| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/05502/И |
| Дугаар | 210/МА2026/00409 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00409
2026 02 25 210/МА2026/00409
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/10932 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 61,847,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөг, нийт 79,847,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие Б.М*******-тай 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний 2.1-д зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Б.М******* болон Г.Э******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү нийт 42,000,000 төгрөгийг шаардах эрхийг шилжүүлж авсан.
1.2. Д.Э*******, Г.Э******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр харилцан тохиролцож 42,000,000 төгрөг дээр нэмж 18,000,000 төгрөгийг зээлэх нөхцөлтэйгөөр[U1] шинэ зээлийн гэрээ байгуулсан. Мөн тус өдрөө нэмж 1,847,000 төгрөгийг зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Г.Э*******-ийн өмчлөлийн орон сууц болох ******* тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ******* тоот хөрөнгийг барьцаалж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.
1.3. Зээлдэгч ******* нь үндсэн зээл болон зээлийн хүүг огт төлөхгүй байсан учир талууд 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр барьцаа хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр үндсэн зээл, зээлийн хүүг 100,000,000 төгрөгөөр тооцож, зээлдүүлэгчид шилжүүлэхээр тохиролцсон. Үндсэн зээл, зээлийн хүү, алдангидаа тооцож, барьцаа хөрөнгийг шилжүүлэх үүднээс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр талууд худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулсан. Ингээд тус өдөр зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох гэрээг байгуулсан. Улмаар тухайн барьцаа хөрөнгө нь зээлдүүлэгч Д.Энэбишийн нэр дээр шилжсэн.
1.4. Нэхэмжлэгч нь тухайн үед орон сууцыг шилжүүлж төлбөр тооцоо дууссан, гэрээний үүрэгт тооцсон гэж үзэж зээлийн төлбөрийг дахин нэхэмжлээгүй. Гэтэл ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******-д холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4351 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05124 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 210/МА2025/00268 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх боломжгүй. Иймээс хариуцагч *******-д 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн харилцааг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүүг 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй.
Иймд хариуцагч *******-өөс 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 61,847,000 төгрөг, зээлийн 6 сарын хүүд 18,000,000 төгрөг, нийт 79,847,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь Б.М*******-с 40,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцож дансаар хүлээн авсан. Б.М******* Канад улс руу явахаар болсон тул 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн *******, Б.М*******, ******* нар нь Зээл шилжүүлэх тухай гурвалсан гэрээг байгуулж, Б.М******* нь *******-с шаардах эрхээ *******-д [U2] шилжүүлсэн. Энэ гурвалсан гэрээгээр үндсэн зээл болон зээлийн хүү нийт 42,000,000 төгрөг болохыг талууд тохиролцож, ******* нь *******-д нэмж 18,000,000 төгрөгийг зээлж нийт зээлийн дүнг 60,000,000 төгрөг байхаар тохиролцсон.
2.2. Зээл шилжүүлэх тухай гэрээний дагуу *******, ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2258 тоот зээлийн гэрээг байгуулж, 60,000,000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаанд ******* нь буцааж төлөхөөр тохиролцжээ. Гэвч ******* нь 18,000,000 төгрөгийг *******-д шилжүүлээгүй бөгөөд 1,847,000 төгрөгийг шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл ******* нь бодитоор 43,847,000 төгрөгийг зээл хэлбэрээр хүлээн авсан. ******* 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18,000,000 төгрөгийг *******-гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн тул уг мөнгийг *******-аас нэхэмжлэх ёстой. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу ******* нь зөвхөн өөрийн хүлээн авсан зээлийг буцаан төлөх үүрэгтэй байна.
2.3. 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2258 тоот Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дууссан. Тооцоолбол үндсэн зээлийн үлдэгдэл 43,847,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 13,204,828 төгрөг, нийт 57,051,828 төгрөг байна.
2.4. ******* нь *******-ийн дарамт шахалтын улмаас *******-тэй 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1340 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 4351 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг тус тус байгуулсан. 6 сарын давтамжтайгаар худалдах, худалдан авах гэрээ байгуулах бүрдээ 40,000,000 төгрөгийн хүү нэмж тооцон хамгийн сүүлд 140,000,000 төгрөгөөр худалдсан мэтээр дүр үзүүлэн хэлцэл хийгдсэн. ******* нь 4351 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсний дараа *******-ийг орон сууцнаас нь хөөх болсон тул ******* нь шүүхэд хандаж улмаар анхан шатны шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалаар *******-ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ү******* тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөх эрхийг *******-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн. Энэ хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл ******* нь зээлийн төлөлт хийх боломжгүй байсан болно.
