Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 165

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир

Улсын яллагч  Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Г.Амарсайхан, 

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүхийн хуралдаанаар Сүхбаатар аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн 1930000000185 дугаартай хэргийг  2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Шавар жаргалантын булаг гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 24-ний хооронд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хашаат гэх газраас хүрэн зүсмийн давхар нар саран тамгатай морийг унаж ашиглан хохирогч Г.Нын 6 үхрийг хулгайлж 3 000 000 /гурван/ сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:           

 

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би банкны зээл төлөх гэж байгаад хүний зургаан бяруу авсан. Гурван бяруугаар нь банкны зээлээ барагдуулсан. Хохирогчид түлшний мөнгө гээд 100.000 төгрөг өгсөн. Мөн зургаан бярууг тоо ёсоор нь өгсөн гэв.

 

Эрүүгийн 1930000000185 дугаартай хэргээс:

 

Хохирогч Г.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Ханан бунхан гэх газар мал маллаж амьдардаг. Манайх 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 24-ний хооронд 7 бяруугаа алдаад олохгүй байсан учир Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юм. Би алдсан 7 бяруунаасаа хүрэн зүсмийн 1 бяруугаа Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг Омбо гэх газраас 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олсон. Харин 3 бяруугаа М гэдэг хүнээс өөрөө очиж авсан. Энхбат нь миний үлдсэн бярууг надад өөрөө авчирч өгнө гэж хэлсэн. Би алдсан малаа бүрэн олсон учир надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/

 

Гэрч Д.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн иргэн мал махны ченж хийдэг юм. 2019 оны 02 дугаар сард манай сумын 5 дугаар багийн иргэн Б.Э нь надаас 3 бярууны үнэ гэж 750.000 төгрөг авсан. Тэгээд сүүлд 2019 оны 06 дугаар сарын 20-ны үед Б.Э нь над руу утсаар залгаж унаатай ирээд бяруугаа ав гэж хэлэхээр нь би Кантер маркийн машинтай хүн хөлслөөд гэрт нь очиход 3 бяруу хашаанд хийгээд хашчихсан байсан. Б.Э нь уг 3 бярууг миний бяруу гэж хэлээд надад ачиж өгөөд явуулсан. Би уг 3 бярууг ачиж ирээд малдаа тавьснаас 3, 4 хоногийн дараа 2 хүн ирээд бярууны эзэд нь байна гэж хэлэхээр нь би очиж уулзаад өгөөд явуулсан. Тэгээд би Б.Этай утсаар ярихад тэр би хүнээс авсан бяруу гэж хэлсэн. Би Б.Эад 3 бярууг чинь эзэнд нь өгөөд явууллаа гэдгээ хэлсэн. Б.Э нь өөр юм яриагүй.”...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуудас/

 

Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх-ийн 7-8 хуудас/

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малын үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 9 хуудас/

Баруун-Урт сумын үнэлгээний комиссийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 6 хуудас/

Шүүгдэгч Б.Эын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 хуудас/

Шүүгдэгч Б.Эын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 32 хуудас/

Шүүгдэгч Б.Эын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 хуудас/

Шүүгдэгч Б.Эын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 34 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Эад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 24-ний хооронд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хашаат гэх газраас хүрэн зүсмийн давхар нар саран тамгатай морийг унаж ашиглан хохирогч Г.Нын 6 үхрийг хулгайлж 3,000,000 /гурван/ сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Н, гэрч Д.М нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг  шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Б.Эын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Нын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Эыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Б.Э гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч Г.Нт 6 үхрийг буцаан өгч хохирол төлснийг дурдаж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн зүсмийн давхар нар саран тамгатай морийг улсын орлого болгох нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 7 сарын жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн  зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв. 

 

Шүүхээс шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Эад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Эыг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  иргэний  бичиг  баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  тэмдэглэх нь зүйтэй байна. 

       

. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б.Эыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Эад тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж уг үүргийн биелэлтийг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Эад мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар Б.Эын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан  хүрэн зүсмийн давхар нар саран тамгатай  адууг хурааж  улсын орлого болгосугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Х.САНЖИДМАА