэдсээр байж худалдсан тул уг доголдлыг нэхэмжлэгч өөрт учирсан эд хөрөнгийн хохирол гэж үзэж байна.
1.3. ******* нь Б******* ХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Зээлийн гэрээ болон Фидуцын гэрээ-г тус тус байгуулж, 29,000,000 төгрөгийг жилийн 28,8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Фидуцын гэрээнд автомашины тохиролцсон үнэлгээг 37,000,000 төгрөг гэж бичсэн. Зээлийн гэрээний зээлийн шимтгэл хураамж гэх хавсралтад зээл судалсны шимтгэл 290,000 төгрөг, зээл судалсны шимтгэлээс бусад шимтгэл ямар хувь хэмжээтэй байх талаар бичигдээгүй байхад зээлийн бодит өртөг 29,45 хувь болсон байдаг. Банк зээлийн хүүгээ 28,8 хувь гэж гэрээндээ тусгасан боловч зээлийн бодит өртөг гэх шимтгэлүүд гаргаж зээлдэгчээс тухайн тогтмол хүүгээс илүү мөнгө авч байгаа талаар ******* Б******* ХК-д гомдол гаргахад банкны зүгээс зээлийн гэрээ хуульд нийцсэн гэх хариуг хүргүүлсэн. Зээлдэгч 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх төлөлтийн байдлаар хүүд 10,139,015 төгрөг, үндсэн төлбөрт 4,254,630 төгрөг төлсөн байна.
1.4. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* ХК-тай байгуулсан зээлийн болон фидуцын гэрээг доорх үндэслэлээр Иргэний хуулийн агуулга, зарчимд нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:
- ******* ХК-ийн зээлдүүлсэн мөнгө нь зээлдэгчийн өмчлөлд шилжээгүй, автомашин худалдсан худалдагчийн өмчлөлд шилжсэн учраас ******* ХК автомашин худалдан авсан гэж үзэх үндэслэлтэй. Иргэн *******-ийн өмчлөлд автомашин шилжээгүй учраас автомашин худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй.
- Зээлийн гэрээний хавсралтад зээл судалсны шимтгэл 290,000 төгрөг авсан, банкны зүгээс уг зээлийг хэрхэн судалсан нь тодорхойгүй, энэ талаарх судалгаа хэрхэн хийсэн нь нотлогдохгүй байгаа. Зээлийн бодит өртөг 29.45 хувь болсны улмаас хүүгийн зөрүү гарч зээлдэгчийн эд хөрөнгийн эрх зөрчигдөж байна.
- Хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж фидуцын гэрээ байгуулахаар Иргэний хуульд заасан байхад иргэн ******* нь өмчлөгч болоогүй байж банктай фидуцын гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй.
- Зээлийн эргэн төлүүлэх дарааллын талаар зээлийн гэрээнд тусгаагүй, 10,139,015.75 төгрөгийн хүү төлөхөд үндсэн зээлээс 4,254,630.33 төгрөг хасагдсан зэргээс харахад зээлийн эргэн төлөх график, дараалал Монгол банкнаас тогтоосон журамд нийцээгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн нийт төлбөр зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой байтал 20 хувьтай тэнцүү байна гэж зээлийн гэрээнд заасан.
1.5. Дээрх зээлийн болон фидуцын гэрээ нь нэг талын гэрээ боловч банк зээлийг хэрхэн судалсан нь тодорхойгүй, фидуцын зүйл болох автомашин нь эвдрэл гэмтэлтэй буюу доголдолтой болох нь нотлогдож байгаа, үндэслэлгүйгээр 1,290,000 төгрөгийн шимтгэл авсан, уг гэрээний талаар банканд хандсан боловч хүлээн аваагүй тул С.Ч******* би зээлийн болон фидуцын гэрээнүүдээс татгалзаж байх тул А.Б*******-с 8,000,000 төгрөг, ******* ХК-иас зээлийн хүүд төлсөн 10,139,015 төгрөг, үндсэн төлбөрт төлсөн 4,254,630 төгрөг, нийт 14,393,647 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Зээлийн өргөдлийн болон судалгааны шимтгэлийн тухай. Банк зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6, гэрээний 2 болон 3 дугаар хавсралтад зааснаар зээлдэгчээс зөвхөн өргөдлийн шимтгэл 10,000 төгрөг, зээл судалсны шимтгэл 290,000 төгрөгийг суутгасан. Нэхэмжлэлд дурдсанчлан банк 1,290,000 төгрөгийн шимтгэлийн зээлдэгчээс аваагүй.
2.2. Зээлийн хүү тооцоолол нь Монгол банкны баталсан журмыг зөрчсөн эсэх. Монгол банкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн №А-106/298 тоот хамтарсан тушаалаар батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал"-н хавсралт болох Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох тооцоолол"-ын 1 дүгээр зүйлд хүү бодох аргачлалын дагуу жилийн 28,8 хувийн хүүтэй 29,000,000 төгрөгийн зээлийн 1 өдрийн хүүг тооцож үзвэл: 29,000,000*0,288/365-22,882.2 төгрөг байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан хүүгийн тооцоолол нь дээрх журамд нийцэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийг Монгол банкны ямар журмын ямар заалтыг зөрчсөн талаар хууль зүйн үндэслэлээ нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгч нь гэрээнд тусгагдсан 29,45 хувь гэснийг зээлийн хүү мэтээр тайлбарлаж, банк үндэслэлгүйгээр зээлдэгчээс илүү хувь авч хууль зөрчсөн мэтээр буруутгажээ. Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох тооцоолол"-ын 3 дугаар зүйлд заасны дагуу банк зээлийн гэрээ болон хавсралтаар бодит өртгийн мэдээллийг оруулж зээлдэгчид танилцуулдаг. Зээлийн бодит өртгийн хувь буюу мэдээлэл нь зээлдэгчээс банканд төлөх зээлийн хүү биш бөгөөд банк зээлийн гэрээний зээлийн хүү хэсэгт заасан хүүг л зээлдэгчээр төлүүлдэг.
2.3.******* өөрөө өмчлөгч болоогүй байж банктай фидуцын гэрээ байгуулсан нь хуульд нийцээгүй гэх үндэслэлийн тухай. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлийн 235.1-д тус тус заасны дагуу банк үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, фидуцын гэрээний дагуу автомашины өмчлөх эрхийг өөрт шилжүүлэн авч автомашины эзэмших, ашиглах эрхийг зээлдэгчид бодитоор хүлээлгэн өгсөн болно. Үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг болох фидуцын гэрээ нь Иргэний хуульд нийцсэн болно.
2.4. Тээврийн хэрэгслийн доголдлын тухай. Аливаа автомашины нийт туулсан км-н заалт нь жолоочийн чанх урд талын хянах дээр ил тод харагддаг бөгөөд км-н заалтын зөрүүг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэх үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй юм. Км-н заалтын зөрүүг доголдол гэж үзэх боломжгүй. Автомашины цахилгаан мотор доголдолтой гэх боловч 2023 оны 11 дүгээр сард автомашиныг худалдан авснаас хойш доголдолтой холбоотой аливаа шаардлагыг гаргаж байгаагүй. Мөн нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийг 2 жилийн турш эзэмшиж, ашигласны дараа цахилгаан мотор доголдолтой гэх шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 247-р зүйлийн 247.1, 251-р зүйлийн 251.1-251.3, 254-р зүйлийн 254.6, 255-р зүйлийн 255.1.1-д зааснаар үндэслэлгүй байна.
2.5. Нэмэгдүүлсэн хүүгийн тухай /20 хувь/. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.3-т тус тус зааснаар зээлдэгч зээлийг хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх заалт нь хууль зөрчөөгүй байна.
2.6. Зээлийг төлөх дарааллын тухай. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.4-т "Зээлдэгч авсан зээл, түүний хүүг энэхүү гэрээний хавсралт №1-д заасан зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй бол банк эхний ээлжид нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ." гэж заасан. Мөн зээлийн гэрээний хавсралт №1-р зээлийн эргэн төлөлтийн хуваарийг баталсан болно. Иймд нэхэмжлэгч С.Ч*******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч А.Б*******-ийн шүүх хуралдаанд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Би автомашин худалдаалдаг, хүмүүс авсан автомашин нь гэмтсэн тохиолдолд ирээд уулздаг. Гэтэл ******* нь шууд шүүхэд хандсанд гайхсан. *******-ийн худалдаж авсан автомашиныг Япон улсаас О.А******* оруулж ирсэн. Япон улсад 10 жил унасан автомашинууд орж ирдэг учир О.А******* надад баталгаа өгдөггүй. Тухайн үед ******* автомашиныг үзэж хараад авсан бөгөөд би гаалийн бичиг бүх зүйлийг нь тулгаж хүлээлгэж өгсөн. Гэтэл 2 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б*******-с 8,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч ******* ХК-аас 14,393,647 төгрөг гаргуулах нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Зээлдэгч С.Ч*******-с зээл судалсныг шимтгэл 1 хувь буюу 290,000 төгрөг суутгаж авсан нь үндэслэлгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, 290,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч Б******* ХК-ийн гаргасан тайлбарын агуулга: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1.6-д зээлийн шимтгэлийн хувь хэмжээг нэг хувь байхаар харилцан тохиролцсон. Мөн Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А203 дугаар тушаалаар баталсан Шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын 2 дугаар зүйлийн 2.4, 4 дүгээр зүйлд харилцагчаас авах шимтгэл, хураамжийг банк өөрөө тогтоох бөгөөд энэ талаар гэрээнд заавал тусгах ёстой гэж зохицуулсан. Иймээс гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д тусгасан шимтгэлийн зохицуулалт нь холбогдох хууль болон Монгол банкнаас баталсан журамд нийцсэн. Түүнчлэн гэрээнд шимтгэлийн хувь хэмжээг тодорхой, ойлгомжтой заасан бөгөөд хэрэглэгч уг нөхцөлтэй танилцаж, гарын үсгээр баталгаажуулсан болно гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь А.Б*******, Б******* ХК нарт холбогдуулан А.Б*******-с 8,000,000 төгрөг, Б******* ХК-иас 14,393,647 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, Б******* ХК нь зээлдэгчээс 1,290,000 төгрөгийн шимтгэлийг аваагүй, банк холбогдох хуулийг болон Монголбанкнаас баталсан журмыг зөрчөөгүй гэх үндэслэлээр, А.Б******* нь тухайн үед нэхэмжлэгч автомашиныг үзэж авсан, авснаас хойш 2 жил өнгөрсөн гэх үндэслэлээр тус тус маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
3.1. С.Ч******* нь О.А*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б*******-тэй 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 2015 онд үйлдвэрлэсэн, мөнгөлөг, Toyota prius alpha маркийн автомашиныг 37,000,000 төгрөгөөр худалдан авах, урьдчилгаа 8,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг Б******* ХК-ийн зээлээр төлөхөөр тохиролцжээ. /хх-7х/
3.2. С******* нь Б******* ХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр АЗГ/23/983 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 29,000,000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 28,8 хувийн хүүтэй, зээл судалсны шимтгэл зээлийн дүнгийн 1 хувь байх нөхцөлтэйгөөр зээлж, мөн өдөр ФД/5846 дугаар Фидуцын гэрээ-гээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар худалдан авсан Toyota prius alpha-XW маркийн 26-25 УЕУ улсын дугаартай автомашиныг Б******* ХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хх 17-24х/
4. С.Ч******* О.А*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, С.Ч******* Б******* ХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцын гэрээ тус тус байгуулагдсан, уг гэрээнүүд хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
4.1. Нэхэмжлэгч нь Pruis Alpha маркийн автомашиныг өөрийн эзэмшилд байлгаж, ашиглаж байгаа талаар маргаагүй боловч Японы автомашины нэгдсэн сайтад автомашины явсан хэмжээ нь 136 785 км байхад худалдаж авах үед 150 000 км байсан, хабрид баттерэй дутагдалтай буюу доголдолтой гэх үндэслэлээр автомашины үнэд төлсөн 8,000,000 төгрөгийг А.Б*******-өөс буцаан шаардсан байна.
4.2. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагч А.Б*******нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр автомашиныг шилжүүлэн өгөхдөө автомашиныг хилээр оруулж ирсэн гаалийн мэдүүлгийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн байна. Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт автомашины гүйлт 136 785 км болохыг тэмдэглэсэн, нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ тодорхойлсон байна.
4.3. Нэхэмжлэгч нь автомашины гүйлт 136 785 км болохыг гаалийн мэдүүлгээс харах буюу хүлээн авахдаа мэдэх боломжтой байсан тул түүний Японы автомашины нэгдсэн сайтаас олж мэдснээр доголдлыг илрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй.
Мөн нэхэмжлэгч нь автомашиныг худалдаж авах үед гүйлт нь 150 000 км байсан, хабрид баттерэй нь доголдолтой байсныг баримтаар нотлоогүйгээс гадна Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар 6 сарын дотор гомдлын шаардлагыг гаргаагүй тул мөн зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах эрхгүй байна.
4.4. Анхан шатны шүүх автомашиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй, доголдолтой эд хөрөнгийг худалдсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн боловч доголдолтой эд хөрөнгийг шалгахгүйгээр хүлээн авснаар шаардах эрхээ алдах Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг үндэслэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүйг дурдах нь зүйтэй байна.
4.5. Нэхэмжлэгч нь автомашиныг худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзах үндэслэлээр автомашины үнэд төлсөн 8,000,000 төгрөгийг А.Б*******-с буцаан гаргуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан байх тул худалдах худалдан авах гэрээний ерөнхий заалтыг, шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтын хамт баримталж хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн Б******* ХК-тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ талуудын хүсэл зориг болон хуульд нийцсэн хүчин төгөлдөр болохыг зөв дүгнэж, зээлдүүлэгч Б******* ХК-иас зээлдэгч С.Ч*******-ийн харилцах дансанд 29,000,000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлж, мөн өдрөө С.Ч******* нь 29,000,000 төгрөгийг автомашины төлбөр гэсэн утгатайгаар А.Б*******-д шилжүүлсэн, нэхэмжлэгч С.Ч******* нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлж байгаа, фидуцийн гэрээний дагуу автомашин Б******* ХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох автомашинаа эзэмшиж, ашиглаж байгааг зөв тогтоож, дүгнэсэн байна.
5.1. Мөн нэхэмжлэгчийн Б******* ХК-тай байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээнд заасан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг нь Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам-д нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн ...зээлийн бодит өртөг 29.45 хувь болсон, банк зээлийн төлбөрийг буруу тооцоолж илүү хүүгийн төлбөр авсан гэх тайлбар баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
5.2. Нэхэмжлэгчийн Б******* ХК-тай байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн АЗГ/23/983 дугаартай Зээлийн гэрээ-ний 3.1.6-д Зээл судалсны шимтгэл 1 удаа: Зээлийн дүнгийн 1 хувь төгрөг гэж заажээ. /хх-20х/
Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журам-ын 1 дүгээр зүйлийн 1.3.17-д шимтгэл гэдгийг санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж заагаад мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д харилцагчаас авах шимтгэл хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно, 4.2-т банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг гэрээнд заавал тусгана гэжээ.
5.3. Зээл олгох үйл ажиллагааны зардал буюу шимтгэл авах банкны эрхийг дээр дурдсан журмаар зөвшөөрсөн хэдий ч 1 хувийн шимтгэлийг зээл судалсны зардал гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа тохиолдолд банк ямар хэмжээний зардал гаргасан талаар нотлох үүрэгтэй. Гэтэл хариуцагч ямар хэмжээний зардал гарсан талаарх баримтыг ирүүлээгүй, нотолгооны үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээл судалсны шимтгэл 1 хувь буюу 290,000 төгрөг суутгаж авсан нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч Б******* ХК-иас 290,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ч*******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
5.4. Мөн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 451 дүгээр зйлийн 451.1 дэх заалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг залруулна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 192/ШШ2025/10299 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д тус тус зааснаар хариуцагч Б******* ХК-иас 290,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ч*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,103,647 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг болон хариуцагч А.Б*******-с 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж, хариуцагч Б******* ХК-иас 9,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Ч*******-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М*******-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.ОЮУНТУЯА