2.5. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн хүү сарын 5 хувь буюу жилийн 60 хувь байгаа нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон байх тул шүүхийн журмаар зээлийн хүүг сарын 3 хувиар тогтоолгох хүсэлтэй байна. Энэ тохиолдолд үндсэн зээлийн үлдэгдэл 43,847,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 7,922,897 төгрөг байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 51,769,897 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч буй тул нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг буюу 28,077,103 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг баримтлан хариуцагч *******-с 79,847,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д [U3] олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-с улсын тэмдэгтийн хураамжид 557,185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д [U4] олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх нь иргэний хуулийн /281.1/ холбогдох заалтыг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18,000,000 төгрөгийг Б.М*******-ийн Хаан банкны ******* тоот харилцах дансанд шилжүүлсэн тул уг мөнгийг Б.М*******-с нэхэмжлэх ёстой. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу ******* нь зөвхөн өөрийн хүлээн авсан зээлийг буцаан төлөх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх *******-ийн хүлээн аваагүй 18,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн төлөх үүрэгтэй хэмээн шийдвэрлэсэн нь холбогдох хуулийн үзэл санаа, агуулгатай илтэд зөрчилдөж байна. *******-н бодитоор хүлээн авсан зээлийг холбогдох хүүгийн хамт тооцоолоход үндсэн зээлийн үлдэгдэл 43,847,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 13,204,828 төгрөг, нийт 57,051,828 төгрөг байна. ******* нь холбогдох хуулийн дагуу нийт 57,051,828 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Б.М*******-д шилжүүлсэн 18,000,000 төгрөгийг Б.М*******-с нэхэмжлэх эрх нь нээлттэй гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хариуцагч 42,000,000 төгрөг, 1,847,000 төгрөг, зээлийн 3 хувийн хүүд маргадаггүй бөгөөд зээлийн хүүг 5 хувиар тооцсон нь үндэслэлгүй гэж маргадаг. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* нь Б.М******* руу зээлийн төлбөрийг шилжүүлсэн бөгөөд үүний үр дагавар нь зөвшөөрөл өгсөн этгээд буюу зээлдэгчид үүсдэг учраас зээлдэгч уг төлбөрийг төлөх үүрэг үүснэ. Зээлийн хүү зээлдэгчийн эдийн засгийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн зүйл тогтоогддоггүй. Учир нь хариуцагч энэ асуудлаар хохирол учирсантай холбоотой баримт ирүүлээгүй. Нэхэмжлэгч жилийн төлбөрөө нэхэмжлээгүй, зөвхөн гэрээгээр тохиролцсон 6 сарын төлбөрийг 5 хувийн хүүгийн хамт нэхэмжилсэн. Талууд тухайн үед хүсэл зоригоо илэрхийлж гэрээнд гарын үсэг зурсан учраас зээлийн асуудалтай холбогдуулж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүрэгт 61,847,000 төгрөг, хүү 18,000,000 төгрөг, нийт 79,847,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг зөвшөөрч, үндсэн зээлийн үлдэгдэл 43,847,000 төгрөг, хуримтлагдсан хүүгийн үлдэгдэл 7,922,897 төгрөг, нийт 51,769,897 төгрөгийг төлнө, шүүхийн журмаар зээлийн хүүг багасгаж сарын 3 хувиар тогтоолгох хүсэлтэй байна, нэхэмжлэгч нь 18,000,000 төгрөгийг Б.М*******-д шилжүүлсэн тул Б.М*******-с нэхэмжлэх ёстой, хариуцагч зөвхөн өөрийн хүлээж авсан зээлийг буцаан төлөх үүрэгтэй гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж, зохигчийн маргааны зүйл, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
4. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. *******, Б.М*******, ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Зээл шилжүүлж тооцоо нийлсэн тухай баримт-аар Б.М************** нарын хооронд байгуулагдсан 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 1831 тоот Зээлийн гэрээ, мөн өдрийн 1832 тоот Барьцааны гэрээ-ний дагуу авсан 40,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 42,000,000 төгрөг болохыг баталгаажуулж, уг зээлийг *******-ийн нэр дээр шилжүүлж, нэмж 18,000,000 төгрөг зээлж нийт 60,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулах, уг 18,000,000 төгрөгийн нэмэлт зээлийг Б.М*******-ийн Хаан банк ХК дахь ******* тоот дансанд шилжүүлэх, Б.М*******-тай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг цуцлаад Д.Э*******-тэй 60,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ хийхээр талууд тохиролцжээ. /хх-21х/
4.2. ******* нь Д.Э*******-тэй 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2255 дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Б.М*******, ******* нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 42,000,000 төгрөг шаардах эрхийг Д.Э*******-д шилжүүлжээ. /хх-19х, 21х/
4.3. *******, ******* нар нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2258 дугаар Зээлийн гэрээ болон 2257 дугаар Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, зээлдүүлэгч ******* нь 60,000,000 төгрөг /42,000,000 төгрөгийн эрхийг шаардах эрхээр шилжүүлж гэрээ байгуулснаар, 18,000,000 төгрөгийг нэмж зээл олгож байгаа/-ийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, нэмж зээлсэн 18,000,000 төгрөгийг Хаан банк ХК дахь ******* тоот дансанд шилжүүлэх, зээлдэгч ******* нь 60,000,000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч ******* нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ******* тоот 70,0 м.кв 4 өрөө орон сууцаа барьцаалжээ. /хх-12-15х/
4.4. Нэхэмжлэгч ******* нь Төрийн банк ХК дахь ******* тоот данснаас Б.М*******-гийн Хаан банк ХК дахь ******* тоот дансанд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 18,000,000 төгрөгийг, *******-ийн Хаан банк ХК дахь ******* тоот дансанд 1,847,000 төгрөгийг тус тус шилжүүлэн зээлдүүлсэн талаар зохигч маргаагүй. /хх-5-9хх/
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******-ийг *******-аас Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсэгт заасны дагуу зээлийн төлбөр 42,000,000 төгрөг шаардах эрхийг шилжүүлэн авч, уг шаардах эрхийн төлбөр дээр нэмж 18,000,000 төгрөгийг зээлдүүлж, *******-тэй Зээлийн болон барьцааны гэрээ байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан Зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн болохыг зөв тогтоосон байна.
6. Талууд зээлийн гэрээний дагуу 18,000,000 төгрөгийг зээлдүүлсэн эсэх талаар маргаж, улмаар зээлийн төлбөрийн хэмжээ маргааны зүйл болсон байна.
6.1. *******, Б.М*******, ******* нарын хооронд хийгдсэн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Зээл шилжүүлж тооцоо нийлсэн тухай баримт-аар 18,000,000 төгрөгийн нэмэлт зээлийг Б.М*******-ийн Хаан банк ХК дахь ******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон төдийгүй *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2258 дугаар Зээлийн гэрээ-ний 3.4-д 18,000,000 төгрөгийг Хаан банк ХК дахь******* тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байх тул зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******-ийн нэрлэн заасан этгээдийн банкны дансанд зээлсэн 18,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийг олгох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг ...гэрээнд заасан этгээдэд хүлээлгэж өгснөөр үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор заасны дагуу зээлдүүлэгч ******* нь зээлийн гэрээнд заасан Хаан банк ХК дахь ******* тоот дансанд 18,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдэгч *******-д зээлийг олгосонд тооцох тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 18,000,000 төгрөгийг Б.М*******ийн дансанд шилжүүлсэн тул уг мөнгийг Б.М*******с нэхэмжлэх ёстой гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6.2. Мөн *******-с 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр *******-ийн ХХаан банк ХК дахь ******* тоот дансанд 1,847,000 төгрөгийг zeel olgov uldegdel гэх утгаар шилжүүлснээр 1,847,000 төгрөгийг нэмж зээлсэн талаар зохигч маргаагүй.
6.3. Анхан шатны шүүх талуудын зээлийн төлбөрийг үндсэн зээл 60,000,000 төгрөгийн 6 сарын хүү 18,000,000 төгрөг /60,000,000 х 5% = 3,000,000 х 6 сар = 18,000,000 төгрөг/, мөн нэмж зээлсэн 1,847,000 төгрөг зэргийг нэмэхэд 79,847,000 төгрөг гэж зөв тооцоолж, хариуцагч *******-с зээлийн гэрээний үүрэгт 79,847,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/10932 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271,926 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Н.ОЮУНТУЯА