Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2020/0399

 

“Эрдэм дендер оюун ухаан” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхжаргал, өмгөөлөгч Л.Хатанбаатар нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 252 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалангийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Эрдэм денвер оюун ухаан” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 252 дугаартай шийдвэрээр: “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтуудыг тус тус баримтлан “Эрдэм денвер оюун ухаан ХХК-ийн “Метатек” ХХК-д олгосон зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, тасалбар түгээх машины программ хангамжтай холбоотой зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээнүүдийг “Эрдэм денвер оюун ухаан” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Эрдэм денвер оюун ухаан” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан давж заалдах гомдолдоо: “... Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 –д заагдсан эрхийг эдлэх эрхтэй этгээд “Эрдэм денвер оюун ухаан” ХХК мөн болохыг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн Н.Наранхүүтэй байгуулсан “Тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллах гэрээ”-ний дагуу 20,000,000 төгрөгийг төлсөн байгаа нь энэхүү гэрээний дагуу зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй эсэхэд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх учиртай байсан. Өөрөөр хэлбэл зохиогчийн эрхийн 8990, 8991 дугаар гэрчилгээн дээр бүтээл туурвигчид хэмээн нэрсээ сийлүүлсэн Ц.Эрдэнэбат, Н.Наранхүү болон бүтээлийн өмчлөгч гэх “Метатек” ХХК-д оюуны өмчийн газраас олгосон 8990, 8991 тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан “Эрдэм денвер оюун ухаан” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заагдсан эрх нь зөрчигдсөн этгээд мөн гэж үзэж байна.

“Метатек” ХХК нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээний 1.3-д заагдсан үүргээ биелүүлэхгүй байсан учир “Эрдэм денвер оюун ухаан” ХХК-ийн захирал А.Анхзаяа нь 2017 оны 06 дугаар сард иргэн П.Цэвэгмид, Д.Эрдэнэбат нараас 700,000,000 төгрөгийг зээлж авч, хөрөнгө гаргаснаар программ хангамж хийх ажил эрчимжиж, энэ цаг үеэс “Метатек” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат, Н.Наранхүү 2,500,000 төгрөгийн цалин авч, түүний хамаарал бүхий этгээдэд ч сар бүр өндөр цалин авч ажиллаж байсан болохтой маргах боломжгүй юм. Энэ тухайд хариуцагч болон гуравдагч этгээд талаас няцаалт хийсэн, хангалттай, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гаргаж өгч чадаагүй гэж үзэж байна.

 Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад “Метатек” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал хэлэхдээ “Метатек” ХХК-ийн 247,000,000 төгрөгийн хөрөнгөөр бүтсэн 8990, 8991 тоот гэрчилгээ бүхий программ хангамжаа ашиглахгүй орхисон байгаа, тэр программ одоо бидэнд огт хэрэггүй гэх утга агуулгатай зүйл ярьсан байгаа нь “Эрдэм денвер оюун ухаан” ХХК-ийн баримтаар гаргаж өгсөн 543,000,000 төгрөгийн хөрөнгийг үгүйсгэсэн, ихээхэн хохирол учруулсан ноцтой үйлдэл гэж үзэж байна.

“Метатек” ХХК-д зохиогчийн эрхийн 8990,8991 тоот гэрчилгээнүүдийг олгож болохгүй талаар удаа дараа мэдэгдэж холбогдох баримтуудыг өгсөөр байхад гомдлын дагуу “Метатек” ХХК-иас 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн Н.Наранхүүтэй байгуулсан “Тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллах тухай гэрээ” болон бусад хамтран ажиллах гэрээний асуудлаар “Метатек” ХХК болон иргэн Н.Наранхүүгээс үндэслэл бүхий тайлбар мэдүүлэг авч гэрчилгээ олгох эсэх бүрэн эрхээ хуульд нийцүүлж хэрэгжүүлээгүй нь хариуцагч Оюуны өмчийн газрын буруутай үйлдэл гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016  оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Түр журам батлах тухай” А/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох” журмын 2.3.6-д заагдсан нотлох баримт болох “Тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллах тухай гэрээ” болон хамтран ажиллах гэрээнүүдийг мэдүүлэг гаргагч Ц.Эрдэнэбат, Н.Наранхүү нар үнэн зөвөөр бүрдүүлж өгсөн бол төрийн байгууллагад болон шүүхэд үнэн зөв үйл баримтаар хандаж байх зарчмыг мөрдсөн бол зохиогчийн эрхийн 8990, 8991 тоот гэрчилгээ олгогдохгүй байсан.

