| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 102/2024/05928/И |
| Дугаар | 210/МА2026/00410 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00410
2026 02 25 210/МА2026/00410
********-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10654 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, *******, ******* нарт холбогдох,
Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, шударга өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч Б*******, хариуцагч *******-гийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 06 дугаар сард Ө******* ХХК-ийн захирал *******-тай харилцан тохиролцож, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ******* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн орон сууцыг Ө******* ХХК-ийн захирал ******* нь хариуцагч О.Б*******-с өөр үл хөдлөх хөрөнгийн урьдчилгаанд авч байгаа гэж хэлсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тухайн орон сууцны түлхүүрийг *******-д гардуулан өгснөөр өнөөдрийг хүртэл амьдарч байна. ******* нь хадам аав Б.Д*******-ийн дансаар дамжуулан ******* руу 150,000,000 төгрөгийг шилжүүлээд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрийг бүрэн шилжүүлж дуусгасан.
1.2. *******-ыг амьдарч байх хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сараас эхлэн ******* гэдэг хүн миний орон сууцнаас гар гэж дарамтлах болсон. Үүнийг Ө******* ХХК-ийн захирал *******-д хэлэхэд би зохицуулна, санаа зоволтгүй гэж хэлдэг. Энэ үед ******* нь маргаан бүхий орон сууцыг 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр *******-гийн нэр дээр шилжсэнийг мэдсэн.
1.3. ******* нь О.Б*******-ы үл хөдлөх эд хөрөнгө буюу маргаан бүхий орон сууцыг банкны 10,000,000 төгрөгийн зээлээс чөлөөлж, тухайн чөлөөлсөн мөнгөний барьцаанд өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэдэг. Ө******* ХХК-ийн захирал ******* нь *******-д тухайн зээлийг чөлөөлөөд өөрийн нэр дээр шилжүүлж авах зөвшөөрлийг өгсөн гэж ойлгосон. ******* О.Б******* нарын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ******* нь дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үр дагаварт бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоож өгнө үү.
1.4. ******* нь шударгаар үл хөдлөх эд хөрөнгийг олж авсан тул шударга өмчлөгчөөр тогтоож, маргаан бүхий орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч О.Б*******-ы тайлбарын агуулга:
2.1. Миний бие 2023 оны 06 дугаар сард өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3******* 59,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг томруулах зорилгоор Ө******* ХХК-ийн захирал *******-тай холбогдож орон сууц худалдан авахаар тохиролцсон. Маргаан бүхий орон сууцыг шинээр худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн урьдчилгаанд 150,000,000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон.
2.2. Би 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ******* над руу өөрийн туслах н.Г******* гэх хүнийг явуулсан ба *******-тай утсаар ярьж холбогдоход ******* руу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлээд өгчих гэсэн тул *******-тай худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн байгуулсан. Би ******* гэдэг хүнийг тухайн үед анх удаа харсан, огт танихгүй, түүнээс мөнгө аваагүй. *******-тай байгуулсан гэрээнд орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон зүйл байхгүй. *******-гийн хэлснээр гэрээний зүйлийн үнийг бичсэн байсан. Би *******-с худалдан авсан орон сууцандаа одоог хүртэл зээлээ төлөөд амьдарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ө******* ХХК-ийн захирал Т.Г*******-тэй 2050 дугаар Зээлийн гэрээг байгуулсан. Тус гэрээгээр 528,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүү тооцохгүй бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс хойш сарын 3,5 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож, 528,000,000 төгрөгийн тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн бөгөөд бусдад худалдах, шилжүүлэх итгэмжлэл болон худалдах-худалдан авах гэрээг байгуулсан.
3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээгээр Ө******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Т.Г******* бүртгэгдсэн байна. Зээл авсан Т.Г******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр О.Б******* гэдэг хүнийг дагуулж ирж манай компанийн барьж байгаа орон сууцнаас 110 м.кв орон сууцыг авсан тул энэ хүний орон сууцны урьдчилгаа төлбөрт өгөх Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ******* тоот 59,8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлийнхээ төлбөрт авна уу гэх хүсэлтийг надад тавьсан. Улмаар би хүсэлтийг нь хүлээн авч О.Б*******-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, түүний банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан 10,000,000 төгрөг, 2 хувийн татвар 2,000,000 төгрөгийг төлж, 28,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг өгч нийт 40,000,000 төгрөгийг төлсөн. Тус үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр маргаан бүхий орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож төлбөрийг бүрэн төлж дуусгасан талаар тусгаж миний бие орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан.
3.3. ******* бид хоёр 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1290 дугаар Зээлийн гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 89,500,000 төгрөгийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсон.
3.4. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт тус тус зааснаар 001131444 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээгээр ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул ******* дугаарт бүртгэж гэрчилгээг олгосон. Тус орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* юм.
3.5. Миний хувьд нэхэмжлэгч М.Б********-ыг танихгүй бөгөөд өөрийн өмчлөлийн орон сууцандаа орох гэхэд орон сууцнаас гарахгүй байсан тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргасны дараа уг орон сууцыг зарж нэхэмжлэгчээс 12,000,000 төгрөг дамжуулж шилжүүлсэн гэх Б.Д******* нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч О.Б*******-с орон сууцыг хуулийн дагуу өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан. Гэтэл нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл орон сууцнаас гарахгүй намайг хохироож байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч *******-гийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Б*******, ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, ******* тоот, 59,8 м.кв талбай бүхий, Улсын эрхийн бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч М.Б*******-ыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг М.Б*******-д шилжүүлж өгөхийг хариуцагч *******-д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,656,300 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 837,750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч О.Б*******, ******* нараас 607,950 төгрөгийг, хариуцагч *******-с 140,400 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Хариуцагч ******* болон Ө******* ХХК-ийн захирал Т.Г******* нар нь хариуцагч *******-д өртэй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 2 зээлийн гэрээгээр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээнүүдийг няцаасан үндэслэлээ шүүхийн шийдвэрт заагаагүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.
6.2. "Ө*******" ХХК-ийн захирал *******-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай тодорхойлолтоор маргаан бүхий 2 өрөө орон сууцны үнэ болох 150,000,000 төгрөгийг мөн өдөр авсан гэжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 152,000,000 төгрөг төлсөн гэх боловч хариуцагч ******* нь *******-д өртэй байсан өрнөөсөө 90,000,000 төгрөгийг хасуулж О.Б*******-ы өмчлөлийн маргаан бүхий орон сууцыг хүсэлт тавьж *******-д шилжүүлж өрөндөө өгсөн, тус орон сууцыг бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлсэнийхээ дараа ч орон сууцны төлбөр гэж 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг авч, 2 хүнд маргаан бүхий орон сууцыг давхар зарж бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан. Энэ талаар хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүх уг хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан. Нөгөө талаасаа хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Б*******-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг байгуулж, *******-с авах байсан авлагаасаа хасуулж өрөндөө авсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэхүү гэрээний харилцаа дуусгавар болсон, гэрээг цуцалсан баримтгүй байхад анхан шатны шүүх хүчин төгөлдөр бусад тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй.
6.3. Нэхэмжлэгч нь анх 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дүр үзүүлэн хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, шударга өмчлөгчөөр тогтоолгох, бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд С.Ч******* нь нэхэмжлэлийн шаардлага өөрчлөөгүй болох нь шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдоно. Гэтэл анхан шатны шүүх нь өөрийн санаачилгаараа нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн найруулан бичиж, хэргийг шийдвэрлэсэн.
