Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 166

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 1930002970201 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,  ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р баг ... тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, , Н.Б.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Шаргын уул гэх газарт өөрийн уяж сойж байсан морио сунгахдаа “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, унаач Г.Зд хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсгөөгүй уралдаанд оролцуулах явцад Г.З нь мориноос унаж, эрүүл мэндэд “тархины хүнд зэргийн няцрал, тархины эсийн сэртэнгийн тархмал гэмтэл, цээжний хөндийн битүү гэмтэл, баруун талын 6, 7, 8, 10, 11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийн цус хий хуралдалт, баруун уушигны уналт бүхий” хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Шүүгдэгч  Н.Б  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хүрэн зүсмийн шүдлэнгээ сунгахаа явсан юм. Г.Згээс ахынхаа морийг унаад өгөх үү гэж асуухад тэгье гэсэн. Зулхүү халуун байна гээд хамгаалалтын хувцас өмсөөгүй мориноосоо ойчсон. Морины хүүхэддээ хувцсыг нь бүрэн өмсүүлж чадаагүйдээ харамсаж байна. Би Зулхүүг өөрийн зардлаар  Улаанбаатар хотод эмчлүүлж сувилуулсан гэв.

 

Эрүүгийн 1930002970201 дугаар хэргээс:

Насанд хүрээгүй хохирогч Г.Згийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Шаргын-Уул гэх газар хурдан морьдын давхил, сунгаа болсон юм. Манай уяач Төмөрсүх ах их нас, хязаалан насны 2 морьтой очсон. Би тэр 2 насны морины давхил, сунгааг хийсэн. Төмөрсүх ахад шүдлэн насны морь байхгүй байсан бөгөөд би морь унаагүй байж байтал Н.Б гэдэг ах ирээд намайг шүдлэн насны морь унаад өг гэхээр нь зөвшөөрч морийг унасан. Уралдааны замд гарахад Н.Б ах надад миний өөрийн хамгаалалтын малгайг өмсүүлсэн. Тэр өдөр халуун байсан болохоор  цээживч, тохойвч зэрэг хамгаалалтын хувцсыг өмсөөгүй юм. Н.Б ах намайг хамгаалалтын хувцас өмс гээд байхаар нь би халуун гээд өмсөөгүй. Миний өмсөж явсан хамгаалалтын малгай хул өнгийн дотор талдаа цагаан өнгийн хөөсөнцөртэй, хоёр талдаа бүчтэй, малгайны орой хэсгээр олон жижиг нүхтэй байсан. Би Н.Б ахын морийг урьд өмнө нь унаж байгаагүй. Намайг хэн ч шахаж шаардаагүй, надаас Н.Б ах гуйхаар нь би зөвшөөрч морийг нь унасан. Сунгаанд ойролцоогоор 20 гаран шүдлэн насны морьд мордсон байх. Морьд эргээд нэлээн явахад би 4-5 дугаар байранд явж байтал миний унаж байсан хүрэн шүдлэн бүдрэх шиг болсон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэрсэн. Миний нуруу зулгарч том соривтой болсон. Толгой тухайн үед их өвдөж байсан. Мөн хэд хэдэн хавирга хугарсан, уушиг цоорсон гэж гуурс тавьж байсан. Миний биеийн байдал сайжирч байгаа. Н.Б ах намайг Улаанбаатар хот руу авч явж их эмчилгээ хийлгэсэн.”...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуудас/

Гэрч Б.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 07 дугаар 02-ны өдөр 14 цагийн үед манай нөхрийн хүргэн дүү Жавхлантөгс машинтай ирээд Зулхүү морьноос унаж аймгийн эмнэлэгт тааруухан байгаа гэнэ, та 2-ыг яаралтай ир гэж хэлүүлсэн байна гэсэн. Манайх Түмэнцогт сумаас зүүн хойш 25 киломитерт утасны сүлжээгүй газар байдаг. Тэгээд бид 2 Түмэнцогт сумруу очиж сумын унаагаар аймагт ирсэн. Шууд эмнэлэг дээр буугаад хүү рүүгээ ороход ухаангүй, бүх бие нь шалбарсан, толгой хуйх хавдсан, цээж хавиар зулгарсан байсан. Тэр шөнө би өөрөө сахиж хоносон. Эмч нар шөнөжингөө эмчилгээ хийсэн. Зулхүү манай 2 дахь хүүхэд 2006 оны 12 дугаар сарын 15-нд төрсөн, одоо 12 настай, 8-р ангид орно. Манай хүү 6 наснаасаа уралдааны морь унаж эхэлсэн. Сум, аймгийн наадамд морь унаж байсан. Манай хүү Төмөрсүх гэх хүний морыг унаж байсан. Хамт нэг дор байдаг Н.Б гэх хүн урадааны морь гуйж унуулж байгаад морьноос унаж гэмтсэн байна. Төмөрсүх бид нарын дунд ямар нэгэн гэрээ байхгүй бид  нар ярилцаад мал авахаар тохиролцсон байсан. Одоо хүүгийн биеийн байдал сайжирч байгаа мөн эмчилгээний зардал мөнгийг Н.Б нь гаргасан болохоор ямар нэгэн гомдол санал байхгүй.”... гэх мэдүүлэг  /хх-ийн 15-16 хуудас /

 

Гэрч Ц.Аийн мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 15 цаг 21 минутанд намайг ажлаа хийж байхад 103-ын диспечрээс хөдөө мориноос унасан хүүхэд ухаангүй байна, яаралтай алсын дуудлагад яв гэж хэлсэн. Жолооч сувилагч нартай Шаргын уулын баруун талд аймгийн төвөөс 30 км орчим зайд байх Дарьгангын төв зам дагуу газар очиход 4 машинтай олон хүн байсан. Голд нь гэнгэнэсэн байдалтай мориноос унасан гэх хүүхэд маш хүнд байдалтай байсан. Юу болсон талаар асуухад мориндоо чирэгдсэн гэж хэлсэн. Биеийн байдлыг тогтворжуулах химийн эмчилгээ хийж, хариуцсан хүнээс зөвшөөрөл аван тээвэрлэж ирсэн. Орой 17 цаг 30 минутын үед эмнэлэг дээр ирж жижүүрийн эмчтэй хамтарч үзээд хүлээлгэж өгсөн. Хүүхдийн бие хүнд, толгойдоо гэмтэл авсан байдалтай, нүүр зулгарсан, духандаа их хэмжээний хавдалттай, ам хамраас цус гарсан, цээжний баруун талд болон цавинд зулгарсан шархтай, цээжний баруун талын арьсан доогуур хий хурсан байдалтай, артерийн даралт 80/50, пульс 120-140, сотураци 80-84 хооронд, амьсгал 24-тэй байсан. Биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээг хийсэн ба амин үзүүлэлт дээшилсэн учир тээвэрлэсэн. Хүүхдийг гэмтлийг харахад мориноос унаж, чирэгдсэн байх магадлалтай байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/

 

