Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 155

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгч Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Чад холбогдох эрүүгийн 1930002880189 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн  ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг ...тоотод оршин суух, ял шийтгэлгүй Д.Ч.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Ч  нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 22 килограмм гуулийг 14-52 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж, Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч  Д.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн төвөөс найз Өын 14-52 ДОР улсын дугаартай Истана маркийн машинтай  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор хаягдал 22 кг гуулийг  4 литрийн маслын саванд хийж Бүгд найрамдах Хятад ард улс руу Монгол улсын хилээр нэвтрэх гэж байгаад гаалийн ажилтанд саатуулагдсан гэв. 

 

Эрүүгийн 1930002890190 дугаар хэргээс:

Иргэний нэхэмжлэгч Ц.С  мөрдөн байцаалтад өгсөн: ...Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт дэх Монгол улсын хилээр 14-52 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 22 кг гуулийг нууж, хууль бусаар нэвтрүүлэх гэсэн асуудалд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-17 хуудас/

Гэрч С.Сы мөрдөн байцаалтанд өгсөн: ...2019 оны 06 дугаар 18-ны өдөр 10 цаг 30 минутын  орчимд  гаалийн хяналтын бүсэд Бүгд найрамдах Хятад улс руу гарах гэж байсан Истана маркийн 14-52 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад Додьгалсан овогтой Д.Ч гэх жолооч нь өөрийнхөө машинд 4 литрийн маслын хуванцар саван дотор 22 кг хаягдал гууль гэх үртэс машиндаа тээвэрлэж явсныг илрүүлэн харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Хаягдал гууль нь Монгол улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйл юм... гэх мэдүүлэг  /хх- 20 хуудас /

 

2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-7 хуудас /

 

Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ “хаягдал гууль 66,000 төгрөг” /хх-13 хуудас /

 

Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ “Истана машин 3,000,000 төгрөг” /хх-12 хуудас /

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10 хуудас /

 

Шүүгдэгч Д.Чын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29 хуудас /

 

14-52 ДОР улсын дугаартай Истана маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-35 хуудас /

 

Шүүгдэгч Д.Чын  гадаад паспортын хуулбар /хх-33 хуудас /

 

Шүүгдэгч Д.Чын  оршин суугаа газрын тодорхойлолт /хх-31 хуудас /

 

Эд хөрөнгө битүүмжлэх тухай 5/30 дугаартай прокурорын тогтоол  /хх-43 хуудас / зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.

 

Шүүгдэгч Д.Чад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Ч нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох хаягдал 22 кг гуулийг 14-52 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж, Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Чын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц.С, гэрч С.С нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж  заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Д.Чын үйлдэл нь  Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Чыг  Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Д.Ч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх,  эрх чөлөө,  нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,  гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 кг гуулийг  хурааж  улсын орлого болгох, шүүгдэгч Д.Чын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь Б.Өын  эзэмшлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, 01795190 дугаартай  тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байх тул  машины үнэ 3 000 000 төгрөгийг  шүүгдэгч Д.Чаас гаргуулан  улсын орлого болгох,  прокурорын 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/30 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож 14-52 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Б.Өод буцаан олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Прокуророос яллагдагч Д.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул Д.Чыг Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэг заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялын саналыг хянаад гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чад  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Чад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан  хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  иргэний  бичиг  баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  иргэний нэхэмжлэгч Ц.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  тэмдэглэх нь зүйтэй байна. 

       

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Чыг Монгол улсын хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 кг гууль, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 14-52 ДОР улсын дугаартай Истана маркийн машины үнэ болох 3 000 000 төгрөгийг ялтан Д.Чаас гаргуулж тус тус улсын орлого болгосугай.

 

           5. Б.Өын эзэмшлийн 14-52 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 5/29 дугаартай  тогтоолыг хүчингүй болгож  хууль ёсны эзэмшигч Б.Өод буцаан олгосугай. 

           

6.  Шүүгдэгч Д.Ч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Ц.С гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Д.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Х.САНЖИДМАА