“Эрдэм денвер оюун ухаан” ХХК нь “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай анхлан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Хамтран ажиллах 16/019 тоот гэрээг байгуулж, программ хангамж зохион бүтээх эрхийг авснаар “Метатек” ХХК болон Ц.Эрдэнэбат, Н.Наранхүү нартай хамтран ажилласан нь үйл баримтаар тогтоогдож байгаа мөн 543,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Эрдэм денвер оюун ухаан” ХХК гаргасан учир Зохиогчийн эрхийн гэрчилгээ олгохыг даалгуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.  

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх “Эрдэм денвер оюун ухаан” ХХК-иас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан ““Метатек” ХХК-д олгогдсон зохиогчийн эрхийн 8990, 8991 дугаар гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах, тасалбар түгээх машины гэрчилгээнүүдийг “Эрдэм денвер оюун ухаан” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.  

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/916 дугаар тушаалаар[1] “8990, 8991 дугаар гэрчилгээнүүдийг олгохыг зөвшөөрсөн” байх бөгөөд зохиогчийн эрхийн 8990 дугаар гэрчилгээгээр[2] “Тасалбар борлуулах автомат системийн серверийн программ хангамж”, 8991 дугаартай гэрчилгээгээр[3] “Тасалбар борлуулах автомат системийн программ”-ийг тус тус “Метатек” ХХК-ийн өмчлөлд, бүтээл туурвигчид Цэнддоржийн Эрдэнэбат, Наранчулууны Наранхүү нарыг бүртгэжээ.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Зохиогчийн эрхийг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ”, 26.1.5-д “Зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох, бүртгүүлсэн бүтээлийн сан байгуулах”,  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Түр журам батлах тухай” А/249 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Зохиогчийн эрхийн ба түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох журам”-ын 2.1-д “Бүтээлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг зохиогч, зохиогчийн эрх шилжүүлэн авсан хувь хүн,  хуулийн этгээд гаргана”, 2.3-д “Өргөдөл гаргахад дараах материалыг бүрдүүлнэ” гээд “Өргөдлийн маягт, эх бүтээл 2 хувь, бүтээлийн талаархи товч танилцуулга,иргэний үнэмлэхийн хуулбар, аж ахуйн нэгж бол гэрчилгээний хуулбар, өргөдөл гаргагч нь эрх эзэмшигч хувь хүн, эсвэл хуулийн этгээд байгаа тохиолдолд зохиогчийн эрхийг шилжүүлэн авсан тухай нотлох баримт гэрээ, үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт”, 2.7-д “Бүрдэл дутуу өргөдлийг хүлээж авахгүй” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэж, гэрчилгээ олгох асуудлыг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцах бөгөөд журамд заасны дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн гаргаж өгснөөр өргөдлийг хүлээн авч, бүтээлийг бүртгэн, гэрчилгээ олгох бөгөөд бүрдэл дутуу тохиолдолд бүртгэж авахгүй байх зохицуулалттай байна.       

Эндээс үзвэл, “Метатек” ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын зохиогчийн эрхийн газарт зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл болон холбогдох баримтуудыг хавсаргасны[4] дагуу тус газраас 8990, 8991 дугаартай гэрчилгээнүүдийг олгожээ.

“Эрдэм денвер оюун ухаан” ХХК нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны 09 дүгээр сарын 22, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус тус хандаж хүсэлт гаргаж байсан боловч “Метатек” ХХК-д оюуны өмчийн гэрчилгээг олгосон гэж маргаж байна.

