| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0148/э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2019-08-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 150
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж. Дэлгэрхишиг,
Шүүгдэгч У.Т нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүхийн хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч У.Тт холбогдох эрүүгийн 1930000490107 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Дорнод шим агро ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг ... тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 240 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2000 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 416 дугаар захирамжаар тэнсэн суллагдсан, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 156 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 12 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлснийг 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн захирамжаар 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Эрүүгийн хуульд нийцүүлэн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар зүйлчилснийг 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг болгон өөрчилж 145.2, 148.3-т зааснаар 5 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдсэн, У.Т.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч У.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух хохирогч Н.Бын амбаарт хууль бусаар нэвтэрч дотор нь байсан эмээлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан
- 2019 оны 06 дугаар сарын 11-18-ны хооронд Сүхбаатар аймгийн баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух хохирогч М.Оийн гэрт хууль бусаар нэвтрэн орж цахилгаан тогоо, 12 хэрэглэлтэй пойлоосон модон эмээл, зурагт, хөшиглүүр зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч 430.000 төгрөгийн хохирол учруулсан
- 2019 оны 06 дугаар сарын 11-24-ний хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ... тоотод оршин суух хохирогч Д.Ггийн гэрт хууль бусаар нэвтрэн орж “Хитачи” маркийн 42 инчийн зурагт, гудас бүтээлэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 01 дүгээр сард ... тоотод байр түрээсэлж байсан юм. Гэртээ сууж байгаад архи уумаар санагдаад байхаар нь амбаарыг нээгээд орсон чинь хуучин модон эмээл байсан. Би тэр эмээлийг аваад Саятны хороололд байх малын эмч Оюунчимэг эгч дээр очоод үзүүлсэн чинь 50.000 төгрөгөөр авъя гэхээр нь өгсөн. Түүнээс хойш 6 дугаар сард дэнжид айлын хашаа давж ороход хашаанд байсан айл нь эзэнгүй байхаар нь ороод зурагт, тогоо, хөшиглүүр зэргийг авсан. Өглөө босоод тогоогоо хүнд 10.000 төгрөгөөр, хөшиглүүрээ “Завьяа” дэлгүүрийн ойролцоо 20.000 төгрөгөөр хүнд зарсан гэв.
Эрүүгийн 193000490107 дугаартай хэргээс:
Шүүгдэгч У.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн төвд “Д” ХХК-д харуул хамгаалалтын албаны хамгаалагчийн ажилтай ирсэн. Тэгээд Сүхбаатар аймагт амьдрахаар шийдэж айлын байр түрээслэн амьдарч байсан юм. 2018 оны 11 дүгээр сард ... тоотод оршин суух хаягтай Б гэгч залуугаас 4 ханатай гэрийг нь түрээслэхээр болж тохиролцсон. Б нь өөрөө БНХАУ-руу ажил хийхээр удаан хугацаагаар явж байгаа гэсэн юм. Тэгээд Б нь чи модоор юм хийдэг хүн байна. Юм хумаа амбаарт хийж бай гээд амбаарынхаа түлхүүрийг гражийн түлхүүртэй хамтад нь орхисон юм. Тэгээд би амбаарт нь өөрийнхөө ойр зуурын багаж хэрэгсэл, модоо хийдэг байсан. Тэгээд амарч байгаад 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр архи уугаад гэртээ сууж байхдаа дахиад архи уумаар санагдаад амбаарыг нээгээд орсон чинь хуучин модон эмээл байхаар нь түүнийг аваад саятны хороололд байх малын эмч Оюунчимэг эгч дээр очоод үзүүлсэн чинь 50.000 төгрөгөөр авъя гэхээр нь өгчихсөн юм. Тэгээд тэр мөнгөөрөө архи аваад уусан.
...Би 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дэнжийн байранд эзгүй айлын хашаанд архи ууж байгаад согтоод унтсан байсан. Тэгээд шөнө сэрээд ... тоот хашаа руу ортол цоожтой байшин байсан. Би цоожийг нь эвдээд гэр рүү орж Cони маркийн зурагт аваад хашаанаас нь гарсан. Дахиж ороод халуун тогоо, эмээл, хөргөгчинд байсан эмээл хөшиглүүрийг аваад явсан. Тэгээд би авсан эд зүйлээ Дөрвөлж уулын зүүн талын гэрэл дагасан жалганд ирээд юмнуудаа хийгээд өөрт байсан тал шил архиа уугаад согтсон байсан. Эмээлийг тэр орой согтуу авч явж байгаад хашааны хажууд тавьчихсан байтал намайг согтууг маань далимдуулаад 1 хүн авчихсан. Цахилгаан тогоог төвд явж байхдаа нэг танихгүй хүрэн дээлтэй ахад 10.000 төгрөгөөр өгсөн. Архи уухаараа өөрийн тэнэгээсээ болж хулгай хийчихлээ.
...Би согтуудаа архи ууж яваад Дөрвөлж овоон дээр унтсан байсан. Өглөө сэрэхэд улаан өнгийн орны бүтээлэг нөмрөөд доогуураа гудас дэвсчихсэн унтсан байсан. Би согтуудаа хаанаас авснаа мэдээгүй. Би согтуудаа хулгай хийчих гээд байдаг юм. Би зурагт, гудас авсан талаараа огт санахгүй байна. Өглөө босоход л гудас дэвсчихсэн бүтээлэг нөмрөөд унтаж байсан. Зурагт харагдаагүй. Миний хувьд тэр айлын хүмүүсийг танихгүй, урьд өмнө нь энэ айлд ирж байгаагүй. Согтуудаа л орчихсон байсан. Би гудас бүтээлгийг нь унтаж байсан газартаа орхиод явсан. Би босоод “АНУ” дэлгүүрийн урд талд байх худгаас ус авч уучихаад тэр хавиар явж байгаад ирэхэд гудас бүтээлэг харагдахгүй болсон байсан.” гэх мэдүүлэг /хх-31х, 76х, 128х/
Хохирогч Н.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ Би 2018 оны сүүл үеэр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... тоот хашаанд байх өөрийн гэрээ Түвшинбаяр гэх хүнд түрээсэлж суулгасан юм. Манай хашаанд граж, амбаар байдаг бөгөөд тэдгээрийг харж байхыг захиж орхисон юм. 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр хашаа, амбаараа эргэж очиход амбаарт байсан ясан хяртай хуучин цагийн модон эмээл алга болсон байхаар нь цагаад мэдэгдсэн. Цагдаагийн байгууллага эмээлийг бүрэн бүтэн олж өгсөнд талархаж байна. Надад гаргах санал хүсэлт, гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-17х/
Хохирогч М.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р баг ... тоот гэртээ хөдөөнөөс ирэхэд хаалганы цоожийг нь цохиод хаалга онгорхой байсан. Ороод үзтэл хуучин ардаа бөмбөгөр хар өнгөтэй телевизор, цэнхэр өнгийн хятад цахилгаан тогоо, 12 хэрэглэлтэй пойлоосон эмээл алга болсон байсан. Эмээлээ 600,000 төгрөг, тогоогоо 20,000 төгрөг, телевизороо 30,000 төгрөгөөр үнэлж байна.” гэх мэдүүлэг /хх-66-67х/
Хохирогч Д.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 11ний өдөр хадам ээж Г. Ренчинхорлоог Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Баян хундар” гэдэг газар руу нүүлгэсэн юм. Тэнд манай хөдөө гэр байдаг юм. Тэгээд 13 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 24-ний өдөр гэртээ ирээд гэрийнхээ цоожийг нээх гэсэн боловч цоож эвдэрчихсэн байсан. Эвдэрхий цоожоо хөшиж онгойлгож, гэрт ортол хойд орон дээр хэвтүүлж тавьсан байсан “Хитачи” маркийн 40 инчийн хар зурагт, баруун орон дээр байсан 3 ширхэг гудас бүтээлэгтэйгээ байхгүй болсон байсан. Зурагтаа 400.000 төгрөгөөр үнэлнэ. Хохирлоо нөхөн төлүүлмээр байна.” гэх мэдүүлэг /хх-95-97х/
Гэрч Ч.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сард намайг гэртээ оёдол хийж байхад үл таних нэг залуу орж ирээд “эгчээ модон эмээл зарах гэсэн юм, та авахгүй биз” гэхээр нь би юун эмээл юм бэ? гэж асуухад би тариан дээр өвс хадаж байхдаа тохож байсан эмээл юм. Одоо тариа явах гээд бензин тосны мөнгө хэрэгтэй болоод зарах гээд байна гэж хэлэхээр нь би аваад ир үзье гэхэд удалгүй аваад ирсэн. Тэгээд би хүүгийнхээ эмээлийг сэлбэж болохоор юм шиг болохоор нь хэлсэн үнээр нь 50.000 төгрөгөөр худалдаж авсан. У.Т архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тэр үед анзаараагүй. Согтуу гэхээр юм мэдэгдээгүй. Одоо харвал тэр залууг танина. Юм бодохгүй л авчихсан юм” гэх мэдүүлэг /хх-23х/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7, 57-59, 85-88х/
Баруун-Урт сумын үнэлгээний комиссийн эд зүйлийн үнэлгээ /хх-12, 62х/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн засаг даргын 5/92 дугаартай тодорхойлолт /хх-32х/
Шүүгдэгч У.Тын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-33х/
Шүүгдэгч У.Тын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36х/
Шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-39-50х/
Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтэд: 1. Шинжилгээнд ирсэн гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн гарын мөр нь СЭ78122617 регистрийн дугаартай, санд MN004310007339 дугаараар бүртгэгдсэн Уртнасан овогтой Түвшинбаярын баруун гарын долоовор хурууны мөр байна. гэжээ /хх-109/,
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамж /хх-120-122 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч У.Тт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч У.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ... тоотод оршин суух хохирогч Н.Бын амбаарт хууль бусаар нэвтэрч ясан хяртай хуучин цагийн модон эмээлийг хулгайлан 500 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 06 дугаар сарын 11-18-ны хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух хохирогч М.Оийн гэрт хууль бусаар нэвтэрч цахилгаан тогоо, 12 ширхэг хэрэглэлтэй пойлоосон модон эмээл, зурагт, хөшиглүүр зэргийг хулгайлан 430 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2019 оны 06 дугаар сарын 11-24-ний хооронд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ... тоотод оршин суух хохирогч Д.Ггийн гэрт хууль бусаар нэвтэрч “Хитачи” маркийн 42 инчийн зурагт, гудас бүтээлэг зэргийг хулгайлан 400.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч У.Тын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Н.Б, М.Оь, Д.Г, гэрч Ч.О нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд У.Тын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч У.Тын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч У.Т нь хохирогч Н.Б, М.Оь, Д.Г нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч У.Тыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч У.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Таас 430 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух хохирогч М.Оьд, 400 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 9 дүгээр баг ... тоотод оршин суух хохирогч Д.Гд тус тус олгож, хохирогч Н.Бод учирсан хохирол төлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгч У.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч У.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 04 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнд ялыг оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч У.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч У.Т нь гэм буруугийн талаар маргаагүй хэдий ч тэрээр урьд 5 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч У.Тт 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд /хх-ийн 120х/ шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 54 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт бичгийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Б нэхэмжлэх зүйлгүй гэсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өндөр хүчдэлийн шонд цахилгаан дамжуулагч утас бэхэлдэг гэх 2 талдаа резвотой 1.5 см диаметртэй 40 см урттай муруйлгасан төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах гэснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бичээч овогт Уртнасангийн Түвшинбаярыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ялтан У.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан У.Тт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар ялтан У.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний цагдан хоригдсон 54 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан У.Таас 430 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух хохирогч хохирогч М.Оьд, 400 000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгмийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг ... тоотод оршин суух хохирогч Д.Гд тус тус олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өндөр хүчдэлийн шонд цахилгаан дамжуулагч утас бэхэлдэг гэх 2 талдаа резвотой 1.5 см диаметртэй 40 см урттай муруйлгасан төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, ялтнаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Б нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА