| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0149/э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2019-08-16 |
| Зүйл хэсэг | 23.1.2.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 148
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч Э.Хосбаяр,
Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Хт холбогдох 1930002760181 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Наран сумын харьяат, 1983 оны 12 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Баруун-Урт сумын 6 дугаар баг ... тоотод оршин суух, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, Б.Х.
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.Х нь согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” нэртэй амралтын газрын хойно Цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эргүүлийн “Киа Рио” 07-51 СҮА улсын дугаартай авто машины арын цонхыг хөлөөрөө өшиглөн хагалж 60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Ярих зүйл байхгүй. Миний урьд нь өгсөн мэдүүлэг үнэн гэв.
Эрүүгийн 1930002760181 дугаар хэргээс:
Шүүгдэгч Б.Х мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багт байрлах Н нэртэй амралтын газарт очиж 0.75 литрийн хэмжээтэй Эдэн нэртэй архи уусан юм. Зөөгч нь манайх хаах болж байна, үлдсэн архиа та аваад гарна уу гэж хэлэхээр нь би үйлчлүүлэгчтэйгээ зүй бус харьцлаа гэж хэлэхэд зөөгч цагдаа дуудсан. Тэгээд цагдаагийн машин ирээд 2 цагдаа намайг машинд суулгаад Н амралтын газраас гарч явсан. Явж байх замд би машины арын хаалганы шилийг өшиглөж хагалсан. Тэгээд би цагдаагийн газар ирж эрүүлжүүлэх байранд хоносон. Маргааш нь би машины арын шилийг солиулж өгсөн. гэх мэдүүлэг /хх-34х/
Иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багт үйл ажиллагаа явуулдаг Н амралтын газарт үл таних залуу согтуугаар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 07-51 СҮА улсын дугаартай Киа Рио тээврийн хэрэгслийн арын цонхыг хагалсан. Б.Х нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хохирлын 60,000 төгрөгийг төлж тээврийн хэрэгслийн арын шилийг шиллэсэн. Иймд Хатанбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй болно. гэх мэдүүлэг /хх-23х/
Гэрч З.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 13-ны орой 00 цагийн үед Сүхбаатар аймгийн 9 дүгээр баг “Н” амралтын газарт согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу очиход үл таних хоёр хүн “Н” амралтын газрын ресторанд архи уусан байдалтай гарахгүй ээлжийн ахлагчийн үгэнд орохгүй агсраад байсан. Би түүнийг хөдөлгөөнт эргүүлийн Киа Рио авто машинд суулгаж хөдлөөд 200 метр орчим явах үед миний толгой руу араас гараараа цохисон тэр үед нь зогсоод тухайн хүнийг гавлаад суулгах үед арын хаалганы шилийг хөлөөрөө өшиглөж хагалсан. Авто машины шилээ төлүүлмээр байна. Мөн албан үүргээ гүйцэтгэж явахад маань хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлд нь арга хэмжээ авхуулмаар байна.. гэх мэдүүлэг /хх-10х/
Гэрч Б.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 06 дугаар сарын 13-ны орой 00 цагийн үед Сүхбаатар аймгийн 9 дүгээр баг “Н” амралтын газарт согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу очиход Хатанбаатар гэх хүн “Н” амралтын газрын зоогийн газраас гарахгүй байсан. Түүнийг хөдөлгөөнт эргүүлийн Киа Рио авто машинд суулгаад явж байхад жолоо барьж байсан дэслэгч З.Бгийн толгой руу араас гараараа цохисон. Тэгээд бид хоёр машинаа зогсоогоод Хатанбаатарыг гавлаад суулгах үед арын хаалганы шилийг хөлөөрөө өшиглөж хагалсан. Тэгээд Хатанбаатарыг цагдаагийн газарт авчирч эрүүлжүүлсэн. гэх мэдүүлэг /хх-11х/
Гэрч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би аймгийн цагдаагийн газар няраваар ажилладаг юм. 2019 оны 06 дугаар сарын 13-ны орой 00 цагийн үед Сүхбаатар аймгийн 9 дүгээр баг “Н” амралтын газарт согтуу хүн агсам тавиад байна гэсэн дуудлагын дагуу очиход Б.Х нь хөдөлгөөнт эргүүлийн Киа Рио автомашины арын хаалганы шилийг хөлөөрөө өшиглөж хагалсан гэсэн. Б.Х нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр албаны машины шилийг шиллэсэн байсан. Одоо манай авто машины шил хэвийн ажиллаж байгаа.. гэх мэдүүлэг /хх-12х/
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаартай дүгнэлтэд: 1. З.Бгийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ /хх-27х/,
Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайланд: “Киа Рио” машины баруун хойд хаалганы шил хагарсан, үнэлгээгээр тогтоосон дүн 60.000 төгрөг гэжээ.
Б.Хын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41х/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” нэртэй амралтын газрын хойно Цагдаагийн албан хаагч З.Бг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж эргүүлийн Киа Рио 07-51 СҮА улсын дугаартай авто машины арын цонхыг хөлөөрөө өшиглөн хагалж 60.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Хын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Б.Б, гэрч З.Б, Б.С, Х.Б нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаартай дүгнэлт, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 336 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Хт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Хын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хууль сахиулах албаны тоног төхөөрөмж буюу Киа Рио маркийн 07-51 СҮА улсын дугаартай автомашинд учирсан хохирол нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Б.Хын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг, хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцэх гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэж, хууль сахиулах албаны тээврийн хэрэгсэлд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Хын хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Б.Х нь хууль сахиулах албаны тоног төхөөрөмж буюу эргүүлийн автомашинд халдаж хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Прокуророос Б.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Хыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Хт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Хын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Хын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Хт Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Хыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж хууль сахиулах албаны тоног төхөөрөмжид халдах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Хт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Хт мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Хт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Ялтан Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА