Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 207

 

Б.Ванчинсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Шүүгч Б.Батцэрэн даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 03А дугаар шийтгэх тогтоол,

Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр магадлалтай 201413000170 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Ванчинсүрэн, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Борх овогт Базаргүрийн Ванчинсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ванчинсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 03 жил 01 сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон 03 жил 01 сарын хугацаатай хорих ялыг тус тус өршөөж шийдвэрлэжээ.

Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ванчинсүрэн түүний өмгөөлөгч В.Содномцэрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ванчинсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие өөрийн эзэмшлийн машинаа найздаа зарах гэж яваад бидэнд золгүй явдал тохиолдсон. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Техникийн шинжээчийн дүгнэлтээр “...ялангуяа зүүн гар дарсан эргэх хөдөлгөөн хийж буй уг гэмтэл үүсэх юм бол жолоочийн зүгээс гар дарсан эргэх хөдөлгөөн хийж буй үед уг гэмтэл үүсэх юм бол жолоочийн зүгээс хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан ямар ч арга хэмжээ авах нь цаг хугацааны хувьд боломжгүй” гэсэн байхад ял өгч байгаад гомдолтой байна, намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа:  “...Шүүх шийтгэх тогтоол магадлалын үндэслэл болсон Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Замын хөдөлгөөний дүрэмд “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед” гэж тухайлан зааж тодотгож өгсөн байдаг. Хэрвээ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүгдийг нь хангаж  байгаа тохиолдолд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн байх, хөдөлгөөнд аюул, саад бий болсныг мэдсэнээс хойш хариу арга хэмжээ авсан буюу үйлдэл, эс үйлдэхүй гаргасан байх, хөдөлгөөнд аюул саад бий болсныг мэдсэнээс хойш хариу арга хэмжээ буюу хурдаа хасах, зогсоох арга хэмжээ авах цаг хугацаа байх, хөдөлгөөний аюул, саад бий болсныг мэдсэнээс хойш хариу арга хэмжээ буюу хурдаа хасах, зогсоох арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Энэ шаардлагаар хариу эсрэг тийш дарсан үйлдэл хийсэн ч жолоочоос шалтгаалахгүй осол болсон. Хагас гол хугарах шалтгаан нь хагас голын холхивч гацсанаас болсон. Хагас голын холхивч гацахыг өөрт аюул, саад учрах нь гэдгийг тэрхэн зуур мэдэх боломжтой эсэхийг тодруулалгүй, тас хийх чимээ ямар учиртай дуу болох, урдаас ирж буй жолоочоос дугуй яаж салсан гэдгийг асуулгүй хэргийг тал бүрээс нь бүрэн нотлоогүй шийдвэрлэсэн. Хагас голын холхивч гацсанаас хойш тэдэн минутын дараа хагас гол хугарна гэсэн ойлголт байхгүй бөгөөд хэдхэн хормын дотор болсон эвдрэлийг жолооч бүрэн ойлгож хариу үйлдэл үзүүлэх боломжгүй юм. Уг гэмтэл гарсан үед жолооч нь аюул, саад бий болохыг мэдэх ямар ч боломжгүй, хариу арга хэмжээ бүүр ч боломжгүй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн боломжтой байна. Тухайн гацалт, хугаралт нь согтууруулах ундаа хэрэглэсэн хэрэглээгүй эрүүл жолооч байсан ч хариу арга хэмжээ авах нь цаг хугацааны хувьд боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан учраас согтуурлын байдал нь осолтой холбоогүй юм. Осол нь жолоочоос хамааралгүй золгүй явдал байсан учраас хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн обьектив талын шинж тогтоогдохгүй, аюул саад бий болсныг мэдэх боломжгүй байхад хариу арга хэмжээ авах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл жолооч хөдөлгөөнд аюул саад бий болсныг мэдсэн ч хариу арга хэмжээ авах цаг хугацааны хувьд боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаагүй, өөрөөр хэлбэл, гэмт хэрэг гарсан байдал, зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгааныг нарийвчлан тогтоогоогүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хангалттай бүрдүүлээгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд хийгээгүй байхад шүүх хэргийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор хийгдсэн 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2014101001 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2014 оны 10 дугаар сарны 31-ний өдрийн 12 дугаар шинжээчийн дүгнэлт, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны 308 дугаар шинжээчийн дүгнэлт, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, 2015 оны 12 дугаар сарын 14-ний 10/16 дугаар бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлтүүдийн аль аль нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн болон автомашины техникийн эвдрэл зэргийг тоочсон боловч уг осол гарахад нөлөөлсөн үндсэн шалтгааныг нарийвчлан тогтоож чадаагүй байна. Тодруулбал: Шинжээчийн дүгнэлт нь зам тээврийн ослын талаарх нөхцөл байдал, бүдүүвч зураг, хэмжилт зэрэгт тулгуурлан осол гарсан үндсэн шалтгааныг тодорхойлж, түүнийгээ физик, техникийн шинжлэх ухааны үндэслэлээр нотолсон тохиолдолд нотлох баримтын хэмжээнд тооцогдоно.   

Мөрдөн байцаалтын шатанд Б.Ванчинсүрэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн аль заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болохыг нарийвчлан тогтоож чадаагүй, тухайлбал, жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан зорчих буюу Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан заалт, эсхүл аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах буюу уг дүрмийн 9.2 дахь хэсэгт заасан заалт, эсхүл өөр ямар заалтыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсныг хангалттай шалгаж тогтоогоогүй бөгөөд мөрдөн байцаалтаар хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг гүйцэд хийгээгүй нь хэрэг гарсан байдлыг үнэн зөв тогтоох хуулийн шаардлагыг зөрчин, улмаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байна гэж дүгнэлээ. 

Иймд зам тээврийн ослын дүгнэлтийг шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр дахин гаргуулж, ослын үндсэн шалтгааныг тогтоосны үндсэн дээр холбогдох мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн хийж хэргийн үйл баримт, гэм бурууг үндэслэлтэй зөв тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байх тул анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01А дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19 дүгээр магадлал тус тусыг хүчингүй болгож, Б.Ванчинсүрэнд холбогдох 201413000170 дугаартай эрүүгийн хэргийг Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Завхан аймгийн прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол Б.Ванчинсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.БАТЦЭРЭН                     

                   ШҮҮГЧ                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН