| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0142/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2019-09-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Х овогт Бын Тт холбогдох 1935003510171 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 1 дүгээр сарын 27-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хөдөө мал малладаг, ам бүл 4, эхнэр, эцэг, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 2-р баг, 8-12 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, төрөөс авсан гавъяа шагналгүй Х овогт Бын Т / РД:.............................../.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Т нь Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Ц.Мтай хувийн таарамжгүй харицааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
1. Шүүгдэгч Б.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн нутагт 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хохирогч Ц.Мыг зодсон болох нь хохирогч Ц.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2019 оны 9 зүгээр сарын 02-ны өглөө 08 цагийн үед манай хойд талын эгнээнд байдаг Г гэдэг айлд орчихоод буцаад гэрлүүгээ орох гэж байтал манайд ойролцоо байдаг Т нь эхнэр Агийн хамт машинтайгаа манай гадна өөрсдөө манай хашаан дотор орж ирсэн. Би урьд өдөр нь Б.Ттай утсаар маргалдсан байсан учраас Б.Т нь шууд ирээд миний цамцнаас татаад машинд суу, чи ингэж байх ёсгүй чи хүн доромжилсон цагдаад байх ёстой гэсэн. Урьд орой нь намайг цагдаад архи уусан байна гээд цагдаад дуудлага өгөөд бариулаад явуулсан. Тухайн үед миний бие өвдөөд би цагдаагаас гарч ирээд гэртээ хончихоод өглөө 09 цагийн үед байцаагч намайг ир гэсэн би одоо өөрөө цагдаа руу очих гэж байна гэж би хэлсэн тэр үед Б Т намайг өөрийнхөө машинд суу гэсэн тэгээд би машинд суухгүй гэхэд намайг заамдаж барьж аваад миний толгой руу 2 удаа зөөлөн нударч цохиод, намайг хавирч унагаад цээж харирга рүү нэг нэг удаа өшиглөсөн юм тэгээд Т ахад би хоёулаа ярилцъя, учир зүйгээ олъё, ярилцъя би таниас уучлалт гуймаар байна. Тэр хүмүүс аль маргалдаж хэрэлдэхийг тэр гэх бэ гэж би хэлэхэд, чамтай яриад байх юм байхгүй, чамайг энэ нь дээр чинь алаад хаячихсан ч яах бэ гэж хэлсэн тэгээд намайг машиндаа дахин суулгах гэж чирхэд би явахгүй гэхэд намайг машин руу чирж байгаад Б.Т нь миний зүүн гарын 4-р хурууг гэдрэг дарж гэмтээсэн юм тэр үед миний эхнэр Ц харж байсан юм. Миний эхнэр Ц ирж салгах гэхэд чамд хамаагүй, чи цааш яв гэж хэлсэн юм. Тэр үед Тийн эхнэр А бас хажууд байсан юм. Тэнд өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй юм. Би хүчээр өөрийгөө салгаж авч хоёулаа манай гэрт орж ярилцъя гэхэд би Ций гэрт толгой нүцгэн орохгүй гээд яваад өгсөн. Миний зүүн гар хавдчихсан өвдөөд байна. Дунд талын гурван хуруу хөдлөхөөр өвдөөд байна. Би гомдолтой. Миний гар гэмтээсэн хохиролд Б.Т нь 50.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж миний хохиролыг бүрэн барагдуулсан. Одоо надад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 13-р тал/,
Гэрч С.Цын мөрдөн байцаалтад өгсөн: “манай нөхөр М яа гээд чанга дуугарсан юм. Тэгээд би гэрээсээ гараад харахад манай хойд талын хороололд байдаг Б.Т нь эхнэртэйгээ ирчихсэн миний нөхөр Ц.Мыг барьж аваад заамдаж аваад унагаж байгаад өшиглөсөн юм. Тэгээд би Б.Т ахыг больтон, та яагаад хүн зодоод байгаа юм бэ гэж хэлэхэд Б.Т нь чамд хамаагүй гэж надад хэлсэн юм. Тэгээд миний нөхөр Ц.Мыг цааш машин руугаа авч явах гэж чирч байгаад зүүн гарыг нь атгаж барьж байгаад зүүн гарынх нь дөрвөн хурууг гэдрэг дараад гэмтээчихсэн. Миний нөхөр М Т ахыг зодож цохиогүй. ” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,
Гэрч Н.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө 07 цаг 40 минутын ажилдаа явахаар гэрээсээ өөрийнхөө нөхөр Б.Таар сургууль руу машинаар хүргүүлэхээр явж байх замд гэр хороолол дотор Ц.М нь хашааны ар талаасаа гудамжнаас өөрийнхөө хашаа руу орж байгаа нь харагдсан юм тэр үед миний нөхөр Б.Т нь машинаа зогсоогоод Ц.Мыг дуудсан юм. Тэгтэл Ц.М зогсохгүй цааш яваад хашаа руугаа орсон. Тэр үед миний нөхөр Т хойноос нь тэдний хашаа руу ороод Ц.Мтай барьцалдаж нэг нэгнийгээ чирж байтал би хойноос нь ороод нөхөр Б.Тийг аваад Ц.Мийн хашаанаас аваад гарсан юм. Би тэр үед хичээлийн цаг болоод яараад нөхрөө боль гэж хэлээд би явлаа гээд хашаанаас гарахад миний нөхөр Б.Т миний хойноос тэдний хашаанаас гарч ирсэн. Тэгээд би нөхөр Б.Таар сургууль дээр хүргүүлж авсан юм. Тэр үед миний нөхөр Б.Т нь Ц.Мтай барьцалдаж аваад нэг нэгнийгээ чирээд, түлхээд, хоёулаа зууралдаад байсан юм тэр үед нэгнийгээ гэмтээсэн байх би тодорхой сайн хараагүй юм. Дараа нь би нөхөр Б.Таас чи юунаас болоод Ц.Мтай хэрэлдэж маргалдаж зодолдсон юм бэ? гэж асуухад Ц.М миний нөхөрийг хэл амаар доромжилсон гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
Шүүгдэгч Б.Тийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би Увс аймгийн Улаангом сумын 1-р багт оршин суудаг. Намайг манайхны хүргэн Ц.М нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 99457495 дугаартай утсаар согтуу над руу ярьж намайг хэл амаар доромжилсон. Намайг Ц.М нь янгарцагийн залуу чи бэлэвсэн авгайн өвс хадаж өгдөг, бэлэвсэн авгай нарыг цуглуулдаг чи гэж хэлж намайг хэл амаар доромжилсон. Тэгээд тэр өдөр Ц.Мыг тэр хүмүүс цагдаад авч ирж өгсөн юм байна лээ. Би дотроо гомдолтой байсан юм тэгээд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө би эхнэр Аг ажилд нь хүргэчихээд Арсай явахаар өөрийнхөө портер машинтайгаа явж байх замд гэрийнхээ ар талын гудамжинд 08 цагийн үед таарсан юм. М нь намайг хэл амаар доромжилсон учраас миний дургүй хүрч хашаан дотор нь Ц.Мыг барьж аваад хамт цагдаа руу явъя чи намайг хэл амаар доромжилсон одоо би чамайг сэргийлэхэд хүргэж өгнө гээд барьж аваад машинд суучих, сэргийлэх явъя гээд хэлэхэд Ц.М нь явахгүй гээд цааш зугатаагаад байсан. Мын хойноос нь очиж барьж аваад зүүн гарын нэг хуруунаас нь би атгаж барьж аваад машин руу чирж байхад хуруу нь мушгисан юм тэр үед Ц.М нь яаа гээд газарт суусан юм. Би өөрөөр түүнийг зодож цохьсон зүйлгүй. Ц.М нь урьд нь намайг согтуугаар, утсаар намайг хэл амаар доромжилсон учраас би Ц.Мтай уулзана гэж бодож байсан учраас тэр өдөр таарахаар нь би уулзсан юм. Намайг Ц.М нь хэл амаар доромжилсон учраас би цагдаад хүргэж өгий гэж бодсон учраас би Ц.Мыг цагдаад хүргэж өгье гээд чирч байхад гар нь гэмтсэн байсан юм.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 618 дугаартай шинжээчийн “Ц.М-н биед зүүн гарын 4-р хурууны алганы шивнүүр ясны далд цуурсан хугарал, зүүн гарын алганд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тогтоолд заасан болон хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/-ээр хохирогч Ц.Мөнгөнтулын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Т энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж гар, сарвуу орчим цохиж хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Мын биед гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Б.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45-р тал/-аар нотлогдсон.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Н.Агийн өгсөн: “миний нөхөр Б.Т нь хурдан түргэн зантай, асуудалд нухацтай хүлээцтэй ханддаггүй. Хувиараа газар тариалан эрхэлдэг, жолооч ажилтай, хүнд тусархуу зантай хүн.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/, Гэрч З.Бийн өгсөн: “Б.Т нь үг дуу цөөтэй, даруухан, төлөв зантай, хүнтэй хэрүүл маргаан хийдэггүй, хүмүүстэй эелдэг зөөлөн харьцдаг, бусадтай нийтэч, хүний эвийг сайн олдог, уур уцааргүй тайван зантай, хүнд тусархуу хүн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/-үүд хэрэгт авагдсан байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдэхдээ учруулсан хохирлыг төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосныг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Мд буцаан олгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Бын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн рентген зургийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Мд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Тт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