| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/04996/И |
| Дугаар | 210/МА2026/00304 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2026/00304
2026 02 02 210/МА2026/00304
******* ХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17594 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Н*******-т холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Е******* оролцож,
Албадан дуудлага худалдааны тогтоол хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Н*******-т холбогдуулан албадан дуудлага худалдааны тогтоол хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...хөдлөх хөрөнгийн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны зард орсон 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалыг А******* ХХК-иас өр төлбөртөө тооцож Х******* ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн, Бургастайн хилийн боомтын гаалын хяналтын талбайд Х******* ХК-ийн өмчлөлийнхөөс өөр ямар ч төмрийн хүдрийн баяжмал байхгүй, мөн шүүхийн шийдвэр, магадлалын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж А******* ХХК-иас 683,647.95 тонн төмрийн хүдрийн баяжмалыг төлбөртөө тооцож шилжүүлснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Х******* ХК-ийн өмчлөлд шилжиж орсны дараа 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалыг дуудлага худалдаанд үндэслэлгүй оруулсан гэж тодорхойлсон.
2.2. Хариуцагч нь хариу тайлбартаа ...Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1095 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр авагч Е*******-ны А******* ХХК-д холбогдох Лондонгийн Олон Улсын Арбитрийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Арбитрийн үндсэн шийдвэр албадан гүйцэтгэх ажиллагааны дагуу 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалыг хурааж, үнэлгээ тогтоож, үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарласан нь хуульд нийцсэн, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3/1 дугаартай Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.
2.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч Н*******-ын тайлбар, татгалзлыг дэмжин оролцсон байна.
3. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Н******* нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1095 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр авагч Е*******-ны А******* ХХК-д холбогдох Лондонгийн Олон Улсын Арбитрийн шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Арбитрийн үндсэн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол болон Эд хөрөнгө хураах тухай тогтоол зэргээр Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын гаалийн хяналтын бүсэд байрлах 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжилж, хураажээ. /1-р хх-92-101х/
3.2. Улмаар талуудаас үнийн санал авах ажиллагаа хийж, шинжээчээр В******* ХХК-ийн О.Б*******-г томилж, шинжээч нь Говь-Алтай аймгийн Бургастайн боомтын гаалийн хяналтын бүсэд байрлах 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалын зах зээлийн үнэ 72,369,347,893 төгрөг болохыг тогтоож, уг үнэлгээний тайланг талуудад хүлээлгэн өгч, эрх үүргийг нь танилцуулж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3/1 дугаар Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор дуудлага худалдааг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт явуулахаар зарлаж, талуудад мэдэгджээ. /1-р хх-112-155х/
4. Нэхэмжлэгч ******* ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар зарласан хөдлөх эд хөрөнгийн үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааны тогтоол, холбогдон хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тодорхой дарааллын дагуу явагддагтай холбоотойгоор анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах тухай гэж тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага нь бичиглэлийн хувьд албадан дуудлага худалдааны тогтоолтой холбогдон хийгдсэн ажиллагаа гэх агуулгыг илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдвэрлээгүй, 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжлэх, хураах, үнэлэх, хадгалалт, хамгаалалтыг бусдад хариуцуулсан зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй гэх гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх талуудын маргааны зүйлийг тодорхойлоогүй, маргаанд хамааралтай үйл баримтын талаар дүгнэлт өгөөгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч Н*******-ын А******* ХХК-ийн өр төлбөрт хурааж, битүүмжилсэн 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалыг өөрийн өмчлөлийн эд хөрөнгө гэх үндэслэлээр үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар маргажээ.
5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Банкны төлбөр барагдуулах газраас ирүүлсэн баримтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03099 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/01852 дугаар магадлалаар хариуцагч А******* ХХК-иас нийт 181,344,212,854 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгож, зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгүүдийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. /1-р хх-170-219х/
Уг шийдвэрийг Банкны төлбөр барагдуулах газраас албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахад Х******* ХК, А******* ХХК нар нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр tdbm/409/2024 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эвлэрч зээлийн өр төлбөрт хөрөнгө тооцон авах гэрээ-г байгуулж, Говь-Алтай аймаг, Бугат сумын нутаг дэвсгэрт Бургастайн боомтын талбай дахь 683,647.95 тонн төмрийн хүдрийн баяжмалыг Х******* ХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, Банкны төлбөр барагдуулах газрын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай тэмдэглэл-ээр 683,647.95 тонн баяжмалыг шилжүүлснээр 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /1-р хх-19-21, 220-238х/
5.2. Говь-Алтай аймаг, Бугат сумын нутаг дэвсгэр Бургастайн боомтын гаалийн талбайд А******* ХХК-ийн нийт 951,715.16 тонн төмрийн хүдрийн баяжмал байгаа болох нь Г******* ХХК-ийн маркшейдерийн ажлын тайлан /2-р хх-56-64х/-гаар тогтоогдож байх тул дээрх Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Х******* ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 683,647.95 тонн төмрийн хүдрийн баяжмалыг Н*******-с Е*******-ны төлбөрт хурааж битүүмжилсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Н******* нь А******* ХХК-ийн нийт 951,715.16 тонн төмрийн хүдрийн баяжмалаас Х******* ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 683,647.95 тонн төмрийн хүдрийн баяжмалыг хасаад, үлдэх 268,068 тонн төмрийн хүдрийг баяжмалыг Е*******-ны төлбөрт хурааж, битүүмжилсэн байна.
Н*******-ын шийдвэр гүйцэтгэгчийн даалгавраар Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь А******* ХХК-ийн 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалыг битүүмжилж, хураах үед Г******* ХХК-ийн дүгнэлт бичгээр гараагүй байсан нь ажиллагааг хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Учир нь: Х******* ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн 683,647.95 тонн төмрийн хүдрийн баяжмалаас гадна хурааж, битүүмжилсэн 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмал бодитоор байсан нь уг дүгнэлт, мөн Гаалийн ерөнхий газрын Говь-Алтай аймаг Бургастай гаалийн хорооны Гаалийн хяналтын талбайн 2025 оны 01 дүгээр сарын мэдээ /956,919.10 тонн/-гээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн 683,647.95 тонн баяжмал өмчлөх эрхийг зөрчөөгүй байна.
5.3. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б******* ХХК болон И******* ХХК-иудтай Эвлэрлийн гэрээ байгуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/00877 дугаар захирамжаар Б******* ХХК-иас 27,627,475,216.7 төгрөгийг гаргуулж Х******* ХК-д олгож, мөн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 191/ШШ2025/00013 дугаар захирамжаар И******* ХХК-иас 50,541,981,493.67 төгрөгийг гаргуулж Х*******-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон баталгаа гаргагчийн хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ. /1-р хх-10-13, 22-29х/
Гэтэл Х******* ХК, Б******* ХХК, А******* ХХК нар нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн өр төлбөрт хөрөнгө тооцон өгөх гэрээ байгуулж, Б******* ХХК-иас төлөх 27,627,475,216.7 төгрөгийн зээлийн өр төлбөрт А******* ХХК-иас 107,746 тонн хүдрийн баяжмалыг Х******* ХК-д өгөх, мөн Х******* ХК, И****** ХХК, А******* ХХК нар нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зээлийн өр төлбөрт хөрөнгө тооцон өгөх гэрээ байгуулж, И******* ХХК-иас төлөх 50,541,981,493.67 төгрөгийн зээлийн өр төлбөрт А******* ХХК-иас 197,111.62 тонн хүдрийн баяжмалыг Х******* ХК-д өгөхөөр тус тус тохиролцсон байна. /хх-14-16х/
Энэхүү гэрээнүүдийг шүүхийн шийдвэртэй харьцуулан үзэхэд Х******* ХК-ийг дээрхи гэрээний дагуу төмрийн хүдрийн баяжмал /107,746 тонн + 197,111.62 тонн/-ыг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэж дүгнэх боломжгүй байна.
5.4 Дээрхи үндэслэлүүдээр төлбөр төлөгч А******* ХХК-ийн 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалыг Х******* ХК-ийн өмчлөлд шилжсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...банкны өмчлөлд шилжүүлсэн хөрөнгийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Н******* нь төлбөр төлөгч А******* ХХК-ийн 268,068 тонн төмрийн хүдрийн баяжмалыг төлбөр авагч Е*******-ны өр төлбөрт битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоож, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 3/1 дугаар Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-оор худалдан борлуулах ажиллагаа хийсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 64 дүгээр зүйлийн 64.1-д тус тус заасантай нийцсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Х******* ХК болон А******* ХХК нарын А******* ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах, Лондонгийн Олон улсын Арбитрийн 2017 оны шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисныг процессын ноцтой зөрчилд тооцох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Нэхэмжлэгч нь төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргааныг үүсгэсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа тухайн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаатай холбогдуулаагүй, албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтаас шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг хассан өөрчлөлтийг оруулна.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 197/ШШ2025/17594 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтаас 44 дүгээр зүйлийн 44.4, гэснийг хасаж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Н.ОЮУНТУЯА