| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/07859/И |
| Дугаар | 210/МА2026/00481 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00481
2026 03 04 210/МА2026/00481
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/11374 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 65,790,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ГТДХ-2024-05 дугаар Сүхбаатар аймаг, Сүхбаатар, Халзан, Асгат сумдын нутаг 35 кв-ын ЦДАШ-ын төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажил хийж гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Захиалагч ******* ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр урьдчилгаа 46,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Манай компани 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ЦДАШ-ын төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажлыг гэрээнд заасны дагуу бүрэн хийж гүйцэтгэсэн. Талууд гэрээний дагуу акт үйлдэж хүлээлгэж өгсөн.
1.2. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Халзан, Асгат сумдын нутагт 35 кв-ын ЦДАШ-ын төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажлын газардуулга хийхдээ 28 анкерийн газардуулгыг 28,000,000 төгрөгийг өртгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг газардуулгын төлбөрөөс төлсөн. Иймд ******* ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ГТДХ-2024-05 дугаар гэрээний үүрэгт 53,790,000 төгрөг, гэрээнд тусгаагүй газардуулгын ажлын гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 12,000,000 төгрөг, нийт 65,790,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ГТДХ-2024-05 дугаар гэрээгээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Халзан, Асгат сумдын нутаг дэвсгэрт 35 кв-ын ЦДАШ-ын төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажлыг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нийт 55 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, гэрээний үнийн дүнг 230,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг гэрээний хавсралт 3 Гэрээт ажлын санхүүжилтийн төлөвлөгөө-нд гэрээний үнийн дүнгийн 20 хувиар хэсэгчлэн төлөхөөр, хавсралт 2 Ажлын даалгавар-т угсралтын ажил үйлчилгээг MR012022-3400-EL шифртэй зураг төслийн дагуу гэрээ болон холбогдох норм, дүрэм, стандартад нийцүүлсэн шаардлагыг бүрэн хангаж гүйцэтгэн хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг байгуулсан.
2.2. Гэвч "******* " ХХК нь гэрээний хавсралт 2 Ажлын даалгавар-т заасан угсралтын ажил үйлчилгээг MR012022-3400-EL шифртэй зураг төслийн дагуу бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй ба хугацаа хэтрүүлсний улмаас бидний ажлын уялдаа алдагдаж хойшлогдсоор байсан. Тухайн үед тус ажлыг хурдан дуусгах зорилгоор гүйцэтгэгч талаас нэхэмжилсэн төлбөрийг тухай бүрд нь шилжүүлж байсан боловч ажлын гүйцэтгэл чанарын шаардлага хангахгүй байсан тул "******* " ХХК-д удаа дараа аман болон албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч уг шаардлагыг биелүүлээгүй. Гэрээний 3.2, 3.3 дахь хэсэгт ажлын талбай дээр очин ажил эхлэх үед эхний өдөр урьдчилгаа төлбөр болгон гэрээний үнийн дүнгийн 20 хувь болох 46,000,000 төгрөгийг олгоно гэж заасан боловч манай талаас ажил эхлээгүй байхад буюу 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эхний санхүүжилтийг шилжүүлсэн ба дараа дараагийн санхүүжилтийг олгох нөхцөл бүрдээгүй буюу ажлын гүйцэтгэл хавсралт 3-т заасан төлөвлөгөөт гүйцэтгэлдээ хүрээгүй болон чанарын шаардлага хангахгүй байхад 2 дахь санхүүжилтийг шилжүүлсэн гэх мэтчилэн төлөвлөгөөний дагуу хийгдээгүй ажлуудыг гүйцээж хийх, чанарыг сайжруулах байх гэсэн итгэлээр нийт 199,968,000.00 төгрөгийг "******* " ХХК-ийн дансанд шилжүүлсэн.
2.3. "******* " ХХК-ийн гэрээнд заасан чанарын доголдолтой, дутуу гүйцэтгэсэн ажлуудаас дурьдвал: суурилуулалтын ажлыг фото зургаар баримтжуулаагүй, суурийн буцаан булалтыг нягтруулаагүй, хар тосон түрхлэг 1 үе хийгээгүй, тулгуурийн газардуулга хийгээгүй зэрэг дутуу үлдээсэн бүх ажлуудыг ахин зардал гарган өөрсдөө хийж дуусгасан. Уг ажлыг 17,439,245 төгрөгийн зардал гаргаж гүйцэтгэсэн ба уг зардалд ажилчдын цалин хөлс, хоол унд, 2 талын замын зардал, машин механизмын түлш гэх мэтчилэн зардлууд багтсан. Гэрээний нийт үнийн дүн болох 230,000,000 төгрөгөөс 199,968,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 30,032,000 төгрөг байхад ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53,790,000.00 төгрөгийг нэхэмжилсэн нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь үлдэгдэл ажлаа чанарын доголдолгүй хийж гүйцэтгэсний дараа 13,782,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-с 37,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 486,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 344,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь 37,250,000 төгрөгөөс 13,040,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 24,210,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд аль хэдийн төлсөн учраас дор дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүх ажил гүйцэтгэх гэрээний гол нөхцөл болох ажлын үр дүн, чанарын доголдолын талаар дүгнээгүй тухайд. Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон атлаа уг гэрээний гол онцлог болох ажлын үр дүн гараагүй, чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн учраас уг доголдолтой хэсэгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзалд дүгнэлт өгөөгүй буюу ажлын гүйцэтгэл доголдолтой байсан эсэх талаар, татгалзалтайгаа холбогдуулан гаргасан нотлох баримтыг үнэлээгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр газар дээр бэхлэгдэж, гүйцэтгэсэн цаг хугацааны талаар зохигч маргаагүй..." гэж ажлын гүйцэтгэлд бус ажил гүйцэтгэх цаг хугацаанд ач холбогдол өгч дүгнэсэн нь уг маргааны гол зүйл болох чанар, доголдолын талаар огт дурдаагүй нь талуудын хооронд үүссэн маргааныг буруу тодорхойлсон. Хариуцагчийн гол татгалзал нь чанаргүй гүйцэтгэл, түүнтэй холбоотойгоор доголдолыг өөрсдөө тодорхой хэмжээний зардлаар арилгасан. Гэтэл энэ талаар шүүхээс дүгнээгүй, гэрээний 8.1, 8.3, 8.12-д тус тус заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, гэрээний үүргийг ноцтой зөрчсөн атал хариуцлага хүлээлгэхгүйгээр, гэрээг үндэслэхгүйгээр, доголдолтой ажлыг хүлээж авах ёстой мэтээр шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцээгүй, хэт нэг талыг баримталсан.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.9-д заасны дагуу чанаргүй гүйцэтгэлийг хүлээн авах боломжгүй, дахин өөрийн зардлаар засаж чанарын шаардлага хангасан ажлыг хүлээлгэн өг гэсэн шаардлага тавьсан. Гэтэл гэрээний үнийн дүнгийн зөрүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь гүйцэтгэгчийн гаргасан зөрчилд хариуцлага хүлээлгэхгүй, чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн атлаа бүтэн төлбөр авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Талууд гэрээний 11.5-д "Захиалагчийн үзлэг шалгалтаар зөрчилгүй буюу гэрээт ажил бүрэн дууссан бол талууд ажил хүлээлцсэн акт үйлдэнэ" гэж заасныг биелүүлээгүй учраас төлбөрийг гэрээний 3.6-д заасны дагуу хойшлуулсан. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ, түүний гол зорилго, гэрээний зүйл, талуудын тохиролцоог зөв үнэлж дүгнээгүй, гэрээг үндэслээгүй, үнэлээгүй маргааныг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2. Нотлох баримтыг үнэлээгүй тухайд. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаарт хийгдсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болж чадаагүй. Хариуцагчийн дээр дурдсан тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, мөн хариуцагчаас ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээ /хх45-47/, ажлын даалгавар /хх49/, захиалагч, гүйцэтгэгчээс ханган нийлүүлэх материал болон багаж, хамгаалах хэрэгслийн жагсаалт /хх50/, Голомт банкны цахим гүйлгээний баримтууд 14 ширхэг /хх51-63/, төлбөрийн цахим баримтууд /хх80-104/, бэлэн мөнгөний зарлагын баримтууд /хх110-134/, албан тоот 2 ширхэг /хх135-137/, төлбөрийн баримт 12 ширхэг /хх138-149/, флаш зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ч нотлоогүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн гаргасан нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.
4.3. Хариуцагчийн татгалзал үндэслэлтэй тухайд. Анхан шатны шүүхээс хариуцагчаас ажлын хөлс 192,750,000 төгрөг төлөгдсөн талаар зохигч маргаагүй гэснийг зөвшөөрөхгүй. /хх11-20/ Уг дүнгийн хувьд хэн аль нь дансаар шилжүүлэн төлөгдсөн дүн гэдэгтэй маргаагүй боловч, хариуцагчийн зүгээс нийт 199,968,000 төгрөгийг нэхэмжлэгч талд олгосон гэдэг бол нэхэмжлэгчийн зүгээс 176,750,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн гэж маргасан. Түүнчлэн гэрээний үнийн дүн 230,000,000 төгрөг гэж тохиролцсон, 192,500,000 төгрөг төлөгдсөн тул зөрүү 37,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Уг зөрүүнээс хариуцагч тал дээр дурдсан манайхаас гарсан зардлыг хасах үндэслэлтэй гэж тайлбарлаж, холбогдох баримтыг гаргаж өгсөн. Эдгээр зардлуудыг дээрх зөрүүнээс хасаж тооцох үндэслэлтэй талаар нотолж, тайлбарласан байхад нэхэмжлэлийн шаардлагаас зөвхөн дансаар шилжүүлсэн дүнг хасаад үлдсэнийг нь гаргуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчим хангагдаагүй хэт нэг талыг баримталж, дансаар шилжүүлсэн бол нотлогдоно бусад байдлаар төлбөр мөнгө гаргаж ажлын доголдолыг арилгасан, түлш өгсөн, ачаа тээвэрлэж өгсөн, кран түрээслүүлсэн зэрэг байдлаар гаргасан мөнгөө хасуулах гэхэд нөгөө тал үгүйсгээгүй байхад нотлогдоогүй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.4. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тухайд. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй", "...тайлбарласан боловч хэн аль нь өөрийн тайлбарыг нотлоогүй". "...шүүх нотлох баримт шаардах боломжгүй" гэх мэт дүгнэснээс харвал шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломжтой гэж заасныг зөрчин талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагаас 28,540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Харин гэрээгээр 230,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсоноос 192,750,000 төгрөг дансаар төлөгдсөн, үлдэх 37,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагч хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ерөнхий захиалагчид ажлаа хүлээлгэн өгөх үүднээс нэхэмжлэгчийн дутуу, чанаргүй гүйцэтгэсэн ажлыг өөрийн хөрөнгө, мөнгө, ажилчид, зардлаар нөхөн гүйцэтгэсэн талаар тайлбарласан бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй. Хариуцагч нь 192,750,000 төгрөг дансаар шилжүүлсэн, дутуу хийгдсэн ажлыг өөрийн хөрөнгөөр буюу 17,000,000 орчим төгрөгийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Мөн 4 анкерт өөрийн краныг ашиглуулсан зардалд 2,540,000 төгрөгийг, нэхэмжлэгчийн материалыг тээвэрлэсэн зардалд 3,200,000 төгрөгийг тус тус төлсөн, ажлын хувцасны зардлыг гэрээний 8.29-д заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцна. Гэтэл ажилчдыг хувцасаар хангаагүй учраас хариуцагчаас 1,210,000 төгрөг гаргаж хувцсаар хангасан, түлшний зардалд 260,000 төгрөгийг төлсөн. Дансаар шилжүүлсэн 192,750,000 төгрөг дээр өөрийн хөрөнгөөр хийсэн ажил, бусад зардалд 24,210,000 төгрөгийг нэмээд нийт 216,960,000 төгрөгийг төлсөн. Дээрх зардлуудыг нэмээд үлдэх 13,040,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Эдгээр зардлыг гаргасан гэдгийг талууд хүлээн зөвшөөрч байгаа болно. Гэтэл шүүх дээрх нөхцөл байдлыг зөв үнэлээгүй, хариуцагчийн тайлбарыг сонсоогүй, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй. Зөвхөн дансаар шилжүүлсэн төлбөрийг төлөгдсөн байна гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч байгууллагын эс үйлдэхүйгээр акт дүгнэгдээгүй. Хэрэв гэрээнд заасан доголдлын нөхцөл байдал дүгнэгдсэн бол 2025 оны 04 дүгээр сард доголдлын талаар яригдах байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс суурийн 28 анкер дутуу байна, 1,000,000 төгрөгөөр тооцож энэ ажлыг хийж дуусгаж өгөөч гэх зүйлийг хэлсэн. Үүний дагуу өмнөх ажлын хөлсөө авахын тулд гэрээнд заагаагүй ажлыг амаар тохиролцож гүйцэтгэсэн. Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн ажлын үр дүн болон гэрээний үр дүнд шүүх үнэлэлт, дүгнэлт өгөхгүй байна гэх зүйлийн талаар огт тайлбар гаргаагүй. Хариуцагч тал 28,000,000 төгрөгөөр суурийн анкерын ажил хийлгүүлсэн гэдгээ илэрхийлдэг боловч энэ нь Эрчим хүчний тухай хуульд зааснаар анкерыг суулгахдаа заавал дагалдан хийх ёстой ажил байсан байна гэх үүднээс 28,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг анхан шатын шүүх шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч тал журам нь ийм учир бид цаашид энэ талаар асуудал үүсгэхгүй гээд орхисон.
5.2. Нотлох баримтын тухайд хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн тайлбар, татгалзлаа нотолж буй баримт нь өөр агуулга бүхий баримтууд байдаг. 230,000,000 төгрөгтэй холбоотойгоор бус сүүлд үүнийг бид гүйцэтгэсэн, манай компанийн краныг ашигласан мөнгөө өг, тухайн мөнгөнөөс хасах ёстой гэдэг зүйлийн талаар хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх болоход ярьж эхэлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нотлох баримт бүрдүүлж өгөх, түүнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй.
5.3. Нэхэмжлэгч нь зөвхөн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг гаргуулъя гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл хариуцагчаас гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр байсан, гэхдээ нэхэмжлэгч компаниас болж манай компаниас зардал гарсан учир бид нэхэмжлэгч компанийг та нар тухайн ажлыг хийж гүйцэтгэж өгөөрэй гэж хэлж байсан гэж тайлбарладаг боловч ийм зүйл огт болоогүй. Манай зүгээс 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тухайн ажлын гүйцэтгэлийг хүлээлгэж өгсөн. Харин хавар суурийн 28 газардуулга дутуу байна гэсэн учир газардуулгын ажлыг хийж өгсөн. Нэхэмжлэгч тал удаа дараа мөнгөө нэхэмжилж байсан, акт үйлдсэн байхад хариуцагч тал ирж тухайн актыг хүлээн авч, гарын үсэг зурдаггүй байсан. Мөн нэхэмжлэгч тал хийсэн ажлынхаа гүйцэтгэлийг шалгуулъя гэх байдлаар хийсэн ажлын гэрэл зургийг авч бэхжүүлсэн бөгөөд уг зургаа вайбер чатаар эрх бүхий албан тушаалтнуудад нь хүргүүлж байсан ба энэ талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн буюу үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Мөн нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ баримтаар нотолсон учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 53,790,000 төгрөг, нэмэлт газардуулгын ажлын хөлс 12,000,000 төгрөг, нийт 65,790,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 13,782,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж, зохигчийн маргааны зүйл, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.
4. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.1. ******* ХХК нь ******* ХХК-тай 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ГТДХ-2024-05 дугаар Сүхбаатар аймаг, Сүхбаатар, Халзан, Асгат сумдын нутаг 35 кв-ын ЦДАШ-ын төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажил хийж гүйцэтгэх хамтран ажиллах гэрээ-г байгуулж, уг гэрээгээр 28 ширхэг төмөр анкерийн тулгууруудын угсралт, суурилуулалтын ажлыг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нийт 55 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх ба ажлын хөлсөнд 230,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /хх-5-10х/
4.2. Дээрх гэрээний дагуу хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д дансаар 192,750,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон. /хх-51-63х/
4.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь 28 ширхэг төмөр анкерийн тулгууруудын угсралт, суурилуулалтын ажлыг 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болохыг зөв тогтоосон байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг тул нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй.
6. Талууд газардуулгын ажлыг нэмэлт ажил гэж үзэх эсэх болон ажлыг дутуу, доголдолтой гүйцэтгэсэн эсэх талаар маргаж, улмаар хариуцагчаас ажлын доголдлыг засахад 17,439,245 төгрөгийн зардал гаргасан эсэх нь маргааны зүйл болжээ.
7. Анхан шатны шүүх газардуулгын ажил нь нэмэлт ажил бус гэрээгээр тохиролцсон анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажилд хамаарах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэмэлт ажлын төлбөр 12,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гэрээгээр тохиролцсон ажлын хөлс 230,000,000 төгрөгөөс төлсөн 192,750,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 37,250,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.
8. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-ийг суурилуулалтын ажлыг фото зургаар баримтжуулаагүй, суурийн буцаан булалтыг нягтруулаагүй, хар тосон түрхлэг 1 үе хийгээгүй, тулгуурийн газардуулга хийгээгүй буюу ажлыг чанарын доголдолтой, дутуу гүйцэтгэсэн гэж тайлбарлаж, энэхүү тайлбараа 2 албан тоот, 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд чанаргүй ажлыг гүйцэтгэсэн талаарх баримт, ажилчдын цалин хөлс, хоол унд, 2 талын замын зардал, машин механизмын түлш авсан баримтаар нотлогдоно гэжээ.
8.1. ******* ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 34 тоот, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 тоот албан бичгүүд /хх-135-137/ болон ажил гүйцэтгэж байх үедээ харилцаж байсан фэйсбүүкийн мессенжер чат /хх-67-75х/-аас үзэхэд хариуцагч ажлын явцад хяналт тавьж зөрчлийг илрүүлж засварлуулах үүрэг даалгавар өгсөн байх боловч нэхэмжлэгч уг зөрчлийг арилгаагүй гэж үзэх боломжгүй байна. Учир нь дээрх албан тоот, мессенжер чатад дурдагдсан хугацааны гүйцэтгэсэн ажлыг талууд Төмөр тулгуурын угсралтын ажлын акт-аар хүлээн авсан, ажлын зургаас өөрчлөлтгүй болохыг баталгаажуулсан нь Ажил гүйцэтгэлийн акт хэрэгт хавсаргасан баримтаар тогтоогдож байна.
Мөн ******* ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд зарим анкерын нягтруулалтын ажлыг гүйцэтгэсэн байх тул ******* ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.
8.2. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сард гарсан гэх зардлын баримтууд маргаж буй гэрээтэй холбоотойгоор гарсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэх дүгнэлтийг буруутгахгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн ...чанарын доголдолтой ажил гүйцэтгэсэн учраас уг доголдолтой хэсэгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзалд дүгнэлт өгөөгүй, ажлын гүйцэтгэл доголдолтой байсан талаар татгалзалтайгаа холбогдуулан гаргасан нотлох баримтыг үнэлээгүй гэх гомдлыг хангахгүй.
8.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл ЦДАШ-ын төмөр анкер тулгууруудын угсралт, суурилуулалтын ажлыг гэрээнд заасны дагуу хийж гүйцэтгэсэн, Ажлын гүйцэтгэлийн акт-ыг үйлдсэн байх тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасны дагуу ажлын үр дүнг Эко энерги сервис ХХК-ийг хүлээн авсанд тооцно. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...гэрээний 9.9-д заасны дагуу чанаргүй гүйцэтгэлийг хүлээн авах боломжгүй, ...гэрээний 11.5-д заасан ажил хүлээлцэх акт үйлдээгүй тул өдийг хүртэл төлбөрийг хойшлуулсан гэх гомдлыг хангахгүй.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/11374 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.ОЮУНТУЯА