Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 466

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                                           

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

О.Саруулд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Мэндсайхан,

ялтан О.Саруул, түүний өмгөөлөгч Ч.Ням,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан О.Саруул, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Саруулд холбогдох 201726020385 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Чонос овогт Отгонбаатарын Саруул, 1995 оны 1 дүгээр сарын 2-нд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 24 дүгээр байрны 24 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 1205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 27 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн, /РД: ФА95010251/;

 

            О.Саруул нь урьд танхайрах гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ланд” зочид буудалд бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Д.Зоригтбаатарыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: О.Саруулд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос О.Саруулд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн 181.2.1, 181.2.3 болгон өөрчилж, Чонос овогт Отгонбаатарын Саруулыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар О.Саруулыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар О.Саруулд оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2 дахь хэсэгт зааснаар О.Саруул нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.Саруулд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан О.Саруулын өмгөөлөгч Х.Ундрах-Оргил гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. О.Саруул нь хувийн сэдэлтээр, таарамжгүй харьцааны улмаас буюу хохирогчийн зүй бус харьцааны улмаас Д.Зоригтбаатарыг зодож, гэмтэл учруулсан байдал нотлогддог. Хохирогчийн мэдүүлгээс үзэхэд 4-5 өдөр архи уусан, маргаан юунаас болсноо мэддэггүй. Гэрч нарын мэдүүлгээр хохирогч нэг эмэгтэй хүнтэй маргалдаж байхад нь О.Саруул болиулах үйлдэл хийсэн. Мөн хохирогч согтуу шивээсээ хийлгэж чадахгүй байхад О.Саруул шаардлага тавихад хүлээн авахгүй эсэргүүцэж, ир үзүүртэй зүйлээр хатгасан байдаг. Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр О.Саруулын үйлдэлд танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй тул зүйлчлэлийг өөрчилж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан О.Саруул гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надтай хамт Өсөхбаяр гэх залуу хохирогчийг өшиглөж, дэвсэж хохироосон болно. Биднийг хамт хэрэг үйлдэж байхыг харсан гэрч Билгүүн, хохирогч Зоригтбаатартай маргалдаж байсан үл таних хүнийг байцаагаагүй. Хохирогч Зоригтбаатар биеэ хянах чадваргүй, согтуугаар өгсөн өргөдлийг нь үндэслэн гэрч нараас байцаалт аваагүй хэт нэг талыг барьж ялласанд гомдолтой байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцааж, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд явуулж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан О.Саруулын өмгөөлөгч Ч.Ням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Саруулд холбогдох хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл болон хохирогч нь тавьсан шаардлага биелүүлэхгүй, эмэгтэй хүнийг зодох гэсэн үйлдлийг таслан зогсоосон гэх үйлдлүүдийг анхан шатны шүүх дүгнээгүй. Урьд үйлдсэн танхайрах гэмт хэрэгтэй холбогдуулан танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хувийн таарамжгүй харьцаанаас үүссэн гэж дүгнэхээр байна. Мөрдөн байцаалтын шатанд Зоригтбаатар “уг гэмт хэргийн улмаас ноцтой гэмтэл учраагүй, гомдол санал байхгүй, юунаас болж О.Саруултай маргалдсан эсэхээ санахгүй байна” гэж мэдүүлэг өгдөг учраас танхайрах гэмт хэргийн шинж байгаа эсэх нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдохгүй байгаа учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар танхайрах гэмт гэмт хэргийн нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгийг давж заалдах шатны шүүх үндэслэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, О.Саруулд холбогдох хэрэг танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэв. 

 

Прокурор Б.Мэндсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...О.Саруул ялтай байх хугацаандаа танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогддог. О.Саруулын үйлдлийг хувийн сэдэлттэй гэж үзэх үндэслэлгүй...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн, эсхүл урьд нь хорих ял эдэлж байсан, анх удаа онц хүнд гэмт хэрэг үйлдсэн эрэгтэй ялтан, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон эмэгтэй ялтны хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлнэ” заасан байхад урьд ял шийтгэгдэж байсан О.Саруулын ял эдлэх дэглэмийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Хэрэв ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж буюу чангаруулан өөрчилж болно. Ийнхүү шийдвэрлэсэн шалтгааныг шийтгэх тогтоолд заана” гэж зааснаар О.Саруулд оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлсэн шалтгаанаа шийтгэх тогтоолдоо заах учиртай.  

 

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Саруулд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, ялтан О.Саруул, түүний өмгөөлөгч Х.Ундрах-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудыг энэ удаад хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 211 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.Саруулд холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Саруулд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.   

 

          

                                               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

 

                      ШҮҮГЧИД                                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                      Д.ОЧМАНДАХ