6.4. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/15559 дугаартай албан бичигт маргаан бүхий орон сууц нь анх О.Б*******-ы өмчлөлд бүртгэгдэж, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр Б.А*******-гийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн талаар тусгагджээ. ******* уг нь орон сууцны хууль ёсны өмчлөгч тул гэрчилгээ олгогдсон. Маргаан бүхий орон сууцыг хууль ёсны өмчлөгч О.Б*******-с хуулийн дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан. Гэтэл шүүхийн шийдвэрээр ...Хариуцагч ******* нь тухайн орон сууцыг хариуцагч *******-аас зээлийн төлбөрт шилжүүлэн авсан гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй байна. ...*******, ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлцэл бодитоор хийгдсэн байна гэж үзэх үндэслэлгүй байна. гэж бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
6.5. Хариуцагч О.Б*******, ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 1961 дугаар Худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний хувьд худалдагч нь эд хөрөнгийг худалдан авагчийн бодит эзэмшилд шилжүүлэхээс гадна өмчлөл шилжүүлэх үүргийн хүлээдэг. Хариуцагч ******* нь тухайн орон сууцыг Б*******-с зээлийн төлбөрт шилжүүлэн авсан гэх тайлбар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад анхан шатны шүүх хэтэрхий нэг талыг барьж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
6.6. Хариуцагч *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний талаар анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдсэн. Нэхэмжлэгч нь хариуцагч *******-г маргаан бүхий орон сууцыг өөрийнхөө өмчлөлд шилжүүлж авсны дараа орон сууцны төлбөрийг төлж дуусгасан гэх үйл баримт тогтоогдсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.
6.7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгож хийгддэг бөгөөд О.Б*******, ******* нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн байхад М.Б*******, ******* нарын хооронд гэрээ байгуулагдсан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Талуудын хооронд гэрээ байгуулагдах үед М.Б*******-ын оролцоо байгаагүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 561.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл нь хүчин төгөлдөр байна. Иймд шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой үнэлж, маргаан бүхий орон сууцны худалдах-худалдан авах хэлцэл бодитоор хийгдсэн, хэлцлийн үүргийг нэхэмжлэгч ******* бүрэн биелүүлсэн болохыг тогтоосон. Хариуцагчийн тайлбарлаж буйгаар Б******* О.Б*******-д төлөх зээлийн өрийг хаасан гэх нөхцөл байдлыг нотлох хангалттай баримтыг хэрэгт гаргаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хариуцагч тал үүргээ биелүүлээгүй. Мөн орон сууцны үнийг 90,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь бодит худалдах-худалдан авах хэлцлийн нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд өр төлбөрийн шинжтэй хэлцэл байсан гэх тайлбар нотлох баримтаар батлагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
7.2. Өмгөөлөгчтэй холбогдуулан "залилангийн шинжтэй" гэх тайлбарын тухай. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан уг тайлбар нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнээс давсан, эрүүгийн эрх зүйн шинжтэй асуудал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын хооронд үүссэн хэлцлийн бодит байдлыг нотлох баримтад тулгуурлан тогтоодог бөгөөд өмгөөлөгчийн үйл ажиллагаанд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарах асуудал болно.
7.3. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид өөрчлөгдөөгүй бөгөөд зөвхөн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойлогдсон болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагын агуулга өөрчлөгдөөгүй нөхцөлд хууль зүйн үндэслэл тодруулсан нь шаардлага өөрчилсөнд тооцогдохгүй.
7.4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэгч ******* тухайн орон сууцны үнийг бүрэн төлсөн, бодитоор эзэмшиж ашиглаж байсан, хэлцэл бодитоор хэрэгжсэн болохыг тогтоосон бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаанд бүрэн нийцсэн. Мөн талуудын хооронд бодитоор үүссэн эрх зүйн харилцааг үнэлж, анхны худалдан авагчийн эрхийг хамгаалсан нь хууль зүйн зөв дүгнэлт болсон. Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагч Батсүхийн Алтанзаяагийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хэд хэдэн шаардлагыг хариуцагчийн хэнд нь холбогдуулан ямар үндэслэлээр гаргасныг тодорхойлж дүгнээгүйг дараах байдлаар залруулна.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч О.Б*******, *******нарт холбогдуулан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч *******-д холбогдуулан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох, шударга өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, хариуцагч *******-д холбогдуулан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж,
3.1. Нэхэмжлэлийн үндэслэлээ, ...Ө******* ХХК-ийн захирал *******-аас орон сууц худалдан авахаар тохиролцож, үнийг нь бүрэн төлсөн ба орон сууцандаа амьдарч байгаа, гэтэл *******-ийн нэр дээр орон сууц шилжсэн, О.Б-ны зээлийг чөлөөлж, барьцаанд өмчлөлдөө шилжүүлж авах зөвшөөрлийг ******* өгснийг мэдсэн,[EE1] О.Б*******, ******* нарын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тодорхойлсон.
3.2. Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ ... *******-тай байгуулсан гэрээний төлбөртөө тооцож маргаан бүхий орон сууцыг О.Б*******-с шилжүүлэн өмчлөлдөө авсан, би тус орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж маргажээ.
3.3. Хариуцагч О.Б******* ...байраа томруулах зорилгоор *******-гийн хүсэлтийн дагуу *******-д орон сууцаа шилжүүлж өгсөн боловч ******* өнөөдрийг хүртэл байр шилжүүлж өгөөгүй, байр бартераар шилжүүлж байгаа асуудлыг худалдах-худалдан авах гэрээгээр дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбар гаргасан.
3.4. Хариуцагч ******* нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн.
4. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
5. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна.
5.1. Б.Д*******-ийн Голомт банкны данснаас *******-ийн Хаан банкны данс руу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 20,000,000 төгрөгийг Ахаас нь гүйлгээний утгаар, 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөгөөр 4 удаа, нийт 20,000,000 төгрөгийг дүүд гүйлгээний утгаар, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөгийг Д*******-оос гүйлгээний утгаар шилжүүлсэн. /хх-7-14х/
5.2. Гэрч Б.Д******* ...*******-д дээрх өөрийн данснаас шилжүүлсэн мөнгө нь М.Б*******-н байрны төлбөрт шилжүүлсэн гэж мэдүүлсэн. /хх-172-173х/
5.3. Ө******* ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтод ...М.Б*******-с 2013 онд ашиглалтад орсон Korea Town хотхоны ******* тоот 2 өрөө байрны үнэ болох 150,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авсан... гэжээ. /хх-15х/
5.4. О.Б*******, Б******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 1691 дугаар Худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-гээр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ******* тоот 59,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 90,000,000 төгрөгөөр худалдах, төлбөр тооцоо дууссаныг тохиролцсон. Гэрээнд заасан орон сууцны өмчлөгчөөр ******* мөн өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. /1хх-91-94, 44х/
Нэхэмжлэгч ******* нь Б*******-аас Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, ******* тоот 59,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны түлхүүрийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр авч, амьдарч байгаа талаар зохигч маргаагүй.
6. Хариуцагч О.Б*******, ******* нарт холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон *******-д холбогдох бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох, шударга өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,
6.1. Хариуцагч О.Б******* нь 59,8 м.кв талбайтай орон сууцны талбайн хэмжээг ихэсгэж *******-с илүү м.кв талбай бүхий орон сууц авах зорилгоор маргааны зүйл болсон орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсоноор тэдний хооронд арилжааны гэрээ байгуулагдаж, улмаар *******-гийн өмчлөлд уг орон сууц шилжсэн нь хариуцагч О.Б*******, *******, ******* нарын тайлбар болон гэрч Г.Г*******-н мэдүүлэг /хх-170-172х/-ээр тогтоогджээ.
Хариуцагч О.Б******* орон сууцаа арилжаа /бараа, ажил, үйлчилгээ солилцох/-ны гэрээний дагуу Б*******-д хүлээлгэн өгөх үүргийн хүрээнд түүний заавар, зөвшөөрлөөр Б*******-д шилжүүлэн өгсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн ... нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасанд нийцсэн, О.Б*******-ыг гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэнд тооцно.
6.2. Хариуцагч Б******* нь дээрх орон сууцыг төлбөртөө тооцож авахаар *******-тай харилцан тохиролцсон гэх үндэслэлээр Ө******* ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 528,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин шилжүүлсэн Зээлийн гэрээ-г, мөн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 264,000,000 төгрөгийн үнэ бүхий блок нийлүүлэх Хөнгөн блок худалдах, худалдан авах гэрээ-г /хх-215-219х/ тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж, *******-с нийт 547,068,000 төгрөгийн авлагатай гэсэн тайлбар гаргасныг хариуцагч ******* баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.
6.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг эрмэлзэлгүй, хэрэг дээрээ хууль зүйн ямарваа нэг үр дагавар гаргахыг хүсдэггүй, зөвхөн гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгосон байдаг.
О.Б*******, Б******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг талууд тодорхой үр дагаварт хүрэх зорилгоор /О.Б******* арилжааны гэрээний үүргээ гүйцэтгэх, ******* авлагад тооцох/ хийж, хууль зүйн үр дагавар үүсгэсэн гэрээ байх тул дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгч М.Б*******-ын зүгээс хариуцагч О.Б*******, Б******* нарын хооронд байгуулсан 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
6.4. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасны дагуу О.Б*******, ******* нарын хооронд Б*******-гийн зөвшөөрлөөр 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Б*******-ийн нэр дээр өмчлөх эрх шилжсэнээр талууд гэрээний үүргээ биелүүлсэн буюу гэрээ хэрэгжсэнээр дуусгавар болжээ.
6.5. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй гэж заасан нь эзэмшилд суурилсан давуу эрхийн харилцааг зохицуулсан заалт бөгөөд эзэмшлийг түрүүлж олж авсан этгээдийн хувьд тухайн эд зүйлийг өмчлөх давуу эрхтэйг илэрхийлэх үр дагавартай.
Нэхэмжлэгч М.Б*******-н хувьд худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцыг эзэмшиж байгаа боловч өмчлөх эрх шилжээгүй, харин хариуцагч *******-ийн хувьд худалдах-худалдан авах гэрээгээр эзэмшлийг шилжүүлэн аваагүй ч өмчлөх эрх түүнд шилжжээ. Энэ тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжих харилцаа нь эзэмшлээр тодорхойлогдохгүй, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд тулгуурлах тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэг нь маргааны зүйл болсон орон сууцыг олж авах давуу эрхэд үйлчлэхгүй. Иймд нэхэмжлэгч М.Б*******-ыг орон сууцыг түрүүлж эзэмшилдээ авснаар нь өмчлөх давуу эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
7. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үр дагаврыг арилгуулах шаардлагыг гаргах эрхтэй бөгөөд *******-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлага нь зөвхөн хариуцагч О.Б*******-ы нэр дээр буцаан шилжүүлэх агуулгаар гаргасан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага болно. Харин М.Б******* нь орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах агуулгаар гаргасан тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан шаардах эрхэд хамаарахгүй.
Нэхэмжлэгчийн хариуцагч О.Б*******, ******* нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай шаардлагын үндэслэл болохын зэрэгцээ бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг болон шударга өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхэд хамаарахгүй байна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.Б*******-ын хариуцагч нарт холбогдуулан гаргасан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох болон ******* холбогдуулан гаргасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох, шударга өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нарын ...шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гэрээ байгуулсан талуудын хүсэл зориг, гэрээний хэлбэр, агуулга зэрэг эрх зүйн асуудлаар хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангана.
9. Хариуцагч ******* холбогдох бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох шаардлагын тухайд,
9.1. Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 06 дугаар сард Ө******* ХХК-ийн захирал *******-тай харилцан тохиролцож, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ******* тоот 59,8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 150,000,000 төгрөгөөр худалдан авч, орон сууцны үнийг Б.Д*******-оор дамжуулан төлсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.
Мөн Б.Д*******-ийн Голомт банкны данснаас Б*******-ийн Хаан банкны данс руу 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд мөнгө шилжүүлсэн, уг мөнгийг орон сууц худалдан авах зорилгоор шилжүүлсэн болох нь гэрч Б.Д*******-ийн мэдүүлгээр тогтоогдсон. /хх-7-14, 72-173х/
9.2. Нэхэмжлэгч ******* нь *******-тай байгуулсан гэх орон сууц худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хариуцагч *******-г М.Б*******-ын орон сууцны үнэд шилжүүлсэн мөнгийг буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
9.3. Иргэний эрх зүйн хамгаалалтын арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой тул бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох нь нэхэмжлэлийн шаардлага бус тодорхой хөрөнгө гаргуулах шаардлагын үндэслэл байх боломжтой.
Иймд нэхэмжлэгч М.Б*******-ын хариуцагч *******-д холбогдуулан гаргасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Дээрх үндэслэлээр хариуцагч *******-ийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10654 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч О.Б*******, ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хариуцагч ******* нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг болон шударга өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах, хариуцагч *******бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсныг тогтоолгох тухай нэхэмжлэгч *******-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******-н гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* -с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.ОЮУНТУЯА