Гэвч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь “Метатек” ХХК-иас гаргасан өргөдлийг хүлээн авч, бүрдлийг шүүж, холбогдох албан тушаалтнууд шалгалт хийсний үндсэн дээр зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь хууль тогтоомжид нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, 8990, 8991 дугаар гэрчилгээнүүдийг бүртгэсэн бүртгэл нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох боловч хариуцагч нь “Метатек” ХХК-ийн зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгүүлэх өргөдөл, холбогдох баримтуудыг хүлээн авч, шалгаад гэрчилгээ олгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч “Эрдэм денвер оюун ухаан” ХХК нь “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-тай 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 16/019 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж[5], улс, хот хоорондын, орон нутгийн хооронд зорчих зорчигчдод тасалбар түгээх ажил, үйлчилгээг энэхүү гэрээний үндсэн дээр эрхлэн гүйцэтгэхээр тохиролцжээ.

Улмаар “Эрдэм денвер оюун ухаан” ХХК нь “Метатек” ХХК-тай улс, хот хоорондын автобусны билетийг автомат машин болон онлайнаар захиалах, худалдах, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилготой нийт 12 киоск машиныг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн үйл ажиллагаатай нийлүүлсэн байхаар тохиролцож, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “Киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээ” [6] байгуулсан байна.

“Метатек” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат болон Автотээврийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд нарын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хэвлэлд өгсөн /Ikon.mn/ ярилцлагаас үзвэл улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тасалбарыг автомат машинаар борлуулах туршилтын ажлыг “Метатек” ХХК-тай эхлүүлж байгаа талаар мэдээллэж байжээ[7].

Мөн 2017  оны 05 дугаар сарын 23-ны өдрийн /Mongolcom.mn, Bloomberg Tv Mongolia/ мэдээллээр[8] Сонгинохайрхан дүүргийн “Зорчигч тээврийн төв”-д олон үйлдэлт ухаалаг машиныг туршилтын журмаар суурьлуулан ажиллуулж эхлэсэн талаар дурдсан зэргээс үзвэл “Метатек” ХХК-ийн 8990, 8991 дугаар гэрчилгээгээр олгогдсон оюуны бүтээл тухайн үед туурвигдсан байсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Киоск машин нийлүүлэх, цаашид хамтран ажиллах гэрээ”-ээр ийнхүү туурвисан бүтээлийг хамтран эзэмших, бүртгүүлэх талаар тохиролцоогүй байх тул Зохиогчийн эрх түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан дангаар болон хамтарсан зохиогчийн эрхийг нэхэмжлэгч компани эдлэх эрхтэй болох нь тогтоогдохгүй байна.   

“Эрдэм денвер оюун ухаан” ХХК нь Н.Наранхүүтэй 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаатай хүчинтэй байх, тусгай нөхцөлөөр хөлсөөр ажиллах тухай гэрээ байгуулсан байх бөгөөд Н.Наранхүүгийн боловсруулсан тасалбар бичиж борлуулах программ, тасалбар бичиж борлуулах программын эх код, зохиогчийн эрх нь цаашид “Эрдэм денвер оюун ухаан” ХХК-ийн өмч болж “Мета киоск” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглах зорилготойгоор тохиролцжээ.

Гэхдээ энэхүү гэрээ нь өмнө нь хийсэн бүтээлд хамаарахгүй, 2017 оны 07 дугаар сараас хойш хийгдэх шинэ ажлуудын оюуны бүтээлийн талаар ярьж байна гэж ойлгон гэрээ байгуулсан талаар Н.Наранхүү нь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Зохиогчийн эрхийн газарт тайлбар[9] гаргасан байна.

Дээр  дурдсан гэрээнүүдээр нэхэмжлэгч компани “Тасалбар борлуулах автомат системийн программ”, “Тасалбар борлуулах автомат системийн серверийн программ хангамж”-ийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр тохиролцож байсан нь тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                            Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                            Ц.САЙХАНТУЯА

 


[1] 3 хавтаст хэргийн 196 хуудас

[2] 1 хавтаст хэргийн 145 хуудас

[3] 1 хавтаст хэргийн 138 хуудас

[4] 1 хавтаст хэргийн 139-152, 3 хавтаст хэргийн 154-197 хуудас

[5] 1  хавтаст хэргийн 17-20 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 21-22 хуудас

[7] 2 хавтаст хэргийн 79-83 хуудас

[8] 2 хавтаст хэргийн 76, 84-87 хуудас

[9] 3 хавтаст хэргийн 1888-189 хуудас