Гэрч Г.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Шаргын-Уулын баруун доор энгэрт хурдан морьдийн сунгаа болсон. Уг сунгаанд би их нас, хязаалан насны 2 морь сунгасан. Манай 2 морийг Г.З унасан. Шүдлэн насны морьдын сунгаа болох гэж байхад манайхтай ойролцоо нутаглах Н.Б ирээд ахаа танай хүүхдээр шүдлэн насны морио унуулъя гэхээр нь би өөрөөс нь асуу өөрөө унана гэвэл унуул гэсэн. Тэгээд Г.З зөвшөөрөхөөр нь Н.Бг хамгаалалтын хувцсыг нь өмсүүлээрэй гэж хэлсэн. Н.Б нь Г.Зг аваад явахдаа хамгаалалтын малгайг нь аваад явсан. Уралдааны замд гаргахдаа бүгдийг нь өмсүүлсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна. Тэгээд би морь бариан дээр хүлээгээд сууж байтал хүмүүс Н.Бгийн хүүхэд мориноосоо унасан гэхээр нь яваад очтол Г.З уйлаад хэвтэж байхаар нь хөдөлгөж болохгүй түргэн тусламж дууд гээд дуудуулсан. Намайг очиход Н.Б Г.Зг газар тэврээд сууж байсан ба нүүр ам нь шалбарсан, уйлсан байдалтай байж байсан. Хамгаалалтын хувцас хэрэглэлээ хэрэглээгүй ойролцоо хамгаалалтын малгай нь байхаар авсан. Би 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Практикал даатгалд 1 жилийн хугацаагаар 100.000 төгрөгөөр даатгуулсан. Манайхаас Г.Зг авч явахдаа өөрийнх нь хул өнгийн дотор талдаа хөөсөнцөртэй, орой хэсгээрээ олон жижиг нүхтэй хамгаалалтын малгайг аваад явсан. Харин цээживч, тохойвч зэрэг хамгаалалтын хувцсыг авч яваагүй. Би Н.Бд хамгаалалтын малгайнаас бусад нь байгаа юм байлгүй гэж бодсон. Г.Зг мориноос унахад хажууд нь байж хараагүй болохоор яг ямар шалтгаанаас болж унасан талаар мэдэхгүй байна. Н.Б нь надад хэлэхдээ нэг харсан чинь Г.З мориныхоо урд дээр гарчихсан явж байгаад хойшоо чирэгдсэн. Тэгээд морийг шахаж зогсоосон гэж хэлсэн.”...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 356 дугаартай “1. Г.Згийн биед  тархины хүнд зэргийн няцрал, тархины эсийн сэртэнгийн тархмал гэмтэл, баруун талын 6, 7, 8, 10, 11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийн цус хий хуралдалт, баруун уушигны уналт бүхий гэмтэл учирчээ. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай шинжээр хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна”...гэх дүгнэлт /хх-ийн 23-24 хуудас/

 

2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Хэргийн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах нөхөн үзлэг /хх-5-6 хуудас /

 

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8 хуудас/

 

2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 хуудас /

 

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /хх-ийн 22 хуудас/

 

Шүүгдэгч  Н.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 хуудас /

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 хуудас/

 

Шүүгдэгч Н.Бгийн  иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 46 хуудас/

 

Г.Згийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49 хуудас/

 

Даатгалын гэрээний хуулбар /хх-ийн 51 хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн эмчилгээний төлбөр хүлээн авсан тухай баримт /хх-ийн 52 хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүгдэгч Н.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Шаргын уул гэх газарт өөрийн уяж сойж байсан морио сунгахдаа “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS6264:2018 Монгол Улсын стандартыг зөрчиж, унаач Г.Зд хамгаалалтын хувцас хэрэгслийг бүрэн өмсгөөгүй уралдаанд оролцуулах явцад насанд хүрээгүй хохирогч  Г.З нь мориноос унаж, эрүүл мэндэд “тархины хүнд зэргийн няцрал, тархины эсийн сэртэнгийн тархмал гэмтэл, цээжний хөндийн битүү гэмтэл, баруун талын 6, 7, 8, 10, 11-р хавирганы зөрөөтэй хугарал, цээжний хөндийн цус хий хуралдалт, баруун уушигны уналт “ бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Бгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.З, гэрч Б.Ш, Г.Т, Ц.А нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч Н.Бгийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Н.Бгийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж  заасан бөгөөд шүүгдэгч Н.Бгийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Бг  хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд  шүүгдэгч Н.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгч Н.Б нь  насанд хүрээгүй хохирогч Г.Зд учирсан хохирол эмчилгээний зардалд 8 000 000 төгрөг, 10 хургатай хонь өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тогтоолд дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршиг, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол төлсөн  зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Бд  ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Н.Бгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ. Иймд шүүгдэгч Н.Бгийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан морин уралдаанд оролцох эрхийг хасч,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ. 

 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  эд мөрийн баримт болон бичгийн  баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус тэмдэглэх нь зүйтэй байна. 

       

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн морин уралдаанд оролцох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч,  хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-т зааснаар шүүгдэгч Баярхүүд тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэж,  үүргийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар  тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Бд мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

6. Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээний зардалд 8 000 000 төгрөг, 10 хургатай хонь төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ш гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Х.САНЖИДМАА