Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01715

 

Д.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01159 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1852 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ц” ХХК-д холбогдох,

155 965 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Бат-Энхийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Энх, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Цаст констракшнтай Орон сууц захиалгын 17 дугаартай гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Residence-55/2” хорооллын Е хэсгээс 3 давхарын 85.46 мкв 3 өрөө орон сууцыг 85 460 ам.доллараар худалдан авахаар захиалсан. Анх захиалгын гэрээг байгуулахдаа тухайн байрыг 2011 оны II улиралд ашиглалтад оруулна гэсэн боловч хугацаандаа амжихгүй дахин нэмэлт гэрээ байгуулан 2012 оны II улиралд ашиглалтад оруулахаар сунгасан. Манайхыг орон сууц захиалгын гэрээ байгуулаад удаагүй байхад энэ барилгын ажил газрын маргаантай гээд зогсоод, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, захиалагч бид нарын эрх ашиг хөндөгдөж байна. Гүйцэтгэгч талтай удаа дараа уулзалт хийж энэ талаар тодруулж, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад “манайх ч гэсэн хохирогч, шүүх цагдаагаар явж байна” гээд захиалагч бид нараас шалтгаалахгүй зүйл ярьсаар маш их цаг хугацаа авч, хохирлын хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Захиалга өгсөн “Residence-55/2” хороолол ашиглалтад орох боломжгүй болж байгаа бол төлбөрийг буцаан авахыг хүсэхэд төлбөрийг буцаан гаргах боломжгүй, оронд нь өөр байр ав гэдэг саналыг тавьдаг. Бидний зүгээс 6 жил үр дүнгүй хараад сууж байхаар ямар нэг байр авах хүсэлтэй байдаг. Бидний хооронд байгуулсан гэрээний 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17/1 тоот нэмэлт өөрчлөлтийн 2.5-д барилгын ажил хугацаандаа эхлээгүй бол гэрээг цуцалж, хохирлыг бүрэн барагдуулах, эсхүл гүйцэтгэгчийн барих орон сууцны төсөлд гэрээг шилжүүлэх талаар тохиролцож болохоор тусгасан байдаг. Үүний дагуу манайд 2014 оны 02 дугаар сарын 19-нд 13 дугаар хороололд баригдаж байгаа Спринг Таун хотхоноос байр өгнө гэсэн боловч энэ мөн худлаа болж, өмнөх оны буюу 2015 оны сүүлээр 10 хороололд байрлах ашиглалтад орсон “Цоглог” хотхоноос 2 өрөө байр өгнө гэчихээд өгсөн зүйлгүй, өнөөдрийг хүртэл ямар нэг шийдгүй, очих тоолонд янз бүрийн шалтаг хэлсэн, хугацаа авсан хэвээрээ байна. Борлуулалтын алба нь утсаа авахгүй байгаа тул шүүхэд хандсан. Гэрээний төлбөрийг гэрээнд зааснаар 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 31 000 ам.доллар, 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 3 000 ам.доллар, гараашийн төлбөрт 8 000 ам.доллар, нийт 42 000 ам.доллар төлсөн. Орон сууцны захиалгын болон автомашины дулаан гараашийн гэрээнүүдийн 5.3 дахь хэсэгт зааснаар ажил дуусах хугацааг 3 сараас хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн шилжүүлсэн орон сууцны үнийн дүнгийн 0.1%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан. Гэрээний нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр ажил дуусгах хугацаа буюу ашиглалтад оруулах хугацааг 2012 оны II улирал болгосон байдаг. II улирал дуусаад 3 сарын дараанаас буюу 2012 оны 9 сараас эхэлж алданги төлөх үүрэг гүйцэтгэгч талд үүсч байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэх ёсгүй. Орон сууц захиалгын гэрээний 34 000 ам.долларын 50% болох 17 000 ам.доллар, автомашины гараашийн гэрээний 8 000 ам.долларын 50% болох 4 000 ам.долларын үүргийн гүйцэтгэлийг тус тус нэмээд 63 000 ам.долларын үүргийн биелэлтийг нэхэмжилж байна. Үүнийг шүүхэд өгөх үеийн ханш буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Монгол банкны албан ханш 2 223.62 төгрөгөөр тооцохоор 140 088 060 төгрөгийн бодит хохирол учруулсан байна. Энэ компанитай гэрээний үүргийн биелэлтийг шаардаж удаа дараа уулзалт хийж, шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байгаа болно.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар Капитрон банкны 305300859 тоот төгрөгийн, 304300858 тоот валютын, Голомт банкны 1102977018 тоот төгрөгийн, ХААН банкны 5069212130 тоот валютын, 5069213129 тоот төгрөгийн, Худалдаа хөгжлийн банкны 404200435 тоот валютын данснуудыг тус тус зарлагын хөдөлгөөний нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр битүүмжилж, дээрх данснуудын зарлагын хөдөлгөөнийг хааснаар үндсэн үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхүйц нөхцөл байдал үүсвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээтэй тэнцэхүйц мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд байршуулж өгнө үү. Нийтдээ 63 000 ам.долларыг гүйцэтгэгч “Цаст импекс” ХХК-иас нэхэмжилж байна. Үүнийг шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдрийн ханшаар өөрөөр хэлбэл шүүхэд өгөх өдрийн ханш буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны ханш 2 475,65 төгрөгөөр тооцохоор 155 965 950 төгрөгийн бодит хохирол учруулсан байна. “Ц” ХХК-иас 155 965 950 төгрөгийг гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Д.О-тэй 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц худалдах худалдан авах гэрээ” байгуулсан. Манай компанийн хувьд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооноос бусдаас үл хөдлөх хөрөнгө, газрын хамт худалдан авч, барилга барих, үргэлжлүүлэх зөвшөөрөл бусад холбогдох зөвшөөрөл бичиг, баримтыг бүрдүүлэн барилгын карказ, суурин ажлыг хийж эхэлсэн байдаг. Уг ажиллагаа эхлээд явж байхад хөрш байгууллагуудын гомдлын дагуу маргаан үүссэн бөгөөд одоог хүртэл энэ асуудал шийдэгдээгүй байна. Тухайн үед нэхэмжлэгч Д.О-ээс 31 000 ам.доллар буюу 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ханшаар 1 384,85 төгрөгөөр тооцоход 42 930 350 төгрөг, 11 000 ам.долларыг 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ханшаар 1 383,57 төгрөгөөр тооцохоор 15 219 270 төгрөг, нийт 58 149 620 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан.

Энэ үнийн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ам.доллараар төлбөр тооцоо гүйцэтгэсэнтэй холбоотой өнөөдрийн ханшаар төлбөр нэхэмжлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Монгол банкны ханшаар тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж нэхэмжлэгч тал тайлбарладаг боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Ханшны талаарх баримт байхгүй байх тохиолдолд энэ ханшаар нэхэмжлэх үндэслэл байхгүй. Банкны зээлээс бусад тохиолдолд ямар ч тохиолдолд төлбөр тооцоог төгрөгөөр тооцно гэсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Гэтэл 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсныг хугацааг тодорхойлж байгуулсан гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээний хугацаа сунгах болон өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дууссан байхад 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт гэрээгээр хугацааг сунгах хуулийн зохицуулалтгүй. Иймд нэмэлт гэрээгээр хугацаа сунгах асуудлыг зохицуулахгүй юм. 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэрээний хугацаа дууссан бөгөөд үүнээс өмнө гэрээг цуцалсан нөхцөл байдал үүссэн байна гэдэг нь тогтоогдож байна. Хариуцагч тал 58 139 620 төгрөгийг үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлөх үүрэг үүссэн байна. Харин алданги төлөх үүрэггүй. Нэхэмжлэгч талтай тохиролцох гэж удаа дараа оролдсон боловч хүлээж аваагүй гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01159 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1, 218 дугаар зүйлийн 218.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Цаст импекс” ХХК-иас 58 163 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 97 802 250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Д.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 095 729 төгрөгөөс 937 779 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж илүү төлсөн 157 949 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот данснаас, хариуцагч “Цаст импекс” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 448 768 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.О-т олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1852 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01159 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ц” ХХК-иас 93 392 040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.О-т олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62 573 910 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “448 768 төгрөг” гэснийг “624 910 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшингээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 647 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөрт төлсөн 42 000 ам.долларыг болон гэрээний 5.3 дахь заалт, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн 21 000 ам.доллар нийт дүнгээр 63 000 ам.долларыг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэл гаргах үеийн ханшаар нэхэмжлэлээ гаргасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэл нь төлсөн төлбөр, түүний алданги шаардсан байдаг.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн хүрээнд шийдвэрээ гаргах ёстой бөгөөд анхан шатны шүүх “...талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээ болохыг, үүнтэй холбоотойгоор Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээг цуцалснаар учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байх тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй байна” гэж үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гэрээгээ цуцалсан гэдгээ тайлбарладаг, гэрээ цуцалсан энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог буюу гэрээнд “...орон сууцны барилгын ажлыг 2012 оны 2-р улиралд багтаан эхлүүлж, уг хугацаанд барилгын ажил эхлээгүй тохиолдолд гэрээг цуцалж, хохирлыг барагдуулах үүрэг хүлээнэ...” гэж заасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, мөн энэ дагуу гэрээгээ цуцалсан гэдгээ ч нэхэмжлэгч шүүхэд тайлбарладаг. Иймээс гэрээ цуцалсан нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлаж, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудад нь тусгагдсанаар 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөр буюу түүнчлэн талуудын хооронд байгуулсан Нэмэлт гэрээнд зааснаар “...хугацаандаа эхлээгүй тохиолдолд гэрээг цуцалж...” гэсэн гэрээний заалтын дагуу энэхүү хугацаа нь 2012 оны 2 дугаар улирал буюу 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр барилга эхлээгүйгээр ийнхүү гэрээ нь цуцлагдсан гэдэг нь тогтоогдсон үйл баримт байгаа бөгөөд давж заалдах шатны шүүх нэмэлт гэрээг “...нэмэпт хугацаа тогтоосон гэж үзнэ” гэж дүгнээд, нэмэлт хугацаа нь хэзээ хаана дууссан, үүний дараа гэрээ цуцлагдсан гэх үйл баримтыг нь анхаарахгүйгээр, хэрэгт авагдсан баримтуудаар нь үнэлэхгүйгээр гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үнэлэн хэрэгт авагдсан баримтыг орхигдуулан илт үндэслэлгүй дүгнэсэн, үнэн зөв, эргэлзээгүйгээр дүгнээгүй болно.

Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаад, шүүхэд нэхэмжлэл гаргасан, иймээс нэхэмжлэлийн шаардлага гаргах өдрөөр ам.долларын ханшийг тооцох ёстой гэж илт үндэслэлгүйгээр дүгнэлт хийж, анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг буруу хэрэглэснийг зөвтгөж байна гэж үндэслэлгүйгээр буруу дүгнэснээрээ хэргийг буруу шийдвэрлэсэн болох нь тодорхойлогдоно.

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 4 дүгээр зүйлийн 4.1-д “...төгрөгөөр төлбөр тооцоог гүйцэтгэх, үнэ тогтоох тухай” тодорхой заасан, хуулийн энэ зүйл заалтын дагуух шаардлагыг хангуулсан байдлаар шүүх хэрэг маргааныг шийдвэрлэх ёстой, улмаар 2012 оны 06 дугаар сарын 30-нд гэрээ цуцлагдсан талаар талуудад маргаангүй, уг гэрээ цуцлагдсан тухайн хугацаагаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаагүй бөгөөд харин гэрээ нь ийнхүү цуцлагдсанаас олон жилийн хойно энэ асуудлаараа шүүхэд хандан гаргаж буй энэ нэхэмжлэлийнх нь дагуу шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 болон 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсгийн заалтыг баримтлан шийдвэрлэх нь хуулийн үндэслэлтэй, өөрөөр хэлбэл гэрээ аль хэдийн цуцлагдсан байхад түүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийг одоогийн ханшаар шийдвэрлэх үндэслэлгүй болно.

Захиалагч нь гүйцэтгэгчийг гэрээний үүргээ биелүүлэхгүй тохиолдолд гэрээг цуцлах тухай гэрээндээ заасан, мөн гэрээг цуцласан тухай албан бичиг хүргүүлж байсан байх бөгөөд үүнийгээ үндэслэн захиалагч буюу нэхэмжлэгч нь өөрөө “гэрээгээ цуцалсан” гэдгээ шүүхэд, шүүх хуралдаанд тайлбарласан тул цуцлагдсан гэрээний алданги шаардах эрхгүй болохыг, мөн өнөөдрийг хүртэлх алданги шаардсанаа ханшийн зөрүүний хохирол гэх нь үндэслэлгүй болохыг, мөн гэрээ 2012 онд цуцлагдсан байх тул үүрэг үүсэх үеийн ханшаар тооцох ба харин нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцох үндэслэлгүй болохыг тус тус тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитой, үнэн зөв, эргэлзээгүйгээр үнэлж дүгнэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцсэн, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн “хууль хэрэглээг зөвтгөж байна” гэж үнэлж дүгнэн шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь илт үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаагүй байгаа тул магадлалыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Нэхэмжлэгч Д.О- хариуцагч “Цаст констракшн” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагаварт 140 088 060 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хариуцагчийг өөрчлөн “Цаст импекс” ХХК-иас 155 965 950 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч “Цаст импекс” ХХК нь нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар маргаагүй боловч өөрөөс шалтгаалахгүй нөхцөл байдлаас гэрээний үүргээ гүйцэтгээгүй талаар тайлбарлажээ.

Зохигчид 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “орон сууц барилгын захиалгын”, “орон сууцны автомашины дулаан гараашийн захиалгын” нэртэй хоёр гэрээ байгуулсан ба хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ресиденсе-55\2 орон сууцны барилгыг 2011 оны 2 дугаар улиралд барьж дуусган, нэхэмжлэгчид 85,46 мкв талбай бүхий 3 өрөө орон сууц, автомашины дулаан гараашийг хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Нэхэмжлэгч Д.О- нь орон сууц болон гараашийн төлбөрт нийт 42 000 ам.доллар төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Хариуцагч нь газрын маргааны улмаас барилгыг барих үүргээ биелүүлж чадаагүй байна.

Хоёр шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ нь тодорхой хугацаанд хэрэгждэг урт хугацааны гэрээ тул уг гэрээг цуцлах журам Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн зохицуулалтад хамаарах юм.

Хариуцагч “Цаст импекс” ХХК-ийн барилга барих газрын эзэмших эрх Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолоор хүчингүй болсон тул ажил гүйцэтгэх гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1., 221.2.-т заасан зохицуулалтад нийцсэн байна.

Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болох бөгөөд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үздэг.

Мөн зүйлийн 221.5.-д зааснаар гэрээг цуцалснаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцладаг бөгөөд ийнхүү цуцлахад Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагавар буюу хариуцагчид төлсөн төлбөрийг буцаан гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг ам.долларын гэрээ байгуулах үеийн ханшаар бодсон нь алдаатай болсон байх ба давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үнийг монгол төгрөгийн ам.доллартай харьцах  нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлөх тухай Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д заасан зохицуулалтын “мөнгөний ханш өссөн, буурсан” гэх ойлголт нь монгол төгрөгийн аль нэг улсын мөнгөн тэмдэгт буюу гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй юм. Мөнгөний бодлогын хүрээнд төгрөгийн өөрийн ханшид буюу эдийн засгийн хэллэгээр девальваци, деноминаци зэрэг өөрчлөлт орсон тохиолдолд, мөн инфляци, дефляцаас шалтгаалан төгрөгийн өөрийн үнэ өөрчлөгдөх явдал төлбөр гүйцэтгэх үнийн дүнд нөлөөлөхгүй бөгөөд төлбөрийг үүрэг үүсэх үеийн үнэлгээгээр гүйцэтгэх талаар Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1.-д заасан байна.

Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэлгээнд гадаад валюттай харьцах ханш шууд нөлөөлдөг хэдий ч үүргийн эрх зүйн нийтлэг үндэслэлээр талууд хууль болон гэрээгээр ямар үүрэг хүлээсэн тэр үүргийг л гүйцэтгэх ёстой байдаг нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1.-д туссан байна. Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Д.О- нь ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсаны улмаас хариуцагч “Цаст импекс” ХХК-иас өөрийн төлсөн 42 000 ам.долларыг буцаан авах шаардлага гаргасан ба төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх зарчмын дагуу энэхүү үнийн дүнг нэхэмжлэлийн шаардлага гаргасан үеийн ханшаар тооцох хууль зүйн үндэслэлтэй болно.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1852 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 334 092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН