Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00406

 

 

 

 

 

 

 

 

 

2026 02 25 210/МА2026/00406

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10633 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох,

 

Орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, 64,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* тоот хаягт байршилтай 59 м.кв талбайтай 3 өрөө амины орон сууцыг 110,060,000 төгрөгөөр хариуцагч Ө.Баяржаргалд худалдахаар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус орон сууцанд хариуцагч нүүж орсон. Уг гэрээгээр урьдчилгаа 64,500,000 төгрөг төлж үлдэгдэл төлбөрийг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон.

1.2. Хариуцагч төлбөрийг төлөхгүй олон жил өнгөрсөн учир үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4638 тоот шийдвэрээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Х.Сарантуяад буцаан шилжүүлэхийг *******-д даалгаж шийдвэрлэсэн.

1.3. Хариуцагч нь тус орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл 43 сарын хугацаанд үнэ төлбөргүй эзэмшиж нэхэмжлэгчийн олох байсан орлогын хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжиж байна. Маргаан бүхий орон сууцны зах зээлийн түрээсийн төлбөр 1 сарын 1,500,000 төгрөг. Нэхэмжлэгч нь орон сууцыг бусдад түрээслэсэн бол 64,500,000 төгрөгийн түрээсийн ашиг олох байсан. Иймд хариуцагчаас 64,500,000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч нь олох байсан орлого 64,500,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч талууд түрээсийн гэрээ байгуулаагүй буюу орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Мөн гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийн хүү болох С.А******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч байсан. Хариуцагч нь тус гэрээний дагуу төлөлтөө цаг тухай бүрт нь хийж байсан бөгөөд нийт 64,500,000 төгрөгийг С.А*******-д төлсөн. Ийнхүү хариуцагч нь орон сууцыг барьцаалан зээл авч үлдэгдэл төлбөрийг төлөх талаар С.А*******-тай тохирсон. Орон сууцыг барьцаалж зээл авахаар арилжааны банкуудад хандахад тус орон сууцны байрладаг газрыг 2022 онд К******* сургуульд худалдсан байсан бөгөөд тус шалтгааны улмаас зээл олгох боломжгүй талаар мэдэгдсэн. С.А******* нь гадаад улс руу явахынхаа өмнө тус орон сууцыг өөрийн төрсөн ээж буюу нэхэмжлэгч ******* руу шилжүүлсэн байдаг.

2.2. Хариуцагч нь *******-тай холбогдож мөнгөө буцааж авахаар шаардаж, уулздаг байсан бөгөөд талууд хоорондоо тохиролцож тус хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, өгсөн авснаа буцаасан буюу хариуцагч *******-д орон сууцанд төлсөн мөнгийг, нэхэмжлэгч *******-д орон сууцыг буцааж олгосон байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй, харин нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас хариуцагч нь цаг зав, эд хөрөнгөөрөө хохирсон асуудал үүссэн байдаг. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээний үүргийг зөрчөөгүй, гэм хорын асуудал үүсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *******-гийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* тоот хаягт байршилтай, 59 м.кв талбайтай, 3 өрөө амины орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 64,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 550,650 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Шүүхийн шийдвэрийг талууд харилцан биелүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 64,500,000 төгрөгийг орон сууц худалдан авахад зарцуулах, бусдад зээлүүлсэн, хадгаламжид хийсэн бол зохих хэмжээгээр ашиг олох байсан гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2 дахь хэсгүүдэд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө "хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон", "үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай" тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулсан. Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсон нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 12-ны өдрийн 04638 дугаар шийдвэрээр тогтоогдож байна. "...Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон..." үйл баримт тогтоогддог. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш маргаан бүхий орон сууцыг бусдад түрээсэлсэн бол нэг сард 1,500,000 төгрөгийн ашиг, орлого олох боломжтой байсан бөгөөд хариуцагч түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Талуудын хооронд үүссэн харилцаанаас хариуцагчид ашигтай байдал үүссэн буюу бусдын өмчлөлийн эд хөрөнгийг олон жилийн турш үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашигласан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 64,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Нэхэмжлэгч тал хууль бусаар хөрөнгөжсөн, олох ёстой байсан орлого гэх агуулгаар тайлбарладаг. 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрийн дагуу талуудын хэн аль нь үүргээ биелүүлснээр шүүхийн шийдвэр хэрэгжинэ. Түүнчлэн шударга эзэмшигч өөрийн шаардлагыг хангагдах хүртэл хөрөнгөө өөрийн эзэмшилд байлгаж болно гэх хуулийн зохицуулалтын дагуу үлдэгдэл төлбөрөө бүрэн авсны дараа орон сууцыг хүлээлгэж өгнө. Тухайн орон сууцыг түрээсэлж байгаагүй бөгөөд түрээсийн төлбөр шаардах боломжгүй, үүнтэй холбоотой нотлох баримт байдаггүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа маргаантай холбогдуулан дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь шүүхийн шийдвэрийн тогтвортой байдалд харшилж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 64,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4638 дугаар шийдвэрийн дагуу ******* нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээгүй, тус орон сууцыг 43 сарын хугацаанд үнэ төлбөргүй эзэмшиж ашиглаж, нэхэмжлэгчийн олох байсан түрээсийн орлогын хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 64,500,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч ******* эс зөвшөөрч, түрээсийн гэрээ байгуулаагүй, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус орон сууцны үнэд 64,500,000 төгрөгийг төлсөн, шүүхийн шийдвэрээр *******-д орон сууцыг буцаан шилжүүлж, нэхэмжлэгчээс 64,500,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг нэгэн зэрэг гүйцэтгэх учраас 64,500,000 төгрөгийг төлсөн тохиолдолд орон сууцыг шилжүүлнэ, хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учраагүй, харин нэхэмжлэгч хугацаа хэтэрсэнд буруутай, гэм хорын асуудал үүсгээгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. ******* нь *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4638 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлалтай 3 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******-д буцаан шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэгч *******-аас 64,500,000 төгрөгийг гаргуулан хариуцагч *******-д олгож шийдвэрлэжээ. /хх-7-11, 49-50х/

Уг шийдвэрт 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр, шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагджээ. /хх-6-11х/

 

4.2. ******* нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* тоот хаягт байрлалтай 3 өрөө амины орон сууцны өмчлөгчөөр бүргэгдэж, 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. /хх-34х/

 

5. Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргасан.

Уг шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгч өмчлөгч байх, хариуцагч орон сууцыг эзэмшиж байх төдийгүй эзэмшил нь хууль бус буюу эзэмших эрхгүй байх тохиолдол нэгэн зэрэг хангагдснаар хэрэгжүүлнэ.

 

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ татгалзснаар дуусгавар болсон, нэхэмжлэгч *******-гийн өмчлөлд амины орон сууцыг буцаан шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгасан, нэхэмжлэгч *******-аас 64,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгосон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг нэн даруй биелүүлэх үүрэгтэй.

 

5.3. Хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг нэхэмжлэгч *******-д хүлээлгэж өгөөгүй, ******* мөнгө өгөөгүй тохиолдолд орон сууцыг нь суллаж өгөхгүй талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсэн төдийгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгөөд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр түлхүүрийг буцаан авч, орон сууцны хадгалалт хамгаалалтыг хариуцахаа мэдэгдсэн болох нь түүний Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж гаргасан хүсэлт, тайлбараар тогтоогдож байна. /хх-12, 52-56х/

 

5.4. Нэг шийдвэрээр орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******-д буцаан шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгаж, нэхэмжлэгч *******-аас 64,500,000 төгрөгийг гаргуулж хариуцагч *******-д олгож шийдвэрлэсэн, уг шийдвэрт нэг гүйцэтгэх хуудас бичигдсэн зэрэг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Гүйцэтгэх баримт бичигт заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд харилцан үүрэг бүхий ижил төрлийн шаардлагыг гүйцэтгүүлэхээр нэхэмжилсэн тохиолдолд аль бага шаардлагыг их шаардлагаас нь хасаж суутган, уг хэмжээгээр гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелэгдсэнд тооцно гэж заасан харилцан шаардлагыг гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарахгүй, мөн хариуцагч *******-ын шийдвэрийн дагуу *******-аас мөнгөө аваагүй гэх үндэслэл нь орон сууцыг *******-д буцаан шилжүүлэх шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

 

5.5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4638 дугаар шийдвэрээр орон сууцыг нэхэмжлэгч *******-д буцаан шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, хариуцагч ******* орон сууцыг нэхэмжлэгч *******-д хүлээлгэж өгөөгүй, эзэмшилдээ /мэдэлдээ/ байлгаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүргээ зөрчсөн байхад анхан шатны шүүх хариуцагч *******-ыг орон сууцыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа үйл баримт тогтоогдоогүй, түүний эзэмшил хууль ёсны гэх агуулгаар дүгнэж, хэргийн үйл баримтыг буруу тогтоож, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

5.6. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхэд өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрх хамаардаг бөгөөд мөн талууд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах агуулгын хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4638 дугаар шийдвэрээр орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******-д буцаан шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэсэн тул хариуцагч ******* нь орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг *******-ийн нэр дээр шилжүүлэхээс гадна орон сууцыг *******-ийн эзэмшил, ашиглалтад бодитоор шилжүүлэн өгөх үүрэгтэй.

 

5.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар дээрх шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх журмаар биелэгдэх бөгөөд нэхэмжлэгч *******-н орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дээрх шүүхийн 4638 дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар уг шаардлагад холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэлийн 64,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд,

 

Нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгчийн хувьд хариуцагчийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 43 сар орон сууцанд үнэ төлбөргүй амьдарсныг хууль бус гэх үндэслэлээр энэ хугацаанд орон сууцыг өөртөө байлгасан бол олох байсан түрээсийн орлогын хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 64,500,000 төгрөгийг шаардсан.

 

6.1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцаан өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

 

6.2. Нэхэмжлэгч ******* нь орон сууцаа хариуцагч *******-д худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлснээр хариуцагч ******* орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан тул уг гэрээнээс татгалзаж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хариуцагч *******-ын орон сууц эзэмшиж ашигласныг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасны дагуу шударга гэж үзнэ.

 

6.3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4638 дугаар шийдвэрээр орон сууцыг нэхэмжлэгч *******-д буцаан шилжүүлэхийг хариуцагч *******-д даалгаж шийдвэрлэснээр хариуцагч Ө.Баяржаргал нь орон сууцыг эзэмших, ашиглах эрхгүй болж, түүнд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу орон сууцыг Х.Сарантуяад буцаан өгөх үүрэг үүссэн.

Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарснаар хариуцагч ******* орон сууцыг эзэмших, ашиглах эрхгүй болж түүний эзэмшил хууль бус буюу шударга бус болно.

 

6.4. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт Бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч ******* нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 4638 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, гүйцэтгэх хуудас бичигдсэн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш орон сууцнаас зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч ********-д төлөх үүрэгтэй.

 

6.5. Үл хөдлөх эд хөрөнгийн судалгаа, зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг Т******* ХХК-ийн түрээсийн үнийн тодорхойлолтоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ******* байрлах 3 өрөө тавилгагүй байрны 1 сарын түрээсийн дундаж үнэ 2025 онд 2,450,000 төгрөг байгаа боловч нэхэмжлэгч ******* нь 1,500,000 төгрөгөөр тооцон олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн. /хх-62-64х/

 

6.[U1] 6. Орон сууц нь бусдад түрээслүүлэх замаар ашиг олох боломжтой эд хөрөнгө бөгөөд хариуцагч ******* нь шүүхийн шийдвэр гарснаар орон сууцыг эзэмших, ашиглах эрхгүй гэдгээ мэдэж байсан шударга бус эзэмшигчийн хувьд эд хөрөнгийг орлого олохуйцаар ашиглаагүй ч олох байсан орлого буюу хохирлыг арилгах үүрэг хүлээнэ.

 

6.7. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь орон сууцнаас олох ёстой байсан орлогоо хариуцагч *******-с шаардах эрхтэй тул нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны орон сууцны 1 сарын түрээсийн дундаж үнэ 1,500,000 төгрөгөөр тооцож нийт 10,050,000 төгрөг /6 сар 21 хоног, 1,500,000 : 30 хоног = 50,000 төгрөг, 21 хоног х 50,000 төгрөг = 1,050,000 төгрөг, 6 сар х 1,500,000 төгрөг = 9,000,000 төгрөг, 9,000,000 + 1,050,000 = 10,050,000 төгрөг/-ийн хохирлыг хариуцагч *******-с гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцыг эзэмшиж ашигласан хугацаанд түрээслэсэн бол олох ёстой байсан орлогоо нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар тодорхойлсон нь хуульд нийцээгүйгээс гадна шүүхийн шийдвэрийг талууд харилцан биелүүлэх үүрэгтэй гэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

 

8. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...талуудын худалдах, худалдан авах гэрээ хожим дуусгавар болсон нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож, нэхэмжлэгч орон сууцаа түрээсэлсэн бол ашиг олох боломжтой байсан, хариуцагч түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна, талуудын хооронд үүссэн харилцаанаас хариуцагчид ашигтай байдал үүссэн буюу бусдын эд хөрөнгийг олон жилийн турш үнэ төлбөргүйгээр эзэмшиж, ашигласан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэх гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/10633 дугаар шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-д холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* тоот хаягт байршилтай, 59 м.кв талбайтай, 3 өрөө амины орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтыг Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 10,050,000 /арван сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 54,450,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлаж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******-аас 175,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай гэж өөрчлөн нэмж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 480,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Н.ОЮУНТУЯА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 [U1]6.6