| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2019/0157/э |
| Дугаар | 154 |
| Огноо | 2019-08-25 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 154
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн Ц.От холбогдох эрүүгийн 1930002870184 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р баг Чойбалсангийн гудамж ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй Ц.О.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.О нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 25 килограмм хаягдал зэсийг 92-28 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Дорнод аймгийн Хэрлэн суманд хаягдал төмөр, зэс гууль авдаг газар очиж хаягдал 25 кг зэсийг будаагаар сольж авсан юм. Худалдаж авсан зэсээ 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өөрийнхөө 92-28 ДОР улсын дугаартай Истана маркийн машины жолоочийн суудал доор нууж хилээр гарах гэж байгаад гаалийн ажилтанд баригдсан гэв.
Эрүүгийн 1930002870184 дугаар хэргээс:
Иргэний нэхэмжлэгч Ц.С мөрдөн байцаалтад өгсөн: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт дэх Монгол улсын хилээр 92-28 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 25кг зэсийг нууж, хууль бусаар нэвтрүүлэх гэсэн асуудалд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-17хуудас/
Гэрч С.Сы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2019 оны 06 дугаар 18-ны өдөр 10 цаг 30 минут орчим гаалийн хяналтын бүсэд Бүгд найрамдах Хятад улс руу гарах гэж байсан Истана маркийн 92-28 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад Цогт овогтой Оюунбаатар гэх жолооч нь өөрийнхөө машинд хар үүргэвчин дотор 25 кг хаягдал зэс тээвэрлэж явсныг илрүүлэн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Хаягдал зэс нь Монгол улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйл юм... гэх мэдүүлэг /хх-19 хуудас /
2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7 хуудас /
Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ “хаягдал зэс 125,000 төгрөг” /хх-12 хуудас /
Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ “Истана машин 3,000,000 төгрөг” /хх-11 хуудас /
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-13 хуудас /
Шүүгдэгч Ц.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31 хуудас /
92-28 ДОР улсын дугаартай Истана маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-32 хуудас/
Шүүгдэгч Ц.Оын гадаад паспортын хуулбар /хх-34 хуудас/
Шүүгдэгч Ц.Оын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-29 хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай 5/29 дугаартай прокурорын тогтоол /хх-35-36 хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.От холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ц.О нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хаягдал 25 кг зэсийг 92-28 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Оын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.С, гэрч С.С нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Ц.Оын үйлдэл нь Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.О Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.О гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 кг зэсийг хурааж улсын орлого болгох, шүүгдэгч Ц.Оын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 92-28 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, 02138762 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул машиныг шүүгдэгч Ц.Оаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Прокуророос яллагдагч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул Ц.Оыг Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс Ц.От холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан эсэхийг хянаж прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Ц.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Оыг Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 кг зэс, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 92-28 ДОР улсын дугаартай Истана маркийн машиныг ялтан Ц.Оаас гаргуулж тус тус улсын орлого болгосугай.
5. Шүүгдэгч Ц.Оын 92-28 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 5/31 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Ц.О нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Ц.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА